Showing posts with label шүлэг. Show all posts
Showing posts with label шүлэг. Show all posts

5.7.24

Зун дуусахаас өмнө

 

Зун дуусахаас өмнө амжуулах 5 зүйл гээд пост уншсан юм. 

Ямар хүйтэн, хахир, харанхуй урт өвлийг даван туулж энэ богинохоон зуныг хүлээдэг билээ дээ. Ирсэн байгаа дээр нь аль болох шуналтайгаар амтлаад дурсамж бүтээгээд авах сан гээд гэгэлзээд. Энэ дуу, энэ мэдрэмжүүд нийлж байгаад хэдэн мөрт болон бууж байдаг шүү. 





Сониноос ub.life дээр миний орчуулсан нэг шүлгийг өөр хүний нэрээр тавьсан байхыг санаандгүй олж хараад, бичсэн сэтгүүлчтэй нь заргалдаж байгаад засуулсан. Шинээр дуу шүлэг орчуулахдаа иймэрхүү форматаар оруулж байхыг бодноо, ядаж л шууд хуулахгүйгээр.

27.1.23

For M - Thank you note

Залуу байсан үеийн дурсамжтайгаа уулзав. Олоон жилийн дараа...

Амттай кофе авч өгсөнд, бас дардаг "юм" дээр 3 тамга даруулж өгсөнд, цаг заваа гаргаад ирсэн сэтгэлд нь баярлалаа.

Хамгийн гол нь, хожим дурсахад гялалзан гялтганах шигтгээ мэт дурсамжийг хамт бүтээлцсэнд нь, эргээд уулзахад дотно бөгөөд дулаан мэдрэмж төрүүлсэнд нь, миний мартсан "Би"-гийн хэлтэрхийг санаж үлдсэнд нь, холбоо тасралгүй энэ блогийн хамгийн идэвхтэй уншигч байдагт нь баярлалаа. 




Амьдралыг туулаад дуусахад, хэдэн дурсамж бодолд үлдэж сэтгэл бүлээцүүлэх бол? Хэзээ туулж дуусахаа ч мэдэхгүй байж олон юм бодоод байх дэмий л дээ. Ер нь тухтай суугаад бодож дурсаж суух зав гараачүү гүйчүү бүүмэд. 

Хүмүүс хоорондын харилцаанд үй олон эмоц, мэдрэмж үүсдэг. Цаг хугацааны эрхээр, бүх эмоц арилж дуусахад, ТАЛАРХАХ мэдрэмж л үлддэг юм шиг. Талархах зүйл үлдээгээгүй хүн бол дурсамжаас арчигдсан гэсэн үг ккк. 

Маргаашийн төрсөн өдөрт нь урьдчилан мэнд хүргээд, доорх дууг зориулъяаа :)



18.11.22

Уйлмаар

 Яг одоо, уйлмаар романтик цас хаялж байна.

Уйлах болон гуниглах, бусад олон мэдрэмжийн нэгэн адил, хүнд үе үе төрж болох, байх л ёстой зүйл бизээ. Би дунджаар сардаа нэг удаа асгартал уйлах хэмнэл, хэрэгцээ байдаг. Өнөөдөр яг тохироо нь бүрдсэн байна, даанч нэгд ажил дээрээ бн, хоёрт орой жүжиг үзнэ, тэхээр нүдний будгаа арилгамааргүй. Хүссэн үедээ, хаа байгаа газраа уйлах нь хүртэл боломжгүй болчихдог томчуудын амьдралаа гэж... 

Систем дээр planned maintenance/төлөвлөгөөт засвар үйлчилгээ гээд хийгддэгэрхүү л юм даа. Хааяадаа төлөвлөөгүй байхад шууд асгарах үе бас байнаа. Уйлсны дараа цээж цэлмээд, сэтгэл онгойгоод, бүх асуудал яг restart хийсэн компьютерийнх шиг хэсэгтээ далд орж, тархи = CPU сэнгэнэтэл дээд хүчин чадлаараа ажиллаж эхэлдэг :) Гэснээс аливаа техникийн асуудлын 80% нь унтраагаад асаахад шийдэгддэг. Уйлсны дараа бас сэтгэлийн ачааны 80% нь хөнгөрсөн мэдрэмж төрдөг байх шүү бараг. 

Гуниглах ба гутрахын ялгааг мэдэрдэг болсон бнлээ. Миний хувьд сэтгэл гутрал ихэвчлэн тодорхой шалтгаангүй, хэзээ ч дуусахгүй мэт, хамаг бие дээр хүнд жингээрээ дараад байх мэт чадал барсан мэдрэмж байдаг бол, гуниглах нь яг юунаас болсон бэ гэдгээ мэддэг, эхлэл өрнөл төгсгөлтэй, бас бараг enjoy хийчмээр хөнгөхөн байдымшиг. 

Өнөөдөр харин жоохон "холимог хуурга" байна уу даа. Гуних шалтгаан хэд хэд байна. Эхлээд мэдээж цас хаялж буй нь. Удаах нь уржигдар тааралдсан эртний танил минь. Хальт гэгэлзэж, догдолж, хамтдаа хуваалцсан дурсамжийн чихрээ хааяа нэг амталж явсан хүн. Эрс өөрчлөгдсөн дүр төрхөөс илүү, дотор хүн нь танигдахын аргагүй шал ондоо болчихсон нь гунигтай. Хэн нэгний буруу биш, угаасаа л амьдрал гэдэг ийм. 


Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан сүүлчийн навчис
Өвдөж байгаа болвуу, гуниглаж байгаа болов уу?

 

Агуу их нам гүм - цас
Агуу их нам гүм - цас
Агуу их амьдрал - нулимс
Агуу их үхэл - намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь

Моддын дээр цас орно
Зүрхнээс нь минь нэг нэгээрээ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных ...

Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр

 

/Л.Ө./


Энэ шүлгийг 10 жилийн өмнө бас оруулж байжээ. Мартсан байна. Давтаал оруулчиж. Мартагдах, давтагдах, ижил мөртлөө өөр мэдрэмжүүд. Цас орох бүрт санагдаад байхгүй хэрнээ 10 жилийн зайтай санагдах хэн нэгэн. Дахиад хэдэн удаа ийм цас орох бол, дараа нь би гэдэг хүн хумхын тоос болох бол ккк.  

22.9.22

бичихүй (Charles Bukowski)

 бичнэ гэдэг ихэнхдээ

чиний болоод 

боломжгүй зүйлсийн хоорондох 

цорын ганц зүйл байдаг.

уух юм ч,

эм хүний хайр ч,

эд баялаг ч түүнтэй

эгнэхгүй.

бичдэг л бол

бичихээс өөр юу ч чамайг

аврахгүй.

хана туурга

нуран унахаас,

хашиж хүрээлсэн сүрэг олон

халдаар ирэхээс

тэр л чамайг

хамгаална.


харанхуйг тэр л

давж гарна.

бичнэ гэдэг

туйлын ганц сэтгэлзүйч,

бүх бурхны дотроос

хамгийн өгөөмөр бурхан юм.

бичнэ гэдэг

үхлийг ээрэгч,

бууж өгөхийг үл мэдэгч юм.

бичихүй нь

өөрөө өөрийгөө шоолон инээгч,

өвдөлт зовиураа 

өрөвдөн баясагч юм.

бичнэ гэдэг

сүүлчийн горь найдвар,

эцсийн ганц тайлбар юм.

өөр юу ч биш,

ердөө ийм л юм.




Нэрийг нь зөндөө сонсож байсан мөртлөө тойроол яваад байснаа, булшин дээрээ "Битгий хичээ" гэж бичүүлсэнд нь болоод л уншмаар санагдаж эхэлсэн. Яг одоогийн үзэл санаатай маань таараад байгаа болохоор. 

Бичиж шальдаггүй ч гэлээ, бичихүйн үйл явц өөрөө миний хувьд яг л боломжгүй, ойлгомжгүйтэй холбох гүүр, эцсийн найдлага, сүүлчийн тайлбар мөн билээ. 

26.8.22

Хамгийн чухал нь энэ амьдралд

Намар ирээд хаалга тогшиход гэнэт ухаан орж блогоо санав. Хүссэнээрээ, өөрийнхөөрөө, гэхдээ бусдад гай төвөг удахгүй амьдрах нь л хамгийн чухал юм гэдгийг ойлгосон улирал байлаа. Бас тэгж амьдарч эхэлсэн жил. 2022 онд их баярлаж байгаа шүү (Он жилтэй, улиралтай, өдөр гаригтай мэндэлж, ярьж, талархдаг болтлоо мэдрэл муудсан хүн :р)

Зуны сонин гэвэл, зөндөө олон шинэ, хийж үзээгүй зүйлсээ туршиж амжуулсан. 
Каяак завинд суусан, завьтайгаа хөмөрч голын ус руу бүхлээрээ унасан, тэхдээ инээсээр гарч ирсэн. Бикини өмсөж зургаа авахуулсан, тэрийгээ ФБ дээр тавьсан. Бразилиан вакс гэдгийг хийлгэж үзсэн. Вибратор худалдаж авсан, fishnet трико өмсөж үзсэн, тайчигч хөвгүүд ба саарал гудамж гээд дуун дээр гардаг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан стриптиз бааранд орж үзсэн /sorry for +21 content :D/

Цусаа өгсөн, эрхтэний донороор бүртгүүлсэн. Энэ жил уншихаар зорисон номынхоо тоог давуулан биелүүлсэн, жингээ санасандаа хүртэл буулгасан. UB Comedy тоглолт үзсэн, үхтлээ инээсэн, 8 км гүйж чаддаг болсон, эгэмний ястайгаа учран золгосон. Толинд хараад өөртөө таалагдах, өмссөн хувцас барихгүй чихэхгүй орох чинь бас их гоё мэдрэмж байдын байна. 

Янз бүрийн байдлаар олон шинэ хүмүүстэй танилцаж, ярилцсан. "Алдагдсан холбоос" номон дээр сэтгэл гутралаас гарах нэг гол арга нь хүмүүстэй "холбогдох" гэж бичсэн байдаг. Холбогдох гэж яг юуг хэлэх бол? Ямарваа нэгэн байдлаар танидаг болох бол нэг хэрэг. Тухайн хүний хэлсэн үг, хийсэн үйлдэл нь сэтгэлд хүрээд, санал болгосон дуу, кино, ном, үйлчилгээ гэх мэт зүйлсийг нь туршиж үзэхэд надад ч бас таалагдах, тэр нь миний амьдралд ул мөрөө үлдээж, эерэг өөрчлөлт авчрах -  үүнийг л "холбоос үүсэх" гэж ойлгож болох юм шиг... Би өөрөө ч хэн нэгний хэлсэн, санал болгосонг нь илүү анзаардаг, сонгохдоо дуртай байдгийн бнлээ. Бүх юм санамсаргүй учрал байдаг chaotic  энэ ертөнцөд, жижиг сажиг зүйл дээр ч болтугай хувь тавилангийн тохироо, цаанаасаа зурсан зургийн дагуу болж байна гэх мэдрэмж нь гоё. 

Уулзах ёстой хүмүүс л уулздаг. Хүмүүс чамд ямар нэг сургамж, эсвэл дурсамж бэлэглэх гэж л тааралдсан байдаг гэх мэтээр ярьдаг даа. Гэхдээ хэн нэгэн "агуу оршихуй" 7 тэрбум хүний хэнтэй таарч ямар учрал тохиохыг зохицуулаад сууна гэхээр худлаа бгааз дээ. Тэгээд бодохоор санаандгүй тохиолдлоор зөрөөд, шүргээд өнгөрсөн хүмүүсээсээ дурсамж, сургамж, ямарваа нэгэн сайн сайхан зүйлийг өөрт шингээгээд авч үлдэж чадвал тэр хүмүүстэй тааралдсаны хэрэг гарах юм шиг. Өчүүхэн гэлтгүй, ганц ч болтугай сайн зүйлийг нь анзаарч авч үлдэх сэрэмж, ухаан, хандлагатай л байя. 

Хамгийн чухал нь энэ амьдралд 
Хашхираан дундаас борооны чимээг сонсох 
Хөгжим тоглож байхдаа гунигаа дэлгэж сурах 
Хүүхдүүдэд амьдрал ид шидтэй гэдгийг хэлэх 

Хамгийн чухал нь энэ амьдралд 
Хачин чимээгүй нам гүм оршин тогтнох 
Тогтоол ус шиг бүдэгхэн харцандаа л үнэнийг хадгалж 
Тодоос, тод нүд бүхний анирыг эвдэх! 

Хамгийн чухал нь энэ амьдралд 
Харандаагаар үсээ шууж ханцуйгаа хойш шамлан 
Халуун гунигт ертөнц рүү гараа дүрээд түлэгдсэн байсан ч 
Хайчны үзүүр шиг иртэй залуу насаа мөнхөд магтах 

Хамгийн чухал нь энэ амьдралд 
Халдашгүй гүнийн ертөнц бүтээх 
Өөрийн дотор орших жинхэнэ хорвоогоо 
Өрөөл бусдаар сүйтгүүлэхгүй эрхэмсэг амьдрах! 

Хамгийн чухал нь энэ амьдралд 
Хадаасаар өлмийгөө цоолох зоригтой байх 
Тавхайнаас урссан цусаараа амьдрал зурах 
Тааварламгүй тийм шаналант өдрүүдийг тэсэж үлдэх! 

Хамгийн чухал нь энэ амьдралд 
Хайр л бидэнтэй үлдэнэ гэдгийг санах 
Халаасан дахь сүүлчийн задгай мөнгөөрөө 
Хажуу хөршийнхөө жаалд чихэр авч өгөх! 

Хамгийн чухал нь энэ амьдралд 
Хайлмаар, царцмаар сайхан сэтгэлтэй байх 
Эрх чөлөө бол зүгээр л нигүүлсэл болохыг ойлгох 
Эдгэшгүй, дуусашгүй зовлон үгүй гэдэгт итгэх! 

 Э.Бүжинлхам

21.10.20

Эморол

 Иогад явж эхэлсэн чинь алуулж байнөө. Арай л ахисан түвшнийх юмаа. Уулгамч юм шиг нэг сарын төлбөрөө хийцэн, дуустал нь гүрийхээс. 

"Алсын удирдлага" гэж их сайн кино байдаг гэнээ, олж үзэх юм сан. Найруулагч нь энэ удаа Г.А-н "Хэвтрийн хүн"-ээр кино хийсэн, тэрийг нь үзнээ. Хөгжмийг нь Сангидоржийн Сансаргэрэлтэх бичсэн юм байна. Санаандгүй энэ аязыг нь сонссон чинь орчноосоо тасраад эмороод суужиймаар санагдлаа. Хэтэрхий завгүй амьдрахаар эморох мэдрэмжээ хүртэл алддаг юм байна. Одоо харин буцаад жаахан сэргэж байна.



"Цас, бороо". 2005. 06. 07. Ц.Доржсэмбэ
Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Тэрнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодлогоширсон
Ой дурдатгалыг минь тойрон
Одоо ч цас бударсаар л байна

Чамтай л норсон бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Тэрнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодлогоширсон
Ой дурдатгалыг минь тойрон
Одоо ч бороо орсоор л байна.

15.10.20

"Би чам руу явж байна"

 Орж ирэлгүй удсан чинь баахан спамдуулсан байшд. 

Сонгуулиас сонгуулийн хооронд
Сошл медиагаар занималдсаар
Соулмэйт чамайгаа орхижээ
Сорри миний блогоо~~~

Хаан банкны захирал байсан Питер Морроу агсны бичсэн "Миний Монгол" номыг уншиж байгаа юм. Монгол хэл дээрх нь дууссан байж таараад английг нь авчихсан чинь дундаа ороод гацасхийгээд. Саяхан уран зургийн цуглуулга нь үзэсгэлэн болж гарсан сургаар үргэлжлүүлэн барьж аваад дуусах дөхөж л байна. 

Хамгийн сүүлийн бүлэг нь "Урлаг" гэдэг сэдэвтэй юм. Монголынхоо гайхалтай уран бүтээлчдийн тухай гадаад хүний номоос олж мэдэх бас сонин л мэдрэмж. Уран зургийн цуглуулгаас нь үзлээ, бас доорх шүлгийг уншлаа, ваав би ер нь хаагуур нь юугаа хийж явсан хүн бэ??? гэж гайхлаа. Хэтэрхий "үлмэдэх" байснаа л ойлгох юм даа.









Он цагийг туулан нар сарыг дагуулаад
Онч мэргэн өвгөдийн бартаат замыг сүлжээд
Олон олон уул толгод, даваа гүвээг хэжээд
Хэдэн зуун гол мөрнийг хөндлөн гаталсаар
Хэзээ учрахаа тааж эс мэдэвч
Хэлэх үгээ хэлхэн бодсоор
Чам руу би явж байна

Явдал замд мөсөөр шуурч, галаар тургивч
Явган хэл, хов үгийн манан татавч
Ялдам тунгалаг бодлоо толбо тортогоос харамнан
Чин зүрхнийхээ хайраар зангилаа бүхнийг тайлж
Чийг даасан хүйтэн салхинд шилбүүрдүүрсээр
Чиглэсэн зүгээ чанх барьж
Чам руу би явж байна

Намрын гуниг, хаврын сэрлийг хамтад нь тээж
Насны галыг нарны илчтэй цугт нь атгаж
Навчтай цуг навчилж, гандахад нь хамт гандаж
Цэцэг жимстэй цэнгэлдэх хүрээлэн дундуур
Цэнгэл амлах хундагатай мутрын дэргэдүүр
Цэхэлж хүрэх хүсэлдээ хөтлөгдсөөр
Чам руу би явж байна

Аян туршийн хамгийн гэгээтэй бодлоо
Амьдралынхаа бурам мэт амтат мөчүүдээ
Амин хувийнхаа алив нууц далд бүхнээ
Оюуныхаа санд эрихлэн хэлхээд
Он цагийн эцэс төгсгөлгүй дундуур
Орон зайн хаяа хязгааргүй дундуур
Чам руу би явж байна

Чимх чимх зүүд нойроо хугаслан
Чирам хийх бүхнийхээ дээж найргаас шимлэн
Чиний зүрхэнд өөрийнхөө чавхдасыг олохоор
Хангал өндөр уулсын ангал хавцгайг өгсөн
Хангил их бартаатай халил жимийг мөшгин
Хайрын охь-мөнхийн дуугаа эрсээр
Чам руу л би явж байна

            Г. Мэнд-Ооёо 




30 хэл дээр орчуулагдсан гэж байна, англи руу хамгийн анх орчуулсан хүн нь Н.Энхбаяр гэнэ. Итгэхэд хэцүү ч экс ерөнхийлөгч маань залуу байхдаа ийм мэдрэмжтэй хүн байжээ...

Travelling through the years and time,
in company with the sun and the moon;
Along the bumpy and winding roads left by old wise men,
Climbing up and down through high mountains and the hills
Fording hundreds of rivers
Although I do not know when we may meet ,
I am thinking about the words that I will say to you
I am coming to you.


My roads are open to icy winds and fire
Although the mist of slander falls on them,
I free my transparent thoughts from any mark,
Untying all knots with my love.
Lashed by freezing winds,
I am keeping onwards in my chosen direction,
I am coming to you.

Carrying together autumn’s grief and spring’s renewal,
Grasping the fire of my age and with the sun’s warmth in my hand,
Growing with the growing leaves and withering with them,
In a garden full of flowers and fruits,
I pass by a hand offering the glass of enjoyment,
Driven by my desire,
I am coming to you.

All my gentle thoughts of my journey,
All the sweet moments of my life,
And all my secrets, everywhere,
I bind together in the house of my spirit,
In time without beginning or end,
In space without limit,
I am coming to you.

Having only parts of my dreams ,
Tasting in my own poetry the very basis of everything that is mine,
Wishing in your heart to tune the strings of inspiration,
Climbing the chasms of high mountains,
Following impassable paths,
Seeking the eternal song of the essence of love,
I am coming to you!

15.10.18

Хүсэл биелэх

Цаг хугацаа хамгийн сайн номхруулагч юм шиг. Хүүхэд байхдаа өөрийгөө ертөнцийн төв мэт андуурч, юу хүссэнээ авах гэж уйлна, уурлана. Залуу насандаа хорвоог гартаа атгасан шиг санаж, хүссэндээ хүрэх, сарвайснаа авах бүхий л боломж дүүрэн мэт, ядаж л сонголт хийх эрх чөлөө нь нээлттэй, омголон агаад бардам.

40 насны босгон дээр харин, өнөө их хүсэл мөрөөдлөөсөө чадах чадахгүй, болох болохгүй гээд ихэнхийг нь орхихоос өөр аргагүйг ухаарах. Бууж өгөх, зохицох зохицуулах, байгаадаа сэтгэл ханах, ялимгүй бяцхан зүйлээс баяр баясгалан мэдрэх - өөрийн мэдэлгүй энэ бүхэнд суралцдаг аж. Бүүр эмээ өвөө болохоор амьдралын утга учир, гэрэл гэгээ нь юу болохын бол доо гэж гайхдаг сан. Жил ирэх тусам хүсэл нь жижгэрч, талархах нь томорсоор... зүгээр л энх тунх байгаадаа баярлаж, үр хүүхдээ харж баясдаг, туулж өнгөрүүлсэн амьдралынхаа дурсамж дурдатгалыг мэрж /шүдгүй болчуул хүлхдэг л байхдаа / суудаг, цаг хугацаа хэмээгч дасгалжуулагчийн дуулгавартай шавь нь болж хувирдаг байх...

30 насны шүлэг
Дахиад л бачимдан зэрлэгээр хашгирч
Дахиад л өөрийгөө тэврэн тайтгарууллаа
Эцэс төгсгөл гэж алга, хэн нэгэн
Бүхнийг эхлүүлчихээд, зогсоож дийлэлгүй
Зугтжээ. Өөдгүй хулчгар хаа нэгтээгээс
Харж байгаа даа, юу хийснээ...
Эрдэнэсийн хайрцагт юу ч алга, ээж ээ
Өрсөөд хэн нэгэн бүгдийг хулгайлчихжээ
Хамгийн харамсмаар нь,
Таны надад бэлэглэсэн ертөнцийн
Талыг нь гээчихлээ, ээж ээ...
Б.Эрдэнэсолонго

Энэ шүлгийг 10 жилийн өмнө уншсан бол огт ойлгохгүй байх сан. Яруу найрагч хүн арай түрүүлж мэдэрдэг юм уу, эсвэл би оройтож яваа ч юмуу. 40 насны шүлэг гэж нэрлэмээр. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх завгүй өдрүүд, амсхийж зогсоод амьдралаа тогтоон харах сөхөө олдохгүй юм. Огцом эргэлт хийх боломж улам багассаар, одоо нэг эргэвэл дахиад өөрчлөхийн аргагүй болчих юм шиг. 30 настайдаа эрдэнэсийн хайрцгаа дөнгөж нээх гээд зогсож байж, одоо л тэнд хов хоосон байгааг олж хараад гайхширч сууна. Амьдралын тал нь 30 биш 40 нас гэж бодогдоно, ядаж 80 хүрнээ л гэж...



Жижигхэн, энгийн ч гэлээ, удаан бодож явсан хүсэл маань биелж, хүүхдүүдээ орхиод хоёулханаа болзсон шүү. "Нинжин Сэтгэл" гэдэг монголын УСК үзлээ, сонголтоор биш урилга нь ирсэн болохоор. Тэрнээс биш монгол кино ерөөсөө үздэггүй. Бүр нэг байдгаа тавиад тууцан кинонцоруудыг бодоход арай нэг шат ахисан, солонгос драма шиг зохиолыг шоронгийн зодоон нүдээн, экстрим үзэгдлүүдээр хачирласан кино байлаа. Над шиг нялх хүүхэдтэй хүн бол зарим хэсэг дээр нь нүд хальтраад үзэж чадку байсаан. Уг санаа нь "Уучлал, энэрэл"-ийг магтан дуулах гэсэн мэссэжтэй боловч дүрүүдийн сэтгэлзүй хэрхэн яаж энэ чиглэлрүүгээ хөрвөж байгааг харуулж чадаагүй юм шиг санагдсан, баахан түс тас пид пад хийж байснаа гэнэт огцомдоод л бүх юм амар сайхандаа жаргааски.

Киноны дуу нь харин таалагдсаан.

                                 

Үсийг хийсгээд...
Ганцаардлыг ганхуулж
Тэвчээрийг тулаад
Үсийг хийсгэж
Захыг босгоод
Үймэрсэн олны дунд орлоо
Харанхуйд эмэгтэй хүн инээх
Цочир сонин байна
Хаа очиж намар гэхэд 
Дулаахан байна
Хаана очиж зогсохоо үнэндээ мэдэхгүй байна
Захаа босгоно гэдэг
Юмаа босгоно гэсэн үг биш
Загвар нь ялимгүй хуучирсан болохоос
Намар надад таалагдаж байна
Б.Эрдэнэсолонго

Загвар нь хуучирсан намар цаг, үргэлж л надад таалагддаг байсаан, одоо ч гэсэн...

17.9.15

"Hope" by Emily Dickinson

Энэ шүлгийг уншаад сэтгэл гэдэг дэнслээд, орчуулаад орхихсон гэж мөрөөдөөд, онгод ирдгүй өчнөөн удлаа. Өнөөдөр буулгамар аядсан боловч эх хэлнийх нь гайхалтай уран утга санаа, хэмнэл болоод зүйрлэлийг санасандаа хүртэл хөрвүүлж үнэхээр барсангүй. Өөр гоё орчуулга нь байдаг бол олж унших юм сан.

Emily Dickinson

"Hope" is the thing with feathers -
That perches in the soul -
And sings the tune without the words -
And never stops - at all -

And sweetest - in the Gale - is heard -
And sore must be the storm -
That could abash the little Bird
That kept so many warm -

I’ve heard it in the chillest land -
And on the strangest Sea -
Yet - never - in Extremity,
It asked a crumb - of me.


"Найдвар" гэх бяцхан бялзуухай
Сэтгэлийн гүнд үүрээ засаад
Үггүй дууг намуухан аялах нь
Эцэс төгсгөл гэж үгүй

Амьдралын шуурганд илүү ялдам
Алив хүний сэтгэлийг бүлээтгэх 
Зовлонгийн ир хурц гэмээ нь
Зоргоороо шувуухайг нухчин даршгүй

Царцам хүйтнээс цаглашгүй алс руу
Цойлон дуурьсах найдварын аяз
Үймэрч цөхрөхдөө ч горьдлого шувуухай
Үмх хоол надаас гуйгаагүй

7.2.14

Цагаан сар ба хар тамхи

Баяр сайхан болж өнгөрлөө (амны билгээс ашдын билэг) Яг үнэндээ бол ядарлаа, залхлаа бас уйдлаа. Олон жил гадаадад амьдарсны "гайгаар" цагаан сараар баярлах нь бага болж, сэтгэлд ойр санагдахгүй болжээ. Өнгөтэй, гэгээтэй, сайн талуудыг нь олж харахыг хичээсэн, халуун ам бүлээрээ ээж аавындаа бужигнасан мөчүүд сайхан байсаан. 

6.8.13

Бороотой өглөө

"Бороо гэдэг өнгөрснөө мартаж чадаагүй
Тэнгэрийн гунигт үг"

9.11.12

Цас цас цас

Өглөө сэрээл цонхоор харсан чинь нуль цагаан ертөнц. Нэмээл ороод байсан, одоо ч орсоор. Албаар ажил болгож банк орох нэрийдлээр гадуур жаал алхав. Зам бол там байнам, шавар шавхай тамтаггүй. Гэхдээ л сэтгэл юунд ч юм баяртай.

Хунгарлаж тогтсон цасан дээр Miss U гэж бичээд зураг дарав. Гоё харагдахгүй байсан тул арилгасан. Дараа нь гоёор аваад эндээ тавимз...

Иймэрхүү зураг дармаар байгаамаа. Хүний зургаар хүүдэгнээдхий.

10.8.12

Улаанбаатарт бороо орж байна...

Найман сарын бороо, Намар хархүүг дагуулж ирчихээд сэтгэлийн маань гал тогоонд гуниг самарч, уйтгарын зузаан өрөм загсаагаад суучлаа...Хүүхэд нас усны гутлаараа шалбааг туучин онгирч, Цаг хугацаа хаашаа ч юм айл хэсээд эзгүй байна...Ноён Саарал хорвоог бүрхэн дарангуйлж, өнгө будагс зөвхөн шүхрэнд хоргодон туугдах мэт...

8.10.11

Шаргал...

Үүүеэээ өнөөдөр хуралгүй гэсэн :)
Миний хуралдах дургүйг яана. Энэ янзаараа бол УИХ гишүүн нтр болох хумсын чинээ ч найдлагагүй шүү...

4.10.11

Аниргүй...

Гэрт цагийн зүү нэгэн хэмнэлээр урагшлахаас өөр ямар ч чимээ үгүй. Хүүхдийн инээд, шуугиан, уйлах дуу...өдөр тутмын үргэлж давтагдах асуулт хариулт, харь хэлээр гүнгэнэх зурагтын чимээ... аль аль нь алга. Цайны цагаар гэртээ ирсэн чинь нэг иймэрхүү орчин, ингээд анир чимээгүйн гүүрээр дамжиж өөрийн нууцхан ертөнцдөө бичиглэж сууна. Ахуйгаас тасарч сэтгэлийн гүндээ айлчлан ирэх зав гаралгүй нилээд удсан байна шүү...



24.8.11

Better in Time


Өдрийн цайгаараа машинаа унаж гараад одтой ногоон орж аяга капучино бариад араажуугаа чанга дээр нь тавиад амандаа дуу аяланхан давхина...

Миний мөрөөддөг байсан "ажил хэрэгч", "биеэ даасан" эмэгтэйн дүр төрхийн нэгээхэн хэсэг нь шүү дээ. Өчүүхэн жижиг байж болох ч хүслийн минь хэлтэрхий биелсэн нь гоё. Амьдралын урсгал тойргоор эргэлдэн, цаг хугацаа давтагдаад л байх шиг санагддаг ч, үл ялих өөрчлөлтүүдийг анзаарч чадвал урьдынхаасаа сайжирч, дэгжиж дээшилсэн "БИ"-гээ олж харах юм...

Yeah it's getting better in time...


Хүчирхэг, дайчин...

  Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав.  https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/...