24.10.23

Resource allocation

 Магистрт байхдаа ийм сэдвээр диплом бичиж байсан. Тодорхой хэмжээ хязгаар бүхий нөөц бололцоо (радио давтамж,үелзэл)-г яаж илүү үр ашигтай, олон хүн, олон ажил хоорондоо зохицуулж ашиглах тухай алгоритм судалж байж. 


Харин одоо бол өөрийн биед оногдсон эрч хүч, цэнэгийг ажил, гэр орон, үр хүүхэд, бас өөртөө хувааж зарцуулах тухай... хүрэлцэхгүй тохиолдолд алийг нь түр/бүр хойш тавих тухай бодох нь миний өмнөх даалгавар болж. 



Бие махбодийн батерейнээс гадна, бас нэг хязгаартай нөөц бол мэдрэл минь юмсанж. Олон үүрэг хариуцлагаа жонглёрдох, алийг нь ч газар унагахгүйгээр зохицуулах, амжихгүй байж л нэмээд дахиад нэгийг гэж махран зүтгэхдээ өөрийнхөө мэдрэлийн тэсч чадах хэмжээг хэтрүүлж, заримдаа хасах руу оруулчихдог, тэр нь ямар аймаар хор хөнөөлтэй тухай гэнэт ухаарав. Mental breakdown буюу мэдрэл хэт ядарч цөмрөх үед өөрийн мэдэлгүй уур бухимдлаа хүүхдүүддээ гаргах, бяцхан зүрхийг нь шархлуулах үг, үйлдэл хийж болзошгүй (аль хэдийн хийсэн алдааг минь мартсан байгаасай) ирмэг дээр тулснаа мэдэрч гэмшихүй... 

Мэдрэлээ хэт ядраахгүй нь хэр чухлыг... бүр амин чухлыг...үүнээс давсан чухал зүйл үнэндээ тэр бүр байхгүйг.... би тайван, амар амгалан байх нь наанадаж хүүхдүүдийн сэтгэлзүй, цаашлаад ирээдүйн амьдралд нь шийдвэрлэх нөлөөтэй байж болох тухай бодов. Мэдрэлээ л гамная, хэт их ачаалал, хэт өндөр зорилго, хэтэрсэн амбицнаас өөрийгөө хамгаалъя. 

Ойрдоо ер нь нөхөргүйгээр бүхнийг ганцаараа чадна, амжуулна гэдгээ өөртөө батлах гэж их оролдоод байгаагаа анзаарав. Хаалганы бариул засахад, машины үзлэгт ороход, хүүгийн өрөөнд хөшиг хадахад, гэрийн тавилгаа шинэчлэхэд, хүүхдүүдтэйгээ аялахаар онгоцны билет захиалж байхдаа ч... ганцаараа шийдэж, ганцаараа шийдвэрлэж байгаадаа баярлаж, бас бардамнаж байгаагаа мэдэрсэн. Гэрэл байвал сүүдэр байж л таараа, зарим ачааллыг үнэндээ дийлэхгүй ядарч цуцах үедээ, учрыг нь олж чадахгүй балмагдах мөчдөө, өөрийн чадалгүйг мэдрэн гутрахдаа давхар "би чадсангүй" гэх ташуураар өөрийгөө ороолгоод авах мэт өвдөлт... 

Өөртөө зөөлөн байя, чи бүхнийг чадахгүй байлаа ч зүгээр. Чиний ч, хэний ч буруу биш. Чи өөртөө, хүүхдүүддээ, бас чамайг гэж боддог тэр хэдхэн хүмүүст хамгийн чухал хүн. Энэ ил захидлыг өгсөн хүнд. Түүнээс бусдыг нь тоохоо больё. 


"Юу л болвол болог" гэж амьдралын гүн ухаанаа тодорхойлсон хүн байна. Би чадахаа хийнэ, харин үр дүнд нь юу л болвол болог. Тэртэй тэргүй миний нөөц бололцоо хязгаартай, миний чадал хэмжээтэй. 


PS: Шал хамаагүй юм, гэхдээ хөлөө ачиж суудгаа бас болих зорилго тависан. Нуруу болон аарцганд маш муу нөлөөтэй юм байна. 

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...