18.12.22

Уйлсан нь

 Уйлсан нь

Эртээр уйлмаар байна гэж бичсэнээс хойш уйлах боломж нөхцөл бүрдэхгүй явсаар онгоцонд сууснаас хойш 4 ч удаа уйлав. Ганцаараа байх, нулимсаа сул тавих боломж бүрдсэн нь тэр юмуу даа.

1. In Our Prime гээд солонгос кино үзэж байтал энэ ая гарах үед уйлсан. Киноны үйл явдал нээх уйлахаар юм гараагүй. Bach Cello Suite No.1 in G Major гэсэн.

Нэг сонин юм гардаг нь, pi (𝝅)тоог нот руу хөрвүүлэхээр (До =1, Ре =2 гэх мэтээр) аймаар гоё уянгалаг аяз болдог гэсэн.


2. Франц зохиолч эмэгтэй Marguerite Duras-н "Амраг" гэдэг нэртэй номыг уншиж дуусахад, сүүлчийн өгүүлбэр дээр бас нулимс асгарааск. Үйл явдал нь урд хойноо орсон, уншихад жоохон ойлгомжгүй дараалалтай, гэхдээ дүрүүдийнх нь бодол санаа, мэдрэмж нь их тод илэрхийлэлтэй юм билээ. Кино нь их эротик гэж дуулсан, үзэж амжаагүй байгаа, ном нь бол огтоос эротик бишээр үл барам, хоёр хүний амраглалыг тойрсон аалзны тор мэт нийгэм, гэр бүл, хувь хүний асуудлуудыг хөндсөн ээдрээтэй, хүндэвтэр зохиол санагдсан. Тэр залуугийн хэлж буй сүүлийн өгүүлбэр хамгийн их сэтгэл хөдөлгөм байсан, яалтачгүй.

 



3. Өнгөрсөн шөнө 4 цагт сэрээд, буцаж унтаж чадаагүй тул Netflix-р Marriage Story үзэв. Гэрлэлт гэдэг хувь хүнээс өөрийгөө эмтэлж, эвдэлж, нөгөө хүндээ тааруулж, зарим үнэт зүйлээ золиослож орхихыг шаарддаг юм болов уу. Их бага хэмжээ нь л өөр болохоос гэрлэлт бүрд тодорхой хэмжээнд тийм золиос гардаг л байх. Кино өөрөө энгийн хэрнээ их хүчтэй илэрхийллүүдтэй, жижиг сажиг деталиар хэлэх гэснээ хэлчдэг, жүжигчид нь гоё, маш сайн кино санагдсан. Тэгээд үзэж дуусаад бас уйлчихсан. 

4. Ван Гогийн Starry Starry Night орчуулангаа дууг нь тасралтгүй сонсоод байсан, дотроо бүх мэдрэмжээ цуглуулж байгаад, нүдээ аниад сонстол бүр асгаруулдаг байгаа. Өмнөх 3-аа нийлүүлсэн шиг ихээр, бүх эхэр татаж байгаад ханатлаа уйлсан. Нөгөө л галт тэргэн дотроо шдээ. Азаар энд хүмүүс бусдыг яаж ч байсан нээх тоохгүй нь амар юм даа. 

Одоо нэг хэсэгтээ гайгүй байхаа...

Loving Vincent


Starry, starry night
Paint your palette blue and gray
Look out on a summer's day
With eyes that know the darkness in my soul
Shadows on the hills
Sketch the trees and the daffodils
Catch the breeze and the winter chills
In colors on the snowy, linen land
Одод асгарсан шөнөөр
Хөхөлбөр, саарал өнгөө бэлдээд
Зуны өдөр гадагш хараарай
Сэтгэл доторх уй гунигийг тольдон хардаг нүдээрээ
Даваа толгодыг сүүдэрлүүлэн
Шаргал дэлбээ, моддыг таталган зураарай
Сэвшээ салхийг өвлийн жавартай нь
Цасан дэвсгэртэй зотон хөрсөн дээр өнгө ялгарууланхан


Now, I understand what you tried to say to me
And how you suffered for your sanity
And how you tried to set them free
They would not listen, they did not know how
Perhaps they'll listen now
Хэлэх гэсэн үгийг чинь би одоо л ойлгож байна
Саруул ухаан чинь хэрхэн шаналж байсныг
Оюун бодлоо чөлөөтэй нисгэх гэж хичээснийг чинь
Хүмүүс чамайг сонсоогүй, яаж гэдгээ мэдээгүй
Харин одоо л ойлгох бизээ

Starry, starry night
Flaming flowers that brightly blaze
Swirling clouds in violet haze
Reflect in Vincent's eyes of china blue
Colors changing hue
Morning fields of amber grain
Weathered faces lined in pain
Are soothed beneath the artist's loving hand
Одод түгсэн шөнөөр
Гал мэт дүрэлзсэн шаргал цэцгүүд
Нил ягаан мананд хуйлран мушгирах үүлс
Винсентийн цэнхэр нүднээ тусах нь
Туяаран хувирах өнгөнүүд
Хув шар тариалангийн талбай
Туйлдаж үрчлээтсэн нүүр царай
Зураачийн уран гарын аясаар аргадууланхан...



Now, I understand, what you tried to say to me
How you suffered for your sanity
How you tried to set them free
They would not listen, they did not know how
Perhaps they'll listen now
Хэлэх гэсэн бүхнийг чинь би одоо л ухаарч байна
Саруул ухаан чинь хэрхэн шаналж байсныг
Оюун бодлоо чөлөөтэй нисгэх гэж хичээснийг чинь
Хүмүүс чамайг сонсоогүй, яаж гэдгээ мэдээгүй
Харин одоо л ойлгох бизээ

For they could not love you
But still your love was true
And when no hope was left inside
On that starry, starry night
You took your life as lovers often do
But I could have told you, Vincent
This world was never meant for one
As beautiful as you
Тэд чамайг хайрлаж чадаагүй ч
Чиний хайр чин үнэн байсан
Хамаг найдвар тасарсан тэр л мөчид
Харанхуй, одод түгсэн тэр л шөнө
Хайртай хосууд шиг чи амьдралаа егүүтгэсэн
Гэхдээ би чамд хэлж чадах байсан, Винсент ээ
Энэ орчлон чам шиг хүнд зохихгүй гэж
Чам шиг үзэсгэлэн төгөлдөр нэгэнд

Starry, starry night
Portraits hung in empty halls
Frameless heads on nameless walls
With eyes that watch the world and can't forget
Like the strangers that you've met
The ragged men in ragged clothes
The silver thorn of bloody rose
Lie crushed and broken on the virgin snow
Одод асгарсан шөнө
Хоосон өрөөнд өлгөөтэй хөрөг зургууд
Нэргүй ханан дах жаазгүй цээж зургууд
Хорвоог хараад мартаж үл чадах нүднүүд
Тааралдаж байсан үл таних хүмүүс шиг чинь
Ноорхой хувцастай навсархай эрчүүд
Цуст сарнайн мөнгөлөг өргөс
Шинэхэн цасан дээр няцарч хаягджээ


Now, I think I know what you tried to say to me
How you suffered for your sanity
How you tried to set them free
They would not listen, they're not listening still
Perhaps they never will
Хэлэх гэсэн санааг чинь би одоо л мэдэрч байх шиг
Саруул ухаан чинь хэрхэн шаналж байсныг
Оюун бодлоо чөлөөтэй нисгэх гэж хичээснийг чинь
Хүмүүс чамайг сонсоогүй, одоо ч сонсохгүй хэвээр
Магад хэзээ ч үл сонсох бизээ

Ван Гогд дурлаад олон жил болж бгаа, энэ дууг орчуулах юм сан гээд олон жил бодож явсан, өнөөдөр, Вашингтоноос Нью-Иорк явах галт тэргэнд биелүүлэх шанс тохиолоо. Хамгийн гол нь өчигдөр Van Gogh Exhibition : The Immersive Experience -г үзэхэд төрсөн гайхалтай мэдрэмжүүд, цуг үзсэн хүнтэй ид шидийн юм шиг сонин тохиолдлоор тааралдсан гэх мэт олон фактор нөлөөлөөд it's now or never гээд л машиндчихлаа. Мөр толгой холбох гэж оролдсонгүй, угаасаа би чадахчгүй биз, харин яг мөр тус бүрийг нь дарааллаар нь орчуулав, бас их уянга яруу утга төгөлдөр буулгах гэж мэрийсэнгүй, зүгээр л сэтгэл доторх мэдрэмжээ эргэн сэргээж байгаад л, тэр чигт нь шингээхийг хүслээ. Угаасаа энэ дуу Ван Гогийн зургуудыг харахад, түүний тухай бодоход төрдөг тэр их гунигийг төгс илэрхийлдэг үгтэйм шиг санагддаг. Өчигдөр үзэсгэлэн үзэж байхад яг тэр гуниг, гэхдээ хэд дахин хүчтэй давалгаагаар цээжинд долгиолж байсан. Энэ дууны үг шиг, би Винсент Ван Гогийг илүү сайн ойлгох шиг, зовлон шаналалыг нь мэдрэх шиг санагдсан. Монгол орчуулгыг нь уншаад бас тэгж мэдрээсэй гэсэн чин хүслээ ийнхүү үлдээлээ.

Цуг үзсэн хүний тухай цөөн үг. Уран зураг үзэх гэж гурилддаг байснаа мэдсэн шүү. Зургаас төрсөн мэдрэмж нь барим тавим тод, бас тэрийгээ илэрхийлж гаргаж байгаа нь биширмээр хүн бнлээ. Би бол огт юу ч мэдэрдэггүй хөлдүү төмс бол арай биш, гэхдээ ихэвчлэн өнгөцдүү, дотогшоо гүнзгий оруулж мэддэггүй, ихэнх нь буцаад ойгоод гарчдаг, төрсөн мэдрэмжээ илэрхийлэхдээ бүр дутмаг гэдгээ ойлгосон. Яджаахад их удаан реакцтай, дандаа хэзээ хойно бодож бодож жоохон юм шахаж гаргадаг нь энэ блог дээр үлдэх юм даа. Тэгээд ч болсон үлдээж байх хэрэгтэйм байна, ер нь тэгээд урлаг мэдрэх, түүнийгээ илэрхийлэх ч бас нэг төрлийн эрдэм бизээ, мэдрэмжийн тэмтрүүлээ хөгжүүлж, антеннаа илүү урт сунгаж дасгалжуулж байх! 

Амьдрал бол хэлхээстэй дурсамжуудын цуглуулга, өчигдрийнх шиг шигтгээ болон үлдэх мартагдашгүй дурсамжийг бэлэглэсэнд мааш их талархаж байгаа, хүнд хэрхэн сайхан дурсамж үлдээх, тухайн цаг мөчийг бүрэн ашиглахыг ухаарчихсан хүн байна лээ. Би өөрийгөө тэгж сурч байгаа гэж бодсон бас л болоогүй түүхий юмөө. Яг одоо цаг дээр байх үед нь юунд ч юм баригдаад эсвэл хойш тавиад, өнгөрсөн хойно тэгдэг байж, ингэдэг байж гэж харамсаад л. 








11.12.22

He stopped calling

 5,6 жилийн өмнө Goodreads дээр уншсан номынхоо сэтгэгдлийг үлдээж байгаад ФБ найз болсон нэг хүн байдаг юм. Тэр номыг орчуулсан мундаг хүн байсан. Саяхан тэр хүнтэй эргэж "найзлаад". Сонирхолтой эссэ орчуулах уу гэхээр нь угийн хоббитойн болохоор ок гэлээ. Сэдэв нь ч яг миний мэргэшсэн салбар юм байна хаха. Угаасаа хүн бүрийн, ялангуяа эмэгтэй хүний амьдралд ийм тохиолдол заавал таарч л байсан байдаг. 

LA Times сонины "Dating horror stories" гэдэг буланд хэвлүүлж бсн, Агиймаа Кручкин гэдэг эмэгтэйн бичсэн нийтлэл. Линк нь энд. Ю.Н.Кручкин гээд насаараа монголд ажиллаж амьдарч буй дипломатч, орчуулагч, сэтгүүлч хүний охин юм билээ, аавыг нь ихэнх хүмүүс мэддэг би сая л мэдэж авсан бүлгээ. 


Надад ийм гоё хэвлэмэл, ном шиг нь байгаа. Хэдий богинохон түүх ч гэлээ, бичсэн хүнийхээ дотоод ертөнц, чигч шулуун зан чанарыг илтгэж байх шиг. Элдэв нэмэлт хачир, илүү дутуу эмоцгүй түс тас бичсэн нь таалагдсан. Миний блогийг уншиж романтик орон зайгаа дүүргэдэг уншигч түмэндээ зориулы даа. Түмэн = 10000. Гэтэл уншдаг нь гарын 10 хуруу дотор л доо хаха. За яахав яахав. Өөрийнхөө олон дурлал, болзооны түүхээс өвөрмөц нэгийг нь сийрүүлээд сонин хэвлэл рүү явуулдаг ч юм билүү :D





Тэр залгахаа больсон


Бид яагаад өөрийнхөө нууцыг үл таних нэгэнд, эсвэл биднийг сайн мэдэхгүй хүнд хэлэх дуртай
байдаг юм болоо?

Танихгүй хүн биш ч гэлээ, бөмбөрцгийн нөгөө тал Орост суух 78 настай эмээ минь шинэ
залуутай үерхэх болсноо дуулгах тохиромжтой хүмүүсийн нэг биш л байх. Т бид хоёр уулзаж
эхлээд сар орчим л болж байсан, тэгээд ч би гэрийнхэндээ Лос-Анжелесын тийм ч уянгалаг бус
учралуудынхаа тухай яриад байх сонирхолгүй хүн.

Тэгсэн мөртлөө, эрхэм хүнтэй болж байгаа эсэхийг минь асуусан эмээгийнхээ имэйлд “Би
нээрээ нэг хүнтэй болзож байгаа” гээд хариулчихсан л юм. Интернетэд өөрийн гэсэн бизнестэй,
хэд хэдэн гадаад хэлээр ярьдаг, Африк, Европ, Америк хооронд байнга аялдаг - миний
сонирхлыг татах болсон олон шалтгаан дундаас нэг нь энэ, тийм хүн.

"Харьяалагдах" гээч сонин мэдрэмжийг дотроо чимээгүйхэн үгүйлж явснаа тэнгис далайн
тэртээх Лос Анжелес рүү нүүж иртлээ төдийлөн ухаараагүй явжээ. Аав минь орос хүн, харин би
ээжийнхээ төрөлх нутаг Монголд төрж өссөн. Монголд байхад минь эрлийз гээд гайхаж,
сониучирхсан харц элбэг байлаа. Зөрөөд өнгөрөхөд цоо ширтэх бол энүүхэнд.

Амьдралдаа анх удаа, төрсөн нутгаасаа түмэн бээрийн алсад, олон өнгө холилдсон Лос
Анжелест л би “өөрийн хүн” шиг ууссан нь егөөтэй гэмээр. Хэн ч надруу улаан цайм ширтэхгүй.
Намайг ихэвчлэн “Америк” эсвэл “Хавай”(энэ таамаг Америк боловсролын алдааг илтгэх жишээ
гэлтэй ) хүн байх гэлцэнэ. Андуурсан гэдгээ мэдээд эвэртэй туулай үзсэн мэт “Тэгээд чи
хаанаас ирсэн юм? Харийн төрхтэй юмаа” гэлцэнэ.

Асуултанд нь хариулах үед яахаа мэдэхээ байж толгойгоо маажсаар хоцорно, учир нь ямар нэг
хайрцаг саванд багтаах гэтэл шингээчмээр ангилал бэлэн байдаггүй. Ялангуяа болзооны
аппликэйшн дээр энэ байдал ахин дахин давтагдана.

Т-тэй Тиндерт таарах хүртэл.

Байдаг л нэг уйтгартай “ Сайнуу хөөрхнөө” ч юмуу, эсвэл дургүй хүрэм “Чи хэн гээч вэ?”, эсвэл
нөгөө л “Уулзахуу”-гийн оронд тэр “Чиний нэрийг яаж зөвөөр дуудах вэ?” гэж асуусан юм.
Энгийн хэрнээ энэ асуулт яг л цэнгэг агаар мэт цээж дүүргэн орж ирсэн.

Уулзах цаг (Баасан гарагийн орой 6 цагт), газраа (тэр намайг ирж авахаар болсон) тохирсноос
хойш толгойд минь энэ үдэш хэрхэн дуусаж болох тухай, хүн амины хэргээс авахуулаад амар
сайхандаа жаргажээ хүртэл түмэн янзын төсөөллүүд эргэлдэж эхэлсэн.

Байрны маань үүдэнд тэр ирж зогсоод, машинаасаа гарч ирэн гэрэл цацруулсан инээмсэглэл,
дулаан тэврэлт бэлэглээд машины хаалгыг надад нээж өгсөн. Уулзаж байсан Лос-Анжелесын
уугуул болоод суугуул бүхий л залуусын 98%-с нь хавьгүй боловсон эелдэг санагдсан болохоор зүрх минь догдлоод л түргэн цохилоостой. Үерхдэг байсан хөвгүүдтэй маань - ихэвчлэн Мачу Пичуд даруулсан зураг, эсвэл үеэл, өрөөний найзынхаа нохой, мууртай цуг авахуулсан зургаар
Тиндерт гангардаг - зүйрлэхийн аргагүй жинхэнэ, өөрийнхөөрөө, бас сэтгэл сэргээм шинэлэг
байлаа. Таван хормын дараа гэхэд л бидний яриа Францын колоничлол, цагаачдын эрх болоод
үндэс угсаа хоорондын харилцаа гэх мэт гүнзгий сэдэв рүү хальсан байв.

“Хаана юу идмээр байна?” гэх мэт цаг үрсэн дэмий найрсаглалын оронд тэр өөрийнхөө дуртай
кофе шоп руу итгэл төгс явсан. Тэр үдэш юу хийхээ бүгдийг нь төлөвлөсөн байсан нь бас
туйлын шинэлэг гоё санагдсан гэж хэлье дээ. Кофены дараа Тай хоол, тэгээд Холливуд дах
уушийн газар очиж ууцгаасан. Хорвоогийн хамаг юмыг хамж шимж ярьсаар шөнийн 3 цаг
хүргэсэн. Тэр гэрт минь хүргэж өгөөд, би түүнийг орохыг урьсан, тэгээд бид үүр цайтал ярьсаар
л байсан.

Явсныхаа дараа ч гэсэн тэр уураг тархинд минь орж суучихаад би унтаж чадахгүй байлаа.

Энэ шохоорхол үнэхээр ер бусын байв.

Тэр бас надтай адил Лос Анжелест бүхнийг хоосноос эхлүүлсэн гадаад хүн гэдэг нь нөлөөлсөн
юм болов уу? Монгол чинь Африкт байдаг билүү? Чи хятадаар ярьдаг уу? гэх мэт эв хавгүй
асуултыг алгасаад, элдвийн стереотип гэж санаа зоволгүйгээр энгийн харилцаж, геополитик
мэдлэгээ хуваалцах нь надад таалагдаж байлаа.

Үүнийг л харьяалагдах мэдрэмж гэдэг байх даа.

Тэр яг л бодол санааг минь далдаас унших мэт ер бусын мэдрэмжтэй нь түүнд татагдах
сэтгэлийг минь улам өрдсөн байх. Түүний хурц, нарийн оюун ухааныг анзаарах тусам өмнө нь
өөр хэн ч ингэж сэтгэлийг минь татаж байгаагүй юм билээ. Гадаад төрхийг минь хуурай,
хиймлээр магтахын оронд тэр оюун бодлыг минь үнэлдэг байв. Асуугаагүй, өөрөө ч ухаараагүй
хэрнээ дотроо бодож явсан асуултанд маань хариулж бичих нь бас таалагддаг байлаа : “Сайн
уу, би ойрд таг байсан, гэхдээ чамайг мартаагүй шүү. Ажил аймаар их, тэхдээ л үргэлж чамайг
бодоостой. Маргааш хоолонд орох уу?” гэх мэт.

Нэг орой бид Пасифик Көүст хурдны замаар давхиж Пеппердин Их сургуулийн (миний төгссөн
сургууль) Хэрос цэцэрлэгт хүрээлэнд очив. Номхон далай болон Малибу эрэг их үзэсгэлэнтэй
харагддаг, их сургуулийн хотхон дотроо хамгийн өндөр цэг нь. Тэр шөнө, зэрэгцэн суугаад үүх
түүхээ ярилцангаа одтой тэнгэрийг ажин суухад, амьдрал яг л кино шиг санагдаж байж билээ.
Ер бусын бөгөөд намуун зөөлөн. Тэр намайг чанга тэврээд духан дээр минь үнссэн. Өөрийн
өмнөх учралуудаа, яагаад болж бүтээгүй тухайгаа, би өөрийнх нь амьдралд ямар сайн зохицож
тохирч байгаа тухай ярьсан. Хамтдаа явж болох аяллуудыг төлөвлөж, цуг үзэх TED яриаг
сонгож, дэмжиж оролцох тэмцэл, хөдөлгөөнийг ярилцсан. Хэзээ ч биелэхгүй ирээдүйн тухай
амлалтууд байлаа.

Тэр үдшээс хойш тун удалгүй бараг өдөр бүр уулздаг байснаа больж, мессеж бичих, залгах нь
онцын тодорхой шалтгаангүйгээр эрс цөөрсөн. Ажлын шугамаар тун их аялж яваа учраас гэж Т
тайлбарладаг байв. Яг тэр үеэр би хагалгаанд орсон өөр нэг эмээгээ асрахаар Монгол руу
хэдэн долоо хоног явж таарлаа. Лос Анжелест очсон хойноо уулзалдъя гэж Т Коста Рикагаас
мессеж илгээсэн байв.

Цаг зав их байсан тул Инстаграм ухаж ямар нэг тайлбар хайлаа. Хамгийн сүүлд уулзаж байсан
гэж таамагласан эмэгтэйг олов. Сүүлийн хэдэн жилийн турш Т-тэй цуг авахуулсан зургаа
оруулсан байсан юм. Гэхдээ яг надтай болзож байх үеийн зураг бол байгаагүй л дээ. Хэсэг
хугацааны дараагаас Т-тэй хамт байгаа зургуудыг дахин тавих болов. Тэр хоёр эргээд нийлсэн
юм болов уу? Эсвэл ерөөсөө салаагүй байсан ч юм болов уу?

Үнэндээ юу болсныг би хэзээ ч олж мэдээгүй, Т-тэй дахиж уулзаагүй болохоор.

Хамгийн сүүлд, хэдэн сарын дараа тэр над руу нэг мэнд мэдсэн, би хариу бичээгүй.

Би хайр сэтгэлтэй учирч үзсэн, гэхдээ энэ удаагийнх шиг ийм гүн гүнзгий, уураг тархиараа
холбогдсон хүн урд хожид хэзээ ч байгаагүй. Тэр элдэв хаяг шошго, хайрцаг савлагаагүйгээр
жинхэнэ намайг олж харж чадсан.

Чин үнэн гэвэл, би дахиж мөддөө эмээтэйгээ хуваалцах хайр дурлалын түүхтэй учрахгүй байх
аа даа.

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...