22.4.24

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад...

6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холливудын алдартай энимэйшний хөгжмийг бүрэн хэмжээний оркестра амьдаар тоглож, холограм дэлгэц дээр томоор харуулж байсан. Урлан бүтээх төвийн үзвэрийн танхим жижигхэн, хуучирсан ч гэлээ чамин хийц, дэгжин байдлаа хадгалж үлдсэн байналээ. 

 

              


Хаана суувал илүү гоё харагдах бол гэж үзэх гээд хэрэг болгон урьдчилж очиж харж байгаад билет авсан мөртлөө, дэлгэц нь тайзныхаа урдуур, тийм том байна гэж мэдээгүй болохоор нүүрэн дээр тулж ирээд, өлийж үзэхэд хэцүү байсныг эс тооцвол хөгжмийн далайд шумбан жаргасөөн. Хүүхдүүд бүтэн сууж чадахгүй дундуур нь гарч гадаа тоглосон, гэхдээ үзвэр үзэх, амьд хөгжмийн дуугаралт сонсохын зах зухаас мэдэрсэн байх. Удахгүй хүүхдийн бүжгэн жүжиг бас үзнэ дээ гурвуулаа. Тараад нээх хөөрхөн засалтай номын дэлгүүр орсон. 


Тэндээсээ гэр хүртлээ алхсан, хөгжилтэй юм яриал, инээлдээл. Намуухан, дулаахан, УБ хотын үдэш, жаргалтай дурсамж...



7-нд Тэрэлжид вино уунгаа зураг зурж үзлээ. Амьдралдаа анх удаа бийр будаг нийлүүлж, уран бүтээл туурвисан. Шинэ зүйл турших, цэвэр агаарт гарах, вино уух, өөртөө цаг гаргах - эдгээрийн аль нь илүү кайф өгсөнийг мэдэхгүй, гэхдээ мартагдашгүй сайхан өдөр...


9-нд UB Quiz Night оролцов. Бас л анх удаа. Огт санаанд оромгүй асуултанд багаараа хэлэлцэн хариулах, тэр нь зөв байх, огт санаандгүй хэн нэгэнтэй тааралдах, хөгжилтэй байснаа өөр нэгэнд гайхуулан ярих, тэгээд дараа нь цуг оры гэж төлөвлөх... Амьдарч буй цаг үе, хотынхоо нэгээхэн хэсгийг шинээр өөртөө нээх. Уураг тархиа цочроон баярлуулсан гоё үдэш...

14-нд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөв. Нэг талаар өөрийгөө сорих, нөгөө талаар хааяа нэг орчуулгын ажил хийхэд оноотой байх шаардлагатай болоод. Оюутан залуусын дунд орж, тэдний гоё эрч хүч, vibe-р цэнэглэгдэх сайхан байсан. 

17-нд ажил дээр үл ойлголцол үүсээд. Өмнө нь бол тэгсгээд намжтал нь чимээгүйхэн харзнадаг байснаа болиод, багийнхаа хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж эхэлсэн. Эхлээд яриаг нь сонсож, сайн чанар, давуу талыг нь дурдаж байгаад, дараа нь харилцан feedback солилцсон. Одоо дахиж яст мэлхий шиг хуягандаа толгойгоо нуухгүй, тулаад, даваад гарч байя л гэж бодогдож байна. Тэгж чадна гэдгээ мэдэрсэн нь хамгийн чухал ололт байсан. 

18-нд нүүрном дээр нэг бүсгүй хорт хавдартай болсон, эмчилгээнд нь хандив өгөөрэй гэхээр нь 20к явуулсан чинь нэг 0 илүү бичээд 200к шилжүүлцэн байсан. Эх орны хишиг ингээд тэр бүсгүй рүү. 10 жилийн төгсөлтийнхөн бас сагсны тэмцээний хандив нэхээл байна. Өгөхгүй гүрийнэ л гэж бодож байна. 

19-нд ажлын газрын парти. Хүмүүсээс урьд нь олж хараагүй чанарыг нээх, бас өөрийнхөө далд байсан төрхөө олж харах гээд сонирхолтой л байлаа. Тараад алхаж явахад хамаг стресс арилсан, сэтгэлийн амар амгалан яг тэр шөнийн намуухантай зохицсон мэт санагдаж байв.

20-нд маш олон ажил төлөвлөсөн завгүй өдөр байв. Хүүгээ бассейнд оруулаад хүлээнгээ цэцэрлэгт хүрээлэнг гүйж нэг тойрохдоо түрийвчээ хаячдын. Тэгээд түрийвчээ хайж буцаж нэг тойроод. Олж чадалгүй, хүүгээ бассейнаас нь авахаар очтол хүү алга. Гэртээ ганцаараа харьчиж. Шууд дараагийн ажил - том охины зөвлөх багштай уулзахаар очлоо. Уулзалтын дундуур банкнаас залгаж байна, миний картыг хүн олсон гээд. Тарангуут тэр хүний байгаа газар луу таксидлаа. Дөнгөж очиж аваад баярласан талархсанаа илэрхийлээд буцаад такси. Хоёр багатайгаа хүүхдийн арга хэмжээнд очих ёстой байсан. Өөрсдөө биеэ даагаад хувцас хунараа өмсөөд, миний хэлсэн газар торойгоод зогсож байсан. Нэг үеэ бодоход овоо л болж дээ үрс минь. Ашгүй арга хэмжээнээс хоцорсонгүй, хүүхдүүд ч баяртай, би ч сэтгэл амар. Тэр өдөртөө бол happy ending. 

21-нд хэвтээ тэнхлэгт, ойр зуурын гэр орны ажлаа амжуулан амарч байлаа. Гэвч!!! Морфийн хууль намайг бүрмөсөн дайрахаар шийдэж. Яг унтахын өмнө имэйлээ шалгатал яаралтай орчуулах материал ирсэн байв. Хүүхдүүдээ унтуулчаад орчуулгаа хийж байтал гэнэт хаалга хүчтэй цохив. ДҮШШШ, манайх доошоо ус алдаж байна гэнэ. Бүтэн сайны орой болгон ус тасардаг, тэгсгээд шөнөдөө ирдгийн, хүүхдүүдийн нэг нь цоргоо хаагаагүй орхисон байж, би юм орчуулаад ус дуугарахыг анзаарсангүй. 4 түмпэн ус шавхав, доод айл руу орж хохиролтой нь танилцав. Маргааш мөнгө төгрөг ярилцахаар болов. Буцаж орж ирээд орчуулгаа дуусгав.  Хамгийн өөдгүй нь орчуулгын хөлсөө хариугүй жоохон, хямд үнээр гэрээ хийснээ анзаарсангүй. Унтахаар хэвтэхэд 2 цаг. Өглөө 5:40-д босдог. 

22-нд буюу өнөөдөр. Өглөө шууд Блү Скай орох ёстой байснаа мартаад ажилдаа ирсэн байв. Гэнэт санаад тийшээ явсан. Азаар бүх юм окэй. Буцаад ажил руу ирэх замаараа цусны төв орж цусаа өгсөн. Дутуу нойртой хоносон, биений юм дуусаад удаагүй, өгч болохгүй гэдгийг нь мэдэж байсан ч дахиж зав мөд гарахгүйм чинь гэж шалтаглаад, 8 цаг унтсан гэж худлаа хэлээд өгчихсөн. Сувилагч нь бүр бүтэн нойртой хоносымуу даа гэж асуугаад байхад, тэгсээн гэж инээж байгаад. Яагаад өөрийгөө ингэж булан луу түлхэж байгаагаа өөрөө ч ойлгоогүй. Мазохист юмуу, өөрийгөө хохироож энэ биеийг гаргуунд гаргая гэж байгаамуу, эсвэл хэр их ачаалал дааж чадах хязгаараа шалгаад байгаамуу бүүмэд. Ямар ч байсан ухаан алдаж унаж нтр сүйд болсонгүй. Цусны уут ч ердийнхөөс илүү хурдан дүүрчих шиг санагдсан. 

Ямар ч үед гэрэлтэй тал байдаг л даа. 

Азаар

- Доод айлын хүмүүс их дажгүй, тохитой томоотой ах эгч хоёр байсан. Тааз нь бага зэрэг норсон боловч тэгтлээ их сүйдээгүй санагдсан. Өнөөдөр хатсаных нь дараа очиж харна даа.

- Өнөөдөр балетын хичээл орохгүй өнжих нь. Орсон бол таслахгүй гэж очоод улам ядрах байсан

- Хэдийгээр Morphy's Law-с бултах аргагүй боловч, унавал өвдгөө гөвөөд босч ирэх, ядарвал амарч байгаад эргээд өндийх, алдвал уйлж байгаад нулимсаа арчаад дахиад зүтгэх, гомдвол эргэцүүлэн бодож байгаад уучлах, эсвэл орхиод урагшлах April's Law байгаа болохоор алзахгүй, үргэлжлүүлэн амьдраал байна даа. 





3.4.24

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас явсных уу ухаан суусных уу аяндаа ийм хандлагатай болсон бдг шүү. Шийдээгүй орхисон, дутуу дулимаг мэдрэмжүүд хүнийг их стрессдүүлдэг гэсэн. Сонгууль гэснээс ажил дээрээ нэг юманд сонгогдсон, хурал ба з/б хийх ажлууд нэмэгдэх нь. 

Ээжтэйгээ эвлэрсэн. Сүйдтэй хичээл зүтгэл гаргаагүй ч эхний алхмыг би хийсэн. Өөр хэн хийхэв дээ, хүнтэй муудалцсан хэвээр байх сэтгэлд хөндүүр оргиод хэцүү байдаг, нэг ч гэсэн асуудлаа алга болгож сэтгэл амарлаа.

Хүүг өглөө орой зөөж өгдөг найз байдгийн. Тэр байгаагүйсэн бол би өдий муужраад унасан. Үнэхээр их ач тустай найз. Мэссэнжирээр баярлалаа гэж бичээд, өглөө хам хум таарахдаа бэлгийн карт өгсөн ч, тухтай талархалаа илэрхийлж амжихгүй яваад байсан. Өчигдөр албаар цаг гаргаж уулзаад, аяга кофе уунгаа, ажлынхны мартаар өгсөн бэлгийн картыг өгөнгөө, үнэхээр их баярладаг шүү гээд нүүр тулан хэлсэн. Бас нэг санаа зовоосон зүйл арилсан.

Амьдралын чанар болоод эрүүл байхад нойр, хоол, хөдөлгөөн гурав хамгийн чухал байх. Нойрыг бол сүүлийн 10-аад жил тавиад тууцан. Жирэмсэн болоод л шөнө сайн унтаж чадахгүй, төрөөд эхний хэдэн жил мэдээж байнга сэрээстэй, залгуулаад дараагийн жирэмслэлт, төрөлт, нойргүй шөнүүд. Хүүхэд гаргах бүрт дор хаяж 5 жилээр огцом хөгширсөн харагддаг нь яалт ч гүй нойрноос болдог байх гэж боддын. Тэгж байтал сэтгэл гутрал залгав, шөнө сэрчүүл буцаж унтаж чадахгүй тарчилдаг болов. Сунгалтын дасгал хийгээд арай дээрдсэн. 

Бага охиноо 6 хүртэл өвөртөлж унтсан, хүүхэдтэй унтахаар бас л тух муутай. Өнгөрсөн сард хүүхдүүдээ тусад нь өрөө рүү нүүлгэж, өөртөө шинэ ор, матрас авлаа. Матрасыг нь бүр аймаар үнэтэй биш ч гэсэн хэрэндээ мөнгө зарсан, жаахан горойсон. Гэхдээ нойрны чанар бүр бест, гүн бөгөөд нам унтаж байгаа болохоор зарцуулсан мөнгөндөө огтоос харамсахгүй байна. Аягүй том асуудлаа ийнхүү шийдлээ.

Сэтгэл дундуур байдаг харилцааг эсвэл тэр чигт нь хүлээн зөвшөөрөөд, илүү ихийг хүлээхээ болих, эсвэл бүр больж орон зайг нь хоослох гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргах хэрэгтэй болох юм. Хүлээлтгүй амьдрах зөв байх, гэхдээ сэтгэл дундуур байдалтайгаа эвлэрснээс зүгээр л бүхнийг орхиж цээжээ сайхан хоослох нь илүү зөв санагдах боллоо.

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...