Showing posts with label making a decision. Show all posts
Showing posts with label making a decision. Show all posts

3.4.24

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас явсных уу ухаан суусных уу аяндаа ийм хандлагатай болсон бдг шүү. Шийдээгүй орхисон, дутуу дулимаг мэдрэмжүүд хүнийг их стрессдүүлдэг гэсэн. Сонгууль гэснээс ажил дээрээ нэг юманд сонгогдсон, хурал ба з/б хийх ажлууд нэмэгдэх нь. 

Ээжтэйгээ эвлэрсэн. Сүйдтэй хичээл зүтгэл гаргаагүй ч эхний алхмыг би хийсэн. Өөр хэн хийхэв дээ, хүнтэй муудалцсан хэвээр байх сэтгэлд хөндүүр оргиод хэцүү байдаг, нэг ч гэсэн асуудлаа алга болгож сэтгэл амарлаа.

Хүүг өглөө орой зөөж өгдөг найз байдгийн. Тэр байгаагүйсэн бол би өдий муужраад унасан. Үнэхээр их ач тустай найз. Мэссэнжирээр баярлалаа гэж бичээд, өглөө хам хум таарахдаа бэлгийн карт өгсөн ч, тухтай талархалаа илэрхийлж амжихгүй яваад байсан. Өчигдөр албаар цаг гаргаж уулзаад, аяга кофе уунгаа, ажлынхны мартаар өгсөн бэлгийн картыг өгөнгөө, үнэхээр их баярладаг шүү гээд нүүр тулан хэлсэн. Бас нэг санаа зовоосон зүйл арилсан.

Амьдралын чанар болоод эрүүл байхад нойр, хоол, хөдөлгөөн гурав хамгийн чухал байх. Нойрыг бол сүүлийн 10-аад жил тавиад тууцан. Жирэмсэн болоод л шөнө сайн унтаж чадахгүй, төрөөд эхний хэдэн жил мэдээж байнга сэрээстэй, залгуулаад дараагийн жирэмслэлт, төрөлт, нойргүй шөнүүд. Хүүхэд гаргах бүрт дор хаяж 5 жилээр огцом хөгширсөн харагддаг нь яалт ч гүй нойрноос болдог байх гэж боддын. Тэгж байтал сэтгэл гутрал залгав, шөнө сэрчүүл буцаж унтаж чадахгүй тарчилдаг болов. Сунгалтын дасгал хийгээд арай дээрдсэн. 

Бага охиноо 6 хүртэл өвөртөлж унтсан, хүүхэдтэй унтахаар бас л тух муутай. Өнгөрсөн сард хүүхдүүдээ тусад нь өрөө рүү нүүлгэж, өөртөө шинэ ор, матрас авлаа. Матрасыг нь бүр аймаар үнэтэй биш ч гэсэн хэрэндээ мөнгө зарсан, жаахан горойсон. Гэхдээ нойрны чанар бүр бест, гүн бөгөөд нам унтаж байгаа болохоор зарцуулсан мөнгөндөө огтоос харамсахгүй байна. Аягүй том асуудлаа ийнхүү шийдлээ.

Сэтгэл дундуур байдаг харилцааг эсвэл тэр чигт нь хүлээн зөвшөөрөөд, илүү ихийг хүлээхээ болих, эсвэл бүр больж орон зайг нь хоослох гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргах хэрэгтэй болох юм. Хүлээлтгүй амьдрах зөв байх, гэхдээ сэтгэл дундуур байдалтайгаа эвлэрснээс зүгээр л бүхнийг орхиж цээжээ сайхан хоослох нь илүү зөв санагдах боллоо.

19.7.23

Ганцаардлын дасгал

 Интроверт, ганцаараа байж энерги авдаг гэх мөртлөө, ганцаардахаас үхтлээ айдаг, ганцаардахыг тэсч чаддаггүй хүн юм санжээ би. Ганцаараа байх - solitude, ганцаардах - loneliness, being isolated хоёр өөр юм байна л даа. Бас бие махбодиор хэн нэгэнтэй цуг байх болоод сэтгэл санаа, оюун ухааны хувьд холбогдох, ойлголцох хоёр ч тэс ондоо юм.  Хоол идээд гэдэс цадах, сэтгэл цадах хоёр өөр байдаг шиг л... /Нандин, их багшдаа зориулав :)/

Хүн гэдэг үргэлж хувирч өөрчлөгдөж, ухарч бас урагшилж байдаг болохоор, хүмүүсийн хоорондох холбоос - connection бас агшиж сунасаар, хэт их холдох (physically and mentally, emotionally) үед тасарчдын байна. Нэг тал нь тасарчлаа гэдгийг мэдээд байхад, анзааргагүй нөгөө тал нь тасархай утас бариад бүх юм зүгээр гээд суух ч үе байдгийм шиг.

Миний хувьд бие нь ганцаараа байх дуртай ч тэр болгон боломж олддоггүй. Ажил, хүүхдүүд, үүрэг хариуцлага... Сэтгэл нь харин хэн нэгэнтэй emotionally attached байх, үнэлэгдэх, ойлгогдох өндөр хэрэгцээтэй, тэгээгүй үед ганцаардлыг мэдэрдэг. Тэгсэн мөртлөө ганцаардах мэдрэмж төрөх үед нь аль болох үгүйсгэж, түүнээс зугатааж, түр зуурын сэтгэл хөөрлөөр орлуулах гэж оролдож, аргацаасаар удсан юм байналээ. 

Одоо харин ганцаардлыг хүлээн зөвшөөрч, ганцаардахад дасдаг юм билүү? Хэдий хэцүү ч гэлээ, энэ бол мэдрэмж, бүхий л мэдрэмжийн нэгэн адил оволзож ирээд л намддаг, тэсээд, тэсвэрлээд сурчихвал хатуужаад, сэтгэлийн хаттай болох нигууртай. Мэдээж заавал ганцаардах гээд зүтгээд, хүмүүсээс өөрийгөө тусгаарлаад байхгүй. Гэхдээ өмнөх шигээ ганцаардах вий гэхээс үхтлээ айж, болсон болоогүй emotional attachment үүсгэхгүй санаатай байна. 

Өөртэйгээ сайхан харилцаатай, бусдаас хамааралгүй, тусгаар тогтносон "улс" баймаар байна. Хүнд ойлгогдож, хүнээр үнэлэгдэх сайхан ч гэлээ, заавал түүгээр дутахааргүй, өөрөө өөртөө л хангалттай байя л даа. 100% , бүрэн, дүүрэн гэх хэмжүүрээ өөрөөрөө дүүргээд, бусдаас ирэх үнэлэмж, ойлголцолыг бонус гэж хүлээж авдаг байх гэсийн. Гэнэт сурчдаг чадвар биш байх, гэхдээ хүсч чадаад, харах өнцөг, хандлага нь өөрчлөгдсийм чинь дасгалжаад ирэхээрээ сурах байх гэж найдна.



14.3.19

Сонголтын тухай

The Road Not Taken 

Two roads diverged in a yellow wood,
And sorry I could not travel both
And be one traveler, long I stood
And looked down one as far as I could
To where it bent in the undergrowth;

Өтгөн шаргал ойн захад
Өмнө минь салаа зам зурайна
Амь бие ганцханаас хойш
Аль нэгийг нь сонгохоос өөрцгүй
Эргэлзэж ядан, удаан зогсоод
Эхний замыг бараа тасартал ширтлээ


Then took the other, as just as fair,
And having perhaps the better claim,
Because it was grassy and wanted wear;
Though as for that the passing there
Had worn them really about the same,

Адилхан л сайхан харагдах нөгөө замыг нь сонголоо
Арай илүү эвтэйхэн ч юм шиг санагдах
Өвс нь илүү өтгөн, хөлийн мөр бага ч юм шиг
Яг үнэндээ энэ замаар өнгөрөн явахуй
Ялгаагүй л ижилхэн ул мөр минь үлдэх

And both that morning equally lay
In leaves no step had trodden black.
Oh, I kept the first for another day!
Yet knowing how way leads on to way,
I doubted if I should ever come back.

Өглөө эртийн хоёр зам харгуй
Өөр хүн навчисын дээгүүр гишгэлээгүй
Эхний замыг дараа нь явна гэж үлдээлээ! Гэвч,
Энэ замууд намайг цааш нь улам холдуулсаар
Эргээд ирэх боломж гарах болуу юу л бол


I shall be telling this with a sigh
Somewhere ages and ages hence:
Two roads diverged in a wood, and I—
I took the one less traveled by,
And that has made all the difference.

Хэзээ нэгэн цагт, хожмын нэгэн өдөр
Хоёр зам таарсан тухай санаа алдан дурсах вий
Хүн бага явсан замыг нь сонгож билээ
Хувь заяа минь тэгэхэд өөрчлөгдөж билээ


Амьдралд том сонголт хийх үе хэд хэд гардаг. Хоёр замаар зэрэг явж чадахгүйгээс хойш, нөгөө замаар замнасан бол яах байсан бол гэх харамсал байнга л төрдөг байх. Яах гэж монголд буцаж ирвээ гээд их харамсаж байлаа. Буцаж ирээгүйсэн бол өдийд бас өөр нэг юманд харамсах л байсан байх. 
Аль замаар нь явбал ямар ирээдүй тосож буйг таамаглахыг хичээдэг ч, хараа үл гүйцэх урт зам шиг, ирээдүйн өдрийг тааж мэдэхэд хэцүү. Эрсдэл, эргэлзээ, харуусал бүхнээ хойш нь тавиад зүгээр л урагшаа харах нь заримдаа хэрэгтэй байдаг юм шиг байна.

Яваагүй замын тухай, сонгоогүй сонголтын тухай хүмүүс их боддог, харуусал, гэмшил, ямар байх байсан бол гэх төсөөлөл үргэлж цээжиндээ тээдэг байх. Энэ тухай кино, ном ч олон.

La La Land дээр хэрвээ тэр хоёр салаагүйсэн бол, амьдрал нь ямар амттайхан байх байсан бол??? гэх харууслыг сүүлийн хэдэн хоромд товчхон харуулдаг. Тэр хэсэг нь бүр сэтгэл зүрх сийчээд хаядаг даа.

Perfect Stranger гээд солонгос кинон дээр эсрэгээрээ. Гар утсан дээрх бүх нууцаа дэлгэсэн бол, бие биенийхээ дотоод нууцлаг ертөнцийг ил гаргасан бол гэр бүл хэрхэн салж, амраг хос, анд найзууд яаж муудалцах байсан бол гэдгийг бүхэл киноны туршид үзүүлээд төгсгөлийн хэдэн мөчид нууц задраагүй, юу ч өөрчлөгдөөгүй чигтээ байгааг нь харуулдаг. 

13.9.18

Миний аялсан 1000 хот



Ийм нэртэй аяллын нэвтрүүлэг байдаг. Хааяа гарч таарвал үзэх дуртай. Нэвтрүүлгийн эхэнд явдаг аяз их гоё санагддаг байлаа. Тэгсэн хөгжмийн зохиолч Чинбатынх юм байж. Би ч угийн Чинбаад дуртай л даа. 9 сард тоглолтоо хийнэ гэнэ. Хүүхдээ харуулах хүнтэй сэн бол үзмээр л байна санж...



Синдромны улирал эхэлжээ. Хуучных шиг улирал солигдох бүрт синдромтож амжихгүйн, цаг хугацаа өмнөхөөс хамаагүй хурдан эргэдэг насан дээр ирцэн чинь. Яг 10 жилийн өмнө өдийд нэг том синдромтоод үр дүнд нь ийм нэг блогтой болж авсан шүү дээ. Дундуур нь хэсэг зуур орхисон ч гэсэн амьдралын минь бүхэл бүтэн 10 жилийн хэлтэрхийнүүд энд шигтгээтэй үлдсэн байна.

Дараагийн 10 жилийн босгон дээр цаашдаа яаж амьдрах тухай, юунд зорьж хаашаа тэмүүлж "эрхэм зорилго, алсын хараа" нтрээ тодорхойлох үе ирчжээ таминээ. Байгаа бүхэндээ сэтгэл ханаад урсгалаараа цааш хөвөх үү, чиглэл хандлагаа өөрчлөөд шинэ амьдрал руу урсгал сөрөн зүтгэх үү? Амьдралын туршлагаас харахад сэтгэл хөдлөлөөр ямарваа шийдвэр гаргах нь буруу, гэхдээ сэтгэл хөдлөл, миний хэлэх дуртай ОНГОД байжийж урагшлах урам, гаргасан шийдвэртээ бат зогсох хүч, зориг төрдөг юм шиг.

Охин маань физикийн хичээл үзэж эхэлсэн, эхний хичээлээр  энергийн тухай сурснаа надад ярьж өгөв. Бүх зүйл энергитэй, хорвоо ертөнцийн оршин тогтнох суурь нь энерги юм гэж. Хүний сэтгэлийн энергийг онгод гэдэг байх, сэтгэл гутрал гэдэг маань энергийн дутагдал юм шиг байна. Ирэх 10 жилдээ, цаашлаад үлдсэн амьдралаа хэрхэн өнгөрөөх тухай зөв шийдвэр гаргахад хэрэгтэй энерги=онгодоо олж авахын тулд хэсэгтээ өөрийгөө сайтар цэнэглэх санаатай. Нүдээ, чихээ, сэтгэлээ цэлийтэл нээчихээд би юуг хүсэж, надад ямар боломжууд байгааг эргэцүүлэн бодох хэрэгтэй байх шиг. Тархин дотроо дрон нисгээд өөрийнхөө өнгөрсөн, одоо, ирээдүйг дээрээс нь том зургаар нь харж байгаад хандах зүг чигээ тогтоомоор байна.


Энэ клип дээр Тужийн нарс, Цагаан суварга гээд газруудыг дроноор үнэхээр үзэсгэлэнтэй гоё зурагласан байдаг шүү.




1.2.17

Дилемма

Ойрын үед нэгэн бодол тархинд шигдээд салахаа байлаа. Inception дээр гардаг шиг л, оюун ухаанд суусан энэ санаа намайг орхихгүй нь бололтой...


 40 нас хаяанд ирчихжээ :(  Улам завгүй, улам хурдан давшсаар энэ "аймаар хөгшин" насны босгон дээр тулаад ирцэн байна. Өмнө нь амжиж амьдралаа өөрчлөх хэрэгтэй юм шиг санагдах боллоо. Шинэ орчин, шинэ зорилго, өөрийгөө дахин нэг сорих, өндөр өөд дахин нэг тэмүүлэх хүсэл төрнө. Одоо л амжихгүй бол 40 хүрэнгүүт боломж бололцоо улам нарийсч, эрч хүч улам багасаж, хөдлөх аргагүй болох байх гэхээс адгах...

Нөгөө талаар, арай гэж тогтон суурьшиж байгаа амьдралаа дахиал сэгсрэх, чичиргэн доргиохоос халширч айж байна. Тогтвор суурьшилтай нам жим амьдрахыг мөрөөдсөөр түүндээ одоо л нэг хүрч байдаг. Дахиад бүхнийг эхнээс нь эхлэх бас л яггүй санагдаад байдаг.

Хамгийн гол нь, одоо нэг хөдөлвөл, дахин наашаа цаашаа нүүдэл суудал гэхээргүй болно. 50 хүрчээд шинэ амьдрал бодоод яриад явахгүй л байлгүй. Өнөөгийн улс орны нөхцөл байдлыг харахаар, үр хүүхдээ бодохоор... арай илүү орчин нийгэмд амьдруулмаар ч юм шиг.

Хамгийн хачин нь, явах тухай бодол намайг цэнэглэж, сэргээш болох юм. Үргэлж ядраал, түүртээл, юун блог яршиг төвөг байснаа сүүлийн үед элдвийн юм судалж, эргэцүүлж, ирээдүйг төсөөлж, төлөвлөж, блогоо бас бичмээр чин хүсэл тэр дороос оргилох боллоо.

Яамаар ч юм дээ...дахиал хэсэг зуур бодохоос. Гэхдээ бодох хугацаа ч бас тийм ихгүй, хурдхан л шийдмээр...

Хүчирхэг, дайчин...

  Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав.  https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/...