23.7.25

No other choice

 Ийм нэртэй кино гарах тухай сонсоод, гарчигаа болгочихлоо. 9 сард нээлтээ хийх юм байна. Пак Чан Ук найруулагчийн өмнөх "Decision to leave" үзэхтэй зэрэгцээд нөхрөөсөө салах тухай бодол анх төрж байсан. Одоо хүртэл хэрэгжүүлсэн юм алга, гэхдээ нэг удаа өөрт нь цухуйлгаж үзсэн, том охиноосоо асуусан, ганц нэг ойр дотны хүмүүстээ яриад, гол нь дотроо бясалгаал байна. Амар шийдвэр биш болохоор. 

Уг нь сар бүр нэг пост оруулж байхаар блогийн уншигч, эртний найздаа амласан юм. Даанч сүүлийн 3 сар тас. Нэхээд бичихээр нь "улсын төсөв 3 их наядаар тасалдаад байхад, миний блог 3 сар доголдох юуын бээ" гэж мэгээд амыг нь таглачаал хаха. Бичих хэрэгцээгээ threads дээр богинохон текст байдлаар гаргаж орхичоол яваад блаа. Амьдралын олон үүрэг хариуцлага мөрөн дээр минь дарсан хэвээр, тухтай суугаад бодлоо сийрүүлэх сиймхий гаргаж чадахгүй юм.

Гэхдээ дэлгэр сайхан зун цаг, хүүхдүүдийн хичээл амарсан, би бас өөртөө бяцхан амралт олгосон, дасгалаа завсарласан, хэлээ давтахгүй орхисон, бусад үүрэгт ажлуудаа түрхэн зуур хойш тавиад амс хийж байгаа ухаантай. Ядаж л уураг тархины ачаалал сав л хийвэл 100%-даа тулаад байхгүй, үүлэн чөлөөний нар шиг хэсэгхэн сул мөчүүд, эсвэл эсрэгээрээ тэнгэрт хөвөх жижигхэн хөвсгөр үүл цоргим халуун нарны элчийг түрхэн зуур боловч хааж, сэнгэнэсэн сэрүүхэн сүүдэр гаргаж өгөх мэт цухасхан, таатай хормуудад тааваараа амьсгаа авах мэт мэдрэмж төрмой.

Үүл гэснээс үүлэнд асар дуртайгаа саяхан мэдлээ. Хөвсийсөн цагаахан, ийм тийм гэх хэлбэр дүрсгүй, ганцхан мөчийн дараа эргэн давтагдахгүйгээр хувиран арилдаг, ер бусын соньхон, үзэсгэлэнтэй юм шиг. Бас дурласан үед төрдөг "үүлэн дээгүүр алхах мэт" мэдрэмжийг санагдуулдаг, хараад л баймаар гоё зүйл. Үүлийг ямар нэг дүрс болгож харах нь төсөөлөл, дурласан хүнээ сайн сайхан гэж бодох нь ч бас төсөөлөл. Үүл ба дурлалын харилцан хамаарлыг огтхон ч шинжлэх ухаанч биш байдлаар баталчихлаа :)

За буцаад газартаа бууя. Том охин маань со явахаар болж, өчигдөр визэндээ материалаа өгсөн. Эргээд харахад, монголдоо сайн гэгдэх сургуульд бэлдэх гэж ташуур лууван ээлжилж байсан үе, тэнцчихээд хоёулаа тэврэлдээд дэвхэрч байсан мөч, асар их ачаалалтай сургуулийн хэмнэлд учраа олох гэж өдөр шөнөгүй сууж хичээлээ хийх хүүхдээ хараад сэтгэл зовниж байсан жилүүд, их сургуулийн application, зөвлөх үйлчилгээ, сургуулийн сонголт, алдаа оноотой шийдвэрүүд, үй олон бичиг цаас бэлдсэн өдрүүд... Нүдний өмнө тэр бүхэн жирэлзээд, айдгаа авдрандаа хийсэн мэт санагдавч, урагшаа харахад охиноо ганцааранг нь хүний газар үлдээгээд ирэхэд цээжинд онгойгоод үлдэх том хар нүхний жин, үргэлж үгүйлэх сэтгэл, санаа зовох, түгших мэдрэмж өмнө дурайх. Гэхдээ би хамгийн best-ээрээ охиноо сургаж, чадвар суулгаж, хайраар усалж өсгөсөн, тийм болохоор үүнээс цааш бие даан сайн сайхан амьдарч чадна гэсэн итгэлээр хоосон орон зайг нь дүүргэх байхдаа. 

ЧАМАЙГ МАРТАХЫН ТУЛДЧамайг мартахын тулд эхлээд харцыг чинь, Чи намайг анх харсан тэр өдрийн нарыг, Тэр өдрийн нарыг санагдуулаад байгаа энэ өдрийн нарыг, Тийм ээ, ер нь бол нарыг мартах хэрэгтэй.Чамайг мартахын тулд эхлээд уруулыг чинь, Чамайг би анх үнссэн тэр үдшийн сарыг, Тэр үдшийн сарыг санагдуулаад байгаа энэ үдшийн сарыг, Тийм ээ, ер нь бол сарыг мартах хэрэгтэй. Нар, сарыг мартахын тулд нүдээ аних хэрэгтэй. Нүдтэй гэдгээ ч мартах хэрэгтэй. Аньсан байхад хараад байдаг Алив тэр нуугдагч нүд, нар сарнаас ч хол нүд...Ш.ДүүрэнжаргалЧамайг мартахын тулд эхлээд тэврэлтийг чинь,Чиний дэргэд сэрсэн тэр өглөөний үүлийг,Тэр өглөөний үүлийг санагдуулаад байгаа энэ өглөөний үүлийг,Тийм ээ, ер нь бол үүлийг мартах хэрэгтэй. Үүлэн дээгүүр алхах мэт мэдрэмжийг, Үүлтэй цуг хөвөх мэт сэтгэл хөдлөлийг,Хөнжил шиг нөмөрсөн дулаахан дурсамжийг,Хөв хөх тэнгэртэй нь цуг мартах хэрэгтэй.

Хүний юмаар хүүдэгнээд, шүлгэнд нь өөрийнхөөрөө хэдэн мөр нэмээ хаялаа, уучлаарай. 


1 comment:

  1. Байдаг л нэгэнAug 8, 2025, 7:45:00 PM

    Хүүхдийн сургууль гэж том ажилаа ямартайч давлаа бүр 2 хүүхэд зэрэг аймаар байлаа хоёр өөр тийшээ явчих гээд аашилж арагдаж байгаад нэг зүгт бологсоон .Хүүхдийн сургууль хүмүүжил зэрэг ньнь миний дааж авсан ажил учраас жаахан хямарсаан.Охинд нь аз жаргал хүсье

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Хүчирхэг, дайчин...

  Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав.  https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/...