Pages

28.3.17

...

Үзгэндээ зориулж бэх авсан чинь манай охин харчаад, "хөөх чернилэн ягаан өнгөтэйн байна" гэсэн ккк.

Шүүгээний буланд хэвтээд удсан бугуйн цагандаа зай хийлгэв. Чаг чаг гэх цагийн зүүтэй цуг зогсоод удсан "БИ" хэмээх оршихуйн зүрх амилан цохилох шиг таатай.

Амьдралд эзлэгдэхгүйн тулд
төөрөхгүйн тулд
гэрлээ хумихгүйн тулд

Аяа бас амьдралд цочирдохгүйн тулд
живэхгүйн тулд
сэтгэлээсээ салчихгүйн тулд

Үргэлж зүрхнээсээ инээхийн тулд
үнэнд ойр явахын тулд
үхтлээ "амьд" байхын тулд

Өстөндөө хүртэл үүдээ цэлийтэл нээж
өвдөлт бүрийг тэсч гарахын тулд
Би шүлэг бичдэг

Надад заримдаа
үзэн ядалт хэрэг болоход
Надаас заримдаа
хүлцэл уучлал хулжин одоход

Гэрэлт үгс, цэвэр санаа
нялх мөр бадаг тайтгарал болж
Гэнэтийн багш мэт зүг чиг болдог

Амьдаараа арьсаа өвчүүлэх чоно мэт
шархирч байхдаа ч
Амьдралыг хайрлах итгэлээ алдахгүйн тулд
Би шүлэг бичдэг

БИ ШҮЛЭГ БИЧДЭГ
Би шүлэг бичдэг учраас л
Би ариун
Би амьд
Би цэвэр
Л.Ө. 2013

"...үхтлээ АМЬД байхын тулд" би блог бичдийн гээд Л.Ө.-с будаа идсүгэй :)


20.3.17

"Шөнийн гийчин" - Perfect



Өмнөтгөл үгэнд нь дурлаж, өөртэйгээ уулзаж, түр амсхийх гэж уншсан. Үнэхээр л сайхан амралт болж чадлаа. Дурлал, дурсамж, зүрх дүүргэх дулаан илч, өөрийгөө чагнахуй, мэдрэхүйгээр амьсгалсан ном. Хальт триллер элемент агуулсан нь Эдгар Алан Пог санагдуулам.

Би хэн бэ? Бодит амьдрал, зүүдний ертөнц... Үхэл ба амьдрал... "Өдөр өдрийн амьдрал хүний анхаарлыг хэдэн тийш булаалдан чангаасаар" тэр бүр бодож амждаггүй олон сэдвийн тухай, өгүүллэг нэг бүрийг уншсаны дараа сэтгэлд үлдэх бүгээхэн мэдрэмжийг даган бодолхийлэх сайхан байлаа. 

"Галзуугийн байшин" - амар амгалан, дулаан тааламжтай мэдрэмжийг энэ өгүүллэгээр дамжуулан нэхэн санагалзсан. Бага байхад өвөө эмээгийнхээ гэрт очиход хүйсний нүхнээс эхлэн бүхий л биеийг минь бүрхэн бүүвэйлдэг асан тэр сайхан мэдрэмж... Гүйгээд очиход дэндүү оройтсон ч гэлээ бодол санаагаараа, дурсамжаар дамжуулан ахин мэдэрч болмоор юм шиг...

"Хуучны ямбий" - Залуу насны дүрэлзсэн халуун дурлал шатаж дууссаны дараа хосууд чухам юунд татагдаж, юуны төлөө хамт амьдардаг юм бол гэж гайхдаг үе байсаан. Цугтаа элээсэн он жилүүд, тэдгээрээс үлдэх дурсамжууд... Өгүүллэгт гарах эмээ өвөө хоёр шиг зөвхөн хоёулхнаа мэддэг, хайр дурсамж агуулсан ямарваа нэгэн ritual-тай болох их зүгээр санагдлаа. Ялихгүй жижигхэн хэрнээ хоёр биендээ бол зүйрлэшгүй их үнэ цэнэтэй тийм нэг зан үйл... дадал зуршил... Амьдралын он жилүүдийг дурсамжаар баяжуулж, баялаг болгох шигтгээ мэт...

"Гээсэн юм" - "Аварга том номын сан дахь хэн ч очихоо байсан булангийн тоосонд дарагдсан нэгэн гайхалтай номын хуудас сөхөгдөх шиг л" "Тэд..., Бид... бүгдээрээ хааяахан өнгөрсөн амьдралынхаа гайхалтай сайхан мөчүүдээр эргэн нэг зочилж өглөө, оройтой учирсаар л байна. Ингээд л боллоо. Магадгүй энэ л хангалттай байх." Энэ өгүүллэг хамгийн их таалагдсан. 

"Мартуулагч", "Шөнийн гийчин" - Дурсамж, зүүдийг захирах гайхамшигтай чадвартай хүмүүс. Нээрээ л бидний дунд хэн нэгэнд нь ийм чадвар заяасан байдаг ч юм билүү... Сонирхолтой.

PS. Yesterday Once More дууны нэрийг буруу бичсэн байна лээ. Ерөнхийдөө алдаа их багатай, уншихад тороод байгаагүй. Зохиогч нь ямар хүн байдаг бол, хэдий насных бол гэх мэтээр төсөөлөн бодож байлаа. Ямар ч байсан 30 хүрсэн, гэхдээ нээг их хэтрээгүй байх. Өгүүллэгүүд нь сэтгэлд хүрэхүйц амьд, үнэн сэтгэлийнх, засаж янзлаагүй natural хэвээрээ гэх юм уу даа. Зүйрлэлүүд нь шинэлэг бөгөөд оновчтой. 






Ed Sheeran гээд улаан үстэй хүүхдэд дуртай болчлоо. Хоолойны цар хүрээ өргөн юм шиг бгаан, дуунуудыг нь сонсохлээр өөр өөр хүн дуулаад байгаам шиг. Аялгуу, lyric бүгд гайхалтай... Өөрөө бүгдийг нь зохиодог гэсэн байхаа, нуль авьяас!

2.3.17

Цагаан сар ба "хар ядаргаа"

Бүгдээрээ сайхан шинэлцгээв үү?

Цагаан сарын хамгийн сайхан нь хаврын урь орж дулаарах юм даа. Наран талын цонхоо ЦЭЛИЙТЭЛ нь нээгээд арчиж байхад огт даарахгүй сайхан.

Хэсэх айл нь цөөрөөд, гэрт ирэх зочид олширсныг анзаарлаа. Нөгөө л НАС гэдэг гайхлын шидэт дохиур үүргээ гүйцэтгээд яваагийн шинж байх даа.

Их ядарлаа, уг нь тэгтлээ унаж тустлаа их тогоо шанагатай зууралдаагүй юмсан. 3 хоногийн турш олон хүн, их дуу чимээтэй газар бужигнаж, ЯРЬЖ, ийш тийш хэссэн нь интроверт хүний ядрах шалтгаан болсон байх лд. Ажил дээрээ иртэл цагаан сарын spirit нь арилаагүй хүмүүс золгох гэж гүйлдээд, би нуугдаад өрөөнөөсөө цухуйхгүй суужийна.

Манай охин бас интроверт талдаа, гэхдээ надтай байхдаа ам хуурайгүй чалчаа. Өөрчилж чадвал нээлттэй тал руугаа төлөвшиж магадгүй. Хүү маань харин овоо яриасаг хүн гарах шинжтэй. Дөнгөж хэлд орж байгаа хэрнээ хаа хамаагүй тааралдсан хүн бүртэй хууч хөөрөөд явахын. Ээж шигээ ичимхий, бүрэг болохгүй нь гээд баярлаад байгаашд. Одоохондоо арай л жоохон байна. Харж л байя.