31.12.23

2023

Зиа ингээд он дуусах нь гарцаагүй болчлоо. Дахиал нэг нас нэмэгдэх нь. Хугацаагүй иргэний үнэмлэхтэй золгохнээ. 44-тэйгээ дахиад хэсэг зууралдмаар л байсын хаха.

17.11.23

Anatomy of a fall (Уналтын задлан)

Сайн муу ямарваа үйл явдал санаандгүй байхад өрнөснөөр илүү далайцтай, илүү хүчтэй мэдрэмж төрүүлж, ой тойнд гүн гүнзгий мөрөө үлдээдэг юм шиг. Энэ утгаараа, тохиолдож болох аливаа саар бүхнийг урьдчилан төсөөлж, үр дагавар болоод нөлөөллийг нь багасгах, бууруулах гэж оролддог нь миний overthinking, урьдчилж санаа зовох муу зуршилтай болсон шалтгаан гэх юмуу. Өнөөдөр харин сайн киног санамсаргүй байдлаар үзсэн нь үнэхээр завшаантай ч, түүнээс төрсөн сэтгэгдэл хэд дахин өссөн байх магадлалтай. 

Цааш нь уншвал 100% спойлер тул үзэх гэж байгаа бол дараа нь уншаарай.

24.10.23

Resource allocation

 Магистрт байхдаа ийм сэдвээр диплом бичиж байсан. Тодорхой хэмжээ хязгаар бүхий нөөц бололцоо (радио давтамж,үелзэл)-г яаж илүү үр ашигтай, олон хүн, олон ажил хоорондоо зохицуулж ашиглах тухай алгоритм судалж байж. 


Харин одоо бол өөрийн биед оногдсон эрч хүч, цэнэгийг ажил, гэр орон, үр хүүхэд, бас өөртөө хувааж зарцуулах тухай... хүрэлцэхгүй тохиолдолд алийг нь түр/бүр хойш тавих тухай бодох нь миний өмнөх даалгавар болж. 



Бие махбодийн батерейнээс гадна, бас нэг хязгаартай нөөц бол мэдрэл минь юмсанж. Олон үүрэг хариуцлагаа жонглёрдох, алийг нь ч газар унагахгүйгээр зохицуулах, амжихгүй байж л нэмээд дахиад нэгийг гэж махран зүтгэхдээ өөрийнхөө мэдрэлийн тэсч чадах хэмжээг хэтрүүлж, заримдаа хасах руу оруулчихдог, тэр нь ямар аймаар хор хөнөөлтэй тухай гэнэт ухаарав. Mental breakdown буюу мэдрэл хэт ядарч цөмрөх үед өөрийн мэдэлгүй уур бухимдлаа хүүхдүүддээ гаргах, бяцхан зүрхийг нь шархлуулах үг, үйлдэл хийж болзошгүй (аль хэдийн хийсэн алдааг минь мартсан байгаасай) ирмэг дээр тулснаа мэдэрч гэмшихүй... 

Мэдрэлээ хэт ядраахгүй нь хэр чухлыг... бүр амин чухлыг...үүнээс давсан чухал зүйл үнэндээ тэр бүр байхгүйг.... би тайван, амар амгалан байх нь наанадаж хүүхдүүдийн сэтгэлзүй, цаашлаад ирээдүйн амьдралд нь шийдвэрлэх нөлөөтэй байж болох тухай бодов. Мэдрэлээ л гамная, хэт их ачаалал, хэт өндөр зорилго, хэтэрсэн амбицнаас өөрийгөө хамгаалъя. 

Ойрдоо ер нь нөхөргүйгээр бүхнийг ганцаараа чадна, амжуулна гэдгээ өөртөө батлах гэж их оролдоод байгаагаа анзаарав. Хаалганы бариул засахад, машины үзлэгт ороход, хүүгийн өрөөнд хөшиг хадахад, гэрийн тавилгаа шинэчлэхэд, хүүхдүүдтэйгээ аялахаар онгоцны билет захиалж байхдаа ч... ганцаараа шийдэж, ганцаараа шийдвэрлэж байгаадаа баярлаж, бас бардамнаж байгаагаа мэдэрсэн. Гэрэл байвал сүүдэр байж л таараа, зарим ачааллыг үнэндээ дийлэхгүй ядарч цуцах үедээ, учрыг нь олж чадахгүй балмагдах мөчдөө, өөрийн чадалгүйг мэдрэн гутрахдаа давхар "би чадсангүй" гэх ташуураар өөрийгөө ороолгоод авах мэт өвдөлт... 

Өөртөө зөөлөн байя, чи бүхнийг чадахгүй байлаа ч зүгээр. Чиний ч, хэний ч буруу биш. Чи өөртөө, хүүхдүүддээ, бас чамайг гэж боддог тэр хэдхэн хүмүүст хамгийн чухал хүн. Энэ ил захидлыг өгсөн хүнд. Түүнээс бусдыг нь тоохоо больё. 


"Юу л болвол болог" гэж амьдралын гүн ухаанаа тодорхойлсон хүн байна. Би чадахаа хийнэ, харин үр дүнд нь юу л болвол болог. Тэртэй тэргүй миний нөөц бололцоо хязгаартай, миний чадал хэмжээтэй. 


PS: Шал хамаагүй юм, гэхдээ хөлөө ачиж суудгаа бас болих зорилго тависан. Нуруу болон аарцганд маш муу нөлөөтэй юм байна. 

30.9.23

Тойм

 


Бид яг ном шиг. Ихэнх хүмүүс гарчиг, хавтсаар минь дүгнэдэг, цөөнх нь зөвхөн өмнөх үг уншаад л өнгөрдөг, олонхи нь бусдын бичсэн шүүмжинд итгэдэг, үнэхээр тоотой цөөхөн нь л доторх агуулгыг уншдаг. Харин номонд цуг түүх бичилцэж, аль нэг дүр нь болж үлддэг нь үнэхээр тоотой, бас жинхэнэ дотно нэгэн л байдаг. 

Номын шинэ бүлэг... зарим дүр нь хасагдаж, холдож, бас зарим нь ойртож, ганц нэг шинэ дүртэйгээр үргэлжлээд л... Дараа гэж хойш тавилгүй амьдарч амжих гэж яарсан хэвээр. Гэхдээ бас заавал гэж зүтгэх, хүчлэхээ больсон. Боломжийг үл алдах, бүтсэнгүй гэж үл харамсах. Гэгээрээд байгаа юм байх даа :)

Өчигдөр 2 хуудас захиа бичив. Гараар. Уншсан хүндээ ямар санагдсан юм бүүмэд. Өөрт лав бөөн ностальги. Авахаас илүү өгөхдөө дуртай хүн юм. Өгч чадах зүйлсээ бүрэн зориулж чадсан гэдэгтээ сэтгэл ханадаг. 

Нөхөр гадаад руу яваад 3 сар өнгөрч байна. Тэндэх орчин нөхцөл, бүх юм нь сэтгэлд нь нийцэж байгаа бололтой. Архи уух нь багассан гэсэн. Ядаж л энд байсан шигээ живтлээ ууж донтох нь больсон гэсэн. Гэр бүлээ санахаас бусдаар сэтгэл санаа нь сайхан байгаа гэсэн. Надад ч гэсэн сэтгэл тэнэгэр сайхан байна. Цуг амьдарсан он жилүүдэд алдсан оносон аль аль нь байсан л биз. Юутай ч би өөрт байсан сэтгэл зүрхээ дүүртэл нь зориулсан, эргээд харахад харамсах зүйл алга мэт. Цаашдаа номын хуудас дээр ямархан түүх бичигдэхийг одоогоор хэлж мэдэхгүй, гэхдээ хэн хэн нь happy байгаад л happy байна :)

Энэ дууг non-stop сонсонгоо бичив. 




...

Бүх юм түр зуурын... бүх юм худал. Энэ мэдрэмж ч худлаа, оюун санааны төөрөгдөл, уураг тархины хуурмаг нөлөө, хэсэг хугацааны дараа арилж үгүй болно. Гэхдээ тухайн мөч хоромд, мэдэрч буй хүний perspective, бие махбодийн reaction юунаас ч илүү жинхэнэ, бодит байдаг.

"Хүний" гэдэг нь өөрийгөө хэлж байгаан. Зарим хүнд сэтгэл санаа, emotional state нь тийм хүчтэй нөлөөлдөггүй, чухал биш байдаг байх. Би л мэдрэмжиндээ илүү дарлуулдаг юм шиг. Магадгүй  emotionally immature, мэдрэмжээ удирдаж зохицуулах, хянах чадвар хөгжөөгүй өсвөр насандаа гацсан юм болуу? Миний дотор 16 наст байгаа гэж хошигнодог байсан, нэг их хэтрүүлэггүй шүү ер нь. 



Нэг ийм юм ноороглоод орхижээ. Юу ч гэсэн publish!

19.7.23

Ганцаардлын дасгал

 Интроверт, ганцаараа байж энерги авдаг гэх мөртлөө, ганцаардахаас үхтлээ айдаг, ганцаардахыг тэсч чаддаггүй хүн юм санжээ би. Ганцаараа байх - solitude, ганцаардах - loneliness, being isolated хоёр өөр юм байна л даа. Бас бие махбодиор хэн нэгэнтэй цуг байх болоод сэтгэл санаа, оюун ухааны хувьд холбогдох, ойлголцох хоёр ч тэс ондоо юм.  Хоол идээд гэдэс цадах, сэтгэл цадах хоёр өөр байдаг шиг л... /Нандин, их багшдаа зориулав :)/

Хүн гэдэг үргэлж хувирч өөрчлөгдөж, ухарч бас урагшилж байдаг болохоор, хүмүүсийн хоорондох холбоос - connection бас агшиж сунасаар, хэт их холдох (physically and mentally, emotionally) үед тасарчдын байна. Нэг тал нь тасарчлаа гэдгийг мэдээд байхад, анзааргагүй нөгөө тал нь тасархай утас бариад бүх юм зүгээр гээд суух ч үе байдгийм шиг.

Миний хувьд бие нь ганцаараа байх дуртай ч тэр болгон боломж олддоггүй. Ажил, хүүхдүүд, үүрэг хариуцлага... Сэтгэл нь харин хэн нэгэнтэй emotionally attached байх, үнэлэгдэх, ойлгогдох өндөр хэрэгцээтэй, тэгээгүй үед ганцаардлыг мэдэрдэг. Тэгсэн мөртлөө ганцаардах мэдрэмж төрөх үед нь аль болох үгүйсгэж, түүнээс зугатааж, түр зуурын сэтгэл хөөрлөөр орлуулах гэж оролдож, аргацаасаар удсан юм байналээ. 

Одоо харин ганцаардлыг хүлээн зөвшөөрч, ганцаардахад дасдаг юм билүү? Хэдий хэцүү ч гэлээ, энэ бол мэдрэмж, бүхий л мэдрэмжийн нэгэн адил оволзож ирээд л намддаг, тэсээд, тэсвэрлээд сурчихвал хатуужаад, сэтгэлийн хаттай болох нигууртай. Мэдээж заавал ганцаардах гээд зүтгээд, хүмүүсээс өөрийгөө тусгаарлаад байхгүй. Гэхдээ өмнөх шигээ ганцаардах вий гэхээс үхтлээ айж, болсон болоогүй emotional attachment үүсгэхгүй санаатай байна. 

Өөртэйгээ сайхан харилцаатай, бусдаас хамааралгүй, тусгаар тогтносон "улс" баймаар байна. Хүнд ойлгогдож, хүнээр үнэлэгдэх сайхан ч гэлээ, заавал түүгээр дутахааргүй, өөрөө өөртөө л хангалттай байя л даа. 100% , бүрэн, дүүрэн гэх хэмжүүрээ өөрөөрөө дүүргээд, бусдаас ирэх үнэлэмж, ойлголцолыг бонус гэж хүлээж авдаг байх гэсийн. Гэнэт сурчдаг чадвар биш байх, гэхдээ хүсч чадаад, харах өнцөг, хандлага нь өөрчлөгдсийм чинь дасгалжаад ирэхээрээ сурах байх гэж найдна.



Асуудал

 Амьдралынхаа нэгэн том асуудлын тухай ний нуугүй бичью гэж бодлоо. 

Хүүхэд байхдаа анх энэ асуудалтай нүүр тулсан. Асуудал үүсгэгч нь аав. Гэхдээ яг хүүхдүүддээ эрсдэл учруулж, аюул заналхийлэх хэмжээ/хэлбэртэй биш. Ээжид л их хэцүү байсан байх, ээжийн мэдэрч буй стресс, сэтгэлийн дарамт тэр чигээрээ надад мэдрэгддэг байлаа. Сүүлдээ гэхдээ аавын асуудал ч даамжраад, хүндэрсэн. Өөрт нь хамгийн их осолтой болж ирсэн. Би тэр үед гадаадад сурахаар явсан ч гэлээ, аавын эпизодуудыг сонсох бүрт дотор харанхуйлж сэтгэлээр унадаг байлаа, сэтгэлийн гүнд траума болж үлдсэнийх байх. Монголд буцаж ирсний дараа ч асуудал үргэлжилсээр, сүүлдээ жигших болсон. Гэхдээ аливаа юманд төгсгөл ирдэг, сайн муу ямар ч зүйлд. Аавын асуудал нэг л өдөр алга болсон. Мэдээж өөрийнх нь сэтгэлзүй хамгийн их нөлөөлсөн байх. Өмнө нь яаж ч арга чарга хэрэглээд болдоггүй байсан асуудал, гэнэт л өөрөө больсон. Яг л асар том бөмбөг эрчээрээ өнхөрч байснаа инерц нь дуусаад зогсдог шиг. Ид өнхөрч байхдаа замдаа таарсан юуг ч хамаагүй эрчээрээ дайраад л гардаг байсан.

Нөхөрт маань энэ асуудал нүүрлээд хэдэн жил өнгөрчээ. Эхэндээ арай ч үгүй байх, түр зуурын юм, ямар нэг шалтаг шалтгаан бодож олоод үгүйсгэж орхидог байлаа. Гэхдээ бас л ээжтэй адил, асуудал болоод босч ирэх бүрд нь маш  ихээр стресстэнэ, бухимдана, сүүлдээ архагшаад сэтгэл гутрал үүсэх нэг том шалтгаан ч болсон байх. Сүүлийн хэдэн сарын турш сэтгэл гутралаа даван туулж чадлаа, гайгүй болчихлоо гэж бодож бгаа ч, энэ асуудал намайг энгийн тайван амьдруулахгүй нь бололтой. Анзаараад байсан чинь улам хүндэрч, өөрийнх нь бие махбодийн эрүүл мэнд болоод миний сэтгэл санааны эрүүл мэндэд улам ноцтой, муугаар нөлөөлөөд эхэлчиж. Үгүйсгээд л, байхгүй гэж бодоод хууртагдаад, өөрийгөө хуураад явах хэмжээнээс хэтэрсэн. Асуудлыг зузаан даавуугаар халхаж орхиод хэсэг хугацаанд нүдэн балай чихэн дүлий явахад өөрөө аяндаа арилж орхих манан будан мэт бодсон. Гэтэл арилах биш, харин би л асуудлыг ноцтой гэж харах босго маань элэгдэж орхисон бололтой. Тэр босготой цуг миний сэтгэлийн тэвчээр ч, өөрийгөө хүндэтгэх хүндлэл маань ч нимгэрч намссаар байсан нь харамсалтай. 

11 сард ийм ноорог эхлүүлээд орхисон. Тойруулаад байлгүй шууд бичихэд, аав архины хамааралтай олон жил явсан, 60 гараад гайгүй болсон, одоо харин нөхөр. Сайн охины синдромтой хүн чинь нодлинг хүртэл энэ тухай хэнд ч хэлж байгаагүй. Олгой хагаравч тогоон дотроо гээд л чимээгүй амьдардаг байлаа. Блог дээрээ бичих санаа төрсөн нь 22 оны 11 сар. Ээждээ, хадамдаа анх цухуйлгасан нь он гараад. Үйл явц, олон жилийн турш зугуухан донтож ирснийг нь мэдэх хүн надаас өөр байхгүй болохоор бүгд л гайхаад, итгэж ядаад. Хадам аав бас архины хамааралтай хүн байж байгаад эрт нас барсан болохоор хадам ээж ойлгож хүлээж аваад байх шиг байгаа. Миний өөрийн ээж болохоор "эрэгтэй хүн архийг өөрийн хүслээр уудаггүй. Цаанаас нь дээд ухамсар, далд хүч уулгаад байдаг" гэж хэлэхээр нь дахиж ярих хүсэлгүй болсон. Ер нь Монголд эрэгтэй хүн архи их уулаа, архинд орлоо гэхээр ганц авдаг арга хэмжээ нь ном уншуулах, лам бөөдөх байдаг юм байна. Тэгээд ууж байгаа хүнийг их өрөвдөнө, хөөрхийлнө. Хажууд нь байгаа хүн ямар дарамттай, хэцүү байгааг хэн ч боддоггүй юм шиг. Зодоод, агсан согтуу тавиад байхгүй бол асуудал ч гэж үзэхгүй. Бараг л эхнэрийн буруугаас болж архи ууж зовсон хөөрхий эр гэх нь холгүй. 

3 сард бас ингэж бичиж байгаад ноорог чигт нь орхижээ. Энэ удаа олон юм нуршилгүй шууд publish!

18.3.23

Good girl syndrome

Амьдралынхаа хамаг /надаас хамааралтай/ асуудлын шалтгааныг өнөөдөр олчих юм. Яагаад аз жаргалгүй санагдаж шаналдаг байсан, сүүлдээ сэтгэл гутралд хүртэл хүрэх болсон шалтгаан. Гэхдээ яг албан ёсны нэршил, оношийг нь одоо л мэдэж авч байгаагаас биш нэг юм болохгүй байгааг мэдрээд, засаад өөрчлөгдөөд эхэлсэн бсн л даа.. Сүүлийн нэг жил ялангуяа. 

Яг л puzzle эвлүүлж байгаад гэнэт том зургаар нь олж харах мэт. Дотроо таамаглаад явж байсан ч баталгаа нотолгоо олсон мэт. Нэг тийм гоё нүд нээгдэж сэтгэл онгойх мэдрэмж. 

https://www.instagram.com/p/CmgV9cdhh6q/?utm_source=ig_web_copy_link



САЙН ОХИНЫ СИНДРОМ

Сайн охины синдром нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолддог ба зарим тохиолдолд эрэгтэйчүүдэд ч мөн илэрдэг төгс байдалд тэмүүлэх гажуудал юм. Өвчин биш ч яваандаа амьдралд сөргөөг нөлөөлөх хандлага.

Бараг ихэнх эцэг эхчүүд хүүхдүүддээ биеэ зөв авч яв, үгэнд ор, хичээлээ хий, бусдад тусал гм сургадаг. Гэхдээ охидод тавих шаардлага өндөр байдаг ба Сайн охидууд биеэ ингэж авч явж болохгүй, даруу бай, чанга битгий инээ, бусдаас битгий ялгар ! гэдэг.

Энэ бүх дүрэм журмыг ягштал биелүүлж, биеэ зөв авч явсан охидыг эцэг эх нь магтаж, харин охидууд дуулгавартай, асуудал үүсгэдэггүй, бүх зүйлийг ягштал биелүүлдэг, үлгэр жишээ бусдад эвтэйхэн эмэгтэй болж төлөвшдөг. Охидууд бодохдоо зөвхөн сайн охидыг л хайрладаг тиймээс биеэ зохих байдлаар зөв авч явбал хайрлагдана гэсэн бат итгэл үнэмшил суудаг.

Үүний хамгийн том сөрөг үр дагавар нь сайн охидууд багаасаа бусдын хүслээр байсаар өөрийн мэдрэмж, хүслээ үгүйсгэж сурсан байдаг. Өөрөө хэлбэл бага насанд суусан үнэт зүйл нь бусдад үйлчлэх юм. Эсрэгээр нь хийвэл тэднийг хайрлахгүй гэж итгэсэн байдаг. Эрэгтэй хүүхдүүдэд ч мөн ийм зүйл тохиолддог. Ийм хүүхдүүд том болоод бусдад эвтэйхэн ч өөрт тухгүй байдлаар амьдардаг. Зөв байвал бүх хүмүүс өөрт нь сайнаар хандаж, хайрлана гэж боддог ч яг үнэндээ амьдрал дээр эсрэгээрээ болдог.

🧩 Яагаад “Сайн Хүүхэд” бусдад эвтэйхэн ч өөртөө тухгүй байдаг вэ ?

• Тэд мөнхийн аз жаргалгүй байдаг ба байнга өөртөө сэтгэл дундуур байдаг. Багаасаа өөрийн хүсэл, мэдрэмжээ сонсож сураагүй хүүхдүүд юу хүсээд байгаагаа мэдэхээ больдог.
• Ийм хүүхдүүд том болсон хойноо орчин тойрны бүх хүмүүсийн сэтгэлд нийцэх гэж байнга хичээдэг ч энэ нь боломжгүй зүйл тул гэмшил, стресс, сэтгэл зүйн ачааллыг мэдэрдэг. Тэд төгс төгөлдөр зүйлийн араас хөөцөлдөж, өөрийгөө голдог.
• Бусдад үгүй гэж хэлэх нь хэцүү байдаг тул нэг мэдэхэд л ажилд дарагдсан байдаг.
• Өөр нэг асуудал нь тэд жижиг алдааг ч сүртэй хүлээж авдаг.
• Аливаа шүүмжлэлийг маш эмзэг хүлээж авдаг.
• Сайн хүүхдүүд ихэвчлэн сэтгэл зүйн хувьд хүүхэд хэвээрээ байдаг ба шийдвэр гаргахдаа муу байдаг.
Өөртөө санаа тавьж, өөрийгөө хайрлаж сураагүй байдаг. Бүх л энергиэ бусдад зориулж хүлээн зөвшөөрүүлэхэд зарцуулдаг.




https://www.instagram.com/p/CmigzFthadZ/?utm_source=ig_web_copy_link

Юуны өмнө та бусдад эвтэйхэн байхаа больж эхлэх үед тан руу маш их дургүйцэл, үл ойлголцол, шүүмжлэл ирнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй.


🧩 Сайн Охины Синдромоос ангижрах нь таныг илүү ачаанаас салгаж, орчин тойрноо эргэн харах, чөлөөт цагтай болгож, өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө мэдэрч ойлгосноор өөрийн дур сонирхолтой салбарт өөрийгөө хэрэгжүүлэх боломжийг олгодог. Өөрийн дотоодод байгаа томоотой дуулгавартай хүүхдээ ялан дийлж, өөртөө санаа тавьж сурах нь амьдралыг тань илүү баялаг, харин таныг жаргалтай нэгэн болгох юм.   


Бүх насаараа "Сайн охины синдром"-той амьдарсан, нилээд засарсан ч бүрэн салаагүй л бн. Ухамсартайгаар хичээхгүй бол цаашдаа ч зууралдсаар байх биз.  Амьдралын туршид гаргасан том жижиг шийдвэрүүд, нугачаа салаа бүрт шингэсэн байсан. Би юу хүсч байна гэдгээ хэзээ ч боддоггүй, бусад хүмүүст яавал аятай тухтай, амар амгалан байх бол гэдэг л шийдвэр гаргахад нөлөөлдөг байж.  Гаднаас нь харахад төгс амьдралтай, тэгж харагдахын тулд бүх л юмаа дотроо дараастай. Хүнд гаргаж хэлэхгүй, өөрөөсөө ч нуудаг байсан асуудлууд. Би л хичээгээд, зүтгээд, гүрийгээд байвал тэр асуудлууд зүгээр болчих юм шиг, тэгж гүрийж чадахгүй бол бас л миний буруу юм шиг. 

Бусадтай зөрчилдөхөөс айдаг, тэгсэнд орвол өөрийгөө л хойш нь тавичихад болно гэж боддог байж. Өөртөө дэндүү хайр найргүй ханддаг байжээ. Сүүлдээ даанч ачааллаа даахаа болиод хугарч, нугарч унадаг юм байлээ. Бас нэг сөрөг тал нь ачааллаа хувааж өгөөгүйгээс болоод, надаар халамжлуулж, асуудлаа шийдүүлж, амьдралдаа гаргах шийдвэр бүртээ миний зөвлөгөө тусламжийг авдаг, хариуцлага үүргээс зайлсхийсэн, насанд хүрсэн нэг том "хүүхэд"-тэй болсон явдал. Нас бол тоо гэдэг. 40 гарчихсан хэрнээ шийдвэргүй, туйлбаргүй, зорилгогүй, өнөө маргаашаа аргацаасан, үүрэг хариуцлагаас бултсан "хүүхэд". 

Энэ бүхнийг засч, өөрчлөх үйлдэл хийж эхэлснээс хойш, бусдад эвтэйхэн байхаа больсноос болж зөндөө их зөрчил, үл ойлголцол ч үүссэн, гэхдээ эцсийн бүлэгт би өөрийнхөөрөө амьдрах эрхтэй, бусдын өмнө "сайн" байх өргүй, нийгмээс тулгадаг "Сайн эхнэр", "Сайн ээж"-ийн имиж, хэм хэмжүүрийг дагаж биелүүлж барахгүй, бас тэгэх албагүй гэдгээ бага багаар ойлгож ухаарч л бга. Үе үе мартчаад байдаг болохоос.

Дагаад эерэг өөрчлөлтүүд зөндөө гарч эхэлсэн, мэр сэр заримыг нь энд бичсэн байх. Ингээд оношоо мэдчихлээр өөртөө эргэлзэх бүртээ чиг баримжаа болгох, уншиж судлах чиглэлтэй болсондоо баярлаад байна. Бас хүүхдүүдээ өөр шигээ болгохгүй байж чадах байх гэж найдаж бн. 

Энэ зам тийм ч дардан биш, үе үе буцаж хайрцаглагдчих гээд, өнгөрсөн рүүгээ буцчих гээл бдг. Гэхдээ чаднаа.

27.1.23

For M - Thank you note

Залуу байсан үеийн дурсамжтайгаа уулзав. Олоон жилийн дараа...

Амттай кофе авч өгсөнд, бас дардаг "юм" дээр 3 тамга даруулж өгсөнд, цаг заваа гаргаад ирсэн сэтгэлд нь баярлалаа.

Хамгийн гол нь, хожим дурсахад гялалзан гялтганах шигтгээ мэт дурсамжийг хамт бүтээлцсэнд нь, эргээд уулзахад дотно бөгөөд дулаан мэдрэмж төрүүлсэнд нь, миний мартсан "Би"-гийн хэлтэрхийг санаж үлдсэнд нь, холбоо тасралгүй энэ блогийн хамгийн идэвхтэй уншигч байдагт нь баярлалаа. 




Амьдралыг туулаад дуусахад, хэдэн дурсамж бодолд үлдэж сэтгэл бүлээцүүлэх бол? Хэзээ туулж дуусахаа ч мэдэхгүй байж олон юм бодоод байх дэмий л дээ. Ер нь тухтай суугаад бодож дурсаж суух зав гараачүү гүйчүү бүүмэд. 

Хүмүүс хоорондын харилцаанд үй олон эмоц, мэдрэмж үүсдэг. Цаг хугацааны эрхээр, бүх эмоц арилж дуусахад, ТАЛАРХАХ мэдрэмж л үлддэг юм шиг. Талархах зүйл үлдээгээгүй хүн бол дурсамжаас арчигдсан гэсэн үг ккк. 

Маргаашийн төрсөн өдөрт нь урьдчилан мэнд хүргээд, доорх дууг зориулъяаа :)



April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...