19.7.23

Асуудал

 Амьдралынхаа нэгэн том асуудлын тухай ний нуугүй бичью гэж бодлоо. 

Хүүхэд байхдаа анх энэ асуудалтай нүүр тулсан. Асуудал үүсгэгч нь аав. Гэхдээ яг хүүхдүүддээ эрсдэл учруулж, аюул заналхийлэх хэмжээ/хэлбэртэй биш. Ээжид л их хэцүү байсан байх, ээжийн мэдэрч буй стресс, сэтгэлийн дарамт тэр чигээрээ надад мэдрэгддэг байлаа. Сүүлдээ гэхдээ аавын асуудал ч даамжраад, хүндэрсэн. Өөрт нь хамгийн их осолтой болж ирсэн. Би тэр үед гадаадад сурахаар явсан ч гэлээ, аавын эпизодуудыг сонсох бүрт дотор харанхуйлж сэтгэлээр унадаг байлаа, сэтгэлийн гүнд траума болж үлдсэнийх байх. Монголд буцаж ирсний дараа ч асуудал үргэлжилсээр, сүүлдээ жигших болсон. Гэхдээ аливаа юманд төгсгөл ирдэг, сайн муу ямар ч зүйлд. Аавын асуудал нэг л өдөр алга болсон. Мэдээж өөрийнх нь сэтгэлзүй хамгийн их нөлөөлсөн байх. Өмнө нь яаж ч арга чарга хэрэглээд болдоггүй байсан асуудал, гэнэт л өөрөө больсон. Яг л асар том бөмбөг эрчээрээ өнхөрч байснаа инерц нь дуусаад зогсдог шиг. Ид өнхөрч байхдаа замдаа таарсан юуг ч хамаагүй эрчээрээ дайраад л гардаг байсан.

Нөхөрт маань энэ асуудал нүүрлээд хэдэн жил өнгөрчээ. Эхэндээ арай ч үгүй байх, түр зуурын юм, ямар нэг шалтаг шалтгаан бодож олоод үгүйсгэж орхидог байлаа. Гэхдээ бас л ээжтэй адил, асуудал болоод босч ирэх бүрд нь маш  ихээр стресстэнэ, бухимдана, сүүлдээ архагшаад сэтгэл гутрал үүсэх нэг том шалтгаан ч болсон байх. Сүүлийн хэдэн сарын турш сэтгэл гутралаа даван туулж чадлаа, гайгүй болчихлоо гэж бодож бгаа ч, энэ асуудал намайг энгийн тайван амьдруулахгүй нь бололтой. Анзаараад байсан чинь улам хүндэрч, өөрийнх нь бие махбодийн эрүүл мэнд болоод миний сэтгэл санааны эрүүл мэндэд улам ноцтой, муугаар нөлөөлөөд эхэлчиж. Үгүйсгээд л, байхгүй гэж бодоод хууртагдаад, өөрийгөө хуураад явах хэмжээнээс хэтэрсэн. Асуудлыг зузаан даавуугаар халхаж орхиод хэсэг хугацаанд нүдэн балай чихэн дүлий явахад өөрөө аяндаа арилж орхих манан будан мэт бодсон. Гэтэл арилах биш, харин би л асуудлыг ноцтой гэж харах босго маань элэгдэж орхисон бололтой. Тэр босготой цуг миний сэтгэлийн тэвчээр ч, өөрийгөө хүндэтгэх хүндлэл маань ч нимгэрч намссаар байсан нь харамсалтай. 

11 сард ийм ноорог эхлүүлээд орхисон. Тойруулаад байлгүй шууд бичихэд, аав архины хамааралтай олон жил явсан, 60 гараад гайгүй болсон, одоо харин нөхөр. Сайн охины синдромтой хүн чинь нодлинг хүртэл энэ тухай хэнд ч хэлж байгаагүй. Олгой хагаравч тогоон дотроо гээд л чимээгүй амьдардаг байлаа. Блог дээрээ бичих санаа төрсөн нь 22 оны 11 сар. Ээждээ, хадамдаа анх цухуйлгасан нь он гараад. Үйл явц, олон жилийн турш зугуухан донтож ирснийг нь мэдэх хүн надаас өөр байхгүй болохоор бүгд л гайхаад, итгэж ядаад. Хадам аав бас архины хамааралтай хүн байж байгаад эрт нас барсан болохоор хадам ээж ойлгож хүлээж аваад байх шиг байгаа. Миний өөрийн ээж болохоор "эрэгтэй хүн архийг өөрийн хүслээр уудаггүй. Цаанаас нь дээд ухамсар, далд хүч уулгаад байдаг" гэж хэлэхээр нь дахиж ярих хүсэлгүй болсон. Ер нь Монголд эрэгтэй хүн архи их уулаа, архинд орлоо гэхээр ганц авдаг арга хэмжээ нь ном уншуулах, лам бөөдөх байдаг юм байна. Тэгээд ууж байгаа хүнийг их өрөвдөнө, хөөрхийлнө. Хажууд нь байгаа хүн ямар дарамттай, хэцүү байгааг хэн ч боддоггүй юм шиг. Зодоод, агсан согтуу тавиад байхгүй бол асуудал ч гэж үзэхгүй. Бараг л эхнэрийн буруугаас болж архи ууж зовсон хөөрхий эр гэх нь холгүй. 

3 сард бас ингэж бичиж байгаад ноорог чигт нь орхижээ. Энэ удаа олон юм нуршилгүй шууд publish!

3 comments:

  1. Iim asuudalgui ger bul manai ueiinhend tun tsuuhun bsan bhoo :(

    ReplyDelete
  2. М-тэй санал нэг байна. Манайд бас байсан. Ажил бүтээж байна, найз нөхөдтэйгөө уулзаж байна гээд эхэндээ шалтгаантай байж байгаад сүүлдээ ямар ч шалтгаангүйгээр гэртээ ганцаараа уудаг болсон. Өөрөө л больё гэхгүй бол хажуунаас нь хичнээн үглэж дуулаад нэмэргүй. Яваандаа бие нь дийлдэггүй болдог байх, өөрөө л больчихсон. Аав ийм байсан болоод ч тэр үү ууж чаддаггүй хүн л сонгох хэрэгтэй гэдгийг яс махандаа тултал ойлгосон. Ээжийгээ зовж байгааг хараад өөрөө л ийм болохгүй юм шүү гэж хатуу шийдэж билээ. Хичнээн хэцүү байгааг ойлгож байна, эмэгтэй хүн чинь тэгээд ханиасаа хамаараад сэтгэл санаа нь тайван байх үгүй нь шийдэгддэг болохоор. Ингэ тэг гэж олон юм ярихгүй ээ. Өөрийнхөө зөв гэсэн алхамаа хийгээд өөрөө амар амгалан байх аргыг л авч хэрэгжүүлээрэй.

    ReplyDelete
  3. Энэ амьдрал заримдаа дэндүү их шалгуур өгөх юм даа. Хүн бүрт жигд өгч байгаа боловуу гэж асуух нь ч хаашаа юм. Хүчтэй байгаарай, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ л битгий буулгаарай. Архины хувьд тухайн өөрөө л больё гэхгүй бол хэн ч өмнөөс нь тархинд нь ороод больё гэхгүй л дээ

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...