12.1.25

сүүлчийн....

Уг нь оны сүүлийн гэж гарчиглаад, ололт амжилтаа дүгнээд, ирэх жилээ төлөвлөөд, хүн шиг пост бичмээр бсн даанч амжсангүй. Гэснээс саяхан сэтгэлээр айхтар унаваа. Угаасаа үе үе тэгдэг, тэгсэн юунаас боллоо блог дээрээсээ юм хайх гээд оров, хайснаа бол олсонгүй, гэхдээ бүр анх бичиж эхлэх үеийн хөөрхөн бичвэрүүдийг уншаад, би чинь ямар дажгүй хүн бэ, миний дотор ийм сэтгэл булаам, эгдүүтэй, энхрий эмэгтэй оршин суудаг байхнээ гээд бодсон чинь нээх гоё сэргээд иржийдэг шүү. Сэтгэл гутрал гэдэг миний хувьд өөрийгөө голох, хэнд ч хэрэггүй мэт санагдах мэдрэмжинд гүн гүнзгий, олон давтамжтай автахыг хэлдэг юм шиг. Тийм үедээ блогоо уншвал өөрөө өөртөө дахин таалагдах юм шиг байна лээ. Self therapy :) Гэхдээ одооны soulmate тэгж хүн сэргээх увдистай хэвээрээ эсэхийг бүүмэд, заримдаа бүр гуниг гутрал нэмэхээр болсон байж магадгүйм даа.

Өнөөдөр дахиал гунигтай зүйл бичих нь. Бидний амьдрал дах хүн бүр, учрал бүрд сүүлчийн удаа гэж байгаа. Чухам хэзээ вэ гэдгээ хэн ч мэдэхгүй гэж үг уншсан санагдана. Хүргэн дүүтэйгээ тийм ч дотно байгаагүй, гэхдээ улс орон, нийгмийн асуудлаар надтай санаа их нийлдэг, дэвшилтэт сэтгэхүй, сийрэг толгойтой, онгироо хөөрүү ч юм шиг, дандаа инээж явдаг, хүүхдэрхүү цайлган залуу байлаа. 11 сард хүүгийнх нь төрсөн өдрөөр уулзаж, цай хоол болоод, ойр зуурын зүйл ярилцаад салсан сан. Тэрүүхэн богинохон хугацаанд яриаг нь гүйцэд сонсчихгүй, залхаад, утсаа оролдож байсандаа харамсах юм гэж даанч санасангүйэ. Эмнэлгийн осол болсон гэж бид бат итгэж байгаа эмгэнэлтэй явдал тохиож, эрүүл саруул залуу хүн эргэж ирэхгүйгээр явчихлаа.

Нөмөр нөөлөг, хань ижлээ алдсан дүүгээ бодохоор, хорвоод хөтөлж замчлах аавгүй өнчирсөн үрсийг нь харахаар, хүсэл тэмүүлэл дүүрэн амьдарч асан халуун зүрх цэвдэг газрын хөрсөнд үүрд булагдан үлдэхээр, тэсвэрлэшгүй их уй гашуу нөмрөх юм. Хэдий үхэл хагацал гэдэг хорвоогийн жам ч гэлээ, арай ийм гэнэт, ямар ч бэлтгэлгүй ирж болдог гэж үү...Одоог хүртэл энэ бүхэн худлаа мэт, хар дарсан зүүд мэт, итгэж чадамгүй санагдсаар.

Хүн гэдэг өчүүхэн. Бусдын уй гашууг өөр дээрээ тусгаж бодохгүй байж чадахгүй. Нөхрийгөө олон хоногоор тасралтгүй ууж хордоход, ингэж байгаад үхчихвий гэж төсөөлж байснаа санасан. Яаж ч шалдаа буусан, ямар ч цөхрөл, гомдолд живсэн, амьд л байгаасай. Бид цугтаа жаргалтай байж чадаагүй л болохоос, үрсэд минь аав нь хэрэгтэй, тэр хүн сайн сайхан, цог золбоотой, амьдарсан шиг амьдраасай. Чин сэтгэлээсээ. 

Гагцхүү түүний аз жаргал миний хариуцлага байх албагүй, би эхлээд өөрийгөө амар амгалан, сэтгэл дүүрэн амьдруулах үүрэгтэй гэдгээ ойлгосон. Тусдаа байх энэ хугацаа өнгөрсөн алдаа оноогоо эргэцүүлж дуусаад, ирээдүйд хэрхэх тухайгаа бясалгах завсарлага болж байгаа нь талархууштай. 

Ажил явдлын үеэр төрсөн бодлууд:

1. Гэрт нь хүн бүр очиж цайлдаг их хүндрэлтэй юмаа. Их хэмжээний хоол бэлдээд тасалгааны хэмд удаан хадгалах нь эрүүл ахуй талаасаа ч асуудалтай мэт. Солонгос шиг эмнэлэг дээрээ хоол унд, цайллагын үйлчилгээ үзүүлдэг болчуул уг нь их юм хөнгөвчлөхийм даа. Гэхдээ ийм эсэргүү бодлоо өөр газар хэлээгүйэ. Монгол соёлд огт буухгүй ч байж магадгүй. Буяны бусад үйлчилгээ бол харин их боловсронгуй болсон байна лээ. 

2. "Би орондоо сайншд. Олон цаг тасралтгүй унтаж чадна" гээд онигоо байдаг шиг. Би гал тогоондоо их сайжирснаа мэдэрлээ. Уг нь багад бол ажилгүй, анхиагүй, хадамдаа гологдоно гэж загнуулдаг байсын. Айлын эхнэр, хүүхдүүдийн ээж болсон он жилүүдэд байгаа материалаараа түргэн шуурхай амттай хоол хийх эрдэмд өөрийн мэдэлгүй суралцаж дээ.

3. Шашин шүтлэггүй над шиг хүн монголд их цөөхөн юм. Ажил явдлын үеэр гол чиглэл, үйл ажиллагааны жанжин шугамаа ламаас авдаг нь, уй гашууг хөнгөлөх, сэтгэл санаа тайвшруулах эффект нь давуу тал. Зөвхөн 1, 3, 5 өдөр гээд заачихаар эмнэлгүүдийн морг дээр бөөн түгжрээ, бужигнаан. Өдөр бүр гаргадаг болчуул тэр асуудал арай багасмаар. Өвлийн тэсгим хүйтэнд, лам багшийг ном унших хооронд хөлдөж үхэх шахсаан, хурдан дуусаасай гэж бодож нүгэл хураасаан. 

4. Би гэнэт ингээд үхвэл, банкин дах жаахан хадгаламж, цөөхөн хэдэн хувьцаагаа хүүхдүүддээ өвлүүлж үлдээх арга юу билээ гэж бодсон. Бас амь даатгал судалж үзмээр санагдах. 


2 comments:

  1. Увидастай хэвээрээ байгаа шүү 🙂

    ReplyDelete
  2. Байдаг л нэгэнFeb 5, 2025, 8:08:00 AM

    Би ч бас хуучин бичвэрүүдийг чинь унших дуртай бараг л ширээний ном шиг уншдагдаа шинэ онд эрүүл энх байгаарай

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Хүчирхэг, дайчин...

  Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав.  https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/...