20.9.24

Сайн уу гуниг минь, сайн уу намар минь

 Намар гуниг хоёр хэлхэлдээл надруу ирэхэд, блогоо бичихгүйгээр тэсэхийн аргагүй болов.


Зуныг хангалттай мэдэрсэн. Нар, салхи, бороо, навчис, одод, цэцэгс, уул, үүл, гол мөрөн... дараа жилийн зун болтол тэсэх цэнэг хадгалж авсан. Зуны зуун зураг - 2024 гээд альбом болгоод хадгалах санаа байна. 


Амьдрал, өмнө хэзээ ч байгаагүйгээр их ачаалалтай өрнөж байна.

ЕБС-ийн сурагч 3 хүүхэд, том нь төгсөх ангийн сурагч, амьдралаа шийдэх чухал үед нь аль болох тус дэмтэй байх гэж хичээх,  бага нь сургуулийн босго дөнгөж алхсан бяцханаа, тоглоё эрхлэе, яагаад вэ-д нь хариутай байх гэж хичээх, дундах нь овоо биеэ дааж байгаа ч энгийн хүүхдээс арай л өөр, анхаарал илүү шаарддаг хүүхэд, ойлгогдохгүй үлдчихвий, сэтгэлдээ гомдолтой өсчихвий халуун дулаан байх гэж хичээх.

Ажил дээр элдвийн сорил мундахгүй, доор бдг хэд нь муудалцана, барьцаж зарга хийнэ, дээр бдг хэд нь шийдвэргүй туйлбаргүй хариуцлага үүрэхгүй мэдрэлээр наадна. Сонгуульт ажлаар хүлээсэн үүрэг хариуцлага - үе үе арга хэмжээнд очиж алкоголь зарах, ажилчдын тэмцээн уралдаан баяр цэнгээн зугаалга зохион байгуулах, оролцох. 

Санхүү мөнгө дурдахгүй гэхэд сантехник асуудал бас их төвөгтэй юм. Доод айл ус алдлаа гэх, слесарь нь үзээд шалтгааныг нь олохгүй, угаалгын машин галзуураад бүтэн автомат биш хагас угааж маяглах гэх мэт. Шал угаадаг робот авсан боловч энд тэнд очиж тээглээд төдийлөн нэмэргүй. 

Дан үүргээ бодоод өөрийн дуртай балетын дасгалаа, франц хэлээ орхимооргүй. Хэтэрхий ядарсан үед хүссэн юм ч хүзүүгээр боомилох мэт. Гэхдээ л яаж ийгээд хийсний дараа өөртөө баярламаар, сэтгэл сэргээд гоё байдаг. 

Нэг бодлын амьдрал тийм ч муугүй, чадаад болгоод байна гэж өөрөөрөө бахархмаар. Гэхдээ би хаана юун дээр алдаад ингэж ганцаараа зүтгэх болчлоо? Хэнийх нь буруу вэ гэсэн бодол зав гарвал дотроос хэмлээстэй. Теннисний бөмбөг шиг толгой дотроо миний буруу, тэрний буруу гэж шидээстэй. Өөрийгөө буруутгах үедээ давхар шаналаастай. Нөхрийг буруутгах нь сэтгэлд арай хөнгөн, угаасаа хүний тархи өөрийгөө өмөөрөх зохицолдоотой байдаг болохоор тэр байх. Бусад гэр бүл, хосуудтай харьцуулж их бодох юм. 

Эцсийн бүлэгт, хэний буруу байх нь чухал биш гэдгийг мэдэх ч төгсгөлгүй эргэлдэх гинжин хэлхээг тасдаад хаяж чадахгүй юм. Бас ярилцаад учраа олох боломжгүй, тэр хүн эхнээсээ над шиг их боддог тунгаадаг төрлийнх биш. Ямар сайндаа л энэ блогийг бичиж эхэлсэн байх вэ. Буруу хүмүүс учирчээ гэхэд дундаас нь гарсан гурван сайхан үрсээ үгүйсгэж, 20 жилийн амьдралын түүхээ арчаад арилгах аргагүй. Юу ч гэж бодлоо гээд өнгөрсөн бүхнийг буцааж болохгүйгээс хойш, ирээдүйгээ хараад амьдар гэж өөрийгөө сэнхрүүлэх боловч сэнхэрдэг толгой биш бн шүү. Юм бүхэнд цаг хугацаа хэрэгтэй бизээ...

Өнгөрсөн 7 хоногт ажлаар гадагшаа явж тархиа хэсэг амраасан. Дараагийн боломж гартал нэг хэсэгтээ гүрийх эрч авсан байх. 



Энэ номыг уншмаар байна.



1 comment:

  1. Сүүдэр сунах алтан тал дээр
    Шүүдэр буулаа хонгор минь...

    Намар болжээ. Гэхдээ гэнки байгаарай :)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Хүчирхэг, дайчин...

  Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав.  https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/...