Pages

8.6.17

Soulmate = Emomate :D

Өнөөдрийн өндөрлөгөөс өөрийн өнгөрсөн үе, бичлэгүүдээ санахаар би анхны эмо нарын нэг, бүр эморолизмын үндэслэгч нтр юм бишүү дээ гэж бодогдохын. Одооны энэ эмо бацаануудыг төрөөчгүй байхад ориг, real-time, гүн ухаанлаг эмордог байж. Ер нь өөрийгөө зарлан тунхагланаа, Сөүлмэйт нь Эмомэйт байжээ гэж.

Одоо ч гэсэн унтраагүй ээ. Сэрүүндээ зүгээр юм шиг хэрнээ зүүдэндээ байнгын давтамжтай дурлаж эморох юм. Гэв гэнэт нээх аятайхан залуу надад сээтэн хаяал, бүр тас тас цоо цоо ширтээл, би нь орь залуу, сив сингл охин болчихоод сэтгэл хөдлөөд, догдлоод сүйд болохын. Дурлал даанч богинохон настай, зүүдэн дэх дурлал бүр хурдан, нүдээ нээхэд л ор сураггүй алга болно. Гэхдээ тэр өдөржингөө сэтгэл нэээх цатгалан, баяр хөөртэй яваад байдаг нь яалтачгүй үнэн юм даа.

Ингээд дурлалтай өдрийг тэмдэглэж нэгэн эмо дуугаар мэндчилье




Нэг л мэдэхэд, орхиод одох, цэл залуу нас минь
Намар хагдарч хавар дэлбээлэх цэцэг мэт
Онгон сарны туяанд цонхон тушаа эгшиглэх
Орь залуухан дурлалын дуу минь гунигтай яа

Улирах өдөр хоногоос зууралдан үлдээмээр байвч
Ул мөргүй хоосныг атгах гэж оролдох нь уйтай
Явуулахаас биш яалтай, эргэн харалгүйгээр
Яг  ингээл амьдрал зогсолтгүй урсдагаас хойш

Хаяад одсон хайртыгаа би уучилж чаднаа
Харин энэрэлгүй урсах цаг хугацааг яанам бэ?
Эзгүйрч хоцорсон зүрх сэтгэлээ зогоох гэж
Эртний дурсамжаа л дахин дахин онгичих юм...


ФБ дээр "Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдал" гэдэг дотор бичих гэснээ майжгий гуталнаасаа ичээд арилгацымаа.

Өчдөр орой хариал хоол унд хүүхэд шуухад гэж явжаагаал гутлаа далд хийхгээд харсан чинь ийм хоёр өрөөсөн гутал байхын. Гайхаал, багыгаа сахилгүйтээл солиод тавьчиж дээ гэсэн юм бодов. Тэгсэн чинь ажил дээрээсээ өрөөсөн гуталтай хүрээд ирсэн байж таарлаа. Ширээн доороо сольж өмсдөг гуталнуудаа өрөөд тавьчдын. Суужаахдаа тайлчаал хөл нүцгэн, босоод явахдаа углаал гарсан чинь ижил буруу. Хамгийн инээдтэй нь хэн ч анзаараагүй, би өөрөө бүр анзаараагүй. Охиныхоо сургуулиар орж гар хөлийн үсэг зураад багш нартай нь уулзаад гарч ирсэн хүншд.

8.5.17

La La Land - City of Stars










Энэ мэдрэмжийг үгээр тайлбарлахын аргагүй...

цээж дүүрэн давалгаа сэтгэл зүрхийг дайвалзуулах мэт...

хоолойгоор татсан хөвөн зөөлөн үүлс хүсэл мөрөөдлийн ертөнцөд хөвсөлзүүлэн урих мэт...

төгсгөл нь...гашуун шорвог нулимс шиг...ГУНИГ... гэхдээ амьдрал яг ийм байдаг, үлгэр шиг... үүлэн дээгүүр хөвөх мэт дурлал дандаа л ингэж дуусдаг...

Дахиад л МӨРӨӨДӨЛ... биелүүлж чадах болуу?
Төгөлдөр хуур дээр энэ аяыг дарж сурах юм сан...
Уг нь "амархан" юм шиг сонсогдохын... давтаал дараад байх шиг.
Нотоо ч мэдэхгүй байж бас их санаатай шүү тэ.

3.5.17

May... Май...

Өглөө алхдаг болсноос хойш өөрөө өөртэйгээ ярилцаад их дажгүй юм. "Ухаантай хүний үг ч цаанаа өөр байдгийн байна" гэдэг шиг л мэр сэр аятайхан бодол төрж нтр :р

Бодлын үзүүр нэг дэрвэчихээрээ хаашаа ч хамаагүй хийсдэг хойно. Хааяа бага залуу насны гэнэхэн тэнэг үйлдлээ бодохоор шоолж инээмээр болдгийн. Одоо бол тэгж хөл алдахгүй, бүхнийг зөв хийчмээр санагдана. Гэвч амьдралд ав адилхан бодлого дахин ирдэггүйм шиг байна, өмнөхөөсөө илүү хүнд, ярвигтай асуудлууд л босож ирээд хуримтлуулсан туршлага, мэргэн цэцэн ухаанаа туршиж үзэх боломж өгөхгүйн.

Ойрдоо сэтгэл гэдэг байрандаа тогтож суухаа болилоо. Ажлаа ч солимоор, охиныхоо сургуулийг ч шилжүүлмээр, эсвэл бүр аль алиныг нь хуугаар нь солиод гадаад руу явчмаар санагдахын. Нэгэнт хоёрдсон сэтгэл гэдэг дандаа болохгүй бүтэхгүй талыг нь хараад эхэлчихийн. Тэглээ гээд дараагийн ажил, сургуулиа олоогүй хүн хий дэмий бухимдахаас цаашгүй.

Эртээрийн ярилцлагаас хойш сураг байдаггүй шүү. Яг л дурласан охин хайртай залуугаа ярьж, бичихийг хүлээдэг шиг өдөржин шөнөжин тэр тухай бодоостой. Өнөөх нь тоодоггүй байхад учиргүй саймширч сэтгэл алдруулчихаад яг дурлачихаар хүлээлгээд байдаг хэнэггүй залуу шиг л таг болчихым. Эхэндээ нээх орох сон гэж хүсэхгүй, хүлээлтгүй байсан юмаа. Буцаад тэр үе шигээ үл тоомсорлох юмсаан...

Урин цаг ирээд сайхан байгаа ч гэсэн... удахгүй, 3-4хөөн сарын дараа дахиал хүйтэн, харанхуй, утаатай улирал эхэлнэ гэж бодогдоод гуниглаад байхымаа. Өнгөрсөн өвөл халширмаар хахир байсан шүү...Хавар болж байхад өвлийг бодож сууна гэдэг хэтэрхий мэргэн жараахай болсны шинж үү дээ?

P.S. Саяхан нэг өдөр өнөө л өнгөрсөн баларснаа бодоод алхаж явтал өнгөрсөн үеийн нэг дүр гэнэт урдаас гараад ирдийм даа. Гаргасан алдаа тэнэглэлээ бодохоор, будаж янзлаагүй нүүр ам, самнаагүй сэгсгэр үс зүсээ санахаар, тэр бол огт тааралдаж болохгүй хүмүүсийн нэг байлаа лд. Агшин зуур хаашаа харж нуугдахаа мэдэхгүй сандрангуутаа замын хажууталд зогсжийсон машины ёроолд толгойгоо нугдайлгаад явган сууцан. Харчаад араас дуудах вий, юу гэж хэлж хуйхаа маажнаа гэхээс зүрх түг түг. Ашгүй хараагүй юу, харсан ч намайг шоолоод цаашаа явсан уу бүүмэд. Хэдэн хором тэгж суучаад босоод харсан алга л байлээ. 

20.4.17

April

Болзоо
Аль эртнээс үзэхийг хүсээд байсан "Парисын дарь эхийн сүм"-ээ үзлээ. Зүгээр жүжиг гэж бодсон чинь мюзикл байсан. Наранбаатар найруулагч жижиг детайлээ маш их анхаардаг чамбай хүн юм, гэм нь жоохон нурших талдаа. Амьдаар дуулаагүй ч гоё дуу эгшиглээд чих, нүд баяссаан. Баярмаа гэдэг жүжигчнийг өөртөө нээлээ. Аргагүй л тайзан дээр гялалзаж баймаар царайлаг хөөрхөн бүсгүй юм. Болд-Эрдэнэ мэдээж урам хугалаагүй, угийн л мундаг юм чинь. Ховорхон инээдэг, дүнсгэр хүн байхаа. Инээлээ ч гэсэн тэр нь өөрт нь ерөөсөө зохидоггүй. "Хасар" Жагаа харин ёстой гоё хувирсан байна лээ. 


Ном
Ц.Ууганбаяр зохиолчийн "Шөнийн гийчин", А.Пүрэвмаагийн "Цэцгэн титэм", Ги де Мопассаны "Хонгор найз"-ыг угсруулав. "Шөнийн гийчин" дотоод сэтгэл рүү өнгийсөн, оюун бодол амраасан, дурлал дурсамж сэдрээсэн, яг л амттайхан чиклаад шиг өгүүллэгүүд байсан бол "Цэцгэн титэм" харахад үзэсгэлэнтэй сайхан хэрнээ дотоод ертөнцийг нь тольдоод үзэхэд дүүрэн шарх сорвитой тийм нэгэн бүсгүйн тухай, исгэлэн чанга дарс шиг ном байлаа. 

"Хонгор найз"-н Дюруа бол яг эсрэгээрээ. Гадна төрх нь сэтгэл булаам, дэндүү сайхан хэрнээ дотроо дүүрэн хог новш, өмхий самхайгаар дүүрсэн хайрцаг мэт. Хэзээ нэг бүх булай нь илэрч балрах бол доо гэж өмнөөс нь санаа зовоостой. Харин мань эр улам илүү дэвшсээр, баяжсаар, тэнгэрт тулам шунал тачаал нь оргилсоор ном дуусдаг.  Хүний сэтгэлзүйг шууд ийм тийм гэж тодорхойлохгүйгээр хийж буй үйлдэл, хэлж буй үгээр нь дамжуулан дүрсэлсэн нь маш их таалагдсан. Уншигч өөрөө ухан ойлгож, дүгнэлтээ хийх боломжийг өгдөг юм шиг.

108
Ямар нэг дасгал хөдөлгөөн хийхгүй бол бүр яг амьдаараа хөшөө болчих гээд байсан тул өглөөдөө 108 мөргөж эхлэв. (Гэхдээ сүүлийн 2 өдөр ханиаднаас болоод өнжчихлөө) Мөргөл гэдэг талаас нь 30%, дасгал гэдэг талаас нь 70%.  Одоохондоо ил тод үр дүн гараагүй ч тууштай хийгээд явахад огт хийгээгүйгээс дээр байх л гэж найдна.


Ярилцлага
Мөрөөдлийн ажилдаа орох ярилцлага өгөв. Видеогоор. Бэлдэж байсан асуултаас бараг ирсэнгүй, бүгдийг нь цээжний пангаар, тухайн үед орж ирсэн санаагаараа хариулав. Тийм ч болохоор зөв бүтэцтэй өгүүлбэр нэг ч хэлж чадаагүй байхаа. Ямар ч байсан аль болох мэргэжлийн хэллэг, мундаг үгнүүд  ашиглахыг хичээв. Хамгийн сүүлд нь инээж байгаад та нарын хайгаад байгаа хүн би яг мөн шүү гэсэн. Ер нь бол өөрийнхөө хэмжээг яг л илэрхийлсэн илүү ч гүй дутуу ч гүй. Юун дээр дутуу байгаагаа ч сайн мэдэж авлаа. Сонгогдохгүй байсан ч ингэж өөрийгөө сорьсондоо баяртай байна. Дараа нь илүү гоё боломж гартал сайн бэлднээ. (аая нээх өөдрөг амьтан, бүтсэнгүй чадсангүй гээл дараа нь баахан урвайх биз)

Гэснээс хүний нөөцийн эмэгтэйг бас April гэдэг юм байлээ. Саяхан April гэдэг анааш удтал дуншиж дуншиж төрсөн шд мэдсэн үү. 


28.3.17

...

Үзгэндээ зориулж бэх авсан чинь манай охин харчаад, "хөөх чернилэн ягаан өнгөтэйн байна" гэсэн ккк.

Шүүгээний буланд хэвтээд удсан бугуйн цагандаа зай хийлгэв. Чаг чаг гэх цагийн зүүтэй цуг зогсоод удсан "БИ" хэмээх оршихуйн зүрх амилан цохилох шиг таатай.

Амьдралд эзлэгдэхгүйн тулд
төөрөхгүйн тулд
гэрлээ хумихгүйн тулд

Аяа бас амьдралд цочирдохгүйн тулд
живэхгүйн тулд
сэтгэлээсээ салчихгүйн тулд

Үргэлж зүрхнээсээ инээхийн тулд
үнэнд ойр явахын тулд
үхтлээ "амьд" байхын тулд

Өстөндөө хүртэл үүдээ цэлийтэл нээж
өвдөлт бүрийг тэсч гарахын тулд
Би шүлэг бичдэг

Надад заримдаа
үзэн ядалт хэрэг болоход
Надаас заримдаа
хүлцэл уучлал хулжин одоход

Гэрэлт үгс, цэвэр санаа
нялх мөр бадаг тайтгарал болж
Гэнэтийн багш мэт зүг чиг болдог

Амьдаараа арьсаа өвчүүлэх чоно мэт
шархирч байхдаа ч
Амьдралыг хайрлах итгэлээ алдахгүйн тулд
Би шүлэг бичдэг

БИ ШҮЛЭГ БИЧДЭГ
Би шүлэг бичдэг учраас л
Би ариун
Би амьд
Би цэвэр
Л.Ө. 2013

"...үхтлээ АМЬД байхын тулд" би блог бичдийн гээд Л.Ө.-с будаа идсүгэй :)


20.3.17

"Шөнийн гийчин" - Perfect



Өмнөтгөл үгэнд нь дурлаж, өөртэйгээ уулзаж, түр амсхийх гэж уншсан. Үнэхээр л сайхан амралт болж чадлаа. Дурлал, дурсамж, зүрх дүүргэх дулаан илч, өөрийгөө чагнахуй, мэдрэхүйгээр амьсгалсан ном. Хальт триллер элемент агуулсан нь Эдгар Алан Пог санагдуулам.

Би хэн бэ? Бодит амьдрал, зүүдний ертөнц... Үхэл ба амьдрал... "Өдөр өдрийн амьдрал хүний анхаарлыг хэдэн тийш булаалдан чангаасаар" тэр бүр бодож амждаггүй олон сэдвийн тухай, өгүүллэг нэг бүрийг уншсаны дараа сэтгэлд үлдэх бүгээхэн мэдрэмжийг даган бодолхийлэх сайхан байлаа. 

"Галзуугийн байшин" - амар амгалан, дулаан тааламжтай мэдрэмжийг энэ өгүүллэгээр дамжуулан нэхэн санагалзсан. Бага байхад өвөө эмээгийнхээ гэрт очиход хүйсний нүхнээс эхлэн бүхий л биеийг минь бүрхэн бүүвэйлдэг асан тэр сайхан мэдрэмж... Гүйгээд очиход дэндүү оройтсон ч гэлээ бодол санаагаараа, дурсамжаар дамжуулан ахин мэдэрч болмоор юм шиг...

"Хуучны ямбий" - Залуу насны дүрэлзсэн халуун дурлал шатаж дууссаны дараа хосууд чухам юунд татагдаж, юуны төлөө хамт амьдардаг юм бол гэж гайхдаг үе байсаан. Цугтаа элээсэн он жилүүд, тэдгээрээс үлдэх дурсамжууд... Өгүүллэгт гарах эмээ өвөө хоёр шиг зөвхөн хоёулхнаа мэддэг, хайр дурсамж агуулсан ямарваа нэгэн ritual-тай болох их зүгээр санагдлаа. Ялихгүй жижигхэн хэрнээ хоёр биендээ бол зүйрлэшгүй их үнэ цэнэтэй тийм нэг зан үйл... дадал зуршил... Амьдралын он жилүүдийг дурсамжаар баяжуулж, баялаг болгох шигтгээ мэт...

"Гээсэн юм" - "Аварга том номын сан дахь хэн ч очихоо байсан булангийн тоосонд дарагдсан нэгэн гайхалтай номын хуудас сөхөгдөх шиг л" "Тэд..., Бид... бүгдээрээ хааяахан өнгөрсөн амьдралынхаа гайхалтай сайхан мөчүүдээр эргэн нэг зочилж өглөө, оройтой учирсаар л байна. Ингээд л боллоо. Магадгүй энэ л хангалттай байх." Энэ өгүүллэг хамгийн их таалагдсан. 

"Мартуулагч", "Шөнийн гийчин" - Дурсамж, зүүдийг захирах гайхамшигтай чадвартай хүмүүс. Нээрээ л бидний дунд хэн нэгэнд нь ийм чадвар заяасан байдаг ч юм билүү... Сонирхолтой.

PS. Yesterday Once More дууны нэрийг буруу бичсэн байна лээ. Ерөнхийдөө алдаа их багатай, уншихад тороод байгаагүй. Зохиогч нь ямар хүн байдаг бол, хэдий насных бол гэх мэтээр төсөөлөн бодож байлаа. Ямар ч байсан 30 хүрсэн, гэхдээ нээг их хэтрээгүй байх. Өгүүллэгүүд нь сэтгэлд хүрэхүйц амьд, үнэн сэтгэлийнх, засаж янзлаагүй natural хэвээрээ гэх юм уу даа. Зүйрлэлүүд нь шинэлэг бөгөөд оновчтой. 






Ed Sheeran гээд улаан үстэй хүүхдэд дуртай болчлоо. Хоолойны цар хүрээ өргөн юм шиг бгаан, дуунуудыг нь сонсохлээр өөр өөр хүн дуулаад байгаам шиг. Аялгуу, lyric бүгд гайхалтай... Өөрөө бүгдийг нь зохиодог гэсэн байхаа, нуль авьяас!

2.3.17

Цагаан сар ба "хар ядаргаа"

Бүгдээрээ сайхан шинэлцгээв үү?

Цагаан сарын хамгийн сайхан нь хаврын урь орж дулаарах юм даа. Наран талын цонхоо ЦЭЛИЙТЭЛ нь нээгээд арчиж байхад огт даарахгүй сайхан.

Хэсэх айл нь цөөрөөд, гэрт ирэх зочид олширсныг анзаарлаа. Нөгөө л НАС гэдэг гайхлын шидэт дохиур үүргээ гүйцэтгээд яваагийн шинж байх даа.

Их ядарлаа, уг нь тэгтлээ унаж тустлаа их тогоо шанагатай зууралдаагүй юмсан. 3 хоногийн турш олон хүн, их дуу чимээтэй газар бужигнаж, ЯРЬЖ, ийш тийш хэссэн нь интроверт хүний ядрах шалтгаан болсон байх лд. Ажил дээрээ иртэл цагаан сарын spirit нь арилаагүй хүмүүс золгох гэж гүйлдээд, би нуугдаад өрөөнөөсөө цухуйхгүй суужийна.

Манай охин бас интроверт талдаа, гэхдээ надтай байхдаа ам хуурайгүй чалчаа. Өөрчилж чадвал нээлттэй тал руугаа төлөвшиж магадгүй. Хүү маань харин овоо яриасаг хүн гарах шинжтэй. Дөнгөж хэлд орж байгаа хэрнээ хаа хамаагүй тааралдсан хүн бүртэй хууч хөөрөөд явахын. Ээж шигээ ичимхий, бүрэг болохгүй нь гээд баярлаад байгаашд. Одоохондоо арай л жоохон байна. Харж л байя.

9.2.17

Төрсөн өдөржав

Нэг ангийн хүүхдийг ангижав гэдэг шиг. Нэг өдөр төрсөн хүмүүсийг төрсөн өдөржав гэхийн болуу. Англиар бол birthday twin гэдэг гэжийнэ.

Миний хувьд 2 сарын 9 гэхээр цаанаа л онцгой гоё өдөр санагддиймаа. Тоонууд нь ер бусын санагдаад байдышд яг үнэнгээсээ. Ухаан орсон цагаасаа хойш л өөртэйгээ адилхан өдөр төрсөн хүн хайж эхэлсэн байхаа ккк. Барагтай бол олдохгүйэ.

Чат, интернетийн ачаар надаас яг 10 ах birthday twin-ээ олж байлаа. Би 18-тай байсан гэхээр тэр "ах" 28-хантай залуухан байж. Одоо тэгсэн би тэр ахаасаа 10 насаар эгчмэд болцон явжаахын. Цаг хугацааны хурдан, амьдралын мөчлөг 10 жилийн давтамжтайг гайхаал... Төрсөн өдөржав ах надад "Алиса гайхамшгийн оронд" гээд ном бэлэглэж байж билээ.

Энэ гоё жүжигчин надтай яг чацуу, төрсөн өдөржав

Гүүгл төрсөн өдрийн мэнд хүргэсэн
Хайгаад олдохгүй болохоор нь би өөрөө өөртөө төрсөн өдөржав гаргаад авсан лд. 2 жилийн өмнө энэ өдөр, жижкэн үрээ төрүүлсээн. Одоо нэг шулганаа залуу лаа үлээнээ, хээпий бөөдээ гээд дуу аялнаа завгүй л яваа.

Ер бусын өдөр маань ингэж жинхнээсээ гайхамшигтай утга учиртай болсым даа.


1.2.17

Дилемма

Ойрын үед нэгэн бодол тархинд шигдээд салахаа байлаа. Inception дээр гардаг шиг л, оюун ухаанд суусан энэ санаа намайг орхихгүй нь бололтой...


 40 нас хаяанд ирчихжээ :(  Улам завгүй, улам хурдан давшсаар энэ "аймаар хөгшин" насны босгон дээр тулаад ирцэн байна. Өмнө нь амжиж амьдралаа өөрчлөх хэрэгтэй юм шиг санагдах боллоо. Шинэ орчин, шинэ зорилго, өөрийгөө дахин нэг сорих, өндөр өөд дахин нэг тэмүүлэх хүсэл төрнө. Одоо л амжихгүй бол 40 хүрэнгүүт боломж бололцоо улам нарийсч, эрч хүч улам багасаж, хөдлөх аргагүй болох байх гэхээс адгах...

Нөгөө талаар, арай гэж тогтон суурьшиж байгаа амьдралаа дахиал сэгсрэх, чичиргэн доргиохоос халширч айж байна. Тогтвор суурьшилтай нам жим амьдрахыг мөрөөдсөөр түүндээ одоо л нэг хүрч байдаг. Дахиад бүхнийг эхнээс нь эхлэх бас л яггүй санагдаад байдаг.

Хамгийн гол нь, одоо нэг хөдөлвөл, дахин наашаа цаашаа нүүдэл суудал гэхээргүй болно. 50 хүрчээд шинэ амьдрал бодоод яриад явахгүй л байлгүй. Өнөөгийн улс орны нөхцөл байдлыг харахаар, үр хүүхдээ бодохоор... арай илүү орчин нийгэмд амьдруулмаар ч юм шиг.

Хамгийн хачин нь, явах тухай бодол намайг цэнэглэж, сэргээш болох юм. Үргэлж ядраал, түүртээл, юун блог яршиг төвөг байснаа сүүлийн үед элдвийн юм судалж, эргэцүүлж, ирээдүйг төсөөлж, төлөвлөж, блогоо бас бичмээр чин хүсэл тэр дороос оргилох боллоо.

Яамаар ч юм дээ...дахиал хэсэг зуур бодохоос. Гэхдээ бодох хугацаа ч бас тийм ихгүй, хурдхан л шийдмээр...