29.1.24

2 кино

 Сардаа ядаж ганц бичвэр оруулж бгаарай гээд нэхээд байдаг хүн байдын. Он гарсаар үзсэн хоёр киноны тухай бодлоор 1-р сарыг тоймлоё доо.


Баавгай болох сон

УБ кино наадмын үеэр ганц билет алалцаж байж олж авчаад, хэдэн хүүхдээ яасхийж нэг зохицуулаад очиж үздийн билээ гээд санааширч суутал, ФБ дээр миний дагадаг мундаг охин билет хайж байна гээд оруулдын. Надаас дор хаяж 20 дүү, тэгсэн мөртлөө бичиж, орчуулж, сэтгэж байгаа нь гүйцэгдэшгүй, би хувьдаа гоц ухаантай болуу гэж шүтдэг хүүхэд байдын. (Төгс тоо гэдэг ном орчуулсныг нь уншсан бол мэдэж магадгүй) Тэгээд өөрийнхөө тасалбарыг түүнд өгчихсөн. Энэ бяцхан тохироонд бас их баярласан. 

Ашгүй кино маань театрт гарч эхлэх сураг гарч, найруулагчийнх нь ярилцлагыг үзлээ. Киногоор өгөх гэсэн мэссэж - Ядуурлаас ангижрах төгс гаргалгаа нь боловсрол. Өөрөө хүүхэд байхдаа энийг ойлгоод ээжийгээ гуйж байгаад сайн хувийн сургуульд төлбөр төлж сурсан, их сургуульд сурах мөнгөөрөө. Би өөрөө тэтгэлэг авчихнаа гэж ээждээ амласан, тэрүүндээ ч хүрсэн. Киноны төсөв хэтрэх үед байраа зараад нэмэрлэсэн, гэхдээ энүүгээрээ маркетинг хийхгээгүй, хамаг бүхнээ зориулах хэмжээний итгэл үнэмшилтэй байснаа л хэлэх гэсэн гэнэ. Би ч гэсэн боловсролд хамгаас итгэдэг, бас өөрийн хийж буй ажил, зорьсон зорилгодоо бүхнээ зориулах итгэл үнэмшилтэй хүмүүс үнэхээр шүтмээр санагддаг. Ингээд дүүрэн хүлээлттэй киногоо үзлээ. 

Гүйцэтгэл 99%, харилцан ярианаас авахуулаад зураг авалт, камерын өнцөг, жижиг деталь, том зураглал, жүжигчидийн сонголт, жүжиглэлт, дуу хөгжим, найруулга... Үнэндээ л мэдээд сураад боловсроод ирсэн хүний хийсэн бүтээл хэлэх үггүй, алга ташмаар мундаг санагдсан. Өнөөдрийн бодит амьдрал, энгийн, хүчилсэн зүйлгүй, тэгсэн мөртлөө ерөнхий агуулгаас эхлээд нарийн чимхлүүр шигтгээ нь хүртэл анзааралгүй орхисон ганц сул мөч хоромгүй, бодол ухаанаа шингээсэн нь илт. Ийм сайн монгол киног үзэх өдөр ирдэг юм байжээ гээд бүр нүдэндээ итгэмээргүй байлаа.

Гол дүрээс авахуулаад жижиг туслах гэлтгүй бүх дүрээ сайтар хөгжүүлж, "амьдруулж" чадсан санагдсан. Хамгийн өрөвдөлтэй, арчаагүй, хөөрхийлөлтэй нь ээжийн дүр. Өлзий хүүгийн өмнөөс уур хүрч багтарч байснаа, хүнээс хараат, бие даах чадваргүй хүн /заавал эмэгтэй ч гэлтгүй/ ягтаа тулах үед нээрээ л хэцүүдэх нээ гэж арьсанд хүртэл мэдрэгдэх шиг. Хэдий би шашин шүтлэг, мухар сүсгээ орхисон ч гэсэн, амьдралд ам гарч болохгүй, хүний амьдрал хаашаа яаж ч эргэж болно гэдэг айдас түгшүүр улам гүнзгий суусан юм шиг. Өөрөө бие сэтгэл эрүүл байж, үр хүүхдээ, цаашлаад чадлынхаа хэрээр тусалж болох хүүхдүүдийг биеэ дааж амьдрах чадвар, боловсрол, мэдлэгтэй болгохын төлөө л хичээх юмсан гэж бодсон. 

Past Lives /Өмнөх насны амьдрал

Энэ жилийн кино наадмуудаар дэвшиж байгаа, солонгос гаралтай эмэгтэйн бүтээл. 12 настайд нь амьдралын зам нь хоёр тийш салж одсон анхны хайртууд. 24 настайдаа эргэж онлайнаар холбогдох боловч, дэлхийн бөмбөрцгийн хоёр бөөрөнд байх хол зай, төвхнөж амжаагүй нөхцөл бололцоо нь дахин тэднийг салгаж, 36 насандаа нэг нь хэдийн гэрлэсний дараа ахин уулзах боломж тохионо. 

Гоц гойд үйл явдалгүй, намуухан урсах кино. Холливуд, Солонгос киноны аль алинаас нь тэс өөр, эв хавгүй юм шиг хэрнээ яг л бидний амьдралд тааралддаг бодит хүмүүс шиг дүрүүдэд шууд л автаж орхисон. Ялангуяа эмэгтэйн царай, өмнө нь огт харж байгаагүй, жүжигчин гэхэд арай л эгэл, тэгсэн хэрнээ үзэсгэлэнтэй, сэтгэл татам байсан. Бас зураглал нь бүр шүлэг яруу найраг мэтээ. Намуухан, аядуухан, өвөрмөц содон, нүд салгахын аргагүй...

인연 - 因緣 - InYeon гэж кинон дээр гардаг. Хүмүүс хоорондоо зөрөөд өнгөрөх хүртэл цэвэр тохиолдол биш, өмнөх насны "үйлийн үр" гэсэн утгаар. Гэхдээ үйлийн үр гэдгийн сөрөг, зовлонтой утга нь биш, өмнөх насанд учирч байсан, тэр байтугай 800 мянган удаа давхарласан тавилангаар хоёр хүн хоорондоо гэрлэдэг. Харин гол дүрийн хоёр зүгээр учраад л, хоёр биедээ тэсвэрлэшгүй их татагдаад л, гэхдээ цуг үлдэж чадаагүй нь өмнөх насны InYeon дутсаных гэж бие биедээ тайлбарлаад, хойд насандаа уулзъя гэсэн утгатай үг хэлээд салцгаадаг. 


Яг ингээд хэлэхээр байдаг л нэг улиг домог болсон кино мэт, гэхдээ тийм бишээ. Үнэндээ би угаасаа хойд урд нас, төөрөг тавиланд итгэдэггүй. Бас хоёр хүн хоорондоо зориулж заяагдсан, заяаны хань гэх мэт ойлголт ч учир дутагдалтай. Гэвч, киноны туршид энэ хоёр хүний хоорондох таталцал, хэрвээ физикийн хуулиар тооцож, энергийг нь хэмжиж болдог бол уулыг дээш нь өргөж усыг өөд нь урсгах их хүчтэй байсан. Биеийн хэлэмж, харц, chemistry...Гэхдээ тэр хоёрт хамт байх боломж гараагүй, магадгүй тийм боломжийг гаргахад орчин нөхцөл, тохироо timing, бас зориг дутсан байх. Ядаж нэг нь бүхнээ хаях зориг, тэнэгдүү гэмээр зориг гаргасан бол яаж эргэх байсныг таашгүй. Хэн хэн нь үүнийг ойлгож байсан, зүгээр л InYeon хүрсэнгүйдээ гэж өөрсдийгөө хуурах нь заримдаа илүү дээр санагддаг бизээ. 


Насанд хүрсэн хүмүүсийн ойлголцол бас их гоё юм. Эхнэр нь анхны хайртайгаа уулзаад, үхтлээ татагдаад, дэргэд нь ойлгогдохгүй хэлээр яриад байхад дуугай сууж сонсоод, таксинд суулгачаад уйлаад ирэхэд нь чимээгүйхэн тэврээд аргадаад оруулах нөхөр. Магадгүй ийм далай шиг нөхөртэй учраас догдлуулж ирсэн давалгааг дагалгүй дэргэд нь үлддэг байх...

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...