Showing posts with label ороо бусгаа. Show all posts
Showing posts with label ороо бусгаа. Show all posts

22.12.24

Өөрчлөлт бол амьдралын утга учир ём?

 "Өсөж дэвших бол байнгын, амьдралын туршид явагдах зорилго" гэсэн үг уншаад, амьдралын мөн чанарыг гэнэт ойлгочих юм ккк. Ямар өгөгдөл, орчин нөхцөлд төрсөн ч бай, аль чиглэл рүү хандсан ч бай, өөрийгөө (ур чадвар, эд хөрөнгө, гоо үзэсгэлэн, алдар цуу - you name it) болоод эргэн тойрноо сайжруулах гэж оролдох нь хүн болсны зорилго, цаашлаад амжилтын хэмжүүр, аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг мэдрэх түлхүүр болдог юм байна гээд базаад дүгнэчүүл арай л энгийн болчих уу?

Энэ тухай яг онгод орох үедээ бичиж амжаагүйгээс болоод ингээд таг зогсчихлоо. Онгод орох яг тэр торгон мөчид компьютер гарын доор, чихэвч чихэнд, дэлхий ертөнцийн цаг зогсоод зөвхөн би блогоо бичдэг тийм төгс ертөнц байдаг бол надаас мөн их уран яруу бичвэрүүд ундарна даа хаха.

Өнгөрсөн долоо хоногт зөндөө юм боллоо. Вийкэндээр гэртээ томоотой амарсан хэрнээ гэнэт хоолой цээжээр өвдөж эхлээд, 2дохоос эхлээд ажилдаа явж чадсангүй. Гэлээ гээд хүүхэд хүргэлт зогсох биш, өглөө оройд гараад явах бүрт хүйтэн агаар хүзүүг минь багалзуурдах мэт өвдөлттэй. Аль дээр үед биед орсон вирус 14 хоноод дархлаа унахыг далимдуулаад идэвхжинэ гэж байх уу? Минийхээр бол яг тийм үйл явдал болсон. Яагаад гэвэл гэрт надаас бусад нь бөөндөө өвдөөд эдгэцгээчихсний дараа юм.

Ажлын хөөрхөн бүсгүй байдаг, нүд нь гялалзаад хацар нь хонхойгоод инээдэг, гэтэл хөөрхий тэр минь 8 настай охиноо алдчихсан мэдээ дуулав. Одоо болтол итгэж чадамгүй. Агаарын бохирдол, эрүүл мэндийн тогтолцооны уналт, яг бодитоороо бүр иймдээ тулчихсан гэдэг гашуун үнэнтэй нүүр тулаад. Уг нь би утаанаас болж стрессдээд дууссан хүн, 10+ жил бухимдаад, эцсийн бүлэгт миний сэтгэцийн эрүүл мэнд л нэмэлтээр хохирох юм гэдгийг ухаарсан хүн. Тэгтэл гэдсэнд байхаас нь авахуулаад өсч торнихыг нь харж мэддэг бяцхан охин гэнэт үгүй болчихсон гэхээр, тэр их гай гамшиг яс маханд тултал мэдрэгдээд, бухимдал биш гашуудал, эмгэнэл болж хувирсан. Ээж нь яаж амьдын тамд унасныг, нүд нь урьдынх шигээ гялалзахгүйг, инээмсэглэл нь нүүрнээс нь арчигдсаныг бодохоор л өр өвдөх юм.

Юутай ч амьдралд үргэлжилсээр. Ус, бохирын хоолой, угаалгын машин гээд хэсэг манараад ард нь гарав. Ёолкоо үүрч оруулж ирээд, хоёр багатайгаа хамтраад зассан чинь унтраалга, разетка нь масслаад шаржигнаж дуугараад эхлэв. Засдаг хүн рүү ярьсан чинь шинийг аваад сольчих гэхээр нь, хэлснээр нь оролдоод үзтэл амархан юм байна гээч. Омогшоод, юу л бол юу хийчиж чадах юм шиг бяр чадал амтагдаад хаха. Одоо орны хөндлөн төмөр янзлуулах хүн олох хэрэгтэй байна. Эсвэл яршиг зүгээр матрасаа газар тавиад унтдаг ч юм билүү. Асуудалтай тулаад, шийдээд даваад гарсны дараах кайф, хүчирхэгжсэн мэдрэмж, өсөлт дэвшилт! Асуудлаа шийдэх бүртээ би өөрийгөө шинээр бүтээсээр...

19.7.23

Асуудал

 Амьдралынхаа нэгэн том асуудлын тухай ний нуугүй бичью гэж бодлоо. 

Хүүхэд байхдаа анх энэ асуудалтай нүүр тулсан. Асуудал үүсгэгч нь аав. Гэхдээ яг хүүхдүүддээ эрсдэл учруулж, аюул заналхийлэх хэмжээ/хэлбэртэй биш. Ээжид л их хэцүү байсан байх, ээжийн мэдэрч буй стресс, сэтгэлийн дарамт тэр чигээрээ надад мэдрэгддэг байлаа. Сүүлдээ гэхдээ аавын асуудал ч даамжраад, хүндэрсэн. Өөрт нь хамгийн их осолтой болж ирсэн. Би тэр үед гадаадад сурахаар явсан ч гэлээ, аавын эпизодуудыг сонсох бүрт дотор харанхуйлж сэтгэлээр унадаг байлаа, сэтгэлийн гүнд траума болж үлдсэнийх байх. Монголд буцаж ирсний дараа ч асуудал үргэлжилсээр, сүүлдээ жигших болсон. Гэхдээ аливаа юманд төгсгөл ирдэг, сайн муу ямар ч зүйлд. Аавын асуудал нэг л өдөр алга болсон. Мэдээж өөрийнх нь сэтгэлзүй хамгийн их нөлөөлсөн байх. Өмнө нь яаж ч арга чарга хэрэглээд болдоггүй байсан асуудал, гэнэт л өөрөө больсон. Яг л асар том бөмбөг эрчээрээ өнхөрч байснаа инерц нь дуусаад зогсдог шиг. Ид өнхөрч байхдаа замдаа таарсан юуг ч хамаагүй эрчээрээ дайраад л гардаг байсан.

Нөхөрт маань энэ асуудал нүүрлээд хэдэн жил өнгөрчээ. Эхэндээ арай ч үгүй байх, түр зуурын юм, ямар нэг шалтаг шалтгаан бодож олоод үгүйсгэж орхидог байлаа. Гэхдээ бас л ээжтэй адил, асуудал болоод босч ирэх бүрд нь маш  ихээр стресстэнэ, бухимдана, сүүлдээ архагшаад сэтгэл гутрал үүсэх нэг том шалтгаан ч болсон байх. Сүүлийн хэдэн сарын турш сэтгэл гутралаа даван туулж чадлаа, гайгүй болчихлоо гэж бодож бгаа ч, энэ асуудал намайг энгийн тайван амьдруулахгүй нь бололтой. Анзаараад байсан чинь улам хүндэрч, өөрийнх нь бие махбодийн эрүүл мэнд болоод миний сэтгэл санааны эрүүл мэндэд улам ноцтой, муугаар нөлөөлөөд эхэлчиж. Үгүйсгээд л, байхгүй гэж бодоод хууртагдаад, өөрийгөө хуураад явах хэмжээнээс хэтэрсэн. Асуудлыг зузаан даавуугаар халхаж орхиод хэсэг хугацаанд нүдэн балай чихэн дүлий явахад өөрөө аяндаа арилж орхих манан будан мэт бодсон. Гэтэл арилах биш, харин би л асуудлыг ноцтой гэж харах босго маань элэгдэж орхисон бололтой. Тэр босготой цуг миний сэтгэлийн тэвчээр ч, өөрийгөө хүндэтгэх хүндлэл маань ч нимгэрч намссаар байсан нь харамсалтай. 

11 сард ийм ноорог эхлүүлээд орхисон. Тойруулаад байлгүй шууд бичихэд, аав архины хамааралтай олон жил явсан, 60 гараад гайгүй болсон, одоо харин нөхөр. Сайн охины синдромтой хүн чинь нодлинг хүртэл энэ тухай хэнд ч хэлж байгаагүй. Олгой хагаравч тогоон дотроо гээд л чимээгүй амьдардаг байлаа. Блог дээрээ бичих санаа төрсөн нь 22 оны 11 сар. Ээждээ, хадамдаа анх цухуйлгасан нь он гараад. Үйл явц, олон жилийн турш зугуухан донтож ирснийг нь мэдэх хүн надаас өөр байхгүй болохоор бүгд л гайхаад, итгэж ядаад. Хадам аав бас архины хамааралтай хүн байж байгаад эрт нас барсан болохоор хадам ээж ойлгож хүлээж аваад байх шиг байгаа. Миний өөрийн ээж болохоор "эрэгтэй хүн архийг өөрийн хүслээр уудаггүй. Цаанаас нь дээд ухамсар, далд хүч уулгаад байдаг" гэж хэлэхээр нь дахиж ярих хүсэлгүй болсон. Ер нь Монголд эрэгтэй хүн архи их уулаа, архинд орлоо гэхээр ганц авдаг арга хэмжээ нь ном уншуулах, лам бөөдөх байдаг юм байна. Тэгээд ууж байгаа хүнийг их өрөвдөнө, хөөрхийлнө. Хажууд нь байгаа хүн ямар дарамттай, хэцүү байгааг хэн ч боддоггүй юм шиг. Зодоод, агсан согтуу тавиад байхгүй бол асуудал ч гэж үзэхгүй. Бараг л эхнэрийн буруугаас болж архи ууж зовсон хөөрхий эр гэх нь холгүй. 

3 сард бас ингэж бичиж байгаад ноорог чигт нь орхижээ. Энэ удаа олон юм нуршилгүй шууд publish!

12.3.14

Зураггүй тойм


3 сар гарсаар ажилдаа алхаж байгаан. Уг нь 2 сараас эхлий гэж бодсон боловч хүйтний өмнө бууж өгсөөн. 3 сарын хүйтэн ч яггүй байна, өдөр уртсаад, өглөөний нар нүд гялбууланхан, сэтгэл сэргээнхэн мандахад нь хөөрцөглөж хууртагдаад, ингээл дулаарчихлаа гэсэн гэнэн итгэлээр хөнгөн нимгэн гарч алхаад, ажилдаа хүрэхийн алдад өвдөгний шингэн, тархины судас гэх мэт дааруулж болдгүй эд эсээ жиндүүлчихсэн, хацар гуяа чимчигнүүлчихсэн байх юм. Маргааш л... маргааш л яг дулаарах байх гэсэн хүлээлт...

5.12.13

Төвлөрч, бодож боловсруулж бичих гэж оролдоод бүтэхгүй болохоор нь зүгээр хамаагүй бичсэн бичлэг

Өглөө бүрийг, нойроо харамлан уцаарлах 6 настай охинтойгоо олон үзэгдэлт драмын инээдмийн жүжиг тоглосоор угтах. Би л жоохон хүлээцтэй хандчуул уг нь бид хоёр муудалцахгүй байж болохын. Ээжийнх нь тэвчээрийн хүүдий даанч багтаамж муутаймаа. Түүний насан дээрх өөрийгөө заримдаа санадгийн. Нүдээ аниастай трикогоо углаад, харанхуй жорлонд суултуур дээр хором ч болтугай дугхийчих санаатай, аавынхаа гараас хөтлөөд том том алхааг нь гүйцэж ядан агаарт дүүжигнэж, цэцэрлэгийн үүдэнд ээжийгээ явуулмааргүй санагдаад үдээсээ байн байн тайлж үддэг охин байлаа. Амьдрал ч хоромхон зуурт юм дөө.

10.6.13

хүрч чадахгүй

Энэ дуу их алдаршиж байх шигээ. Ойрд сонсогдоогүй аятайхан л дуу байна.



Ирээд нэг жил болчихлоо. Дахиад л баахан алхдаг, хөл холгодог, тэнэсээр байгаад турдаг нь давтагдах шинжтэй :р

Амьдрал гэж заримдаа циркийн тайз шиг, нэг буруу алхам хийхийг минь андахгүй хүчит ташуураа буулгах амьтан сургагч шиг санагдах. Гаргасан алдааныхаа үр дагаварыг би үүрэх л болно. Гэхдээ эрсдэл бүхэн сайн ашиглаж чадвал илүү дээр боломжийг нээж өгдөг хэмээн итгэх. Бүдэрч уначаад хэсэгхэн уйллаа ч, буцаж босоод өвдгөө гөвөөд л цаашлана даа. Шалбархай шархандаа эмзэглэвч, бууж л өгөхгүй дэг.

Хүчирхэг, дайчин...

  Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав.  https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/...