17.11.23

Anatomy of a fall (Уналтын задлан)

Сайн муу ямарваа үйл явдал санаандгүй байхад өрнөснөөр илүү далайцтай, илүү хүчтэй мэдрэмж төрүүлж, ой тойнд гүн гүнзгий мөрөө үлдээдэг юм шиг. Энэ утгаараа, тохиолдож болох аливаа саар бүхнийг урьдчилан төсөөлж, үр дагавар болоод нөлөөллийг нь багасгах, бууруулах гэж оролддог нь миний overthinking, урьдчилж санаа зовох муу зуршилтай болсон шалтгаан гэх юмуу. Өнөөдөр харин сайн киног санамсаргүй байдлаар үзсэн нь үнэхээр завшаантай ч, түүнээс төрсөн сэтгэгдэл хэд дахин өссөн байх магадлалтай. 

Цааш нь уншвал 100% спойлер тул үзэх гэж байгаа бол дараа нь уншаарай.

Тодорхой хэмжээнд нэр хүнд байр сууриа олсон зохиолч эхнэр, эхний роман дээрээ гацсан эхлэн бичигч нөхөр, багадаа осолд орж харааны бэрхшээлтэй болсон 11 настай хүү. Францын буйд тосгонд амьдрах энэ гэр бүлийн нөхөр нь өндрөөс унаж нас барснаар үйл явдал эхэлнэ. Гэртээ байсан эхнэр гол сэжигтэн. Эхнэр болон хүүг байцаах явцад гэр бүлийн амьдрал дах үүрэг хариуцлагын хуваарилалт, хосын харилцааны динамик, үүнээс үүдэлтэй зөрчил, хүүгийн байр сууринаас ээж аав нь хоорондоо маргаантай төдийгүй "том хүний" нуугдмал алдаа оноотой байсан нь бага багаар илэрч эхэлнэ. 

Эхнэр биеэ даасан, сайнаар хэлбэл өөртөө төвлөрч, цаг гаргаж чаддаг, саараар хэлбэл амиа бодсон, карьерын хувьд амжилттай яваа эмэгтэй. Сайн ээж, хүүгээ хэт бөөцийлөхгүй, харааны бэрхшээлээсээ болж гуньж гутралгүйгээр өөрийнхөө амьдралаар, аз жаргалтай амьдраасай гэж зүй ёсоор хүсдэг, амьдралын эрээн бараанаас хүүхэд насыг нь чадлаараа хамгаалах ухаантай.

 Нөхөр бусдын ая тавыг түрүүлж боддог, эхнэрийн цаг зав, боломжинд нийцүүлж өөрийгөө зохицуулж амьдардаг, багшийн ажлаа орхиод хөдөө, төрсөн нутагтаа ирж амьдрах, худалдаж авсан байшиндаа ганцаараа их засвар хийх, хүүгээ гэрээр сургах гэх мэт өөрийнх нь санаа байсан хэдий ч түүндээ их түүртэж, өөртөө хангалттай цаг гаргаж зохиол бичихдээ төвлөрч чадахгүй байгаа нь, ар гэрийн ачааллыг голчлон үүрдэг нь, хүүгийнхээ осолд өөрийгөө буруутгадаг нь бүгд нийлээд өдөр ирэх тусам хүнд дарамт болж, сэтгэл гутралын эм ууж сэтгэл зүйчтэй тогтмол уулздаг байсан. Сайн аав, хараа муутай хүүгээ замаа олж явахад нь туслах гэж энд тэндгүй стикер нааж, бүх хичээл даалгаварт нь тусалж, нохойгоо өвдөхөд нь цуг эмнэлэг явж тайвшруулах халамжтай.

Хүүгийн осолд нөхөр маш их гэмшдэг, эхнэр ч мөн нөхрийгөө тодорхой хэмжээнд буруутгадаг. Гэхдээ миний ойлгосноор нөхөр гэмшихээ зогсоож чадаагүй, амьдрал нь тэнд гацчихсан, харин эхнэр аль хэдийн бүхнийг хүлээн зөвшөөрч, амьдралаа цааш нь үргэлжлүүлсээр байгаа. Нөхөр хүүдээ хэлсэнчлэн, байнга анхаарал тавьж, өмнөөс нь санаа зовж, бүхнийг зохицуулах гэсээр маш их ядарч цуцсан. Өөрийгөө гээсэн, золгүй хүн. Харин эхнэр нь зохиолоо бичсээр, өөрийнхөө замаар амьдарсаар. Нөхрийн золгүйтэл, бүтэлгүйтлийн буруутан магадгүй эхнэр юм бишүү??? Хэн нэгэн буруутныг олчихвол бүх асуудал шийдэгдчих юм шиг л аашилдаг даа бид. Нэг удаагийн маргааны аудио бичлэг олдож шүүх хурлын баримт болно.

Шүүх хурал. Кинон дээр бодит гэмт хэрэг гарсан учраас энэ гэр бүлийн амьдрал шүүхийн тавцан дээр тавигдаж, жинхэнэ шүүгч сэжигтэн эхнэрийг тал талаас нь довтолно. Харин бидний өдөр тутмын амьдрал дээр, нийгэм, сошиал медиа тэр чигтээ сайн дурын шүүгчийн дүрд тоглож, өдөр өдрийн сенсацаар хэн нэгнийг ялладаг дүр зураг санагдсан. Ил гарч ирсэн баримт бүхэн, хэдий үнэн ч гэлээ, бүхэл бүтэн амьдралын зөвхөн нэг хэсэг нь шүү дээ, бусдыг нь та нар мэдэхгүйшдээ гэж эхнэр нь халаглан хэлдэг.

Хүү энэ бүхний дунд төөрөлдөж, хэнд нь итгэх, итгэхгүйгээ мэдэхээ больдог. Энэ үед түүнийг харгалзаж байсан эмэгтэй маш чухал зөвлөгөө хэлнэ. Хүн юунд итгэхээ мэдэхгүй болох үед, аль нэгийг нь сонгох хэрэгтэй гэж. Ээж нь аавыг нь алсан уу? Эсвэл аав нь амиа хорлосон уу? Хүү аль үнэнд итгэх вэ? Итгэл үнэмшилтэй мэт дүр эсгэх биш, үнэхээр аль нэгийг нь сонгох, тэгээд итгэх. 

Эцсийн бүлэгт эхнэр цагаадна, хүү ээждээ итгэх сонголтыг хийнэ. Энэ хэсэг дээр би уйлсан, цуг үзсэн найз яагаад уйлав гэж гайхсан. Яагаад гэвэл, киноны турш миний өөрийн амьдрал санагдаад байсын. Миний нөхөр архинд орсон нь надаас болсон уу, буруутан нь би юу гэх асуулт үргэлж дотор минь байсаар ирсэн. Одоо ч гэсэн чухам юу бодож, яаж амьдарч байгааг нь би мэдэхгүй. Магадгүй энэ киноны нөхөр шиг өөрийгөө гээчээд аз жаргалгүйдээ их уудаг ч байсан юм болуу гэх бодол. Нөгөө талаар, нөхрийн дүрээс би бас өөрийгөө олж харсан. Хүүхэд, гэр бүл гэсээр өөртөө цаг гаргаж чадахгүй, олон хүүхэд гаргасандаа түүртэж бухимдсан золгүй хүн бол би байсан. Гэхдээ тэр чөтгөрийн тойргоос гарч чадсан, эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй зохицуулах аргаа олоод байна гэж бодож байгаа. Гэхдээ асуудал дуусах биш дээ. Хүү маань хэт эмзэг мэдрэмтгий, би учрыг нь олохгүй тэвдэж байсан. Аавыгаа санаад ингэж байгаа байх, аав нь хол явсан надаас болчвуу? гэх мэт өөрийгөө буруутгах бодлууд. Эцсийн бүлэгт хүү ээждээ итгэж, ээжийгээ ойлгож байгаа хэсэг дээр өөрийн эрхгүй нулимс огшоод ирсэн нь тийм учиртай. 

Ойрд бодогдож байгаа нэг бодол: хүн ер нь бие дааж, өөрийгөө болгож амьдрах хэрэгтэй юм. Хэн нэгнээс хараат байх, бусдыг хараат байлгах аль аль нь дэмий. Хүмүүс бид амжилт, аз жаргал, хайр дурлал гэх мэт зорилгыг өөртөө оноож, түүнийхээ араас хөөцөлдсөөр цагийг өнгөрөөх боловч, яг үнэндээ зүгээр л амьдрах гэж төрсөн бодгаль. Бидэнд эргэн тойрон болоод бусад хүмүүсийг удирдах чадал боломж байхгүй, харин өөрт оногдсон амьдралаа л бүрэн дүүрэн амьдарч дуусгах тавилан өгөгдсөн... илүү ч гүй, дутуу ч гүй. Тавилан гэхээр зурсан зураг төөрөг биш, зүгээр л төрөх үхэх хоёрын завсар АМЬДРАЛ гэдэг зам байгаа гэсэн утга. Цаг хугацааг тогтоон барьж чадахгүйтэй адил, амьдралыг туулах, мэдрэх л боломжтой. Харин бид урсаад өнгөрөх амьдралаа бүрэн мэдэрч ч амжихгүй, хий хоосон зэрэглээний араас хөөцөлдсөөр цаг хугацаагаа үрдэг юм биш байгаа? 




Кино ихэвчлэн франц хэл дээр, зарим хэсэг нь англи хэл дээр. Францаар ярьж байгаа хэсгийг үзэх гоё байлаа, бараг ойлгоод байгаа ч юм шиг. Мэдээж монгол хадмалыг нь уншаад ойлгосон л доо хаха. Гэхдээ энэ кино үзсэн нь франц хэлээ давтаарай гэсэн сигнал байхаа. Элдвийн шашин шүтлэг, мухар сүсгээс татгалзсан хэрнээ иймэрхүү тохиолдлын сигналд аймаар мэдрэг хэвээрээ. 

3 comments:

  1. Байдаг л нэгэнNov 18, 2023, 11:07:00 AM

    Эрэгтэй хүн заавал өөрийн гэсэн эрх чөлөөтэй байх хэрэгтэй гэр бүл ажил гээд заавал үүрэх ёстой үүрэг хариуцлагтай адил.Эргэн тойрон байгаа найзууд бусад хүмүүсийг ажиглаад байхад тийм зүйлсээ дандаа хойш нь тавиад явсаар байгаад янз бүрийн асуудалд унаад байх шиг санагддаг.Миний үеийн эрчүүдэд өөртөө таарсан санхүүгийн эрх чөлөө маш чухал бас дуртай зүйлдээ гаргах цаг дээр нэр хичээхгүй байгаа байдалаа хзлээн зөвшөөрч чаддаг байх

    ReplyDelete
  2. Anh udaaga l ene blogtoi taniltsaj bna, Before Sunrise-g unshih gj orood oor bichsen zuiluudig n unshij uzlee. Unshaad l bmaar goy yurtunts bna.

    ReplyDelete
  3. Хүнд кино бна, би лав үзэж чадахгүй бх бсан. Гэхдээ сургамжтай юм би ч гэсэн өөрийн хүсэл зоригийг гэр бүлийнхээс үргэлж дараа тавьж байдаг нь нэг үе тэсрэхэд хүргэж байсан. Гэхдээ тэнд хэн ч буруугүй байсан, зүгээр л би өөрийгөө хэт ачааллаад байсан. Одоо бол зарим зүйлсийг зах зухаас нь ойлгож эхэлж бна. Хир хэмжээгээр бусдаас хамааралтай эсвэл бусдад хамааралтай бна, тэр хэмжээгээр эрх чөлөөгөө алдана.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...