11.12.22

He stopped calling

 5,6 жилийн өмнө Goodreads дээр уншсан номынхоо сэтгэгдлийг үлдээж байгаад ФБ найз болсон нэг хүн байдаг юм. Тэр номыг орчуулсан мундаг хүн байсан. Саяхан тэр хүнтэй эргэж "найзлаад". Сонирхолтой эссэ орчуулах уу гэхээр нь угийн хоббитойн болохоор ок гэлээ. Сэдэв нь ч яг миний мэргэшсэн салбар юм байна хаха. Угаасаа хүн бүрийн, ялангуяа эмэгтэй хүний амьдралд ийм тохиолдол заавал таарч л байсан байдаг. 

LA Times сонины "Dating horror stories" гэдэг буланд хэвлүүлж бсн, Агиймаа Кручкин гэдэг эмэгтэйн бичсэн нийтлэл. Линк нь энд. Ю.Н.Кручкин гээд насаараа монголд ажиллаж амьдарч буй дипломатч, орчуулагч, сэтгүүлч хүний охин юм билээ, аавыг нь ихэнх хүмүүс мэддэг би сая л мэдэж авсан бүлгээ. 


Надад ийм гоё хэвлэмэл, ном шиг нь байгаа. Хэдий богинохон түүх ч гэлээ, бичсэн хүнийхээ дотоод ертөнц, чигч шулуун зан чанарыг илтгэж байх шиг. Элдэв нэмэлт хачир, илүү дутуу эмоцгүй түс тас бичсэн нь таалагдсан. Миний блогийг уншиж романтик орон зайгаа дүүргэдэг уншигч түмэндээ зориулы даа. Түмэн = 10000. Гэтэл уншдаг нь гарын 10 хуруу дотор л доо хаха. За яахав яахав. Өөрийнхөө олон дурлал, болзооны түүхээс өвөрмөц нэгийг нь сийрүүлээд сонин хэвлэл рүү явуулдаг ч юм билүү :D





Тэр залгахаа больсон


Бид яагаад өөрийнхөө нууцыг үл таних нэгэнд, эсвэл биднийг сайн мэдэхгүй хүнд хэлэх дуртай
байдаг юм болоо?

Танихгүй хүн биш ч гэлээ, бөмбөрцгийн нөгөө тал Орост суух 78 настай эмээ минь шинэ
залуутай үерхэх болсноо дуулгах тохиромжтой хүмүүсийн нэг биш л байх. Т бид хоёр уулзаж
эхлээд сар орчим л болж байсан, тэгээд ч би гэрийнхэндээ Лос-Анжелесын тийм ч уянгалаг бус
учралуудынхаа тухай яриад байх сонирхолгүй хүн.

Тэгсэн мөртлөө, эрхэм хүнтэй болж байгаа эсэхийг минь асуусан эмээгийнхээ имэйлд “Би
нээрээ нэг хүнтэй болзож байгаа” гээд хариулчихсан л юм. Интернетэд өөрийн гэсэн бизнестэй,
хэд хэдэн гадаад хэлээр ярьдаг, Африк, Европ, Америк хооронд байнга аялдаг - миний
сонирхлыг татах болсон олон шалтгаан дундаас нэг нь энэ, тийм хүн.

"Харьяалагдах" гээч сонин мэдрэмжийг дотроо чимээгүйхэн үгүйлж явснаа тэнгис далайн
тэртээх Лос Анжелес рүү нүүж иртлээ төдийлөн ухаараагүй явжээ. Аав минь орос хүн, харин би
ээжийнхээ төрөлх нутаг Монголд төрж өссөн. Монголд байхад минь эрлийз гээд гайхаж,
сониучирхсан харц элбэг байлаа. Зөрөөд өнгөрөхөд цоо ширтэх бол энүүхэнд.

Амьдралдаа анх удаа, төрсөн нутгаасаа түмэн бээрийн алсад, олон өнгө холилдсон Лос
Анжелест л би “өөрийн хүн” шиг ууссан нь егөөтэй гэмээр. Хэн ч надруу улаан цайм ширтэхгүй.
Намайг ихэвчлэн “Америк” эсвэл “Хавай”(энэ таамаг Америк боловсролын алдааг илтгэх жишээ
гэлтэй ) хүн байх гэлцэнэ. Андуурсан гэдгээ мэдээд эвэртэй туулай үзсэн мэт “Тэгээд чи
хаанаас ирсэн юм? Харийн төрхтэй юмаа” гэлцэнэ.

Асуултанд нь хариулах үед яахаа мэдэхээ байж толгойгоо маажсаар хоцорно, учир нь ямар нэг
хайрцаг саванд багтаах гэтэл шингээчмээр ангилал бэлэн байдаггүй. Ялангуяа болзооны
аппликэйшн дээр энэ байдал ахин дахин давтагдана.

Т-тэй Тиндерт таарах хүртэл.

Байдаг л нэг уйтгартай “ Сайнуу хөөрхнөө” ч юмуу, эсвэл дургүй хүрэм “Чи хэн гээч вэ?”, эсвэл
нөгөө л “Уулзахуу”-гийн оронд тэр “Чиний нэрийг яаж зөвөөр дуудах вэ?” гэж асуусан юм.
Энгийн хэрнээ энэ асуулт яг л цэнгэг агаар мэт цээж дүүргэн орж ирсэн.

Уулзах цаг (Баасан гарагийн орой 6 цагт), газраа (тэр намайг ирж авахаар болсон) тохирсноос
хойш толгойд минь энэ үдэш хэрхэн дуусаж болох тухай, хүн амины хэргээс авахуулаад амар
сайхандаа жаргажээ хүртэл түмэн янзын төсөөллүүд эргэлдэж эхэлсэн.

Байрны маань үүдэнд тэр ирж зогсоод, машинаасаа гарч ирэн гэрэл цацруулсан инээмсэглэл,
дулаан тэврэлт бэлэглээд машины хаалгыг надад нээж өгсөн. Уулзаж байсан Лос-Анжелесын
уугуул болоод суугуул бүхий л залуусын 98%-с нь хавьгүй боловсон эелдэг санагдсан болохоор зүрх минь догдлоод л түргэн цохилоостой. Үерхдэг байсан хөвгүүдтэй маань - ихэвчлэн Мачу Пичуд даруулсан зураг, эсвэл үеэл, өрөөний найзынхаа нохой, мууртай цуг авахуулсан зургаар
Тиндерт гангардаг - зүйрлэхийн аргагүй жинхэнэ, өөрийнхөөрөө, бас сэтгэл сэргээм шинэлэг
байлаа. Таван хормын дараа гэхэд л бидний яриа Францын колоничлол, цагаачдын эрх болоод
үндэс угсаа хоорондын харилцаа гэх мэт гүнзгий сэдэв рүү хальсан байв.

“Хаана юу идмээр байна?” гэх мэт цаг үрсэн дэмий найрсаглалын оронд тэр өөрийнхөө дуртай
кофе шоп руу итгэл төгс явсан. Тэр үдэш юу хийхээ бүгдийг нь төлөвлөсөн байсан нь бас
туйлын шинэлэг гоё санагдсан гэж хэлье дээ. Кофены дараа Тай хоол, тэгээд Холливуд дах
уушийн газар очиж ууцгаасан. Хорвоогийн хамаг юмыг хамж шимж ярьсаар шөнийн 3 цаг
хүргэсэн. Тэр гэрт минь хүргэж өгөөд, би түүнийг орохыг урьсан, тэгээд бид үүр цайтал ярьсаар
л байсан.

Явсныхаа дараа ч гэсэн тэр уураг тархинд минь орж суучихаад би унтаж чадахгүй байлаа.

Энэ шохоорхол үнэхээр ер бусын байв.

Тэр бас надтай адил Лос Анжелест бүхнийг хоосноос эхлүүлсэн гадаад хүн гэдэг нь нөлөөлсөн
юм болов уу? Монгол чинь Африкт байдаг билүү? Чи хятадаар ярьдаг уу? гэх мэт эв хавгүй
асуултыг алгасаад, элдвийн стереотип гэж санаа зоволгүйгээр энгийн харилцаж, геополитик
мэдлэгээ хуваалцах нь надад таалагдаж байлаа.

Үүнийг л харьяалагдах мэдрэмж гэдэг байх даа.

Тэр яг л бодол санааг минь далдаас унших мэт ер бусын мэдрэмжтэй нь түүнд татагдах
сэтгэлийг минь улам өрдсөн байх. Түүний хурц, нарийн оюун ухааныг анзаарах тусам өмнө нь
өөр хэн ч ингэж сэтгэлийг минь татаж байгаагүй юм билээ. Гадаад төрхийг минь хуурай,
хиймлээр магтахын оронд тэр оюун бодлыг минь үнэлдэг байв. Асуугаагүй, өөрөө ч ухаараагүй
хэрнээ дотроо бодож явсан асуултанд маань хариулж бичих нь бас таалагддаг байлаа : “Сайн
уу, би ойрд таг байсан, гэхдээ чамайг мартаагүй шүү. Ажил аймаар их, тэхдээ л үргэлж чамайг
бодоостой. Маргааш хоолонд орох уу?” гэх мэт.

Нэг орой бид Пасифик Көүст хурдны замаар давхиж Пеппердин Их сургуулийн (миний төгссөн
сургууль) Хэрос цэцэрлэгт хүрээлэнд очив. Номхон далай болон Малибу эрэг их үзэсгэлэнтэй
харагддаг, их сургуулийн хотхон дотроо хамгийн өндөр цэг нь. Тэр шөнө, зэрэгцэн суугаад үүх
түүхээ ярилцангаа одтой тэнгэрийг ажин суухад, амьдрал яг л кино шиг санагдаж байж билээ.
Ер бусын бөгөөд намуун зөөлөн. Тэр намайг чанга тэврээд духан дээр минь үнссэн. Өөрийн
өмнөх учралуудаа, яагаад болж бүтээгүй тухайгаа, би өөрийнх нь амьдралд ямар сайн зохицож
тохирч байгаа тухай ярьсан. Хамтдаа явж болох аяллуудыг төлөвлөж, цуг үзэх TED яриаг
сонгож, дэмжиж оролцох тэмцэл, хөдөлгөөнийг ярилцсан. Хэзээ ч биелэхгүй ирээдүйн тухай
амлалтууд байлаа.

Тэр үдшээс хойш тун удалгүй бараг өдөр бүр уулздаг байснаа больж, мессеж бичих, залгах нь
онцын тодорхой шалтгаангүйгээр эрс цөөрсөн. Ажлын шугамаар тун их аялж яваа учраас гэж Т
тайлбарладаг байв. Яг тэр үеэр би хагалгаанд орсон өөр нэг эмээгээ асрахаар Монгол руу
хэдэн долоо хоног явж таарлаа. Лос Анжелест очсон хойноо уулзалдъя гэж Т Коста Рикагаас
мессеж илгээсэн байв.

Цаг зав их байсан тул Инстаграм ухаж ямар нэг тайлбар хайлаа. Хамгийн сүүлд уулзаж байсан
гэж таамагласан эмэгтэйг олов. Сүүлийн хэдэн жилийн турш Т-тэй цуг авахуулсан зургаа
оруулсан байсан юм. Гэхдээ яг надтай болзож байх үеийн зураг бол байгаагүй л дээ. Хэсэг
хугацааны дараагаас Т-тэй хамт байгаа зургуудыг дахин тавих болов. Тэр хоёр эргээд нийлсэн
юм болов уу? Эсвэл ерөөсөө салаагүй байсан ч юм болов уу?

Үнэндээ юу болсныг би хэзээ ч олж мэдээгүй, Т-тэй дахиж уулзаагүй болохоор.

Хамгийн сүүлд, хэдэн сарын дараа тэр над руу нэг мэнд мэдсэн, би хариу бичээгүй.

Би хайр сэтгэлтэй учирч үзсэн, гэхдээ энэ удаагийнх шиг ийм гүн гүнзгий, уураг тархиараа
холбогдсон хүн урд хожид хэзээ ч байгаагүй. Тэр элдэв хаяг шошго, хайрцаг савлагаагүйгээр
жинхэнэ намайг олж харж чадсан.

Чин үнэн гэвэл, би дахиж мөддөө эмээтэйгээ хуваалцах хайр дурлалын түүхтэй учрахгүй байх
аа даа.

3 comments:

  1. Уншигч түмний нэг нь байнаа, баярлалаа.
    Хамтдаа догдолж сүүлдээ хамтдаа шаналлаа. Хүнд төрдөг мэдрэмжүүд, ялангуяа иймэрхүү хайр дурлалын мэдрэмжүүд үнэн байдаг тээ. Хачин их тохирсон болохоор бас бүтээгүй байх гэсэн бодол төрчихлөө.

    ReplyDelete
  2. Tumnii neg .........

    ReplyDelete
  3. Адилхан түүхтэй түмний нэг нь байна аа, хэхэ.
    Сайхан орчуулжээ.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...