18.11.22

Уйлмаар

 Яг одоо, уйлмаар романтик цас хаялж байна.

Уйлах болон гуниглах, бусад олон мэдрэмжийн нэгэн адил, хүнд үе үе төрж болох, байх л ёстой зүйл бизээ. Би дунджаар сардаа нэг удаа асгартал уйлах хэмнэл, хэрэгцээ байдаг. Өнөөдөр яг тохироо нь бүрдсэн байна, даанч нэгд ажил дээрээ бн, хоёрт орой жүжиг үзнэ, тэхээр нүдний будгаа арилгамааргүй. Хүссэн үедээ, хаа байгаа газраа уйлах нь хүртэл боломжгүй болчихдог томчуудын амьдралаа гэж... 

Систем дээр planned maintenance/төлөвлөгөөт засвар үйлчилгээ гээд хийгддэгэрхүү л юм даа. Хааяадаа төлөвлөөгүй байхад шууд асгарах үе бас байнаа. Уйлсны дараа цээж цэлмээд, сэтгэл онгойгоод, бүх асуудал яг restart хийсэн компьютерийнх шиг хэсэгтээ далд орж, тархи = CPU сэнгэнэтэл дээд хүчин чадлаараа ажиллаж эхэлдэг :) Гэснээс аливаа техникийн асуудлын 80% нь унтраагаад асаахад шийдэгддэг. Уйлсны дараа бас сэтгэлийн ачааны 80% нь хөнгөрсөн мэдрэмж төрдөг байх шүү бараг. 

Гуниглах ба гутрахын ялгааг мэдэрдэг болсон бнлээ. Миний хувьд сэтгэл гутрал ихэвчлэн тодорхой шалтгаангүй, хэзээ ч дуусахгүй мэт, хамаг бие дээр хүнд жингээрээ дараад байх мэт чадал барсан мэдрэмж байдаг бол, гуниглах нь яг юунаас болсон бэ гэдгээ мэддэг, эхлэл өрнөл төгсгөлтэй, бас бараг enjoy хийчмээр хөнгөхөн байдымшиг. 

Өнөөдөр харин жоохон "холимог хуурга" байна уу даа. Гуних шалтгаан хэд хэд байна. Эхлээд мэдээж цас хаялж буй нь. Удаах нь уржигдар тааралдсан эртний танил минь. Хальт гэгэлзэж, догдолж, хамтдаа хуваалцсан дурсамжийн чихрээ хааяа нэг амталж явсан хүн. Эрс өөрчлөгдсөн дүр төрхөөс илүү, дотор хүн нь танигдахын аргагүй шал ондоо болчихсон нь гунигтай. Хэн нэгний буруу биш, угаасаа л амьдрал гэдэг ийм. 


Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан сүүлчийн навчис
Өвдөж байгаа болвуу, гуниглаж байгаа болов уу?

 

Агуу их нам гүм - цас
Агуу их нам гүм - цас
Агуу их амьдрал - нулимс
Агуу их үхэл - намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь

Моддын дээр цас орно
Зүрхнээс нь минь нэг нэгээрээ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных ...

Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр

 

/Л.Ө./


Энэ шүлгийг 10 жилийн өмнө бас оруулж байжээ. Мартсан байна. Давтаал оруулчиж. Мартагдах, давтагдах, ижил мөртлөө өөр мэдрэмжүүд. Цас орох бүрт санагдаад байхгүй хэрнээ 10 жилийн зайтай санагдах хэн нэгэн. Дахиад хэдэн удаа ийм цас орох бол, дараа нь би гэдэг хүн хумхын тоос болох бол ккк.  

1 comment:

  1. Restart хийх аргаа мэдэж байгаа нь олзуурхууштай хэрэг шүү, ккк. Их уйлдаг байлаа. Нулимс нь ширээн дээр ус асгасан мэт тунатал уйлдаг байлаа. Одоо харин уйлахаа больсоон. Хаяа уйлмаар санагддаг ч нулимс гардаггүй болжээ.
    Яагаад ийм олон жил цаас шагайж байж харааны чинь муудаагүй юм бэ гэхээр нь их уйлахаар хараа мууддаггүй юм аа гэдэг дээ, ккк.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...