15.10.18

Хүсэл биелэх

Цаг хугацаа хамгийн сайн номхруулагч юм шиг. Хүүхэд байхдаа өөрийгөө ертөнцийн төв мэт андуурч, юу хүссэнээ авах гэж уйлна, уурлана. Залуу насандаа хорвоог гартаа атгасан шиг санаж, хүссэндээ хүрэх, сарвайснаа авах бүхий л боломж дүүрэн мэт, ядаж л сонголт хийх эрх чөлөө нь нээлттэй, омголон агаад бардам.

40 насны босгон дээр харин, өнөө их хүсэл мөрөөдлөөсөө чадах чадахгүй, болох болохгүй гээд ихэнхийг нь орхихоос өөр аргагүйг ухаарах. Бууж өгөх, зохицох зохицуулах, байгаадаа сэтгэл ханах, ялимгүй бяцхан зүйлээс баяр баясгалан мэдрэх - өөрийн мэдэлгүй энэ бүхэнд суралцдаг аж. Бүүр эмээ өвөө болохоор амьдралын утга учир, гэрэл гэгээ нь юу болохын бол доо гэж гайхдаг сан. Жил ирэх тусам хүсэл нь жижгэрч, талархах нь томорсоор... зүгээр л энх тунх байгаадаа баярлаж, үр хүүхдээ харж баясдаг, туулж өнгөрүүлсэн амьдралынхаа дурсамж дурдатгалыг мэрж /шүдгүй болчуул хүлхдэг л байхдаа / суудаг, цаг хугацаа хэмээгч дасгалжуулагчийн дуулгавартай шавь нь болж хувирдаг байх...

30 насны шүлэг
Дахиад л бачимдан зэрлэгээр хашгирч
Дахиад л өөрийгөө тэврэн тайтгарууллаа
Эцэс төгсгөл гэж алга, хэн нэгэн
Бүхнийг эхлүүлчихээд, зогсоож дийлэлгүй
Зугтжээ. Өөдгүй хулчгар хаа нэгтээгээс
Харж байгаа даа, юу хийснээ...
Эрдэнэсийн хайрцагт юу ч алга, ээж ээ
Өрсөөд хэн нэгэн бүгдийг хулгайлчихжээ
Хамгийн харамсмаар нь,
Таны надад бэлэглэсэн ертөнцийн
Талыг нь гээчихлээ, ээж ээ...
Б.Эрдэнэсолонго

Энэ шүлгийг 10 жилийн өмнө уншсан бол огт ойлгохгүй байх сан. Яруу найрагч хүн арай түрүүлж мэдэрдэг юм уу, эсвэл би оройтож яваа ч юмуу. 40 насны шүлэг гэж нэрлэмээр. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх завгүй өдрүүд, амсхийж зогсоод амьдралаа тогтоон харах сөхөө олдохгүй юм. Огцом эргэлт хийх боломж улам багассаар, одоо нэг эргэвэл дахиад өөрчлөхийн аргагүй болчих юм шиг. 30 настайдаа эрдэнэсийн хайрцгаа дөнгөж нээх гээд зогсож байж, одоо л тэнд хов хоосон байгааг олж хараад гайхширч сууна. Амьдралын тал нь 30 биш 40 нас гэж бодогдоно, ядаж 80 хүрнээ л гэж...



Жижигхэн, энгийн ч гэлээ, удаан бодож явсан хүсэл маань биелж, хүүхдүүдээ орхиод хоёулханаа болзсон шүү. "Нинжин Сэтгэл" гэдэг монголын УСК үзлээ, сонголтоор биш урилга нь ирсэн болохоор. Тэрнээс биш монгол кино ерөөсөө үздэггүй. Бүр нэг байдгаа тавиад тууцан кинонцоруудыг бодоход арай нэг шат ахисан, солонгос драма шиг зохиолыг шоронгийн зодоон нүдээн, экстрим үзэгдлүүдээр хачирласан кино байлаа. Над шиг нялх хүүхэдтэй хүн бол зарим хэсэг дээр нь нүд хальтраад үзэж чадку байсаан. Уг санаа нь "Уучлал, энэрэл"-ийг магтан дуулах гэсэн мэссэжтэй боловч дүрүүдийн сэтгэлзүй хэрхэн яаж энэ чиглэлрүүгээ хөрвөж байгааг харуулж чадаагүй юм шиг санагдсан, баахан түс тас пид пад хийж байснаа гэнэт огцомдоод л бүх юм амар сайхандаа жаргааски.

Киноны дуу нь харин таалагдсаан.

                                 

Үсийг хийсгээд...
Ганцаардлыг ганхуулж
Тэвчээрийг тулаад
Үсийг хийсгэж
Захыг босгоод
Үймэрсэн олны дунд орлоо
Харанхуйд эмэгтэй хүн инээх
Цочир сонин байна
Хаа очиж намар гэхэд 
Дулаахан байна
Хаана очиж зогсохоо үнэндээ мэдэхгүй байна
Захаа босгоно гэдэг
Юмаа босгоно гэсэн үг биш
Загвар нь ялимгүй хуучирсан болохоос
Намар надад таалагдаж байна
Б.Эрдэнэсолонго

Загвар нь хуучирсан намар цаг, үргэлж л надад таалагддаг байсаан, одоо ч гэсэн...

2 comments:

  1. Namar tsag aldaj bicheed nasniih l baihdaa

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...