Pages

23.8.11

Мартсан...



Мартсан байна гэж гомдов...



Хэзээ нэгэн цагт үнэ цэнэтэй байсан зүйлс, үл тоогдож буланд чихэгдсэн дурсамж, уучлаарай гэж хэлэх ч багадах бизээ, ухаж сайн бодсон бол гараад ирэх л байсан, гэхдээ би тэхийг хүсээгүй. Өнгөрсөн өнөөг холбох цаг хугацааны гүүр... мартахуйн мананд хучигдаад (энэ үгийг би ойрдоо яасан их хэрэглэж байнаа) өнгө бүдэг, дүрс бадаг сүүмэлзэх болж... Гэхдээ тэр өдрүүдийн түүх сэтгэлд нэгэнт байраа эзэлсэн, заримдаа сөхөж харахаас ч зүрхшээмээр эмзэг нандин санагддагийг ойлгоосой...

Хүн тэгээд хүссэнээ мартаж, хүссэнээ л санадаг бол сайхан аа. Хар дарсан зүүд мэт нэхэл хатуу дагах зарим цаг мөчийг бүхэлд нь ой ухаанаасаа арчиж орхиод зөвхөн гэгээн бүхнээ л санаж амьдардаг бол сайхан. Даанч төгс амьдрал гэж үгүй, магадгүй ТӨГСгөл ирэхэд л бүх юм сайхан болдог байх. Тэр цагт ч, миний нандин дурсамжийн нэг нь тэр өдрүүдийн тухай байна гэдэгт итгэнэм...



Ууж үзсэн, амтыг нь мартсан дарс.
Шимж үзсэн, амтыг нь мартсан уруул.
Уншиж үзсэн амтыг нь мартсан шүлэг,
Угтаа эд цөм нэг юм байсныг
Ухаарч үзсэн. Ухаарлынхаа амтыг мартсан
Манантай өглөө шиг, гэхдээ өнөөдрийн биш өглөө шиг,
Манан нь яг манан биш, будан биш, үүл шиг,
Мартагдсан бүхний бүдэгхэн гоо үзэсгэлэн
Усан будгаар буулгасан борооны үнэр шиг
Магад энэ өвлийн турш намайг дагах нь байна.

Энэ насан туршид намайг дагах
Элэнц хуланцын сүнс, хий үзэгдэл шиг,
Энэ амьдралд минь учирсан шиг, үгүй шиг
Амтыг нь мартсан уруул ямархан амттайг
Эргээд нэг саная гэтэл зүүд дууссан байна.
Борооны үнэр сэтгэлд анхилавч, зун дууссан байна.
Бодолгүй уншсан амьдралын хуудас
Тэртээ урд өнгөрсөн байна.
Г.А.

7 comments:

  1. Сайн муу аль аль нь мартагдвал ч мартагдаг. Тэр үед би хэн байсан гэдэг нь үлддэг байх..Тэр үеийн шарх аль хэдийнэ аньсан. Тэр үеийн жаргал тэндээ л үлдсэн..Харин би ..

    ReplyDelete
  2. яг үнэн шүү. Тэр үед би хэн байсан, тэгээд дараа нь хэрхэн өөрчлөгдсөн, үүнийг л санах...

    ReplyDelete
  3. Chi hussenee martaj, hussenaa sanaj chadnaa. Bid uursdiinhuu zurh setgeliin ezed ni shuu dee. Yugaa bodoh ni bidnii songolt.
    Chinii tavij bgaa zuragnuud namaig inspired bolgood baihiimaa. Oirhon nuur bdag bol, ochood l nar mandahiig harahsan. Zugeer nuurgui gazar, taliin deeguur ch yumuu nar mandahiig haraad uzdeg yum biluu. Noiroo hugasalsanii hereg garah bolovuu? :)

    ReplyDelete
  4. хэрэг гарна шүү. Үнэхээр гайхалтай...Заавал нуур ч гэхгүй нар мандахыг харж болохоор тал, эсвэл бүр өндөрлөг газар ч болох байх. Их хүйтрэхээс өмнө амжаад үзээрэй удахгүй л сэрүү орох шинжтэй :)

    ReplyDelete
  5. Мартсан, өдөр бүхнийг шинээр эхэлнэ
    Мартсан, өдөр бүхэн шинэ хүнтэй танилцана
    Мартсан, өдөр бүхэн шинэ би байна

    Эргээд санах зүйл юу ч үгүй
    Ээж аавыгаа ч санахгүй
    Эхнэр ханиа ч санахгүй
    Энхрий бяцхан үрсээ ч танихгүй
    Эргэх хорвоод үүнээс хойш мөнхийн цоо шинэ хүн

    ReplyDelete
  6. memento shig hun garahnee... arai l hetsuu sanagdjiina tegvel kk

    ReplyDelete
  7. martaj sanah n humuunii yvdal baital uunees oortoo zovlon huraah n tevcheer bagadaj husel shunal hetersnii gamshig yum bolovuu ali esvel ene zugeer l oyun sanaa eruul baigaa usan hudtei tsusan zurhtei hunii tur zuuriin sanaashiraluuu

    sain medehgui yumdaa ТӨГСгөл ирэхэд л uchriig guitsej tanih baih daa

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)