Pages

29.10.09

Зүүдлэв...



Би ажилчдын атуусаар нилээд эрт ирчдэг юм л даа. Тэгээд 9 болтол идэх уух юм эргүүлдэж, нүд хөмсгөө будаж, үс гэзгээ самнаж...гэртээ амжуулаагүй юмнуудаа гүйцээдгийн. Эсвэл унтлагын өрөөнд очоод сэрүүлгээ тавиад дугхийнэ. Унтлагын өрөө гэж цонхгүй, 2 давхар орнууд 4 билүү 5ыг эгнүүлчихсэн нэг тийм бүгчим тасалгаа бий. Зарим хүүхнүүд тэнд унтаж байгаад сүнс харсан гээд айгаад орж чадахаа байсан гэдэг. Би ч гэсэн нэг удаа сүнс зүүдэлсэн л дээ, жоохон хүүхдийн сүнс. Миний дээр тонгочиж тоглоод л надруу даллаад л их хөөрхөн. Сүнс гэдгийг нь яаж мэдсэн бэ гэхээр бие нь намайг нэвтэрч орчоод байсийн. Гэхдээ би тэр зүүднээсээ айгаагүй, түүнээс хойш ч сав л хийвэл унтлагын өрөөнд тухалдаг хэвээрээ байгаа.





Зүүд гэснээс би тэнд унтах бүрдээ зүүдэлнээ. Шөнө ч гэсэн зүүдэлдэг биз гэхдээ өглөө нь санадаггүйн. Богинохон унтаад сэрдэг болоод тэрүү ажил дээрээ зүүдэлсэн зүүдээ бол аягүй тод санана. Миний зүүдэнд орохгүй хүн гэж алга. Үнэхээр санадаг, боддог хүнээ хааяа зүүдэлнээ. Тэгээд бусад үед нь хаа хамаагүй хавийн амьтныг хамруулж зүүдлээд, дараа нь өөрсдөд нь хэлэхээр гайхаж байгаа гэж жигтэйхэн. Би өөрөө ч хүсээгүй байхад л зүүдэнд ороод ирсэн юмыг яалтай ч билээ ккк.

Өнөөдөр бас хэдэн минут дугхийсэн чинь муу эмээгээ зүүдэллээ. Хачин гангалчихсан надтай уулзах гээд ирж байх юм. Хар нарны шилтэй, цэцгэн угалзтай цамц өмсөж чамин цүнх барьчихсан байсан нь маш тод санагдаж байна. Миний эмээ угийн их дэгжин хүн байсан л даа. Ажилд ч гавшгай, биендээ ч арчаатай, "хөөрхөн" эмээ байсийн. Дэргэд нь өссөн би харин эмээгээ зарж бэлэн юм хэрэглэсээр байгаад залхуу хүн болсон догоо.

За тэгээд зүүдээ үргэлжлүүлий. Би тэгсэн эмээгээ нэг кафед түр хүлээлгэчихээд өөр ажил хөөцөлдөөд алга болчихийн. Тэгээд эмээгээ мартчихсан гадуур дотуур тэнэж тэнэж хэдэн цагийн дараа гэнэт санаад ээ тэнэгээ гээд л хувцасаа өмсөөд гараад гүйх гэсэн сэрчихсэн. Зүрх нэг л эвгүй хөндүүрлээд ирнэ лээ.

Амьд сэрүүнд нь би эмээгээ эндээ нэг удаа авчирч байсан юм. Тэхэд сургуулиа дөнгөж төгссөн, ажилд орох гээд бэлдэж байх үе. Тэгсэн нэг газраас ярилцлаганд дуудаад эмээ бид хоёр хамт яваад очсон. Би яг л зүүдэнд гарсан шигээ эмээгээ хүлээлгийн танхимд ганцааранг нь үлдээчээд ярилцлаганд орохоор явж байж билээ. Зөндөө удсаан, 3,4 цаг...түүнээс ч илүү байж магадгүй. Хөөрхий эмээ минь хэл ус ч мэдэхгүй, гарч орж ч чадахгүй миний орхисон тэр л чигтээ намайг хүлээж байсан даа. Дуусчаад яараал гүйгээд ирэхэд ханхайсан том өрөөний голд ганцаарханаа тогжийтол торойгоод сууж байсан нь одоо ч нүдэнд минь харагддаг юм.

Над дээр ирснийхээ дараахан эмээ маань цус харваж хэвтэрт орсон. Жил бүр намайг гэртээ хариад буцахад духан дээр минь үнэрлээд "эмээ нь хүлээнээ" гэдэг сэн. Өнгөрсөн жилийн өвөл харин юу ч дуугараагүй, удалгүй хавар нь өөд болсон доо. Гялалзуур, чамбай, сэргэлэн буурал эмээ минь...Хайртай эрх зээтэйгээ уулзах гэж тэнгэрээс бууж ирсэн юм байхдаа...Эмээ минь хоёр хацрыг маань үнсэх биш үнэрлэдэг байж билээ. Тандаа дахиад нэг үнэрлүүлэх сэн дээ...

21 comments:

  1. Huleelgiin uruund toroigood suuj baigaa ni tusuulugdchihluu. Haraagui ch gesen mongol emeeg tusuulj boloh shig. So sorry for your loss. Emee chini chamaig unerlej baigaa baihaa.

    ReplyDelete
  2. тэнд унтахаараа л зүүдээ санаад байдаг нь учиртайен. тэгээд эмээгээ тэнд мартсан нь сайн болжээ. зүүдэнд эмээ дээрээ очих хэрэггүй байсан байх, иймэрхүү зүүднүүдийн тухай сонсож байсан юм байна.

    ReplyDelete
  3. Зүүдээ манадаг болхынсан. Заримдаа эмээ минь эргэх ч билүү. Санаад л, ганцаардаад ирэхээр дурсамж болоод зурагнаас нь өөр юмгүй... хоосондоод байх юм.

    ReplyDelete
  4. "эмээ минь хэл ус ч мэдэхгүй, гарч орж ч чадахгүй миний орхисон тэр л чигтээ намайг хүлээж байсан даа" - яг л ингэндээ.гэхдээ эмээ өвөө гэлтгүй аав ээж нар минь ч ялгаагүй байх...

    ReplyDelete
  5. сүнс зүүдэлсэн бол би дахиж тэр өрөөнд унтахаасаа айх байх даа. Зүүд заримдаа аймаар шүү.
    Манай монголчууд бурхан болсон хүнийг зүүдлэхээр буян гуйж байна гээд байдаг юм билээ

    ReplyDelete
  6. би зүүдэндээ нэхх ач холбогдол өгдгүй л дээ ямар нэг зөн совингүйм шиг байдгийн... энэ дээр эмээгээ тэнгэрээс ирсэн мирсэн гэсэн жоохон уянгын халил байлаа. Үгүй болсон хүнээ хааяа хааяа санаж үгүйлэх нь үлдсэн хүмүүсийн жам юм даа. Намайг явсны дараа хэдэн хүн үгүйлэх бол...

    муу ёрложаагаам биш хэзээ нэгэн цагт явахаас л хойш тиймээ

    ReplyDelete
  7. би л лав үгүйлкүээ ... :p

    ReplyDelete
  8. Сэтгэлийн мухартаа тайлаагүй учиг үлдээсэн бол тэр хүнээ их зүүдэлдэг юм шиг санагддаг.... сэрснийхээ дараа гэмтэй мэт бодол улам сэтгэлд лавшираад л... гэхдээ ямар ч уй гуниг цаг хугацаа холдох тусам зөөлөрдөг нь бас сайн хэрэг шүү....

    ReplyDelete
  9. Нээх сайхан зүүдэлж унтахиймсаан.
    Сүүлийн үед биеэрээ ч тэр сэтгэлээрээ ч тэр ядраад хоосон болчихлоо. Байгаагаас хоосон стресс л байх шив...
    Сэтгэлээ сэргэтэл ямар нэгэн юм хийх юмсан...

    нэг өдөр гэрэлтэх байлгүй дээ.. Энэ лаа...

    би би бяцхан лаа гэрэлтээрээ
    би би бяцхан лаа гэрэлтээрээ
    би би бяцхан лаа гэрэлтээрээ

    2 талаасаа шатвал хурц гэрэлтэх ч хурдан дуусна... :(

    жигүүр

    ReplyDelete
  10. хүмүүс зүүдлэхээ байцн юмуу даа ккк би лав зүүднүүдээ цуглуулвал олон ангит кино нилээд хэдийг хийнээ...

    над шиг богинохон дугхийгээд үзээч тэгвэл зүүдийг богоон богооноор нь зүүдлэнэ гэж мэд ккк

    ReplyDelete
  11. би сүүлийн үед мааш их зүүдлэж байгаа, заримдаа аймшгийн зүүд ч байдын, тэхдээ сүнс мэдрэгдтэл зүүдэлж үзээгүйм байна
    би зүүднүүдээ ойрд бас бодсон л доо, тэгсэн аягүй сонин зүүдний минь орчин тойрон дандаа төрсөн гэр минь байдын, гэрээс гараад арваад жил болчихсон хэрнээ энэ гэр минь зүүдэнд ер орохгүй үйл явдал голцуу манай аавын гэрт өрнөөд байдын, тэгээд ахтайгаа арваад жил уулзаагүй болохоор тэр юмуу ахыгаа бас их зүүдлэнэ, уул нь хамт амьдардаг байхдаа ахдаа дургүй хүрээд муудалцаал байдаг байсан чинь одоо санаад байх шиг байгаам хэхэ, тэр нэг залуу зүүдэнд минь бас их орно, тэхдээ зүүдэндээ ч гэсэн дандаа түгшүүртэй сэтгэл зовнилтой уулзаж байгаагаар зүүдлэгдэнэ, зүүдээ гэж сонин шүү, харин хэзээ ч совинтой зүүдлэж байгаагүйээ

    ReplyDelete
  12. Bi yu ch zuudelsen martchihdag. Uchir ni bagadaa har darj zuudleed ter sanaanaas garahgui bolohoor ni uunees tsaash yu ch zuudelsen sanahgui martaj bn gee doortoo command ogchihson yagaad ch yum biyelchihsen. Odoo shuud martaask unen amaraa nad shig hund bol

    Loll

    ReplyDelete
  13. нээрээ их сонин би ч гэсэн дандаа аавынхаа гэрт очиж зүүдэлдгийн...эндэх гэрээ түр зуурын гэж боддогийн болуу...


    Лолли өөрийнхөө үгэнд сайн ордог онц хүүхэд шүү чи хэхэ

    ReplyDelete
  14. Naizuudaa zuud chin ta nariin ilerch chadahgyi baigaa dotood zan turhiin ilreluud shuu dee. Jisheelvel emeegee huleelgesendee tuhain yedee neg ih toogoogui gej sanagdsan ch gesen dotroo hichneen sanaa zovj, yarch baisan chin odoo zuudeer chin ilerch garch baigaan. aaviinhaa gert baij zuudeldeg hun chin uhamsargyi setgeldee aaviindaa am'drah yumsan, ahtaigaa baih yumsan gesen bodol sanaa munhud orshij baisantai holbootoi. Bid gadnii yamar neg nuluulluus bolood tuuniigee mederch chaddaggui bolohoos... Uhamsarguin negen untsugt aldagdsan buhen nuugdchihaad chinii am'dral ruu shagaigaad baina gesen ug yum uu daa.
    Z...

    ReplyDelete
  15. нээрээ тийм байх шүү...далд ухамсараа гэж чухал эд байх шиг байнаа

    ReplyDelete
  16. Би бас саяхан 2 ч удаа зүүдэлсэн. Эмээгээ мөн ч их санаж байна даа. Нүдэнд харагдтал бичжээ.

    ReplyDelete
  17. Би орой унтахын өмнө хийсэн зүйлсээ л зүүдэлдэг. Ядаж байхад унтахын өмнө кино ч юм уу хардаг болохоор голдуу адал явдалт, зөгнөлт зүүд зүүдэлдэг. Өглөө босож ирээд лав ихэнх зүүдээ аягүй тод санадаг. ШУ зүүд өнгөгүй гээд байдаг ч над бол өнгөтэй байсан юм шиг, үнэр өвдөлтийг мэдэрсэн шиг л санагддаг юм. Тийм болохоор хар дарж зүүдлэх үед жинхэнэ там болдгийн. Бас ямар нэг зүйлд их санаа зовж байж унтвал заавал зүүдэлнэ. Уг нь 3 зууны өмнө Орост төрөөд, зүүдээ сайн манадаг байсан бол Ломоносов-н үелэх систэм биш Жамба-н үелэх систэм гэж нэрлэгдэх байсандаа гэж хөнгөхөн атаархдгийн...

    ReplyDelete
  18. Шүлэгч Заяа "АВАТАР"ыг зүүдэндээ үзэж байсан, тэгээд тэр тухайгаа блогтоо бичиж үлдээсэн гэсэн байлээ...Уншаад үзсэн чинь нээрээ бараг л адилхан юм шиг санагдсан...

    Бас Аюурзаны номыг уншаад зүүдний тухай бодол өөрчлөгдөөд байгаа...Би бас чам шиг аягүй тод мэдэрч зүүдэлдийшд. Тэхдээ биеийн биш сэтгэл санааны мэдрэмж. Баярлах, догдлох, айх, гуниглах гэх мэт яг бодит юм шиг тод зүүдлэгдээд сэрсний дараа ч санагдаад байдаг...


    Гэснээс Ломоносовын үелэх систем гэж хими дээр үздэг билүү юүвлээ? Тэрийгээ мань эр зүүдэндээ харсан юмуу?

    ReplyDelete
  19. Ломоносов зүүдэндээ ингэж хийвэл болохын бна гээд тэрийгээ сэрүүтээ гялс бичээд зураад хийцэн гэдийм бна лээ. Би гэхдээ яг хажууд нь байгаагүй л...

    ReplyDelete
  20. ломонносовын үелэх систем гэж сонсоогүй юм байна.Менделеевыг алдарт химийн үелэх системээ зүүдэндээ хараад хийсэн гэж харин дунд сургуульд үзэж байсан юм байна. Дашрамд хэлэхэд би химидээ их тааруухан сурдаг байсан юм шүү миний хөөрхий Монголчуудаа !!! юу хэлээд байгааг минь ойлгож байгаа биз дээ!!!

    ReplyDelete
  21. хөөрхий Монголчууд нь юугаа ч ойлгохов дээ
    АХА-д оролцоогүй бол Ломоносов, Менделеев хоёрыг андуурчлаа гээд сүртэй том асуудал үүсэхгүй бизээ гээл уужуухан амьдардаг хүмүүс шд.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)