22.4.24

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад...

6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холливудын алдартай энимэйшний хөгжмийг бүрэн хэмжээний оркестра амьдаар тоглож, холограм дэлгэц дээр томоор харуулж байсан. Урлан бүтээх төвийн үзвэрийн танхим жижигхэн, хуучирсан ч гэлээ чамин хийц, дэгжин байдлаа хадгалж үлдсэн байналээ. 

 

              


Хаана суувал илүү гоё харагдах бол гэж үзэх гээд хэрэг болгон урьдчилж очиж харж байгаад билет авсан мөртлөө, дэлгэц нь тайзныхаа урдуур, тийм том байна гэж мэдээгүй болохоор нүүрэн дээр тулж ирээд, өлийж үзэхэд хэцүү байсныг эс тооцвол хөгжмийн далайд шумбан жаргасөөн. Хүүхдүүд бүтэн сууж чадахгүй дундуур нь гарч гадаа тоглосон, гэхдээ үзвэр үзэх, амьд хөгжмийн дуугаралт сонсохын зах зухаас мэдэрсэн байх. Удахгүй хүүхдийн бүжгэн жүжиг бас үзнэ дээ гурвуулаа. Тараад нээх хөөрхөн засалтай номын дэлгүүр орсон. 


Тэндээсээ гэр хүртлээ алхсан, хөгжилтэй юм яриал, инээлдээл. Намуухан, дулаахан, УБ хотын үдэш, жаргалтай дурсамж...



7-нд Тэрэлжид вино уунгаа зураг зурж үзлээ. Амьдралдаа анх удаа бийр будаг нийлүүлж, уран бүтээл туурвисан. Шинэ зүйл турших, цэвэр агаарт гарах, вино уух, өөртөө цаг гаргах - эдгээрийн аль нь илүү кайф өгсөнийг мэдэхгүй, гэхдээ мартагдашгүй сайхан өдөр...


9-нд UB Quiz Night оролцов. Бас л анх удаа. Огт санаанд оромгүй асуултанд багаараа хэлэлцэн хариулах, тэр нь зөв байх, огт санаандгүй хэн нэгэнтэй тааралдах, хөгжилтэй байснаа өөр нэгэнд гайхуулан ярих, тэгээд дараа нь цуг оры гэж төлөвлөх... Амьдарч буй цаг үе, хотынхоо нэгээхэн хэсгийг шинээр өөртөө нээх. Уураг тархиа цочроон баярлуулсан гоё үдэш...

14-нд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөв. Нэг талаар өөрийгөө сорих, нөгөө талаар хааяа нэг орчуулгын ажил хийхэд оноотой байх шаардлагатай болоод. Оюутан залуусын дунд орж, тэдний гоё эрч хүч, vibe-р цэнэглэгдэх сайхан байсан. 

17-нд ажил дээр үл ойлголцол үүсээд. Өмнө нь бол тэгсгээд намжтал нь чимээгүйхэн харзнадаг байснаа болиод, багийнхаа хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж эхэлсэн. Эхлээд яриаг нь сонсож, сайн чанар, давуу талыг нь дурдаж байгаад, дараа нь харилцан feedback солилцсон. Одоо дахиж яст мэлхий шиг хуягандаа толгойгоо нуухгүй, тулаад, даваад гарч байя л гэж бодогдож байна. Тэгж чадна гэдгээ мэдэрсэн нь хамгийн чухал ололт байсан. 

18-нд нүүрном дээр нэг бүсгүй хорт хавдартай болсон, эмчилгээнд нь хандив өгөөрэй гэхээр нь 20к явуулсан чинь нэг 0 илүү бичээд 200к шилжүүлцэн байсан. Эх орны хишиг ингээд тэр бүсгүй рүү. 10 жилийн төгсөлтийнхөн бас сагсны тэмцээний хандив нэхээл байна. Өгөхгүй гүрийнэ л гэж бодож байна. 

19-нд ажлын газрын парти. Хүмүүсээс урьд нь олж хараагүй чанарыг нээх, бас өөрийнхөө далд байсан төрхөө олж харах гээд сонирхолтой л байлаа. Тараад алхаж явахад хамаг стресс арилсан, сэтгэлийн амар амгалан яг тэр шөнийн намуухантай зохицсон мэт санагдаж байв.

20-нд маш олон ажил төлөвлөсөн завгүй өдөр байв. Хүүгээ бассейнд оруулаад хүлээнгээ цэцэрлэгт хүрээлэнг гүйж нэг тойрохдоо түрийвчээ хаячдын. Тэгээд түрийвчээ хайж буцаж нэг тойроод. Олж чадалгүй, хүүгээ бассейнаас нь авахаар очтол хүү алга. Гэртээ ганцаараа харьчиж. Шууд дараагийн ажил - том охины зөвлөх багштай уулзахаар очлоо. Уулзалтын дундуур банкнаас залгаж байна, миний картыг хүн олсон гээд. Тарангуут тэр хүний байгаа газар луу таксидлаа. Дөнгөж очиж аваад баярласан талархсанаа илэрхийлээд буцаад такси. Хоёр багатайгаа хүүхдийн арга хэмжээнд очих ёстой байсан. Өөрсдөө биеэ даагаад хувцас хунараа өмсөөд, миний хэлсэн газар торойгоод зогсож байсан. Нэг үеэ бодоход овоо л болж дээ үрс минь. Ашгүй арга хэмжээнээс хоцорсонгүй, хүүхдүүд ч баяртай, би ч сэтгэл амар. Тэр өдөртөө бол happy ending. 

21-нд хэвтээ тэнхлэгт, ойр зуурын гэр орны ажлаа амжуулан амарч байлаа. Гэвч!!! Морфийн хууль намайг бүрмөсөн дайрахаар шийдэж. Яг унтахын өмнө имэйлээ шалгатал яаралтай орчуулах материал ирсэн байв. Хүүхдүүдээ унтуулчаад орчуулгаа хийж байтал гэнэт хаалга хүчтэй цохив. ДҮШШШ, манайх доошоо ус алдаж байна гэнэ. Бүтэн сайны орой болгон ус тасардаг, тэгсгээд шөнөдөө ирдгийн, хүүхдүүдийн нэг нь цоргоо хаагаагүй орхисон байж, би юм орчуулаад ус дуугарахыг анзаарсангүй. 4 түмпэн ус шавхав, доод айл руу орж хохиролтой нь танилцав. Маргааш мөнгө төгрөг ярилцахаар болов. Буцаж орж ирээд орчуулгаа дуусгав.  Хамгийн өөдгүй нь орчуулгын хөлсөө хариугүй жоохон, хямд үнээр гэрээ хийснээ анзаарсангүй. Унтахаар хэвтэхэд 2 цаг. Өглөө 5:40-д босдог. 

22-нд буюу өнөөдөр. Өглөө шууд Блү Скай орох ёстой байснаа мартаад ажилдаа ирсэн байв. Гэнэт санаад тийшээ явсан. Азаар бүх юм окэй. Буцаад ажил руу ирэх замаараа цусны төв орж цусаа өгсөн. Дутуу нойртой хоносон, биений юм дуусаад удаагүй, өгч болохгүй гэдгийг нь мэдэж байсан ч дахиж зав мөд гарахгүйм чинь гэж шалтаглаад, 8 цаг унтсан гэж худлаа хэлээд өгчихсөн. Сувилагч нь бүр бүтэн нойртой хоносымуу даа гэж асуугаад байхад, тэгсээн гэж инээж байгаад. Яагаад өөрийгөө ингэж булан луу түлхэж байгаагаа өөрөө ч ойлгоогүй. Мазохист юмуу, өөрийгөө хохироож энэ биеийг гаргуунд гаргая гэж байгаамуу, эсвэл хэр их ачаалал дааж чадах хязгаараа шалгаад байгаамуу бүүмэд. Ямар ч байсан ухаан алдаж унаж нтр сүйд болсонгүй. Цусны уут ч ердийнхөөс илүү хурдан дүүрчих шиг санагдсан. 

Ямар ч үед гэрэлтэй тал байдаг л даа. 

Азаар

- Доод айлын хүмүүс их дажгүй, тохитой томоотой ах эгч хоёр байсан. Тааз нь бага зэрэг норсон боловч тэгтлээ их сүйдээгүй санагдсан. Өнөөдөр хатсаных нь дараа очиж харна даа.

- Өнөөдөр балетын хичээл орохгүй өнжих нь. Орсон бол таслахгүй гэж очоод улам ядрах байсан

- Хэдийгээр Morphy's Law-с бултах аргагүй боловч, унавал өвдгөө гөвөөд босч ирэх, ядарвал амарч байгаад эргээд өндийх, алдвал уйлж байгаад нулимсаа арчаад дахиад зүтгэх, гомдвол эргэцүүлэн бодож байгаад уучлах, эсвэл орхиод урагшлах April's Law байгаа болохоор алзахгүй, үргэлжлүүлэн амьдраал байна даа. 





3.4.24

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас явсных уу ухаан суусных уу аяндаа ийм хандлагатай болсон бдг шүү. Шийдээгүй орхисон, дутуу дулимаг мэдрэмжүүд хүнийг их стрессдүүлдэг гэсэн. Сонгууль гэснээс ажил дээрээ нэг юманд сонгогдсон, хурал ба з/б хийх ажлууд нэмэгдэх нь. 

Ээжтэйгээ эвлэрсэн. Сүйдтэй хичээл зүтгэл гаргаагүй ч эхний алхмыг би хийсэн. Өөр хэн хийхэв дээ, хүнтэй муудалцсан хэвээр байх сэтгэлд хөндүүр оргиод хэцүү байдаг, нэг ч гэсэн асуудлаа алга болгож сэтгэл амарлаа.

Хүүг өглөө орой зөөж өгдөг найз байдгийн. Тэр байгаагүйсэн бол би өдий муужраад унасан. Үнэхээр их ач тустай найз. Мэссэнжирээр баярлалаа гэж бичээд, өглөө хам хум таарахдаа бэлгийн карт өгсөн ч, тухтай талархалаа илэрхийлж амжихгүй яваад байсан. Өчигдөр албаар цаг гаргаж уулзаад, аяга кофе уунгаа, ажлынхны мартаар өгсөн бэлгийн картыг өгөнгөө, үнэхээр их баярладаг шүү гээд нүүр тулан хэлсэн. Бас нэг санаа зовоосон зүйл арилсан.

Амьдралын чанар болоод эрүүл байхад нойр, хоол, хөдөлгөөн гурав хамгийн чухал байх. Нойрыг бол сүүлийн 10-аад жил тавиад тууцан. Жирэмсэн болоод л шөнө сайн унтаж чадахгүй, төрөөд эхний хэдэн жил мэдээж байнга сэрээстэй, залгуулаад дараагийн жирэмслэлт, төрөлт, нойргүй шөнүүд. Хүүхэд гаргах бүрт дор хаяж 5 жилээр огцом хөгширсөн харагддаг нь яалт ч гүй нойрноос болдог байх гэж боддын. Тэгж байтал сэтгэл гутрал залгав, шөнө сэрчүүл буцаж унтаж чадахгүй тарчилдаг болов. Сунгалтын дасгал хийгээд арай дээрдсэн. 

Бага охиноо 6 хүртэл өвөртөлж унтсан, хүүхэдтэй унтахаар бас л тух муутай. Өнгөрсөн сард хүүхдүүдээ тусад нь өрөө рүү нүүлгэж, өөртөө шинэ ор, матрас авлаа. Матрасыг нь бүр аймаар үнэтэй биш ч гэсэн хэрэндээ мөнгө зарсан, жаахан горойсон. Гэхдээ нойрны чанар бүр бест, гүн бөгөөд нам унтаж байгаа болохоор зарцуулсан мөнгөндөө огтоос харамсахгүй байна. Аягүй том асуудлаа ийнхүү шийдлээ.

Сэтгэл дундуур байдаг харилцааг эсвэл тэр чигт нь хүлээн зөвшөөрөөд, илүү ихийг хүлээхээ болих, эсвэл бүр больж орон зайг нь хоослох гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргах хэрэгтэй болох юм. Хүлээлтгүй амьдрах зөв байх, гэхдээ сэтгэл дундуур байдалтайгаа эвлэрснээс зүгээр л бүхнийг орхиж цээжээ сайхан хоослох нь илүү зөв санагдах боллоо.

26.3.24

👸🏻💔6x6


3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өөр хэлтэс рүү. Учиргүй их ач холбогдол өгч, бэлдээгүй ч гэлээ, тэнцээгүй гэхээр урам хуга. Тэгээл маргааш нь мартаал. 

Ээжтэйгээ нэг сайн муудалцсан. Блог дээрээ өвөө, эмээ, аавынхаа тухай бичсэн хэрнээ ээжийгээ бичээгүйм байна лээ. Урам зориг өгдөг эмэгтэйгээ бичнэ үү гэсэн асуултанд хэд хэдэн хүн ээжийгээ бичсэн байхад би бол тэгж бодож үзээгүй. Ер нь бид хоёрын харилцаа бусад дийлэнх ээж охин хоёрынхоос өөр. Бас л нөгөө А, Б хоёр энд гарч ирнэ. А байхдаа ээжийн дуулгавартай охин, үгнээс нь гарахгүй, заавраас нь гажихгүй. Б харин ээжийн санаанд нийцэхгүй, дураараа, өөрийгөө илүү бодно. Эндээс л зөрчил үүсчээд байдын.

Харүки Мураками - Радио


Зохиол биш, богино бодлуудын түүвэр юмуу даа. Уншихад ёстой хөнгөхөн, амархан. Ер нь Муракамиг уншихаар дүрүүдтэй нь цуг амьдраад, ярилцаад байгаам шиг санагддаг. Энэ номонд мань эр өөрт тохиолдсон явдлууд, мэдрэмжүүдээ бичсэн болохоор яг л зохиолчтой өөрөө хууч хөөрөх мэт. "Орчлон ертөнцийг миний нүдээр ажиж чадах хэн нэгнийг би хүлээдэг" гэж хэлсэнчлэн, Муракамигаас өөртэйгээ ижил чанар олоод нээх гоё баяр хөөр төрөөд. Жишээ нь хотын гудамжаар юм ажиглаад гүйх дуртай нь, хүнд юм зааж чаддаггүй нь, өөр хүмүүс бол анзаарахгүй өнгөрөх энгийн, жижиг сажиг зүйлд ач холбогдол өгч анзаарсан байдаг нь гэх мэт. Монголын тухай 2 удаа дурдсан байсан: МИАТ-ын онгоц бараг үйлчилгээгүй унтлагын өрөө шиг, амар гсн. Бас модон жорлонгоос болоод хүндээр бие засаж чадахгүй зовсон тухайгаа. 



Энэ хаврыг санагдуулах дуу. Дуучин охин хүнд хаягдсан мэдрэмжээрээ өөрөө үг аяа зохиосон гэнэ. Ийм дуу зохиотлоо шаналж үзээгүй л яваа юм шиг. Сэтгэлийн өвдөлт биеийн өвдөлт болдгийг, тэр нь яг цээж урах мэт хэцүү байдгийг бол мэднэ, гэхдээ бүхэл бүтэн 6 жил хэн нэгнийг хүсэж хүлээж байгаагүй. Анх сонссон мөчөөс эхлээд л тасралтгүй сонсоол, дотор нь гүн ороод нэвчээд, сэлээд, живээд, эргэж бодит байдал руу гарч ирэхгүй тэндээ үлдчмээр тийм л дуу. 

16.3.24

What a week!

 Ажил дээр аудит ирээд, ажлаа шалгуулах нь таашаал өгөх зүйлсийн эхний 10 жагсаалтанд багтахгүй л байх, гэтэл аудитор маань дэлхийн хамгийн валиар зантай аудиторын шалгаруулалтанд тэргүүлсэн гар байж таардын, тээл стрессийн түвшин овоо ихэсчээл байжийтал машин эвдэрсэн хэрэг манддын, гол хариуцдаг байснаар нь нөхөр лүүгээ S.O.S хүстэл уурлангуутаа наанаа өөрөө шийд. Дүссс... Тэгжийтэл бага охин шалгуулсан сургуульдаа тэнцээгүй мэдээ түссс...Ингээл сэтгэл зүй дэх стресс үерлээд наассс. Угаасаа ч байнгын халиа тошоотой байдаг л даа. 

Тэхдээ өвчин зовлон л биш бол, энэ зэргийн асуудлыг давах хат суужээ. Асуудал биш шийдэл дээрээ төвлөрөөд /аая энийг ажлын ярилцлаганд хэрэглэж үзсэн, ёстой гоё үг/, боломжит арга хэмжээнүүдээ аваад, боломжгүйг нь тэр дор нь мартаад... Даваад гарсөөн. Сэтгэл гэдэг эрхтэн гэж яг үнэн. Өдөржин стрессдээд харьж явахад цээжний цаана нуль хөндүүр. Бөөн зодуур давсан юм шиг л. Нээх тэгтлээ зодуулж бол үзээгүй л дээ. Зүгээр тийм байдаг болуу гэж төсөөлөв.

Өнөөдөр дахиад нэг сургуулийн ярилцлага. Аав нь байхгүй гээд эмээг нь оролцуулаад гурвуулаа. Том охины их сургуулийн ярилцлага биш шүү. 6 наст л сургуульд орох гээд ингэж байна. Today монголд тэ, боловсрол болоод бодит байдал ийм л байна тэ. Согтсон нь мэдэгджийнүү хаха.

Тэхдээ байшдээ, 3 жилийн өмнө хүүгээ сургуульд бэлдэж, жилийн өмнөөс хол, үнэтэй цэцэрлэг рүү зөөж, ковидын үеэр хичээл давтуулж, хамаг хичээл зүтгэлээ зориулж байх үеийн сэтгэл зүй, өнөөдөр отгон охиноо сургуулийн ярилцлаганд оролцуулахаар бэлдэж байх үеийн сэтгэл зүй хоёр газар тэнгэр шиг ялгаатай болжээ. Юмыг илүү хөнгөн, тайван, учир зүйтэй, гэхдээ тохиромжтойгоор хүлээж авдаг болсон байна, чадах хүртлээ хийгээд, цааш нь урсгалд нь даатгаж мэддэг болсон байна. Энэ бүхэн төгсгөл биш, тэгтлээ шаналаад байх зүйл биш, эхлэл биш юмаа гэхэд зүгээр нэг дайраад өнгөрөх шат дамжлага юм, хүүхэд хаана ч сурлаа гэсэн өдөр тутмын хандлага, чармайлт, хичээл зүтгэл хамгийн чухал гэх мэт зүйлсийг ойлгож чадсандаа баярлам. 

Аливаа асуудалд хандах хандлага, шийдэх арга нь илүү цэцэн мэргэн "Wise men say" болсон нь аргагүй нас ахихын давуу тал юмуу даа. Адилхан нөхцөл байдалд илүү ухаалаг, зовлон шаналал багатай хариу үйлдэл үзүүлж сурснаа мэдрэх гоё бдын бн. 


Энэ дуу нь нээх хамааралгүй. Тэхдээ яахав оруулчий

3 жилийн өмнө хүүгээ ярилцлаганд нь оруулчаад сэтгэл амрах, хоосрох мэдрэмж хослоод бүтэн шил вино уугаад тасарч байсан түүхтэй. Энэ жил бас бүтэн шилийг бараг дуусгах гэж байна, уламжлалаа хадгалах нь зөв биздээ :)  Гэхдээ нэг шилийг уугаад тасрах нь байтугай блог дээрээ бичвэр оруулаад сууж байгаа нь бас л сүпер тэ. 






11.3.24

Алтан Орд - Монголчууд дэлхийг өөрчилсөн нь

 Уншсан номын сэтгэгдлээ бичдэг байсан сайт маань учир битүүлэг шалтгаанаар миний хамаг тэмдэглэлийг устгаад. Одооноос өөрийнхөө юман дээр бичиж байя гэж бодсон. 




Marie Favereau гэх франц түүхчийн бичсэн "Алтан Орд" номыг зориглон барьж авч дуусгав. Чин үнэнийг өчихөд, би түүхийн мэдлэг үнэн "нойл", монголын түүхээ бүр мэдэхгүй. Уншиж мэдэх сэн гэсэн хүсэл ч багатай нэг тиймэрхүү ойд төөрсөн орк хүн л дээ. Ийм зузаан түүхийн ном уншаад, бүр дуусгах юм гэж ёстой төсөөлөөгүй. Зохиогч нь Монголд ирж, уншигчидтай уулзаад, гарын үсэг зурж байгаа тухай мэдээ сонсоод яагаад ч юм сонирхол төрчихсөн. Шал сонин юмнаас trigger авдаг тархитай. Тэр зохиогч нь Франц хүн гэдэг бас нэмэлт болсон байх. Уг номыг уншиж байгаа хүнтэй ойрхон тааралдсаныг хэлэх үү, зээлж аваад уншиж эхэлсэн. 

Маш олон төрлийн эх сурвалж, баримтыг уйгагүй цуглуулж бичсэн, болсон явдлын учир шалтгаан логикийг ойлгомжтой, эмх замбараатай, цэгцтэй бичсэн нь маш их таалагдсан. Өмнө уншсан бүх түүхийн номыг нийлүүлснээс илүү их мэдлэгийг энэ номоос авсан мэт. Чингис хаан, түүний үе залгамжлагчид Их Монгол улсыг байгуулсан тухай л бүдэг бадаг мэддэг байснаас биш ууган хүү Зүчи нь хэрхэн өөрийн улсыг төвхнүүлж, цаашаа яаж хөгжин үргэлжилсэн тухай огт мэдэдгүй байсын байналээ. 

Зөвхөн газар нутгийг байлдан дагуулж, хүн амыг нь хядаад явдаг зэрлэг нүүдэлчид бус, арилжаа наймаа, татвар, улс төр болоод дипломат харилцааны ур чадварыг гарамгай эзэмшсэн, олон янзын үндэстэн ястныг эвтэй найртай засан товхинуулах ухаантай олон олон Монгол хаад Алтан Ордыг удирдаж, үүгээр дамжин бүс нутгийн болоод дэлхий дахины хөгжлийн голдирол бүхэлдээ өөрчлөгдсөн тухай онцгой сонирхолтой бичсэн ном байлаа.  Мэдээж эрх мэдлийн төлөө тэмцэлдээн, дотоодын зөрчил, хувь хүний шуналаас үүдсэн харамсалтай алдааг ч алгасалгүй багтаасан. Нийт Монгол улсыг биш, зөвхөн Алтан Ордыг томруулан судалж бичсэн болохоор хэт их үйл явдал дунд толгой эргэж самуурахгүй давуу талтай байсан. 


Нэг сонирхолтой хэсгийг нэмж бичмээр санагдлаа. Алтан ордын хаан болохын төлөө Ногай жанжин Тогтоатай хуйвалдан төрийн эргэлт хийдэг, энэ үйл явдлыг бүр дэргэд нь байсан юм шиг нарийвчлалтай бичсэн: Ногай жанжин нас дээр болж үхлээ хүлээж байгаа гэсэн цуу яриа тараагаад, үүнийгээ нотлох гэж элч нарын өмнө амандаа малын цус балгаж байгаад цусаар ханиаж үзүүлдэг. Тэгээд алтан ургийн ноёдтой эцсийн удаа уулзая гэж цуглуулаад зэр зэвсэггүй, хар сэжиг аваагүй найрлаж байхад нь Тогтоа гэнэт дайрч орон бүгдийг нь хүйс тэмтэрсэн тухай. Ингэж Тогтоа, Ногай жанжин хоёр эвсэлдэн төрийн эрх авсан боловч дараа нь өөр хоорондоо үхэлдэн тэмцэлдсэн байдаг. Иймэрхүү түүх өч төчнөөн давтагдсан. Заримдаа адал явдалт зохиол билүү андуурмаар...

Орчуулга үнэхээр төгс байлаа, дандаа ийм ном уншдаг болоосой!

5.3.24

Split

Нэг хүний бие сэтгэлд шал эсрэг тэсрэг хоёр хүн оршин байна гэж байх уу. Байхаар барах уу тэр хүн нь би өөрөө байвал яахуу?


Split гээд кино үзсэн үү, нэг хүний дотор олон ялгаатай ухамсар зэрэгцэн оршдог тухай гардаг? Нас хүйс, зан чанар, identity нь бүгд өөр. Аль хүчтэй нь нөгөө хэдийгээ дарангуйлж гарч ирээд байдаг. Миний хувьд бүр тийм экстрим биш ч, тэс өөр хоёр ааш араншин ээлжлээд байгааг анзаарах боллоо. 

А: Маш томоотой, намуухан, үг дуу цөөтэй. Хүлцэнгүй, дуулгавартай. Гэрээс гарах, гоёж гоодох, шоу цэнгээнд дургүй. Түгшимтгий, аймхай, шинэ зүйл турших, дассан орчноо өөрчлөх хүсэлгүй. Хэн нэгний нөмөр нөөлөг дор, хамгаалагдсан мэдрэмж авч энгийн, амгалан амьдрахыг эрхэмлэх ба үлгэр жишээ сайн ээж бол хүүхэддээ цаг зав, анхаарал, энергиэ зарцуулах ёстой, өөрийгөө мартсан ч хамаагүй гэх бодолтой. Сексийн дур хүсэл багатай, хайрцаглагдсан. 

Б: Сахилгагүй, оргилж дэвэрсэн, гаднаасаа мэдэгдэхгүй ч дотроо буцалдаг. Өөрийгөө сорих, challenge хийхээс буцахгүй. Танихгүй хүнтэй ярихаас эмээдэггүй, гадуур тэнэх дуртай, согтож манарах гоё гэж боддог. Өөрийнхөө хүчинд итгэдэг, үхэхээс өмнө харамсахгүйн тулд санасан зүйлээ хойш нь тавилгүй хэрэгжүүлэх зоригтой. Ээж нь өөрөө сэтгэл хангалуун байжийж хүүхдүүд нь жаргалтай байна гэж боддог, толинд хараад өөртөө таалагдаж байхыг хүсдэг. Юу л болвол болог, би чадлаараа хичээсэн дээ гэж тайвширч мэддэг. Эрх чөлөөнд дуртай, бүтээлч. Сээгсий хаха.

Миний амьдралын ихэнх үеийг А хэв шинж давамгайлж өнгөрөөсөн, харин сүүлийн үед Б нь.  Ялангуяа нөхөр архинд орж, хайр халамж нь эрс буурах үед дотор байсан хоёр маань зодолдоод, Б нь одоо миний ээлж гээд ил гарч ирэх болсымуу даа. 

Сая нөхөр буцаж ирээд хэсэг цуг байв. Эхний 7 хоног нь яг өмнөх шигээ байнга согтуу өнжсөн. Тэгснээ гэнэт ухаан ороод эв эрүүл, сав саруул, бүх юманд туслаад, халамжлаад, хүүхдүүдтэйгээ байнга тоглоод, яг л миний хүсэж байсан эр нөхрийн дүр зураг. Амьдралын гол өөр салаагаар урссан бол иймэрхүү байх байж дээ гэж, киноны трэйлэр үзэж байгаам шиг хэсэгхэн зуур харж мэдрэв. Энэ боломжийг алдалгүй А  хүч түрэн орж ирэв, тэгээд өчигдөр нөхрийг явангуут өдөржин намайг шаналгаж цээжийг өвтгөв. Хүүхдүүдтэйгээ тоглож байсан нь нүдэнд харагдаад, одоо мөддөө энэ хэд маань аавтайгаа ингэж цуг байхгүй гэж бодохоос өрөвдөөд нулимс асгараал байсан. Бас нөмөр нөөлөг, хамгаалагдсан мэдрэмж алга болчихсым шиг, одоо ойр тойронд найдах хүнгүй яана даа гэх мэт бодол дотроос хэмлээд, нэг өдрийг арай л гэж давлаа. 

Унтаад сэрсэн буцаад Б эргэн ирсэн бололтой. Би бүхнийг зохицуулж чадна, хүүхдүүддээ илүү сайн хандаж happy mom байхад хангалттай, угаасаа энэ бүх нөхцөл байдал миний буруу биш, нөхөр эндээ үлдлээ гэхэд архинаас гарч чадахгүй, бүх юм улам дордох байсан, тиймээс тэндээ өөрийгөө дайчлаад, донтолттойгоо тэмцээд байж байх нь илүү дээр гэх мэт бодлууд байраа эзэлж. Сая ирэхдээ нодлин уулзуулкээд чадаагүй сэтгэл засалчтай уулзаад, зөвлөгөө аваад, тэндээ очсон хойноо бас онлайнаар холбогдож байхаар болоод явсан. Донтолтоос гарахад орчин нөхцлөө өөрчлөх маш чухал байдаг юм гэсэн. 

АБ хоёр бие биенээ ерөөсөө ойлгодоггүй. Б болсон үедээ А шиг тэнэг хүн бхгүй, А нь буцаад дийлэхээр хэзээ ч би Б гэж зантай байгаагүйм шиг л санагддаг. Тэхдээ хэдий А давамгайлсан байлаа ч, блог дээрээ Б зангаа ил гаргадаг, зүүдэндээ Б болж зүүдэлдэг байсан мэт. Би хувьдаа Б байх дуртай. Б байсаар дуусмаар байдаг. Б байснаараа өөрийнхөө потенциалыг илүү нээж, нөөц бололцоогоо ашиглаж, адал явдалтай, дурсамжтай, бүрэн дүүрэн амьдарч чадах юм шиг. Харин нөхөртэйгээ зохицож, сэтгэл хангалуун цуг байхын тулд А байхаас өөр аргагүй мэт. Б бол хэзээ ч нөхөр шиг хүнтэй жаргалтай байж чадахааргүй. Эсвэл би буруу бодож байж магадгүй, хэсэг хугацаанд яаж өөрчлөгдөхийг харж л байя даа. 


29.1.24

2 кино

 Сардаа ядаж ганц бичвэр оруулж бгаарай гээд нэхээд байдаг хүн байдын. Он гарсаар үзсэн хоёр киноны тухай бодлоор 1-р сарыг тоймлоё доо.


Баавгай болох сон

УБ кино наадмын үеэр ганц билет алалцаж байж олж авчаад, хэдэн хүүхдээ яасхийж нэг зохицуулаад очиж үздийн билээ гээд санааширч суутал, ФБ дээр миний дагадаг мундаг охин билет хайж байна гээд оруулдын. Надаас дор хаяж 20 дүү, тэгсэн мөртлөө бичиж, орчуулж, сэтгэж байгаа нь гүйцэгдэшгүй, би хувьдаа гоц ухаантай болуу гэж шүтдэг хүүхэд байдын. (Төгс тоо гэдэг ном орчуулсныг нь уншсан бол мэдэж магадгүй) Тэгээд өөрийнхөө тасалбарыг түүнд өгчихсөн. Энэ бяцхан тохироонд бас их баярласан. 

Ашгүй кино маань театрт гарч эхлэх сураг гарч, найруулагчийнх нь ярилцлагыг үзлээ. Киногоор өгөх гэсэн мэссэж - Ядуурлаас ангижрах төгс гаргалгаа нь боловсрол. Өөрөө хүүхэд байхдаа энийг ойлгоод ээжийгээ гуйж байгаад сайн хувийн сургуульд төлбөр төлж сурсан, их сургуульд сурах мөнгөөрөө. Би өөрөө тэтгэлэг авчихнаа гэж ээждээ амласан, тэрүүндээ ч хүрсэн. Киноны төсөв хэтрэх үед байраа зараад нэмэрлэсэн, гэхдээ энүүгээрээ маркетинг хийхгээгүй, хамаг бүхнээ зориулах хэмжээний итгэл үнэмшилтэй байснаа л хэлэх гэсэн гэнэ. Би ч гэсэн боловсролд хамгаас итгэдэг, бас өөрийн хийж буй ажил, зорьсон зорилгодоо бүхнээ зориулах итгэл үнэмшилтэй хүмүүс үнэхээр шүтмээр санагддаг. Ингээд дүүрэн хүлээлттэй киногоо үзлээ. 

Гүйцэтгэл 99%, харилцан ярианаас авахуулаад зураг авалт, камерын өнцөг, жижиг деталь, том зураглал, жүжигчидийн сонголт, жүжиглэлт, дуу хөгжим, найруулга... Үнэндээ л мэдээд сураад боловсроод ирсэн хүний хийсэн бүтээл хэлэх үггүй, алга ташмаар мундаг санагдсан. Өнөөдрийн бодит амьдрал, энгийн, хүчилсэн зүйлгүй, тэгсэн мөртлөө ерөнхий агуулгаас эхлээд нарийн чимхлүүр шигтгээ нь хүртэл анзааралгүй орхисон ганц сул мөч хоромгүй, бодол ухаанаа шингээсэн нь илт. Ийм сайн монгол киног үзэх өдөр ирдэг юм байжээ гээд бүр нүдэндээ итгэмээргүй байлаа.

Гол дүрээс авахуулаад жижиг туслах гэлтгүй бүх дүрээ сайтар хөгжүүлж, "амьдруулж" чадсан санагдсан. Хамгийн өрөвдөлтэй, арчаагүй, хөөрхийлөлтэй нь ээжийн дүр. Өлзий хүүгийн өмнөөс уур хүрч багтарч байснаа, хүнээс хараат, бие даах чадваргүй хүн /заавал эмэгтэй ч гэлтгүй/ ягтаа тулах үед нээрээ л хэцүүдэх нээ гэж арьсанд хүртэл мэдрэгдэх шиг. Хэдий би шашин шүтлэг, мухар сүсгээ орхисон ч гэсэн, амьдралд ам гарч болохгүй, хүний амьдрал хаашаа яаж ч эргэж болно гэдэг айдас түгшүүр улам гүнзгий суусан юм шиг. Өөрөө бие сэтгэл эрүүл байж, үр хүүхдээ, цаашлаад чадлынхаа хэрээр тусалж болох хүүхдүүдийг биеэ дааж амьдрах чадвар, боловсрол, мэдлэгтэй болгохын төлөө л хичээх юмсан гэж бодсон. 

Past Lives /Өмнөх насны амьдрал

Энэ жилийн кино наадмуудаар дэвшиж байгаа, солонгос гаралтай эмэгтэйн бүтээл. 12 настайд нь амьдралын зам нь хоёр тийш салж одсон анхны хайртууд. 24 настайдаа эргэж онлайнаар холбогдох боловч, дэлхийн бөмбөрцгийн хоёр бөөрөнд байх хол зай, төвхнөж амжаагүй нөхцөл бололцоо нь дахин тэднийг салгаж, 36 насандаа нэг нь хэдийн гэрлэсний дараа ахин уулзах боломж тохионо. 

Гоц гойд үйл явдалгүй, намуухан урсах кино. Холливуд, Солонгос киноны аль алинаас нь тэс өөр, эв хавгүй юм шиг хэрнээ яг л бидний амьдралд тааралддаг бодит хүмүүс шиг дүрүүдэд шууд л автаж орхисон. Ялангуяа эмэгтэйн царай, өмнө нь огт харж байгаагүй, жүжигчин гэхэд арай л эгэл, тэгсэн хэрнээ үзэсгэлэнтэй, сэтгэл татам байсан. Бас зураглал нь бүр шүлэг яруу найраг мэтээ. Намуухан, аядуухан, өвөрмөц содон, нүд салгахын аргагүй...

인연 - 因緣 - InYeon гэж кинон дээр гардаг. Хүмүүс хоорондоо зөрөөд өнгөрөх хүртэл цэвэр тохиолдол биш, өмнөх насны "үйлийн үр" гэсэн утгаар. Гэхдээ үйлийн үр гэдгийн сөрөг, зовлонтой утга нь биш, өмнөх насанд учирч байсан, тэр байтугай 800 мянган удаа давхарласан тавилангаар хоёр хүн хоорондоо гэрлэдэг. Харин гол дүрийн хоёр зүгээр учраад л, хоёр биедээ тэсвэрлэшгүй их татагдаад л, гэхдээ цуг үлдэж чадаагүй нь өмнөх насны InYeon дутсаных гэж бие биедээ тайлбарлаад, хойд насандаа уулзъя гэсэн утгатай үг хэлээд салцгаадаг. 


Яг ингээд хэлэхээр байдаг л нэг улиг домог болсон кино мэт, гэхдээ тийм бишээ. Үнэндээ би угаасаа хойд урд нас, төөрөг тавиланд итгэдэггүй. Бас хоёр хүн хоорондоо зориулж заяагдсан, заяаны хань гэх мэт ойлголт ч учир дутагдалтай. Гэвч, киноны туршид энэ хоёр хүний хоорондох таталцал, хэрвээ физикийн хуулиар тооцож, энергийг нь хэмжиж болдог бол уулыг дээш нь өргөж усыг өөд нь урсгах их хүчтэй байсан. Биеийн хэлэмж, харц, chemistry...Гэхдээ тэр хоёрт хамт байх боломж гараагүй, магадгүй тийм боломжийг гаргахад орчин нөхцөл, тохироо timing, бас зориг дутсан байх. Ядаж нэг нь бүхнээ хаях зориг, тэнэгдүү гэмээр зориг гаргасан бол яаж эргэх байсныг таашгүй. Хэн хэн нь үүнийг ойлгож байсан, зүгээр л InYeon хүрсэнгүйдээ гэж өөрсдийгөө хуурах нь заримдаа илүү дээр санагддаг бизээ. 


Насанд хүрсэн хүмүүсийн ойлголцол бас их гоё юм. Эхнэр нь анхны хайртайгаа уулзаад, үхтлээ татагдаад, дэргэд нь ойлгогдохгүй хэлээр яриад байхад дуугай сууж сонсоод, таксинд суулгачаад уйлаад ирэхэд нь чимээгүйхэн тэврээд аргадаад оруулах нөхөр. Магадгүй ийм далай шиг нөхөртэй учраас догдлуулж ирсэн давалгааг дагалгүй дэргэд нь үлддэг байх...

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...