11.3.24

Алтан Орд - Монголчууд дэлхийг өөрчилсөн нь

 Уншсан номын сэтгэгдлээ бичдэг байсан сайт маань учир битүүлэг шалтгаанаар миний хамаг тэмдэглэлийг устгаад. Одооноос өөрийнхөө юман дээр бичиж байя гэж бодсон. 




Marie Favereau гэх франц түүхчийн бичсэн "Алтан Орд" номыг зориглон барьж авч дуусгав. Чин үнэнийг өчихөд, би түүхийн мэдлэг үнэн "нойл", монголын түүхээ бүр мэдэхгүй. Уншиж мэдэх сэн гэсэн хүсэл ч багатай нэг тиймэрхүү ойд төөрсөн орк хүн л дээ. Ийм зузаан түүхийн ном уншаад, бүр дуусгах юм гэж ёстой төсөөлөөгүй. Зохиогч нь Монголд ирж, уншигчидтай уулзаад, гарын үсэг зурж байгаа тухай мэдээ сонсоод яагаад ч юм сонирхол төрчихсөн. Шал сонин юмнаас trigger авдаг тархитай. Тэр зохиогч нь Франц хүн гэдэг бас нэмэлт болсон байх. Уг номыг уншиж байгаа хүнтэй ойрхон тааралдсаныг хэлэх үү, зээлж аваад уншиж эхэлсэн. 

Маш олон төрлийн эх сурвалж, баримтыг уйгагүй цуглуулж бичсэн, болсон явдлын учир шалтгаан логикийг ойлгомжтой, эмх замбараатай, цэгцтэй бичсэн нь маш их таалагдсан. Өмнө уншсан бүх түүхийн номыг нийлүүлснээс илүү их мэдлэгийг энэ номоос авсан мэт. Чингис хаан, түүний үе залгамжлагчид Их Монгол улсыг байгуулсан тухай л бүдэг бадаг мэддэг байснаас биш ууган хүү Зүчи нь хэрхэн өөрийн улсыг төвхнүүлж, цаашаа яаж хөгжин үргэлжилсэн тухай огт мэдэдгүй байсын байналээ. 

Зөвхөн газар нутгийг байлдан дагуулж, хүн амыг нь хядаад явдаг зэрлэг нүүдэлчид бус, арилжаа наймаа, татвар, улс төр болоод дипломат харилцааны ур чадварыг гарамгай эзэмшсэн, олон янзын үндэстэн ястныг эвтэй найртай засан товхинуулах ухаантай олон олон Монгол хаад Алтан Ордыг удирдаж, үүгээр дамжин бүс нутгийн болоод дэлхий дахины хөгжлийн голдирол бүхэлдээ өөрчлөгдсөн тухай онцгой сонирхолтой бичсэн ном байлаа.  Мэдээж эрх мэдлийн төлөө тэмцэлдээн, дотоодын зөрчил, хувь хүний шуналаас үүдсэн харамсалтай алдааг ч алгасалгүй багтаасан. Нийт Монгол улсыг биш, зөвхөн Алтан Ордыг томруулан судалж бичсэн болохоор хэт их үйл явдал дунд толгой эргэж самуурахгүй давуу талтай байсан. 


Нэг сонирхолтой хэсгийг нэмж бичмээр санагдлаа. Алтан ордын хаан болохын төлөө Ногай жанжин Тогтоатай хуйвалдан төрийн эргэлт хийдэг, энэ үйл явдлыг бүр дэргэд нь байсан юм шиг нарийвчлалтай бичсэн: Ногай жанжин нас дээр болж үхлээ хүлээж байгаа гэсэн цуу яриа тараагаад, үүнийгээ нотлох гэж элч нарын өмнө амандаа малын цус балгаж байгаад цусаар ханиаж үзүүлдэг. Тэгээд алтан ургийн ноёдтой эцсийн удаа уулзая гэж цуглуулаад зэр зэвсэггүй, хар сэжиг аваагүй найрлаж байхад нь Тогтоа гэнэт дайрч орон бүгдийг нь хүйс тэмтэрсэн тухай. Ингэж Тогтоа, Ногай жанжин хоёр эвсэлдэн төрийн эрх авсан боловч дараа нь өөр хоорондоо үхэлдэн тэмцэлдсэн байдаг. Иймэрхүү түүх өч төчнөөн давтагдсан. Заримдаа адал явдалт зохиол билүү андуурмаар...

Орчуулга үнэхээр төгс байлаа, дандаа ийм ном уншдаг болоосой!

No comments:

Post a Comment

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...