25.7.25

Хүчирхэг, дайчин...

 


Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав. 


https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/



Гэр бүл дотроо эцэг хүний үүрэг роль бодит биш, аав нь үзэгдэдгүй, сонсогдодгүй, эрх мэдэлгүй нөхцөл байдлыг харж мэдэрч өссөн эмэгтэйн дотор гүн гүнзгий шарх байдаг. Аавынх нь сэтгэл санаа болоод эрч хүчний орон зай дутмаг байсан охинд эрэгтэй хүн бол сул дорой, найдваргүй эсвэл осолтой хүмүүс гэсэн ойлголттой өсдөг. 

 

Аав нь гэр бүлийнхээ төлөө тэмцдэггүй, эсвэл хайр энэрэл, хүч чадлаараа гэр бүлээ удирдан залдаггүй байсан бол, охин нь эр хүний нөмөр нөөлөг, түшиг тулгуур, аюулгүй тав тухтай байдлыг мэдрэхгүй өсдөг. Үүнээс болж охин дотроо чимээгүйхэн зөрчилдөөнтэй амьдардаг. Далд ухамсартаа охин өөрөө өөрийгөө хамгаалах, өөрийн хэрэгцээгээ хангах, өөрийгөө залж удирдах ёстой гэж ойлгодог, яагаад гэвэл эр хүн тэгж чадаагүй учраас.


Охин том болоод аав шигээ хүнийг хайж олно. Идэвхгүй, шийдвэргүй, сэтгэл зүрхээрээ холбогдох чадваргүй, эсвэл зүгээр чимээгүйхэн бусдад бүхнээ даатгасан эрчүүд. Эдгээр эрчүүд удирдаж манлайлахгүй, хамгаалахгүй, орон зайгаа хадгалахгүй. Өөрийн мэдэлгүйгээр охин хамгаалагч, шийдвэр гаргагч, гэр бүлээ тэжээгч болж хувирдаг. Охин амьд үлдэхийн тулд эрэгтэйлэг болно. Гэвч энэ бол хүчтэй байдал биш, энэ бол сэтгэлийн шарх.


Үүрэг хариуцлагыг өөртөө авах нь эхэндээ хүчирхэгжих шат мэт санагдах боловч, цагийн уртад, охин/бүсгүй дэндүү их цуцаж ядарна. Яагаад гэвэл сэтгэл зүрх нь амрахыг, найдаж итгэхийг, зөөлөн байхыг хүсч байгаа - гэвч яаж гэдгээ мэдэхгүй. Үүрсэн ачаагаа мөрөн дээрээсээ буулгаж болохгүйм шиг санагдана, өөрөө бүхнийг хариуцаж, бүхнийг зохицуулсаар ирсэн болохоор...


Бүсгүй ажил төрөлдөө гялалзаж, гэр бүлээ асран халамжилж, хүчирхэг бие даасан хүн болсон, гэвч түүний дотор тусламж хэрэгтэй эцэж туйлдсан бяцхан охин бий. Эр хүнд итгэж найдаж, хамгаалуулах, аюулгүй мэдрэмж авахыг хүсч байгаа, гэвч тийм эр хүн бий гэдэгт бүсгүй итгэж чадахгүй. 


Энэ дотоод зөрчил нь харилцааны динамик, тэнцвэртэй байдлыг алдагдуулна. Сэтгэл санааны таталцал, эрэгтэйлэг ба эмэгтэйлэг энергийн гэгээн зохицол гэж алга. Хосын харилцаанд эмэгтэй нь эх хүний, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж, эрэгтэй нь идэвхгүй оролцогч болж хувирна. Тэд хоёулаа сэтгэл дундуур, бие биедээ үнэлэгдээгүй мэдрэмжтэй. 


Эмэгтэйн эрэгтэйлэг байдлаар бүтсэн цамхаг түүний хувьд шорон болж хувирна. Тэр уйлахгүй, тэр тусламж хүсэхгүй. Тэр хайр энэрэлд сэтгэл нь зөөлрөхгүй. Яагаад гэвэл эмэгтэй өөрөө л чанга, хүчирхэг байхгүй бол түүний амьдрал нуран унах байх гэж айдаг, яг л бага байхдаа харж өссөнөөр.


Эцгээс үүдэлтэй сэтгэлийн шархыг эдгээх нь маш чухал. Эцгийг нь буруутгах биш, эмэгтэйн үүрч яваа хүнд ачааг ойлгох. Түүнд дутуу бүхний төлөө гашуудах. Гэрт орж эм, гадаа гарч эр болох ёстой гэх бодлоос нь чөлөөлөх. 

Би бүхнийг ганцаараа болгохоос залхаж байна гэдгээ хүлээн зөвшөөрөх. Би эмзэг, хүчгүй байлаа гээд айж түгшихгүй байх. Өөрийн болоод бусдын доторх эрүүл зөв эрэгтэйлэг энергид итгэж эхлэх. Эндээс л эдгэрэл эхэлнэ.

Ингэж байж жинхэнэ эрэгтэйлэг эр хүнтэй учирна. Агшиж жижгэрдэггүй эр хүн. Эмэгтэйн зүрх сэтгэлийг хүндэтгэж хайрлах эр хүн. Захиран тушааж биш зориулан хайрлаж удирдан залах эр хүн.  Ингэж байж эмэгтэй өөрийн амар амгаланг олно. 


Манай аав залхуу, сул дорой эр хүн байгаагүй. Гэр бүлийнхээ төлөө цуцалтгүй ажилладаг, дуртай ажлаасаа татгалзаж золиос гаргаж байсан. Гэхдээ гэр бүл дотор хүчний тэнцвэргүй байдал байсан, ээж бүхнийг гартаа авсан, бүхнийг шийддэг, аав их дотогшоо, эрүүл үедээ бараг үг дуугардаггүй байлаа. Уусан үедээ л өөрийн хэлэх гэснээ цутган гаргадаг байсын болуу даа. Ээж уур нь хүрэхээрээ "аавыгаа дуурайсан дотуур тамиртай", "эдний талын эмэгтэйчүүд ажилгүй, анхиагүй, чи яг тийм", "эмэгтэй дүү нар нь эрэгтэй хүнд тоогддоггүй, чи бас тэгэх вий дээ" гэх мэтчилэн аавыгаа дуурайх бол муу, аавын талын генийг авсан бол муу юм гэсэн утгатай үг их хэлдэг байсан. Би ч айлын том охин болохоор ер нь бүх юм аав талдаа. Тэгсэн хэрнээ "40 гараад л намайг дуурайгаад таргална даа" гэж их хэлдэг байсан. Би албаар зөрж, таргалахгүйг хичээдэг нь ээжийн үгийг худлаа гэдгийг батлах гэсэн дуугүй тэмцэл шахуу. 

Товчхондоо, гэр бүлийн динамик ээж рүү нилээд хэлтийсэн, энэ бүхнийг мэдэрч өссөн би, хүмүүсээс дандаа хүчирхэг, дайчин гэсэн үг сонсдог эмэгтэй болсон. Уг нь хүссэндээ ийм болоогүй, ийм болох амбицтай ч байгаагүй. Зүгээр л тулгарсан асуудал бүрийг шүүрч аваад шийддэг байсны л үр дүн. Би нөхөртөө бүрэн итгэл найдвар хүлээлгээгүй, чадахгүй байх гэж боддог байсан, нөхрийн зүгээс биеэ дайчлаагүй, миний ард нуугдах хандлагатай, би хүлээж ядаад өөрөө шийдээд, хариуцаад, үүрээд явчдаг байсны аль нь дийлэнх юм бол мэдэхгүй. Гэхдээ ээж шигээ токсик байхгүйг үргэлж хичээдэг байсан уг нь. Санаснаар болсонгүй, нөхөр архинд автаж, би ядарч цуцаж. 

Юунаас болсноо мэдлээ гээд бүх юм гэнэт сайн сайхан болохгүй ч, яагаад гэдгийн хариулт бас нэг дэвшил байх даа. Одоо цаашдаа яаж аз жаргалтай эмэгтэй болох, үр хүүхэддээ энэ байдлыг өвлүүлэхгүйн тулд яах ёстойгоо бодох хэрэгтэй байна даа. 

23.7.25

Өөрийгөө хайрлах нь

 Таг байж байснаа, өдөрт 2 пост оруулж цоорох юм биш байгаа?

Драфтанд мөнхөрч магадгүй ч гэсэн эхлүүлээдхий.

Өөрийгөө хайрлах тухай бүгд ярьдаг, бусдаас хайр хүлээх биш, өөрөөрөө сэтгэл хангалуун, дүүрэн байх тухай. ОК, тэгээд яаж өөрийгөө хайрлах юм? Энд хайрын 5 хэл гэсэн ойлголт гарч ирнэ.

1. Утга учиртай цагийг цуг өнгөрөөх

2. Бэлэг сэлт өгөх

3. Магтаал, урамшуулал хэлэх

4. Халамж анхаарал үзүүлэх, туслах, дэмжих

5. Бие махбодийн холбоо, үнсэлцэх, тэврэлдэх, илж таалах, секс гэх мэт

Хүн бүр эдгээрт дуртай нь ойлгомжтой, гэхдээ, зарим нь үнэмлэхүй илүү, зарим нь харьцангуй бага байдгийм шиг бган. Өөрийнхөө хайрын хэлийг олж авах, мэддэг байх чухал, тэгж байж тэр хэлээрээ өөрийгөө хайрлана шүү дээ. Яаж мэдэх вэ? Бусад хүний чамд зориулж хийсэн үйлдэл, хэлсэн үг, хандлага зэрэгт алинд нь чи хамгийн их уярч, баярлаж, сэтгэл хөдөлж байсан бэ, алинаас нь болоод чи түүнд улам их татагдаж байсан бэ? гэдгийг ажиглах ёстойн байна. Мөн эсрэгээрээ, дотны хүнээсээ юуг хүлээгээд, тэр нь биелэхгүй байснаас болж гомдож, уурлаж байснаа бас бодох. 

Миний хувьд 

1. Надтай цуг цагийг өнгөрөөхөд хамгийн ихээр баярладаг. Шинэ мэдрэмжүүдийг цуг мэдэрч, хуваалцаж, хамт инээж, хамт ядарч, хамт нэгэн зорилгын төлөө зүтгэх миний хувьд хамгийн их утга учиртай, чухал зүйл. Цаг хугацаа гэдэг хязгаартай, эргэж олдохгүй үнэт баялаг, үүнийгээ надтай цуг өнгөрөөж, надад зориулж байна гэдэг бол дээд зэргийн тансаг бэлэг, юугаар ч орлууламгүй хайр хүндлэл гэж бодогдоод байдын. Гэхдээ зүгээр нэг бие нь цуг байх биш, оюун санааны хувьд present байхыг хэлээд байгаашдээ. Бие нь хол байлаа ч надтай холбоотой байдаг, ярьдаг, бичдэг, миний хэлснийг санадаг, надад амласнаа биелүүлдэг гэх мэтийг бас энд хамааруулж болно. 

2. Бэлэг сэлт авахдаа сайнгүй, өртэй санагдаад байдаг. Харин өөрөө өгөх, хүнийг баярлуулах дуртай. Баярласан, хайрласан сэтгэлээ, анхаарал халамжаа хүнд ямар нэг зүйл өгч илэрхийлдэг.

3. Магтаал сонсохоороо төдийлөн итгэдэггүй. Ялангуяа гадаад төрхийн талаар. Өөрийнхөө гадаад төрхөнд итгэлгүй. Бусдын сайн талыг түрүүлж хардаг, гэхдээ дотроо бодоод л өнгөрдөг байсан, одоо шууд хэлээд магтаад явахыг боддог. 

4. Нээх халамжилж чаддаггүй байх. Намайг халамжлахад ч бас тийм дуртай биш. Тэхээр энэ бол миний хэл биш. Гэхдээ чадлаараа хичээдэг ээ. Цаанаасаа тусалмаар, дэмжмээр санагдсан хүндээ тултал тусалдаг. Өөрөө болохоор хүнээр туслуулах дургүй.

5. Сексээс илүү үнсэлцэх. Хөтлөлцөх, тэврүүлэх. 

Ингээд дүгнээд бодохоор миний хайрын хэл бол "цагийг цуг өнгөрөөх" юм байна. Өөрийгөө энэ хэлээр хайрлана гэхээр, цаг заваа өөртөө зориулах, юу хүссэнээ хийх, ганцаараа байхдаа өөрийгөө сонсох, ойлгох, өөртөө зөөлөн хандах гэх мэт юм болуу? Дандаа завгүй байдаг хэрнээ жоохон цаг гарангуут тэрийгээ өөр хэн нэгэнд зориулах гээд төлөвлөөд, хэн нэгэнд зориулж чадахгүй бол гэмшээд байдгаа анзаарсан. Уг нь нэг үеэ бодвол дасгал хийх, хэлээ давтах гэх мэт цагийг яаж ийгээд гаргаал байгаан. Тэхдээ тэр цагийг гаргахын тулд бусад ажлаа амжуулах гэж биеэ улам ядраадаг тал бий. 

Бусад хэлээр бас өөрийгөө хайрлая л даа. Өөртөө бэлэг өгч, өөрийгөө магтаж (хэдий инээдтэй, cringe санагдаад байгаа ч гсн), өөрийгөө бөөцийлж, өөртэйгээ үнсэлцэж???? хахаха за 5 дах хэл бол заавал өөр хүн хэрэгтэйн байна. Хүүхдүүдтэйгээ хангалттай тэврэлдэж эрхэлдэг л дээ. 

Өөр хүнийг (романтик хос) хайрлах гэж, түүнд зориулах гэж хүсдэг бүхнээ л өөртөө зориулаад байх ёстой байж магадгүй. Тэр хүнд зориулсан бүхэн эргээд надад ирнэ гэж андуурч эндүүрч явснаа цэглээд, зүгээр л өөртөө яг тийм хүн нь байя. Ухаантай шүү (хаха ингээд эхлэх нь зөв биздээ) 

No other choice

 Ийм нэртэй кино гарах тухай сонсоод, гарчигаа болгочихлоо. 9 сард нээлтээ хийх юм байна. Пак Чан Ук найруулагчийн өмнөх "Decision to leave" үзэхтэй зэрэгцээд нөхрөөсөө салах тухай бодол анх төрж байсан. Одоо хүртэл хэрэгжүүлсэн юм алга, гэхдээ нэг удаа өөрт нь цухуйлгаж үзсэн, том охиноосоо асуусан, ганц нэг ойр дотны хүмүүстээ яриад, гол нь дотроо бясалгаал байна. Амар шийдвэр биш болохоор. 

Уг нь сар бүр нэг пост оруулж байхаар блогийн уншигч, эртний найздаа амласан юм. Даанч сүүлийн 3 сар тас. Нэхээд бичихээр нь "улсын төсөв 3 их наядаар тасалдаад байхад, миний блог 3 сар доголдох юуын бээ" гэж мэгээд амыг нь таглачаал хаха. Бичих хэрэгцээгээ threads дээр богинохон текст байдлаар гаргаж орхичоол яваад блаа. Амьдралын олон үүрэг хариуцлага мөрөн дээр минь дарсан хэвээр, тухтай суугаад бодлоо сийрүүлэх сиймхий гаргаж чадахгүй юм.

Гэхдээ дэлгэр сайхан зун цаг, хүүхдүүдийн хичээл амарсан, би бас өөртөө бяцхан амралт олгосон, дасгалаа завсарласан, хэлээ давтахгүй орхисон, бусад үүрэгт ажлуудаа түрхэн зуур хойш тавиад амс хийж байгаа ухаантай. Ядаж л уураг тархины ачаалал сав л хийвэл 100%-даа тулаад байхгүй, үүлэн чөлөөний нар шиг хэсэгхэн сул мөчүүд, эсвэл эсрэгээрээ тэнгэрт хөвөх жижигхэн хөвсгөр үүл цоргим халуун нарны элчийг түрхэн зуур боловч хааж, сэнгэнэсэн сэрүүхэн сүүдэр гаргаж өгөх мэт цухасхан, таатай хормуудад тааваараа амьсгаа авах мэт мэдрэмж төрмой.

Үүл гэснээс үүлэнд асар дуртайгаа саяхан мэдлээ. Хөвсийсөн цагаахан, ийм тийм гэх хэлбэр дүрсгүй, ганцхан мөчийн дараа эргэн давтагдахгүйгээр хувиран арилдаг, ер бусын соньхон, үзэсгэлэнтэй юм шиг. Бас дурласан үед төрдөг "үүлэн дээгүүр алхах мэт" мэдрэмжийг санагдуулдаг, хараад л баймаар гоё зүйл. Үүлийг ямар нэг дүрс болгож харах нь төсөөлөл, дурласан хүнээ сайн сайхан гэж бодох нь ч бас төсөөлөл. Үүл ба дурлалын харилцан хамаарлыг огтхон ч шинжлэх ухаанч биш байдлаар баталчихлаа :)

За буцаад газартаа бууя. Том охин маань со явахаар болж, өчигдөр визэндээ материалаа өгсөн. Эргээд харахад, монголдоо сайн гэгдэх сургуульд бэлдэх гэж ташуур лууван ээлжилж байсан үе, тэнцчихээд хоёулаа тэврэлдээд дэвхэрч байсан мөч, асар их ачаалалтай сургуулийн хэмнэлд учраа олох гэж өдөр шөнөгүй сууж хичээлээ хийх хүүхдээ хараад сэтгэл зовниж байсан жилүүд, их сургуулийн application, зөвлөх үйлчилгээ, сургуулийн сонголт, алдаа оноотой шийдвэрүүд, үй олон бичиг цаас бэлдсэн өдрүүд... Нүдний өмнө тэр бүхэн жирэлзээд, айдгаа авдрандаа хийсэн мэт санагдавч, урагшаа харахад охиноо ганцааранг нь хүний газар үлдээгээд ирэхэд цээжинд онгойгоод үлдэх том хар нүхний жин, үргэлж үгүйлэх сэтгэл, санаа зовох, түгших мэдрэмж өмнө дурайх. Гэхдээ би хамгийн best-ээрээ охиноо сургаж, чадвар суулгаж, хайраар усалж өсгөсөн, тийм болохоор үүнээс цааш бие даан сайн сайхан амьдарч чадна гэсэн итгэлээр хоосон орон зайг нь дүүргэх байхдаа. 

ЧАМАЙГ МАРТАХЫН ТУЛДЧамайг мартахын тулд эхлээд харцыг чинь, Чи намайг анх харсан тэр өдрийн нарыг, Тэр өдрийн нарыг санагдуулаад байгаа энэ өдрийн нарыг, Тийм ээ, ер нь бол нарыг мартах хэрэгтэй.Чамайг мартахын тулд эхлээд уруулыг чинь, Чамайг би анх үнссэн тэр үдшийн сарыг, Тэр үдшийн сарыг санагдуулаад байгаа энэ үдшийн сарыг, Тийм ээ, ер нь бол сарыг мартах хэрэгтэй. Нар, сарыг мартахын тулд нүдээ аних хэрэгтэй. Нүдтэй гэдгээ ч мартах хэрэгтэй. Аньсан байхад хараад байдаг Алив тэр нуугдагч нүд, нар сарнаас ч хол нүд...Ш.ДүүрэнжаргалЧамайг мартахын тулд эхлээд тэврэлтийг чинь,Чиний дэргэд сэрсэн тэр өглөөний үүлийг,Тэр өглөөний үүлийг санагдуулаад байгаа энэ өглөөний үүлийг,Тийм ээ, ер нь бол үүлийг мартах хэрэгтэй. Үүлэн дээгүүр алхах мэт мэдрэмжийг, Үүлтэй цуг хөвөх мэт сэтгэл хөдлөлийг,Хөнжил шиг нөмөрсөн дулаахан дурсамжийг,Хөв хөх тэнгэртэй нь цуг мартах хэрэгтэй.

Хүний юмаар хүүдэгнээд, шүлгэнд нь өөрийнхөөрөө хэдэн мөр нэмээ хаялаа, уучлаарай. 


Хүчирхэг, дайчин...

  Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав.  https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/...