20.10.24

Давхцал

Сүсэг бишрэл, далдын хүчинд итгэхээ больсон ч гэсэн зарим нэг сонин давхцалыг анзаарч гайхширах юм. 
Хагассайнд Монгол Оллэ-тэй явган аялал хийв. Ой мод, уул, толгод дамжин 10 гаруй км алхсан. Солонгосын Чэжү арлыг тойрсон 27 зам бүхий Чэжү Оллэ гэдэг явган аялал байдаг бөгөөд, монголд одоогоор 3 маршрут үүссэний нэг нь Тэрэлжид байдаг юм байна. Модонд уясан туузан тэмдэглэгээ дагаад алхах их сонирхолтой гоё юм. Дараа хүүхдүүдээ дагуулаад явна гэж бодсон.
 




Тэр өдөр цуг алхсан охин, манай том охинтой тоолвол нас, төөлвөл өндөр, дуудвал нэр ижил юм билээ. Орой нь УБ кино наадмын "Good one" нэртэй киног үзсэн. Өсвөр насны охин, аав болон аавынхаа найзтай ууланд алхдаг. Албаар тэгж тааруулаагүй хэрнээ яг ингэж давхцаад сонин. 

Үйл явдал, өрнөл гээд байх зүйлгүй, 3 хүний нүүрний хувирал, байгалийн зураглал, энгийн диалог гарна. Гэхдээ кино эхлэхэд л охины царайнаас сэтгэл дундуур, тухгүй байдал нэвт шувт харагдана. Өөрийн хүслээр биш, аавынхаа үгнээс гардаггүй дуулгавартай охин учраас явж байгаа нь алхам тутамд анзаарагдах. Аав нь тийм байлгасаар дассан, түүндээ сэтгэл хангалуун. Учиргүй муу эцэг, дарангуйлагч аав биш ч гэлээ охиныхоо санаа бодлыг асуудаггүй, хүсэл зоригийг нь хайхардаггүй, өөрийнхөө сонирхол, таатай байдлыг бодож охиндоо тулгадаг хүн. Кино энэ бүхнийг жижигхэн үйлдэл, ганц хоёрхон харилцан яриагаар илэрхийлж байгаа нь гайхширмаар. 

Аяллын сүүлийн шөнө, аавын найз эр, охинд хандаж эвгүй "санал" тавина. Дургүйцэж зэвүүцсэн охин маргааш нь аавдаа хэлэх боловч, ааваасаа "Битгий сүржигнэ л дээ. Өнөөдөр зүгээр л сайхан өдөр байя" гэх үг сонсоод, сэтгэлд нь томоохон тэсрэлт үүсэх шиг. Охины харц, царайны төрх, нүүрний хувиралд огцом өөрчлөлт мэдэгдэж, шийдэмгий, өөрийнхөөрөө, жинхэнэ "би" нь гарч ирэх шиг. Усанд шумбаж ядраад тарайж хэвтэх хижээл насны хоёр эрийн үүргэвчинд хүнд чулуунууд чихэж орхиод охин ганцаараа уулнаас уруудан одно. Яг л өөрийнх нь сэтгэлд ачаа болж байсан "сайн охин байх үүрэг хариуцлага"-ыг мөрөн дээрээсээ авч, тэдэнд бас мэдрүүлэхийг хүссэн мэт. Энэ үед охинтой цуг, охины өмнөөс, миний цээж бас хөнгөрөх шиг, гүн амьсгаа авч чадах болсон мэт сайхан санагдсан гэж. Охинд тоглосон жүжигчин үнэхээр браво! Яаж тийм "дотортой" гоё жүжиглэнэ вэ!!!

Урд өдөр нь "Өмнөдийг зорих замд" гээд кино бас үзсэн. Солонгос, монгол жүжигчид өөр өөрсдийн хэлээр яриад, их үнэмшилтэй, чихэнд наалдацтай гоё бүтээл болсон байна лээ. Хийц нь Холливуд киноны томьёог Солонгос кино дагаж хийдэг байсныг Монгол кино бас өөриймшүүлэн дагасан гэж хэлмээр юмуу. Найруулга, жүжиглэлт, харилцан яриа, зураглал, дуу хөгжим гээд бүгд яг донжоо олчихсон болохоор үзэгч бид үйл явдал дотроо ороод, нэг цочиж, нэг дуу алдсаар дуусгасан. Монгол киноны стандартыг лав нэг шат ахиулсан кино. 

No comments:

Post a Comment

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Хүчирхэг, дайчин...

  Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав.  https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/...