Нэг тоо нэмэгдэх бүрд өмнөх нас хайран санагдахын. 45. Тэхий дундуур, тэнцвэртэй, гоё тоо шиг. 46 гэхээр хөгшрөх талруугаа хэвийгээд эхэлж байгаамуу ккк. Бодвол 90 наслах юм даг уу даа. Гэхдээ, бүтэн жилийг үнэндээ л харамсах зүйлгүй бүрэн дүүрэн өнгөрөөжээ. Үүнээс илүү яах вэ дээ гэмээр. Цаг хугацаа гэдэг үнэт эрдэнэсийн задгай бутархай үлдэгдэл бүрийг, амттан гэвэл үйрмэг ч үлдээлгүй, ундаа гэвэл дусал ч газар унагалгүй тултал ашиглаж чадсан мэт... буцлам халуун амьдрал дунд, баялаг арвин дурсамж үлдэж. Мэдээж дандаа миний хүссэнээр байсангүй, гай тотгор, гайхам ид шид холилдсон, тэр бүрийг эрэлхэгээр тосон аваад тонгорон давсан өөртөө баяр хүргэж чи шүү гээд дээш нь нэг шидье :D
"Хүний амьдрал хэр их эр зориг гаргаснаас нь хамааран агшиж, тэлдэг"
Anaïs Nin гээд эротик зохиол бичдэг, адал явдалтай амьдарсан Франц/Америк зохиолч эмэгтэй ийн хэлсэн сурагтай. Мний хувьд тал нь өөрийн хүслээр, тал нь амьдралын эрхээр эрэлхэг байхаас өөр аргагүй тохиолдлууд байлаа. Аль алинд нь зориг гаргаснаараа хожсон. Миний ертөнц тухайд бүрд тэлж томорсон, зах хязгаараа давсан. Бас өөртөө итгэх, өөрийгөө үнэлэх мэдрэмж нэмэгдсээр. Цаашдаа яван чангарах биз. Үүрэх ачаа хүндрэх тусам илүү дутуугаа хаяж сурдаг бололтой. Үхэн хатан зууралдаж байснаа эргээд гайхах өдөр ирдэг л юм байна.
Өнөөдөр жишээ нь. Өөрөө өөртөө баяр хүргээд, ганцаараа эмороод сууж байх. Хэн нэгэнтэй хөгжилдөж, эрхэлж, баярын мэндчилгээнд булуулж өнгөрөөх л утга учиртай гэж үү. Жижүүрийн хэдэн үгнээс илүү гарахгүй бол, сэтгэлд тэр нь хүрэхгүй бол, ямар хэрэгтэй гэж. Үнэхээр сэтгэлээсээ намайг гэхгүй, өнөөдөр ямар өдөр билээ гэдгийг санаж, ач холбогдол өгөөгүй бол бэлэг сэлтээр ч яахав дээ.
Энэ жил гэхдээ бэлэг зөндөө авлаа. Хаа холоос ч, хажуудах хүмүүсээс ч.
Гагцхүү, яг хүлээж байсан хүнээсээ, хүсч байгаа үгсээ сонсохгүй.
Юу сонсмоор байгаан гэж үү? Энэ дууны үгийг. Яг өнөөдөр энийг олж сонссон нь ертөнцийн илгээсэн бэлэг гэлтэй. Өөрт нь юу хийж чадах хүн, өөрийг нь юу гэж мэдрүүлж чадах хүн, ийм ажилтай, тийм царайтай гээд баахан шинж тэмдэг жагсаасан, ийм болохоор чамд хайртай гэх биш, бүхэл бүтнээрээ би учраас, намайг орлуулшгүй учраас, миний өөрөө ч олж харж чадаагүй үнэ цэн, гоо үзэсгэлэнг хайрлаж чадах тийм хүн. Магадгүй энэ цаг үе, энэ орон зай, энэ ертөнцөд надтай тааралдахгүй ч байж магадгүй тийм хүн. Тийм хүн байхгүйн бол өөрөө өөртөө ч болов хэлий даа.
I see everything you can beI see the beauty that you can't seeOn the nights you feel outnumberedBaby, I'll be out there somewhere
Хүрч чадах, хийж чадах, байж чадах бүхнийг чинь би мэднэ
Хүний олж хараагүй, өөрөө ч мэдэхгүй үзэсгэлэн гоог чинь би мэднэ
Орь ганцаараа мэт, бэрхшээл зовлонгийн өмнө тулгамдах үед чиньОрчлонгийн хаа нэгтээ би чиний төлөө, чамайг гэсээр байгаа шүү...
Outnumbered гэснээс өнөөдөр жинхэнэ самгардлаа. Хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглээд баахан бацаан дуудсан, бүгд дөрвөн зүг, найман зовхист тарж давхиад, хэнийх нь хойноос гүйхээ ч мэдэдгүй. Тэгсхийгээд учраа олсон, амжилттай даваал гарсан. Ганцаараа удах тусам, зүгээр нэг орон тоо бөглөөд байж байх хүн биш, яг надад таарсан, намайг ойлгодог, миний хүссэн хүнтэй л цуг баймаар, эс бөгөөс заавал наалдан падаар наасан мэт зууралдаад байх утгагүй санагдаад байх юм. Яаж ийгээд өөрөө аргалаад, эсвэл өөр хүмүүсийн тусламжтай орлуулаад байж болоод байгаа болохоор.
Гагцхүү хүүхдүүдэд л аавыг нь хэн ч орлож чадахгүй. Биднийг холбох цорын ганц шалтгаан болж үлдэх вий дээ...