Нойр овоо гайгүй л байна. Гэхдээ яг өөрөөрөө биш. Кава гээд тайвшруулах эмийн ургамалтай магни уугаад. Бүрэн нам унтахгүй байна, кино шиг л урт, тод зураглалтай зүүд зүүдлэх юм. Бас 2-3 сэрнэ. Гэхдээ буцаад унтчихдын. Өглөө нь амарсан, тайван сэрэхийг бодоход, хангалттай байгаа бололтой.
Зөвхөн сэтгэл санааны түгшилтээс гадна, дааврын асуудал байгаан болуу гээд, тэр төрлийн эмч хайгаад л байна. Нэгийг олсон, 9 сараас уулзнаа. Намраас бас Нямсамбуу гавжийн Санамсарын бясалгалын сургалтанд суух гээд хүлээгээд.
10 жилээс хойш best friend шошготой явсан найзаасаа "салав" Сүүлийн жилүүдэд түүнтэй уулзах, ярилцах, сэтгэл санаагаа уудлах нь албадмал, хүчилсэн, түүнд таарах гэж өөрийгөө шахсан мэдрэмжтэй болоод байсан. Интровертууд найзтай болдоггүй, хэн нэгэн экстоверт түүнийг олж аваад, "үрчилдэг" гээд meme байдаг даа. Яг тэрүүн шиг л, өөрийн хүсэл зоригоос илүү хүний шийдвэр, манлайллыг аялдан дагадаг зангаараа, түүнд өөрийгөө зохицуулж үерхэж ирсэн юм шиг санагдаад. Бидэнд сайхан дурсамжууд зөндөө бий, үнэхээр үнэ цэнтэй нөхөрлөл байсан, гэхдээ одоо өмнөх шигээ дотно, түүний хүсээд байгаа шиг үргэлж уулздаг, өвөр түрийдээ орсон найзууд байж чадахгүй, тэгэх хүсэлгүй болсон юм шигээ. Өөрт нь ингэж тодорхой хэлээгүй, зүгээр бага зэрэг зайгаа авсан. Мэдрэмжтэй хүн болохоор ойлгосон шиг байна лээ.
Нөхөртэйгээ roommate, co-parent, тодорхой зайтай харилцаж байгаа. In-house separation гэдэг юм байна лээ, энэ байдлыг. Биеэр ч, сэтгэлээр ч, илүү ойртохыг хүсэхгүй юм. Цуг нэг дээвэр дор амьдарч байгаа болохоор, цаг үргэлж цаашдаа яах бол, тэр хүн энэ байдлыг хэр удаан хүлээн зөвшөөрөх бол, энэ хэврэгхэн "гал зогсоох хэлэлцээр" шиг найрамдалт харилцаа хэр удаан оршин тогтнох бол гээд хааяа санаа зовох. Тоос татдаг даавуу шиг хавийн асуудлыг өөртөө нааж санаа зовнихгүй гэж уг нь өөртөө амласан. Тэгээд болох ёстой зүйл болдгоороо, яахыг цаг хугацаа харуулаг дээ гэж өөрийгөө сэнхрүүлэх. Энэ тойрог дотор эргэлдээд амьдарч байна даа.
Дээрх хоёр хүмүүстэй харилцаа, би л дотроо эргэцүүлээд, дүгнээд, шийдчихсэн, нөгөө талаас юу бодож, яаж хүлээж авч байгааг мэдэхгүй байнөө. Заримдаа өөрийнхөө шийдвэртээ хүртэл буцаад эргэлзчих юм. Аажимдаа тодрох байлгүй дээ, бүх зүйлс. Бусдыг гомдоохгүй гээд өөрийгөө тухгүй, хүсээгүй нөхцөл байдал, харилцаа руу түлхэхгүй байгаадаа өөртөө баярлаж байна. Толинд туссан өөрийн минь царай төрх таалагдаж эхэлж байна. Гэрлийн хурдаар ойртон ирж байгаа 5-ын тоог хүлээж авах сэтгэлзүйн бэлтгэл хангагдаж байгаан байлгүй ккк. Бие эрүүл, сэтгэл амгалан байх л чухал санагддаг болжээ.
No comments:
Post a Comment
Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.
Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)