Showing posts with label гуниг. Show all posts
Showing posts with label гуниг. Show all posts

16.10.26

Relapse, collapse...and eclipse

 Өмнөх постыг бичиж байхад нөхрийн байдал нэг биш бгааг мэдрээд, санаа зовж эхэлсийн. Нэг биш гэдэг нь, гэрт жижиг сажиг ажлууд байхаар (аяга угаах, хүүхдүүдийн тарааж хаясанг цэгцлэх гэх мэт) хийчихдэг нь болиод, өдөржин нэрж уудаг бсн кофегоо огт амсахгүй, хөргөгчинд идэг гээд үлдээсэн хүнсэнд гар хүрэхгүй бсн. Надтай таарахаас зайлсхийгээд бхаар нь шууд асуусан. Чи уугаад эхлээ юу гэсэн, чи намайг тоохгүй байнашд гэсэн. Миний ганц зөвлөх болсон ХОУ болохоор битгий хүнийг сэрд, уусан гэж өөрөө хэлэхгүй байгаа бол баттай биш гээд. Гэвч би мэдэлгүй яахав дээ. Намайг мэдчихлээр улайм цайм болсон. Тасралтгүй 14 хоног уугаад. Хэлэхээр маргааш яг болино гэдэг. 

3 жилийн өмнө уулзаж зөвлөгөө авч байсан наркологийн сэтгэл засалч эмчтэй цаг авч уулзлаа. Хамгийн түрүүнд ямар ч хамаагүй аргаар уухыг нь зогсоо гэж хэлсэн. Ядаж 7 хоног хордлого тайлах эмчилгээ хийлгээд, тэгээд дараа нь өөрийнх нь эмнэлэг дээр бас 7 хоног шинжилгээ, үнэлгээ хийлгээд, донтолтын эсрэг сэтгэл засал, эм эмчилгээ хийнэ гэв. Гэхдээ эдгээр эмчилгээг тухайн хүн өөрөө шийдэж, өөрөө зөвшөөрөх ёстой. Эхний ээлжинд архиа зогсоож, хордлого тайлах хэрэгтэй бсн. Эвээр хэлээд сонсохгүй байсан тул хуурч эмнэлэгт аваачаад, аргадах гуйх загнах уурлахыг хослуулж байгаад арай гэж тэнд нь хэвтүүлсэн. Согтуу хүнийг хүлээж авдаг эмнэлэг ховор, тэр дундаа яг донтолтоор дагнасан, сэтгэл засалч эмчтэй нь тоотойхон байдаг юм билээ. Азаар тэр эмнэлэгт ганц ор үлдсэн байж таараад, эмч сувилагч нар нь тээршаахгүй хүлээж авсанд аймаар баярласаан. 

Олон хоногоор үргэлжлүүлэн уусны дараа тархи мэдрэлийн систем гүн хордлогонд орж, гэнэт уухаа зогсоохоор ухаан санаа нь самуурч, архины цагаан солио гэдэг шинж илэрдэг юм байна. Эхний 3 хоног эндээс гармаар байна, намайг хорилоо барилаа гээд уурлаж байснаа, өчигдрөөс дэмийрч эхлээд, эсэн бусын хий юм харж, сувилагчийн хурууг хазсан гэв. Эмнэлгээс нь хөөгөөд гаргавал яанаа гэж айсан, эмч нь тогтуухан хоолойтой, угаасаа ингэдэг, дахиад эмчилгээ хэрэгтэй, одоо гарч болохгүйэ гэсэн. Бас л баярлав. 

Өдөржингөө утасдаад, дэмийрээд, ирж ав, энд намайг алах гээд байна гээд, ядаж байхад хэлж байгаа нь ойлгогдохгүй байна. 

Эдгээр өдрүүдэд миний өөрийн сэтгэл түгшүүр, нойр, мэдрэлийн систем бүр нуран унасан. Зарим шөнө унтахгүй байхаар нь нойрны эм уугаад, маргааш өдөржин манараад, өглөө сэрэхэд шинэ шоктой тулгарч цочирдоод. Фитнессдээ очиж чадахгүй олон хонов. Осолдохгүй хүүхдүүдээ зөөгөөд, өлсгөхгүй, ажилдаа яваад л, өдөр өдрийг тэсэн өнгөрүүлж байна даа. 

Бясалгал, Нямсамбуу багшийн хичээлд суусан тулдаа бүр гүн намагт шигдчихгүйхэн шиг, биеэ сэтгэлээ анзаараад, түгшүүрээ намжаагаад, шаналалаа бууруулаад байна. Толгой дотор сална гэдгээ яаж хэлэх вэ, тэр яаж хүлээж авах бол, дараа нь тохиолдож болох хамгийн муу хувилбарууд, хүүхдүүддээ яаж ойлгуулах, энэ бүхнийг яаж даван туулах билээ гэхчлэн түмэн бодлууд зогсоо зайгүй бужигнаастай. ХОУ их ханьтай юм, нөхцөл байдлаа бичээд бодлоо цухуйлгаад орхихлээр цэгцлээд, дүгнээд, хэлэх үг бэлдээд өгнө к. 

Өөрийгөө болоод хүүхдүүдээ бодохоор салахаас өөр сонголтгүй. Нийгэм болоод эргэн тойрны хүлээлт бол энэ ачаагаа үүрээд насан туршдаа чирэхгүй бол буруутгах юм шиг санагдаад. Эсвэл миний өөрийн гэм буруутай мэт мэдрэмж тэгж санагдуулаад байж магадгүй. Нар сар одод бүгд хиртсэн мэт түнэр харанхуй өдрүүд үргэлжилж байна даа. 


25.7.25

Хүчирхэг, дайчин...

 


Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав. 


https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/



Гэр бүл дотроо эцэг хүний үүрэг роль бодит биш, аав нь үзэгдэдгүй, сонсогдодгүй, эрх мэдэлгүй нөхцөл байдлыг харж мэдэрч өссөн эмэгтэйн дотор гүн гүнзгий шарх байдаг. Аавынх нь сэтгэл санаа болоод эрч хүчний орон зай дутмаг байсан охинд эрэгтэй хүн бол сул дорой, найдваргүй эсвэл осолтой хүмүүс гэсэн ойлголттой өсдөг. 

 

Аав нь гэр бүлийнхээ төлөө тэмцдэггүй, эсвэл хайр энэрэл, хүч чадлаараа гэр бүлээ удирдан залдаггүй байсан бол, охин нь эр хүний нөмөр нөөлөг, түшиг тулгуур, аюулгүй тав тухтай байдлыг мэдрэхгүй өсдөг. Үүнээс болж охин дотроо чимээгүйхэн зөрчилдөөнтэй амьдардаг. Далд ухамсартаа охин өөрөө өөрийгөө хамгаалах, өөрийн хэрэгцээгээ хангах, өөрийгөө залж удирдах ёстой гэж ойлгодог, яагаад гэвэл эр хүн тэгж чадаагүй учраас.


Охин том болоод аав шигээ хүнийг хайж олно. Идэвхгүй, шийдвэргүй, сэтгэл зүрхээрээ холбогдох чадваргүй, эсвэл зүгээр чимээгүйхэн бусдад бүхнээ даатгасан эрчүүд. Эдгээр эрчүүд удирдаж манлайлахгүй, хамгаалахгүй, орон зайгаа хадгалахгүй. Өөрийн мэдэлгүйгээр охин хамгаалагч, шийдвэр гаргагч, гэр бүлээ тэжээгч болж хувирдаг. Охин амьд үлдэхийн тулд эрэгтэйлэг болно. Гэвч энэ бол хүчтэй байдал биш, энэ бол сэтгэлийн шарх.


Үүрэг хариуцлагыг өөртөө авах нь эхэндээ хүчирхэгжих шат мэт санагдах боловч, цагийн уртад, охин/бүсгүй дэндүү их цуцаж ядарна. Яагаад гэвэл сэтгэл зүрх нь амрахыг, найдаж итгэхийг, зөөлөн байхыг хүсч байгаа - гэвч яаж гэдгээ мэдэхгүй. Үүрсэн ачаагаа мөрөн дээрээсээ буулгаж болохгүйм шиг санагдана, өөрөө бүхнийг хариуцаж, бүхнийг зохицуулсаар ирсэн болохоор...


Бүсгүй ажил төрөлдөө гялалзаж, гэр бүлээ асран халамжилж, хүчирхэг бие даасан хүн болсон, гэвч түүний дотор тусламж хэрэгтэй эцэж туйлдсан бяцхан охин бий. Эр хүнд итгэж найдаж, хамгаалуулах, аюулгүй мэдрэмж авахыг хүсч байгаа, гэвч тийм эр хүн бий гэдэгт бүсгүй итгэж чадахгүй. 


Энэ дотоод зөрчил нь харилцааны динамик, тэнцвэртэй байдлыг алдагдуулна. Сэтгэл санааны таталцал, эрэгтэйлэг ба эмэгтэйлэг энергийн гэгээн зохицол гэж алга. Хосын харилцаанд эмэгтэй нь эх хүний, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж, эрэгтэй нь идэвхгүй оролцогч болж хувирна. Тэд хоёулаа сэтгэл дундуур, бие биедээ үнэлэгдээгүй мэдрэмжтэй. 


Эмэгтэйн эрэгтэйлэг байдлаар бүтсэн цамхаг түүний хувьд шорон болж хувирна. Тэр уйлахгүй, тэр тусламж хүсэхгүй. Тэр хайр энэрэлд сэтгэл нь зөөлрөхгүй. Яагаад гэвэл эмэгтэй өөрөө л чанга, хүчирхэг байхгүй бол түүний амьдрал нуран унах байх гэж айдаг, яг л бага байхдаа харж өссөнөөр.


Эцгээс үүдэлтэй сэтгэлийн шархыг эдгээх нь маш чухал. Эцгийг нь буруутгах биш, эмэгтэйн үүрч яваа хүнд ачааг ойлгох. Түүнд дутуу бүхний төлөө гашуудах. Гэрт орж эм, гадаа гарч эр болох ёстой гэх бодлоос нь чөлөөлөх. 

Би бүхнийг ганцаараа болгохоос залхаж байна гэдгээ хүлээн зөвшөөрөх. Би эмзэг, хүчгүй байлаа гээд айж түгшихгүй байх. Өөрийн болоод бусдын доторх эрүүл зөв эрэгтэйлэг энергид итгэж эхлэх. Эндээс л эдгэрэл эхэлнэ.

Ингэж байж жинхэнэ эрэгтэйлэг эр хүнтэй учирна. Агшиж жижгэрдэггүй эр хүн. Эмэгтэйн зүрх сэтгэлийг хүндэтгэж хайрлах эр хүн. Захиран тушааж биш зориулан хайрлаж удирдан залах эр хүн.  Ингэж байж эмэгтэй өөрийн амар амгаланг олно. 


Манай аав залхуу, сул дорой эр хүн байгаагүй. Гэр бүлийнхээ төлөө цуцалтгүй ажилладаг, дуртай ажлаасаа татгалзаж золиос гаргаж байсан. Гэхдээ гэр бүл дотор хүчний тэнцвэргүй байдал байсан, ээж бүхнийг гартаа авсан, бүхнийг шийддэг, аав их дотогшоо, эрүүл үедээ бараг үг дуугардаггүй байлаа. Уусан үедээ л өөрийн хэлэх гэснээ цутган гаргадаг байсын болуу даа. Ээж уур нь хүрэхээрээ "аавыгаа дуурайсан дотуур тамиртай", "эдний талын эмэгтэйчүүд ажилгүй, анхиагүй, чи яг тийм", "эмэгтэй дүү нар нь эрэгтэй хүнд тоогддоггүй, чи бас тэгэх вий дээ" гэх мэтчилэн аавыгаа дуурайх бол муу, аавын талын генийг авсан бол муу юм гэсэн утгатай үг их хэлдэг байсан. Би ч айлын том охин болохоор ер нь бүх юм аав талдаа. Тэгсэн хэрнээ "40 гараад л намайг дуурайгаад таргална даа" гэж их хэлдэг байсан. Би албаар зөрж, таргалахгүйг хичээдэг нь ээжийн үгийг худлаа гэдгийг батлах гэсэн дуугүй тэмцэл шахуу. 

Товчхондоо, гэр бүлийн динамик ээж рүү нилээд хэлтийсэн, энэ бүхнийг мэдэрч өссөн би, хүмүүсээс дандаа хүчирхэг, дайчин гэсэн үг сонсдог эмэгтэй болсон. Уг нь хүссэндээ ийм болоогүй, ийм болох амбицтай ч байгаагүй. Зүгээр л тулгарсан асуудал бүрийг шүүрч аваад шийддэг байсны л үр дүн. Би нөхөртөө бүрэн итгэл найдвар хүлээлгээгүй, чадахгүй байх гэж боддог байсан, нөхрийн зүгээс биеэ дайчлаагүй, миний ард нуугдах хандлагатай, би хүлээж ядаад өөрөө шийдээд, хариуцаад, үүрээд явчдаг байсны аль нь дийлэнх юм бол мэдэхгүй. Гэхдээ ээж шигээ токсик байхгүйг үргэлж хичээдэг байсан уг нь. Санаснаар болсонгүй, нөхөр архинд автаж, би ядарч цуцаж. 

Юунаас болсноо мэдлээ гээд бүх юм гэнэт сайн сайхан болохгүй ч, яагаад гэдгийн хариулт бас нэг дэвшил байх даа. Одоо цаашдаа яаж аз жаргалтай эмэгтэй болох, үр хүүхэддээ энэ байдлыг өвлүүлэхгүйн тулд яах ёстойгоо бодох хэрэгтэй байна даа. 

12.1.25

сүүлчийн....

Уг нь оны сүүлийн гэж гарчиглаад, ололт амжилтаа дүгнээд, ирэх жилээ төлөвлөөд, хүн шиг пост бичмээр бсн даанч амжсангүй. Гэснээс саяхан сэтгэлээр айхтар унаваа. Угаасаа үе үе тэгдэг, тэгсэн юунаас боллоо блог дээрээсээ юм хайх гээд оров, хайснаа бол олсонгүй, гэхдээ бүр анх бичиж эхлэх үеийн хөөрхөн бичвэрүүдийг уншаад, би чинь ямар дажгүй хүн бэ, миний дотор ийм сэтгэл булаам, эгдүүтэй, энхрий эмэгтэй оршин суудаг байхнээ гээд бодсон чинь нээх гоё сэргээд иржийдэг шүү. Сэтгэл гутрал гэдэг миний хувьд өөрийгөө голох, хэнд ч хэрэггүй мэт санагдах мэдрэмжинд гүн гүнзгий, олон давтамжтай автахыг хэлдэг юм шиг. Тийм үедээ блогоо уншвал өөрөө өөртөө дахин таалагдах юм шиг байна лээ. Self therapy :) Гэхдээ одооны soulmate тэгж хүн сэргээх увдистай хэвээрээ эсэхийг бүүмэд, заримдаа бүр гуниг гутрал нэмэхээр болсон байж магадгүйм даа.

Өнөөдөр дахиал гунигтай зүйл бичих нь. Бидний амьдрал дах хүн бүр, учрал бүрд сүүлчийн удаа гэж байгаа. Чухам хэзээ вэ гэдгээ хэн ч мэдэхгүй гэж үг уншсан санагдана. Хүргэн дүүтэйгээ тийм ч дотно байгаагүй, гэхдээ улс орон, нийгмийн асуудлаар надтай санаа их нийлдэг, дэвшилтэт сэтгэхүй, сийрэг толгойтой, онгироо хөөрүү ч юм шиг, дандаа инээж явдаг, хүүхдэрхүү цайлган залуу байлаа. 11 сард хүүгийнх нь төрсөн өдрөөр уулзаж, цай хоол болоод, ойр зуурын зүйл ярилцаад салсан сан. Тэрүүхэн богинохон хугацаанд яриаг нь гүйцэд сонсчихгүй, залхаад, утсаа оролдож байсандаа харамсах юм гэж даанч санасангүйэ. Эмнэлгийн осол болсон гэж бид бат итгэж байгаа эмгэнэлтэй явдал тохиож, эрүүл саруул залуу хүн эргэж ирэхгүйгээр явчихлаа.

Нөмөр нөөлөг, хань ижлээ алдсан дүүгээ бодохоор, хорвоод хөтөлж замчлах аавгүй өнчирсөн үрсийг нь харахаар, хүсэл тэмүүлэл дүүрэн амьдарч асан халуун зүрх цэвдэг газрын хөрсөнд үүрд булагдан үлдэхээр, тэсвэрлэшгүй их уй гашуу нөмрөх юм. Хэдий үхэл хагацал гэдэг хорвоогийн жам ч гэлээ, арай ийм гэнэт, ямар ч бэлтгэлгүй ирж болдог гэж үү...Одоог хүртэл энэ бүхэн худлаа мэт, хар дарсан зүүд мэт, итгэж чадамгүй санагдсаар.

Хүн гэдэг өчүүхэн. Бусдын уй гашууг өөр дээрээ тусгаж бодохгүй байж чадахгүй. Нөхрийгөө олон хоногоор тасралтгүй ууж хордоход, ингэж байгаад үхчихвий гэж төсөөлж байснаа санасан. Яаж ч шалдаа буусан, ямар ч цөхрөл, гомдолд живсэн, амьд л байгаасай. Бид цугтаа жаргалтай байж чадаагүй л болохоос, үрсэд минь аав нь хэрэгтэй, тэр хүн сайн сайхан, цог золбоотой, амьдарсан шиг амьдраасай. Чин сэтгэлээсээ. 

Гагцхүү түүний аз жаргал миний хариуцлага байх албагүй, би эхлээд өөрийгөө амар амгалан, сэтгэл дүүрэн амьдруулах үүрэгтэй гэдгээ ойлгосон. Тусдаа байх энэ хугацаа өнгөрсөн алдаа оноогоо эргэцүүлж дуусаад, ирээдүйд хэрхэх тухайгаа бясалгах завсарлага болж байгаа нь талархууштай. 

Ажил явдлын үеэр төрсөн бодлууд:

1. Гэрт нь хүн бүр очиж цайлдаг их хүндрэлтэй юмаа. Их хэмжээний хоол бэлдээд тасалгааны хэмд удаан хадгалах нь эрүүл ахуй талаасаа ч асуудалтай мэт. Солонгос шиг эмнэлэг дээрээ хоол унд, цайллагын үйлчилгээ үзүүлдэг болчуул уг нь их юм хөнгөвчлөхийм даа. Гэхдээ ийм эсэргүү бодлоо өөр газар хэлээгүйэ. Монгол соёлд огт буухгүй ч байж магадгүй. Буяны бусад үйлчилгээ бол харин их боловсронгуй болсон байна лээ. 

2. "Би орондоо сайншд. Олон цаг тасралтгүй унтаж чадна" гээд онигоо байдаг шиг. Би гал тогоондоо их сайжирснаа мэдэрлээ. Уг нь багад бол ажилгүй, анхиагүй, хадамдаа гологдоно гэж загнуулдаг байсын. Айлын эхнэр, хүүхдүүдийн ээж болсон он жилүүдэд байгаа материалаараа түргэн шуурхай амттай хоол хийх эрдэмд өөрийн мэдэлгүй суралцаж дээ.

3. Шашин шүтлэггүй над шиг хүн монголд их цөөхөн юм. Ажил явдлын үеэр гол чиглэл, үйл ажиллагааны жанжин шугамаа ламаас авдаг нь, уй гашууг хөнгөлөх, сэтгэл санаа тайвшруулах эффект нь давуу тал. Зөвхөн 1, 3, 5 өдөр гээд заачихаар эмнэлгүүдийн морг дээр бөөн түгжрээ, бужигнаан. Өдөр бүр гаргадаг болчуул тэр асуудал арай багасмаар. Өвлийн тэсгим хүйтэнд, лам багшийг ном унших хооронд хөлдөж үхэх шахсаан, хурдан дуусаасай гэж бодож нүгэл хураасаан. 

4. Би гэнэт ингээд үхвэл, банкин дах жаахан хадгаламж, цөөхөн хэдэн хувьцаагаа хүүхдүүддээ өвлүүлж үлдээх арга юу билээ гэж бодсон. Бас амь даатгал судалж үзмээр санагдах. 


5.10.24

Тэнцвэр

 Амьдарна, амжилттай байна гэдэг ерөөсөө л тэнцвэрээ олохын нэр юм бишүү дээ?

Аль нэг тийшээ хазайгаад уначилгүй, хадуураад буруу тийшээ давхчилгүй, дэнжигнээд ч болсон урагшлаад л байх. Тэнцвэрээ олох гэж зогсох боломж үгүй, цаг хугацаанд тийм тансаглал байхгүйм. Тэгээд ч Эйнштэйний хэлснээр дугуй унахдаа тэнцвэрээ олохын тулд жийгээл байх хэрэгтэй шиг, амьдралын тэнцвэр зогсоход биш харин зогсолтгүй урагшлахад олддог бололтой юм. Хамгийн их энерги олон зүйл амжуулахад биш, алийг нь түрүүлж хийвэл амьдрал тэнцвэрээ олох вэ гэдгийг бодоход зарцуулагдаад байх шиг. 




Хосын амьдралд ч тэнцвэр амин чухал. Яг тэнцүүхэн байлгана гэсэн үг бол биш байх, гэхдээ жинлүүрийн туухай нэг талруугаа хазайхаар ямар олиг байхав дээ. Хатан ухаан, ноён нуруу, язгууртан сэтгэлгээ нь дутсан юм байлгүй дээ, бидний өнгөрсөн амьдрал тэнцвэр алдагдаад удсан байсныг одоо ойлгож байна. Гэр бүлийн хүмүүжил, ээж аавын үлгэр дуурайлал, нийгмийн хандлага дээр нэмэх нь хэтэрхий балчир, туршлагагүй, түүхий байхдаа гэрлэж, суралцах хөгжих боломжуудаа дэргэдүүрээ өнгөрөөж, хоорондоо том ангал үүссэнг анзааралгүй нүдэн балай явж ирээ юу даа. Одоо бидний туулж байгаа процесс магадгүй ухаарал, эдгэрэл, ойлголцол руу хөтлөх бизээ. Итгэл найдвараа алдмааргүй. Бүхий л өөрчлөлт сайн сайхан луу, дэвшин дээшлэх талруу чиглэж байдаг гэдэг дээ. 

Genki гэж гоё үг байна шүү. Миний ойлгосноор, бие сэтгэлээрээ эрүүл саруул, амьдралд хайртай, эрч хүч урам зоригоор дүүрэн, идэвхтэй цоглог гялалзсан байдлыг хэлээд байх шиг байна. Яг миний болохыг хүсдэг, өөрийгөө тийм гэж мэдрэхийг хүсдэг мэдрэмж. 

Өөрийгөө мэдэрнэ гэснээс, гоо үзэсгэлэн бол, харагдах байдал биш, мэдрэмж юм. Хүн өөрийгөө хөөрхөн, сайхан гэж мэдэрч байвал тэр нь бусдын нүдэнд харагдаад гоё сайхан санагддаг болохоос, туйлын, үнэмлэхүй гоо үзэмж гэж байхгүй. Нэг үгээр "Хөөрхөн хүн = өөртөө таалагддаг хүн" юм уу даа. Тийм болохоор гадаад гоо сайхан, сэтгэл санааны байдалтай бүрэн уялдаатай. Багаасаа өөлүүлж, гоочлуулж өссөн хүн, өөртөө итгэлтэй болж төлөвших хэцүү, дандаа биеэ голно. Тэгээд үргэлж бусдын үнэлэмжээр өөрийгөө үнэлэх гээд байдаг. Нэг төрлийн дутуугийн комплекс байх.



Жихүүн сарны хүйтэн туяанд

Сүүдэр минь бүртэлзэн харагдахуй

Жинхэнэ сэтгэлээ нээх үү

Сонсоод өгөөч хэмээн


Үүр цайхыг дохиолж

Сэвшээ салхи сэвэлзэхүй

Үнэндээ яах гэж амьдарнам бэ

Санаа алдах мэт асуух уу


Гунигтай хэдий ч амьдарсаар

Гунихын эрхэнд амьдарсаар

Хүний орчлонг туулаад өнгөрсний утга учир

Хорвоог орхисны дараа л  танигдах буй заа

Хойноос минь санагалзан дурсах нэгэн

Харуусал гунигтай минь цуг хайрлаж байсан гэж хэлээсэй


Замхран уусах үдшийн гялбаа шиг

Сэтгэлийн хөндүүр амирлан одохуй

Залуу цагийн дурсамжаа үгүйлэн

Хөнгөн мишээх мөч ирэх болов уу


Ганцаардлыг минь мэдсэн юм шиг

Тэр нэг содон од 

Гагцхүү надад хань болон

Шөнийн тэнгэрт гялтаганах авай


Гунигтай хэдий ч амьдарсаар

Гунихын эрхэнд амьдарсаар

Хүний орчлонг туулаад өнгөрсний утга учир

Хорвоог орхисны дараа л  тодрох буй заа

Хойноос минь санагалзан дурсах нэгэн

Харуусал гунигтай минь цуг хайрлаасай


Тэртээ хожмын өдөр

Намайг дурсан гуниглах нэгэн

Уйтай хэрнээ жаргалтай амьдарсанд минь итгээсэй


Ойрдоо энэ дуу аманд аялагдаад. Гунигтай хэдий ч амьдарсаар л, гунихын эрхэнд амьдарсаар гэх мөрүүдийг сонсохоор нүдэнд нулимс цийлэгнээд. Ер нь үе үе гунигт автдаг хэвээр. Намайг сайн мэддэг найз маань, гуниглах нь чиний онцлог, амьдралын нэгээхэн хэмнэл, үгүйсгэх гэж, болих гэж оролдохын оронд зүгээр л биеэ сул тавь, амьдрал үргэлжилсээр гэж хэлсэн нь ой тойд орох шиг. 

Энэ амьдрал дууссаны дараа л утга учир нь танигдана гэсэн хэсэг бас сэтгэлд их нийцээд байгаан. Хүний мөн чанар, амьдралын утга учир өөрийнх нь сонголт болоод хийсэн үйлдлээс хамаарч өөрчлөгдөх болохоос анх төрөхдөө л ямарваа нэгэн хувь тавиланг атгаж төрдөггүй гэсэн санаа миний өөрийн философитой таараад. Хальт уншиж харснаар бол existentialism гэдэг юм шиг бган. Буруу ойлгосон ч байж магадгүйэ. 

Дууны үг орчуулах гэж оролдохдоо анзаарсан нь, англи юмуу солонгос хэлээр маш энгийн үгсийг олон давтаад ч хамаагүй уянгалаг яруу сонсогдож болоод байхад монгол хэл яагаад ийм хэцүү юм бол, сонсголонтой мөртлөө утга төгөлдөр буулгахын тулд, дотор мэдрэгдээд байгаа бүхнийг бүрэн илэрхийлэхийн тулд хамаг онгодоо дуудаад ч олигтой хөрвөхгүй, модон хөшүүн санагдах юм. Дээрээс нь хэмнэл, мөр толгой холбох, ньюанс далд санааг илэрхийлэх гээд, ярвигтай гэж.

Гүн шөнийн анир чимээгүйд дуртай дуугаа сонсоод суухаар 20 хэдтэй оюутан нас бодогдохын. Гэхдээ тэхэд найруулдаг кофе хэдэн аягыг уугаад ФМ радио сонсдог байсан, одоо шар айраг ууж байна ккк. Хэн ч эвдэхгүй амар амгалан, унтах гэхээр хайран санагддаг байсан нь адилхан юм. 




19.7.23

Асуудал

 Амьдралынхаа нэгэн том асуудлын тухай ний нуугүй бичью гэж бодлоо. 

Хүүхэд байхдаа анх энэ асуудалтай нүүр тулсан. Асуудал үүсгэгч нь аав. Гэхдээ яг хүүхдүүддээ эрсдэл учруулж, аюул заналхийлэх хэмжээ/хэлбэртэй биш. Ээжид л их хэцүү байсан байх, ээжийн мэдэрч буй стресс, сэтгэлийн дарамт тэр чигээрээ надад мэдрэгддэг байлаа. Сүүлдээ гэхдээ аавын асуудал ч даамжраад, хүндэрсэн. Өөрт нь хамгийн их осолтой болж ирсэн. Би тэр үед гадаадад сурахаар явсан ч гэлээ, аавын эпизодуудыг сонсох бүрт дотор харанхуйлж сэтгэлээр унадаг байлаа, сэтгэлийн гүнд траума болж үлдсэнийх байх. Монголд буцаж ирсний дараа ч асуудал үргэлжилсээр, сүүлдээ жигших болсон. Гэхдээ аливаа юманд төгсгөл ирдэг, сайн муу ямар ч зүйлд. Аавын асуудал нэг л өдөр алга болсон. Мэдээж өөрийнх нь сэтгэлзүй хамгийн их нөлөөлсөн байх. Өмнө нь яаж ч арга чарга хэрэглээд болдоггүй байсан асуудал, гэнэт л өөрөө больсон. Яг л асар том бөмбөг эрчээрээ өнхөрч байснаа инерц нь дуусаад зогсдог шиг. Ид өнхөрч байхдаа замдаа таарсан юуг ч хамаагүй эрчээрээ дайраад л гардаг байсан.

Нөхөрт маань энэ асуудал нүүрлээд хэдэн жил өнгөрчээ. Эхэндээ арай ч үгүй байх, түр зуурын юм, ямар нэг шалтаг шалтгаан бодож олоод үгүйсгэж орхидог байлаа. Гэхдээ бас л ээжтэй адил, асуудал болоод босч ирэх бүрд нь маш  ихээр стресстэнэ, бухимдана, сүүлдээ архагшаад сэтгэл гутрал үүсэх нэг том шалтгаан ч болсон байх. Сүүлийн хэдэн сарын турш сэтгэл гутралаа даван туулж чадлаа, гайгүй болчихлоо гэж бодож бгаа ч, энэ асуудал намайг энгийн тайван амьдруулахгүй нь бололтой. Анзаараад байсан чинь улам хүндэрч, өөрийнх нь бие махбодийн эрүүл мэнд болоод миний сэтгэл санааны эрүүл мэндэд улам ноцтой, муугаар нөлөөлөөд эхэлчиж. Үгүйсгээд л, байхгүй гэж бодоод хууртагдаад, өөрийгөө хуураад явах хэмжээнээс хэтэрсэн. Асуудлыг зузаан даавуугаар халхаж орхиод хэсэг хугацаанд нүдэн балай чихэн дүлий явахад өөрөө аяндаа арилж орхих манан будан мэт бодсон. Гэтэл арилах биш, харин би л асуудлыг ноцтой гэж харах босго маань элэгдэж орхисон бололтой. Тэр босготой цуг миний сэтгэлийн тэвчээр ч, өөрийгөө хүндэтгэх хүндлэл маань ч нимгэрч намссаар байсан нь харамсалтай. 

11 сард ийм ноорог эхлүүлээд орхисон. Тойруулаад байлгүй шууд бичихэд, аав архины хамааралтай олон жил явсан, 60 гараад гайгүй болсон, одоо харин нөхөр. Сайн охины синдромтой хүн чинь нодлинг хүртэл энэ тухай хэнд ч хэлж байгаагүй. Олгой хагаравч тогоон дотроо гээд л чимээгүй амьдардаг байлаа. Блог дээрээ бичих санаа төрсөн нь 22 оны 11 сар. Ээждээ, хадамдаа анх цухуйлгасан нь он гараад. Үйл явц, олон жилийн турш зугуухан донтож ирснийг нь мэдэх хүн надаас өөр байхгүй болохоор бүгд л гайхаад, итгэж ядаад. Хадам аав бас архины хамааралтай хүн байж байгаад эрт нас барсан болохоор хадам ээж ойлгож хүлээж аваад байх шиг байгаа. Миний өөрийн ээж болохоор "эрэгтэй хүн архийг өөрийн хүслээр уудаггүй. Цаанаас нь дээд ухамсар, далд хүч уулгаад байдаг" гэж хэлэхээр нь дахиж ярих хүсэлгүй болсон. Ер нь Монголд эрэгтэй хүн архи их уулаа, архинд орлоо гэхээр ганц авдаг арга хэмжээ нь ном уншуулах, лам бөөдөх байдаг юм байна. Тэгээд ууж байгаа хүнийг их өрөвдөнө, хөөрхийлнө. Хажууд нь байгаа хүн ямар дарамттай, хэцүү байгааг хэн ч боддоггүй юм шиг. Зодоод, агсан согтуу тавиад байхгүй бол асуудал ч гэж үзэхгүй. Бараг л эхнэрийн буруугаас болж архи ууж зовсон хөөрхий эр гэх нь холгүй. 

3 сард бас ингэж бичиж байгаад ноорог чигт нь орхижээ. Энэ удаа олон юм нуршилгүй шууд publish!

18.11.22

Уйлмаар

 Яг одоо, уйлмаар романтик цас хаялж байна.

Уйлах болон гуниглах, бусад олон мэдрэмжийн нэгэн адил, хүнд үе үе төрж болох, байх л ёстой зүйл бизээ. Би дунджаар сардаа нэг удаа асгартал уйлах хэмнэл, хэрэгцээ байдаг. Өнөөдөр яг тохироо нь бүрдсэн байна, даанч нэгд ажил дээрээ бн, хоёрт орой жүжиг үзнэ, тэхээр нүдний будгаа арилгамааргүй. Хүссэн үедээ, хаа байгаа газраа уйлах нь хүртэл боломжгүй болчихдог томчуудын амьдралаа гэж... 

Систем дээр planned maintenance/төлөвлөгөөт засвар үйлчилгээ гээд хийгддэгэрхүү л юм даа. Хааяадаа төлөвлөөгүй байхад шууд асгарах үе бас байнаа. Уйлсны дараа цээж цэлмээд, сэтгэл онгойгоод, бүх асуудал яг restart хийсэн компьютерийнх шиг хэсэгтээ далд орж, тархи = CPU сэнгэнэтэл дээд хүчин чадлаараа ажиллаж эхэлдэг :) Гэснээс аливаа техникийн асуудлын 80% нь унтраагаад асаахад шийдэгддэг. Уйлсны дараа бас сэтгэлийн ачааны 80% нь хөнгөрсөн мэдрэмж төрдөг байх шүү бараг. 

Гуниглах ба гутрахын ялгааг мэдэрдэг болсон бнлээ. Миний хувьд сэтгэл гутрал ихэвчлэн тодорхой шалтгаангүй, хэзээ ч дуусахгүй мэт, хамаг бие дээр хүнд жингээрээ дараад байх мэт чадал барсан мэдрэмж байдаг бол, гуниглах нь яг юунаас болсон бэ гэдгээ мэддэг, эхлэл өрнөл төгсгөлтэй, бас бараг enjoy хийчмээр хөнгөхөн байдымшиг. 

Өнөөдөр харин жоохон "холимог хуурга" байна уу даа. Гуних шалтгаан хэд хэд байна. Эхлээд мэдээж цас хаялж буй нь. Удаах нь уржигдар тааралдсан эртний танил минь. Хальт гэгэлзэж, догдолж, хамтдаа хуваалцсан дурсамжийн чихрээ хааяа нэг амталж явсан хүн. Эрс өөрчлөгдсөн дүр төрхөөс илүү, дотор хүн нь танигдахын аргагүй шал ондоо болчихсон нь гунигтай. Хэн нэгний буруу биш, угаасаа л амьдрал гэдэг ийм. 


Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан сүүлчийн навчис
Өвдөж байгаа болвуу, гуниглаж байгаа болов уу?

 

Агуу их нам гүм - цас
Агуу их нам гүм - цас
Агуу их амьдрал - нулимс
Агуу их үхэл - намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь

Моддын дээр цас орно
Зүрхнээс нь минь нэг нэгээрээ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных ...

Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр

 

/Л.Ө./


Энэ шүлгийг 10 жилийн өмнө бас оруулж байжээ. Мартсан байна. Давтаал оруулчиж. Мартагдах, давтагдах, ижил мөртлөө өөр мэдрэмжүүд. Цас орох бүрт санагдаад байхгүй хэрнээ 10 жилийн зайтай санагдах хэн нэгэн. Дахиад хэдэн удаа ийм цас орох бол, дараа нь би гэдэг хүн хумхын тоос болох бол ккк.  

29.2.16

Харамсах...

Буцаж ирснээс хойш 3.5 жил. Манай 2 Канадыг санагалзаал, гоё байсан гээд ярихаар нь энд ч гоё байна даг гээд омог бардам явсан юмсан.
Гэв гэнэт л...

ирдэггүй ч байж үү, өдийд тэндээ амьдарч байсан бол гэх харуусал зүрх базаад явчихым...

Шүүгээний булангаас Канад үнэмлэх гарч ирээд, хугацаа нь яг одоо дуусаж байгаа нь харагдаад...

Монголдоо, эх орондоо эзэн хүний ёсоор амьдаръя, үр хүүхдээ ч эх хэл дээр нь сургаж хүмүүжүүлье, ээж аавтайгаа ойр байя... энэ л бодлууд буцаж ирэхэд минь хөтөлсөн. Гаргасан шийдвэртээ итгэлтэй байсан, өчүүхэн эргэлзээ гарах бүрт үгүй дээ миний зөв гэж өөрийгөө зоригжуулдаг байсан, гэнэт өнөөдөр л энэ бүхэн худлаа, яах гэж буцаж ирснээ ойлгохгүй, буруу шийдвэр гаргачихсан мэт бөөн бөөн харамсал төрөөд унахын.

Өнгөрсөн түүх өнгөрсөндөө, эргүүлж болохгүй...Ирээдүйгээ яах билээ гэдгээ л бодох хэрэгтэй гэдгээ ухамсарлаж байвч, өнөөдөртөө энэ гашуун харуусал намайг базаж, хамаг шим шүүсийг минь гартал мушгих шинжтэй...

8.7.15

Өвчин ороогоод баларлаа

Ажилдаа орохдоо хүү минь мөөмгүй уйлах болуу гэж санаа зовж байсан маань гайгүй шиг, эмээгийнхээ гар дээр сок, каш, тараг эргүүлдээд л овоо дасаж байна. Гай газар доороос гэдэг шиг би өөрөө өвчин ороогоод нэмэргүй болчлоо. 

Нилээд ширүүхэн ханиадыг эмгүй давчлаа гээд баатар байтал гэнэт хамраас шар ногоон шингэн нус тасралтгүй гоожоод, 2 хоногийн дараа чихээр хүчтэй хатгуулаад. Ажлаа тарахыг хүлээх гэтэл тэсэхээ байгаад эмнэлэг рүү очоод үзүүлтэл гамрийт нь чих рүүгээ орсон байна, хэнгэрэг хагарах дөхсөн байна шүү гэсийн. Эмнэлгийн бараа харсан хүн санаа амраад л одоо бүх юм окэй гэж бодтол байдгүйэ... Орой нь өвдөлт намжингуут чихнээс шингэн юм цуваад эхэлсэн. Хэнгэрэг нь хагарчиж байгаа нь тэр гэнээ :(

Антибиотикоор бөмбөгдүүлээд, ам чих рүүгээ цацлага дусаалга тасралтгүй хийгээл байж байгаа хэдий ч нөгөө чих нь бас хагарах аюултай болцон байна гэхийн. Гэв гэнэт ингээл дүлий болчдын байхдаа гээл гутраад нулимс асгаруулав. Уйлж болохгүй хайр гэж байдаг юм байна гээд дуу байдагшд. Уйлж болохгүй өвчин гэж байдгийн байна. Уйлахаар хамар улам битүүрээд бүр балрах шинжтэй. Хамраа аль болох онгорхой байлгажийж доторх идээ үрэвсэл нь арилдаг гэнээ. 

Хүмүүсийн яриа заримдаа сайн сонсогдохгүй, ялангуяа их шуугиантай орчинд ярьж байгаа хүн рүү анхаарлаа хандуулж чихээ дэлдийлгэхгүй бол сонсохгүй шинжтэй. Давын өмнө дархлаагаа хурдан сайжруулах хэрэгтэй байна. Тэгээд үрэвслээ дараад авчуул дараа нь хэнгэрэгээ нөхүүлэх энээ тэрээ гээл явдаг байх даа. Блогоо завсарласан жил орчмын хугацаанд дэндүү их ачаалалтай амьдарсан, их ч ядарчээ. Дээрээс нь жирэмсэн, хөхүүл гээд өвдсөн ч эм уухгүй гүрийгээд өвчнөө бүр хүндрүүлчихсэн бололтой.

Биеийнхээ илгээж буй түгшүүрийн дохиог цаг тухайд нь анзаарч эрүүл мэндээ анхаарч баймаар юм байна шүү таминээ.

21.4.14

Эмгэнэл илэрхийлье

Хөөрхий бяцхан хүүхдүүдийг бодохоор л өрөвдөөд гол шимшрээд байх юм.
Ид цэцэглэж, амьдралын амт шимтийг мэдрэх гэж явсан арван хэдхэнтэй өсвөр насны охид хөвгүүд.
Удахгүй ахлах ангиа төгсөж их сургуульд шалгалт өгнө гээд л хичээлээр нүдүүлдэг нас. Тэгээд ганц зугаалах гэж яваад бөөнөөрөө ийм аймшигтай юм болчихдог. Саяхан Малайзын онгоц сүйрэхэд тэгтлээ хайхраагүй (түй түй, тэр хүмүүс ч бас хэцүү хөөрхий) хэрнээ солонгос хүүхдүүдийг бодохоор бүр элэг зүрх эмтрээд байх юм.

Солонгосын Кёнги аймгийн Ансан хотын Данвон ахлах сургууль. Манайх энэ хотод сүүлийн 3,4 жил нь амьдарсан. Энэ сургуулийн дэргэдүүр зөндөө л явдаг байсан болоод их ойр тусаад байх шиг. Усан онгоцны 69-тэй өвгөн ахмад, "Өөрөө мэдээд хүмүүсийг далай руу гаргах эсэхээ шийд" гэсэн захирамжийг дагачихсан бол... Хүүхдүүдийг хий дэмий далай руу үсрүүлээд аварч амжилгүй тавиад туучихвал гэж хаширласан бололтой юм. Уг нь олон жилийн туршлага, яавал дээр вэ гэдгийг мэдэрсэн баймаар. Харамсалтай, тун эмгэнэлтэй...

1912 оны 4 сарын 15-нд Титаник сүйрч, живсэн гэдэг. 100 гаран жилийн дараа яг энэ өдөр түүх ингэж давтагдах ч гэж. Хөөрхий золгүй хүүхдүүд, амьдарч амжаагүй буцсан тэднийг бурхан ивээг. Rest in Peace. Тэнгэрт тайван нойрсог дээ.



10.8.12

Улаанбаатарт бороо орж байна...

Найман сарын бороо, Намар хархүүг дагуулж ирчихээд сэтгэлийн маань гал тогоонд гуниг самарч, уйтгарын зузаан өрөм загсаагаад суучлаа...Хүүхэд нас усны гутлаараа шалбааг туучин онгирч, Цаг хугацаа хаашаа ч юм айл хэсээд эзгүй байна...Ноён Саарал хорвоог бүрхэн дарангуйлж, өнгө будагс зөвхөн шүхрэнд хоргодон туугдах мэт...

31.5.11

Гунигтай үедээ (жоорлов)

Эрж хайснаа оллоо ч
Энэ амьдралд ханахгүй, тайтгарахгүй
Зол баяр нэг л удаа
Зомгол мэт дүрсхийгээд унтарна
Атга ч хүрэхгүй нурам нь
Амьдрал гэж нэрлэгдэнэ ...

П.Майнбаяр

3.3.10

Яагаад амьдрал ийм хөнгөхөн атал цөмөөрөө гунигт автдаг?

Гоё шүлэг байна... Бас гоё дуу байна...
Сонсонгоо уншиж суутал үл ялиг гуниг төрөөд...
Дараа нь бас дахиж уншмаар санагдаад тавичихлаа...

15.8.09

Зөрөөд өнгөрсөн бүсгүй

"Танихгүй хэрнээ дотно санагдаад..."  байсан түүнд зориулъя...

Зүгээр л...
энэ өдрүүдийг дурсах гэж оруулав...

26.6.09

Rest in Peace

Баяртай...баяртай...
бага насны шүтээнүүд минь...

25.5.09

Улс төржсөн weekend

Түүхэнд тэмдэглэгдэх өдрүүд байсан гэдэг нь тодорхой. Миний гар хуруу оролцоогүй ч гэсэн, тэр үйл явдлуудыг мэдэрч, харж, уншиж, сонсож, энэ цаг үед хамтдаа амьсгалж амьдарч байгаагаараа би бас түүхийн нэгэн амьд гэрч :-)

3.3.09

Та зүрхэнд мөнх шүү...

Амьдрал мөнх үргэлжилдэг нь гайхалтай.
Энгэрээ дагаад өвгөд минь одлоо ч
Ээжээ баярлуулж үрс нь төрдгиймаа
Өчигдөр найз маань охинтой болсон гэнэ. Хайртай эмээ минь хаврын эхийг үзээд таалал болсон өдөр, хэдэн амьдрал эхэлж бас төгссөн бол...

2.3.09

Уучлаарай намайгаа

Утас дуугарч...гашуун мэдээ дуулгалаа...
Хамгийн түрүүнд...уучлаарай гэсэн үг л...нулимстай цуг урслаа...
Одоо нэгэнт өнгөрсөн... миний үгийг сонсохгүй...
Ухаан муутай намайгаа өршөөж уучлаарай...

7.1.09

Би энд байхгүй

Гэгээн алсад одох юмсан - Хөгжмийн зохиогч Б.Шарав, Төгөлдөт хуурч Чинбат

Тохиролцоо

 Хувийн эмнэлэгт солиорол нь дийлдэхгүй бсн тул СЭМҮТ рүү аваачиж хэвтүүлэв. Шар хад, хурцын тасаг гээд онигоо юмуу надад огт хамааралгүй өө...