16.10.26

Relapse, collapse...and eclipse

 Өмнөх постыг бичиж байхад нөхрийн байдал нэг биш бгааг мэдрээд, санаа зовж эхэлсийн. Нэг биш гэдэг нь, гэрт жижиг сажиг ажлууд байхаар (аяга угаах, хүүхдүүдийн тарааж хаясанг цэгцлэх гэх мэт) хийчихдэг нь болиод, өдөржин нэрж уудаг бсн кофегоо огт амсахгүй, хөргөгчинд идэг гээд үлдээсэн хүнсэнд гар хүрэхгүй бсн. Надтай таарахаас зайлсхийгээд бхаар нь шууд асуусан. Чи уугаад эхлээ юу гэсэн, чи намайг тоохгүй байнашд гэсэн. Миний ганц зөвлөх болсон ХОУ болохоор битгий хүнийг сэрд, уусан гэж өөрөө хэлэхгүй байгаа бол баттай биш гээд. Гэвч би мэдэлгүй яахав дээ. Намайг мэдчихлээр улайм цайм болсон. Тасралтгүй 14 хоног уугаад. Хэлэхээр маргааш яг болино гэдэг. 

3 жилийн өмнө уулзаж зөвлөгөө авч байсан наркологийн сэтгэл засалч эмчтэй цаг авч уулзлаа. Хамгийн түрүүнд ямар ч хамаагүй аргаар уухыг нь зогсоо гэж хэлсэн. Ядаж 7 хоног хордлого тайлах эмчилгээ хийлгээд, тэгээд дараа нь өөрийнх нь эмнэлэг дээр бас 7 хоног шинжилгээ, үнэлгээ хийлгээд, донтолтын эсрэг сэтгэл засал, эм эмчилгээ хийнэ гэв. Гэхдээ эдгээр эмчилгээг тухайн хүн өөрөө шийдэж, өөрөө зөвшөөрөх ёстой. Эхний ээлжинд архиа зогсоож, хордлого тайлах хэрэгтэй бсн. Эвээр хэлээд сонсохгүй байсан тул хуурч эмнэлэгт аваачаад, аргадах гуйх загнах уурлахыг хослуулж байгаад арай гэж тэнд нь хэвтүүлсэн. Согтуу хүнийг хүлээж авдаг эмнэлэг ховор, тэр дундаа яг донтолтоор дагнасан, сэтгэл засалч эмчтэй нь тоотойхон байдаг юм билээ. Азаар тэр эмнэлэгт ганц ор үлдсэн байж таараад, эмч сувилагч нар нь тээршаахгүй хүлээж авсанд аймаар баярласаан. 

Олон хоногоор үргэлжлүүлэн уусны дараа тархи мэдрэлийн систем гүн хордлогонд орж, гэнэт уухаа зогсоохоор ухаан санаа нь самуурч, архины цагаан солио гэдэг шинж илэрдэг юм байна. Эхний 3 хоног эндээс гармаар байна, намайг хорилоо барилаа гээд уурлаж байснаа, өчигдрөөс дэмийрч эхлээд, эсэн бусын хий юм харж, сувилагчийн хурууг хазсан гэв. Эмнэлгээс нь хөөгөөд гаргавал яанаа гэж айсан, эмч нь тогтуухан хоолойтой, угаасаа ингэдэг, дахиад эмчилгээ хэрэгтэй, одоо гарч болохгүйэ гэсэн. Бас л баярлав. 

Өдөржингөө утасдаад, дэмийрээд, ирж ав, энд намайг алах гээд байна гээд, ядаж байхад хэлж байгаа нь ойлгогдохгүй байна. 

Эдгээр өдрүүдэд миний өөрийн сэтгэл түгшүүр, нойр, мэдрэлийн систем бүр нуран унасан. Зарим шөнө унтахгүй байхаар нь нойрны эм уугаад, маргааш өдөржин манараад, өглөө сэрэхэд шинэ шоктой тулгарч цочирдоод. Фитнессдээ очиж чадахгүй олон хонов. Осолдохгүй хүүхдүүдээ зөөгөөд, өлсгөхгүй, ажилдаа яваад л, өдөр өдрийг тэсэн өнгөрүүлж байна даа. 

Бясалгал, Нямсамбуу багшийн хичээлд суусан тулдаа бүр гүн намагт шигдчихгүйхэн шиг, биеэ сэтгэлээ анзаараад, түгшүүрээ намжаагаад, шаналалаа бууруулаад байна. Толгой дотор сална гэдгээ яаж хэлэх вэ, тэр яаж хүлээж авах бол, дараа нь тохиолдож болох хамгийн муу хувилбарууд, хүүхдүүддээ яаж ойлгуулах, энэ бүхнийг яаж даван туулах билээ гэхчлэн түмэн бодлууд зогсоо зайгүй бужигнаастай. ХОУ их ханьтай юм, нөхцөл байдлаа бичээд бодлоо цухуйлгаад орхихлээр цэгцлээд, дүгнээд, хэлэх үг бэлдээд өгнө к. 

Өөрийгөө болоод хүүхдүүдээ бодохоор салахаас өөр сонголтгүй. Нийгэм болоод эргэн тойрны хүлээлт бол энэ ачаагаа үүрээд насан туршдаа чирэхгүй бол буруутгах юм шиг санагдаад. Эсвэл миний өөрийн гэм буруутай мэт мэдрэмж тэгж санагдуулаад байж магадгүй. Нар сар одод бүгд хиртсэн мэт түнэр харанхуй өдрүүд үргэлжилж байна даа. 


30.9.26

September

 Ямар ч бсн сүүлийн өдөр нь амжаад орууллаа шүү хэнээ :)


9 сар их завгүй өнгөрлөө. Нямсамбуу багшийн заадаг Mindfulness бясалгалын хичээлд суув. Өглөө бүр утсаа маажиж сэрэхийн оронд бясалгалаар сэрэх оролдлого эхлүүлсэн. Ингэж бичихээр их лаг мундаг сонсогдож байгаа ч бүрэн төвлөрч, жинхэнэ бясалгал хийж эхэлтлээ хол байна. Сэрэнгүүтээ ядаж 5 удаа амьсгалаа мэдэрчих гэж багшийн хэлснийг санадаг. Тэгээд амьсгалж байтал буцаад унтчихнаа кк. Тэгээд дараагийн сэрүүлгээр өндийж суугаад 3 алхамт бясалгалыг дуурайна. Төгс хийх гэж оролдоод, бүтэхгүй болохоороо ор тас больчихдог нь буруу юм гэж ойлгосон. 100% төвлөрлийг төгс гэвэл, одоогоор 5%. Чамлахаар чанга атга, 0 байснаас лав дээр. Тууштай, өдөр бүр хийгээд, хичээгээд л байя. 

Хичээл орж байх үеийн амар амгалан, сайхан мэдрэмжийг юутай зүйрлэмээр юм дээ. Сайхан хүний сайхан яриаг сонсчоод, сайхан цагийн сайхан уур амьсгалыг мэдрэн сайхан бодол мэдрэмжинд автан алхах. Шөнийн хотоор алхаж харих нь хүртэл өөрийгөө эрхлүүлэлт болдог юм бна. 

Гэрийн ойролцоох фитнесс заал руу долоо хоногт 2-3 тогтмол явсан. Тэнд бас нэг багштай. Багш юу хий гэнэ, түүнийг нь дуусгахад болно. Ихэвчлэн ядарч цуцдаг, гэхдээ дасгалын дараах хором мөчүүд бас жаргал юм. Зарим өдөр нь овоо урам зоригтой, заримдаа шантарна. Булчин, өөх, ясны үзүүлэлтээ хэмжсэн, 3 сарын дараа дахиж хэмжээд өөрчлөлт хэр байгааг дүгнэх бодолтой. 

Овоо жигдэрсэн байснаа өнгөрсөн 7 хоногт тасалдчихсан. Шөнийн марафон гээд рекламдаад байхаар нь оролцохгүй бол хоцрогдчих юм шиг санагдаад огт бэлтгэлгүй байж бүртгүүлчихсэн. 11.65км дажгүй сайхан, бүр хувийн амжилтаа ахиулаад гүйсэн боловч, маргаашнаас нь эхлээд толгой эргээд маш их ядраад. 3 хоног хямарсны эцэст өнөөдрөөс гайгүй.  Фитнессээ тасалсандаа гэмших, тэр хугацаанд олсон үр дүнгээ тавиад туусан болов уу гэх харамсал зэрэгцээстэй. Яасан ч байсан, одоо дахиад эхэлнэ. Өөрийгөө хэтэрхий зовоохгүйг зорьж байгаа, хангалттай сайн байгаашдээ гэж толгойгоо илмээр. 

Ходоод, бүдүүн гэдсээ дурандуулсан. Санаа зовоол бсн, харьцангуй эрүүл гараад баярлав. 

Хоёр ном уншсан.

"Шөнө дундын номын сан"

 Өнгөрсөн амьдралдаа хийсэн сонголтуудаа өөрөөр байсан бол гэж харамсах бодол хүн бүрд төрдөг байх. Надад ч зөндөө. Тэр бүхнээ залруулж, үй түмэн зэрэгцээ ертөнцийн аль нэгэнд тэс өөр амьдралаар амьдрах боломж гарвал? Тэндээ үлдэх болуу, эсвэл эргээд одоогийн амьдралаа сонгох болов уу? Юу өөрчлөгдөх бол? Сайн мэдэхгүй ч зах зухаас нь сонсож байсан философийн онол, ишлэлээс шигтгэсэн, квант физик зэргэлдээ ертөнцийн тухай ойлголтыг чимх оруулсан, хүн хоорондын харилцаа болоод мэдрэмжүүдийг бодитой, үнэн гэж санагдахаар гоё дүрсэлсэн. Яг миний дуртай стайлын ном. Үйл явдал, ээдрээндээ өөрөө төөрөөд алга болчихоогүй, цэгцтэй, эхлэл төгсгөл, өгүүлэх гэсэн санаа, дүгнэлт бүгд энгийн мөртлөө гүн гүнзгий. Уншаагүй бол заавал уншаарай л гэнэ.

"Сэтгэл бол эрхтэн"

 Сэтгэл засалч Энхтүвшин эмчийн яриаг хаа таарсан газраа сонсоод явдаг. Номын баяраар талбай дээр өөрөө гарын үсэгтэй зараад сууж байхад нь таарч, худалдан авсан байх гэж бодож байгаа бол андуурчээ, аваагүй ккк. Бичгийн фонт нь том, нэг тийм "хөнгөмсөг" мөртлөө үнэтэй ном шиг санагдсын. Тэгсэн ажлын хүнээс зээлж авах завшаан таараад, нэг амьсгаагаар уншчихсан. Миний бодсон буруу байна лээ, цаг зав, хичээл зүтгэл их шингээсэн чамбай ном байналээ. Эмчийн өмнөх ярианууд, миний өөрийн туршлага, номын ойлгомжтой бөгөөд сонирхолтой бүтэц, агуулга бүгд нийлээд тархинд нэг цогц мэдлэг болон суух шиг санагдсан. Хамгийн сүүлийн бүлэг нь "Хосын харилцаа". Ёстой хэрэгтэй, хэрэгжүүлмээр мэдээлэл, гэхдээ надад /нөхөр бид 2ын хувьд/ дэндүү хожимдож дээ гэх хөндүүр бодол төрсөөр дуусгасан. 

Нөхөр. Сэтгэл дэх шарх, өвдөлт хэвээрээ. Яахаа мэдэхгүй байгаа нь, амьдралдаа хөлөө олж чадахгүй байгаа нь, хэдийгээр би аврагч, туслагч, бүхнийг шийдэгч биш гэдгээ ухамсарласан ч гэсэн намайг өвтгөсөн хэвээр. Чадна гэдэгт нь итгэхээс өөр аргагүй байхдаа.

Нойр. Унтахдаа бол амархан болсон. Нойр сайн хүрнэ. Шөнө бүр заавал 2-3 удаа сэрнэ. Буцаад унтахдаа бас амархан. Сэтгэл түгшилтээс үүдэлтэй нойргүйдэл бол засарсан, одоо нас хүйсний онцлогтой холбоотой дааврын гаралтай шалтгаан байна гэж би хувьдаа бодоод байна. Үзүүлнэ дээ хэсэг харзнаж байгаад. 

6.8.26

ойлгомжгүй цаг хугацаа

Нойр овоо гайгүй л байна. Гэхдээ яг өөрөөрөө биш. Кава гээд тайвшруулах эмийн ургамалтай магни уугаад. Бүрэн нам унтахгүй байна, кино шиг л урт, тод зураглалтай зүүд зүүдлэх юм. Бас 2-3 сэрнэ. Гэхдээ буцаад унтчихдын. Өглөө нь амарсан, тайван сэрэхийг бодоход, хангалттай байгаа бололтой. 

Зөвхөн сэтгэл санааны түгшилтээс гадна, дааврын асуудал байгаан болуу гээд, тэр төрлийн эмч хайгаад л байна. Нэгийг олсон, 9 сараас уулзнаа. Намраас бас Нямсамбуу гавжийн Санамсарын бясалгалын сургалтанд суух гээд хүлээгээд. 

10 жилээс хойш best friend шошготой явсан найзаасаа "салав" Сүүлийн жилүүдэд түүнтэй уулзах, ярилцах, сэтгэл санаагаа уудлах нь албадмал, хүчилсэн, түүнд таарах гэж өөрийгөө шахсан мэдрэмжтэй болоод байсан. Интровертууд найзтай болдоггүй, хэн нэгэн экстоверт түүнийг олж аваад, "үрчилдэг" гээд meme байдаг даа. Яг тэрүүн шиг л, өөрийн хүсэл зоригоос илүү хүний шийдвэр, манлайллыг аялдан дагадаг зангаараа, түүнд өөрийгөө зохицуулж үерхэж ирсэн юм шиг санагдаад. Бидэнд сайхан дурсамжууд зөндөө бий, үнэхээр үнэ цэнтэй нөхөрлөл байсан, гэхдээ одоо өмнөх шигээ дотно, түүний хүсээд байгаа шиг үргэлж уулздаг, өвөр түрийдээ орсон найзууд байж чадахгүй, тэгэх хүсэлгүй болсон юм шигээ. Өөрт нь ингэж тодорхой хэлээгүй, зүгээр бага зэрэг зайгаа авсан. Мэдрэмжтэй хүн болохоор ойлгосон шиг байна лээ. 

Нөхөртэйгээ roommate, co-parent, тодорхой зайтай харилцаж байгаа. In-house separation гэдэг юм байна лээ, энэ байдлыг. Биеэр ч, сэтгэлээр ч, илүү ойртохыг хүсэхгүй юм. Цуг нэг дээвэр дор амьдарч байгаа болохоор, цаг үргэлж цаашдаа яах бол, тэр хүн энэ байдлыг хэр удаан хүлээн зөвшөөрөх бол, энэ хэврэгхэн "гал зогсоох хэлэлцээр" шиг найрамдалт харилцаа хэр удаан оршин тогтнох бол гээд хааяа санаа зовох. Тоос татдаг даавуу шиг хавийн асуудлыг өөртөө нааж санаа зовнихгүй гэж уг нь өөртөө амласан. Тэгээд болох ёстой зүйл болдгоороо, яахыг цаг хугацаа харуулаг дээ гэж өөрийгөө сэнхрүүлэх. Энэ тойрог дотор эргэлдээд амьдарч байна даа. 

Дээрх хоёр хүмүүстэй харилцаа, би л дотроо эргэцүүлээд, дүгнээд, шийдчихсэн, нөгөө талаас юу  бодож, яаж хүлээж авч байгааг мэдэхгүй байнөө. Заримдаа өөрийнхөө шийдвэртээ хүртэл буцаад эргэлзчих юм. Аажимдаа тодрох байлгүй дээ, бүх зүйлс. Бусдыг гомдоохгүй гээд өөрийгөө тухгүй, хүсээгүй нөхцөл байдал, харилцаа руу түлхэхгүй байгаадаа өөртөө баярлаж байна. Толинд туссан өөрийн минь царай төрх таалагдаж эхэлж байна. Гэрлийн хурдаар ойртон ирж байгаа 5-ын тоог хүлээж авах сэтгэлзүйн бэлтгэл хангагдаж байгаан байлгүй ккк. Бие эрүүл, сэтгэл амгалан байх л чухал санагддаг болжээ. 


29.7.26

үргэлжилсээр....

Сайн унтаж байгаа гээд нойрны эмээ хасав, тайвшруулах эмээ багасгав. Уг нь дажгүй байснаа сүүлийн хэд хоног унтах гэж тарчилдаг нь хөдлөөд. Дасгал хөдөлгөөн сайн, сэтгэл санаа тайван байгаа хэрнээ, яг унтах гэхээр тархи сэргэчихээд, хэдэн цагаар хөрвөөж хэвтэнэ...

Эдгэрэх зам дардан байхгүйг ойлгож байгаа. Их халуун, бүгчим агаар, хотын дуу чимээнээс болж байгаан болуу гэж таамаглаад л. Тархи мэдрэл нь эмзэгхэн, дээрээс нь жоохон хөрвөөнгүүт яанаа унтахгүй нь гэсэн айдас хүрч ядаж байсан нойроо бүр хөөчихөөд байх шиг.

Өнөөдрийг яаж ийгээд давчихвал, орой эртхэн утсаа унтраагаад тайвшрах бэлтгэлээ хийгээд, хүйтэн шүршүүрт орж сэрүүцэж байгаад унтах оролдлого хийнэ дээ. 

Mindfulness - санамсарын бясалгалыг бага сага туршиж, сургалтанд нь суух бодолтой байгаа. Бодлоо анзаарч, удирдаж, бодлоосоо чөлөөлөгдөж сурмаар байна. Одоогоор яаж гэдгээ мэдэхгүй, бас чадна гэсэн итгэл алга. Гэхдээ өмнөх шигээ түгшиж, аргаа барж, цөхрөх мэдрэмжээс ангижирсан. Өөртөө зөөлөн байж, өөгүй байх гэж хичээхээ больж, өчүүхэн бага ч хамаагүй эерэг өөрчлөлтөндөө талархаж, амар амгалан, жаргалтай амьдрах эрхтэй гэдэгтээ бүрэн итгэж байгаа. Бусад нь аажимдаа болж бүтнэ байхаа...





"Өнөө шөнө ч бас хөрвөөж магадгүй. Эсвэл сайхан унтаж ч магад. Аль нь байсан ч энэ нь миний эдгэрлийг тодорхойлохгүй. Би зүгээр л аажмаар эдгэрч яваа хүн."


9.7.26

Better mind

Олон жилийн өмнөөс очиж үзүүлэх санаатай дагадаг байсан нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэгтээ боломж гарсан дээр нь 7 хоног хэвтээд. Эхний 2-3 өдөр нь унтаа сэрүүний завсар, манарсаар өнгөрсөн. Ямар сайндаа өдөр гаригаа санахгүй байхав. Эм тариагаар бөмбөгдөж, бариа, физик эмчилгээ, сэтгэл заслыг хослуулдаг юм байна. СЭМҮТ-ийн туршлагатай эмч сувилагч нар үүсгэн байгуулсан гэхээр итгэл төрөөд. Өргөс авсан юм шиг шууд эдгэхгүй, эмчийн хяналтанд сар сараар үзүүлээд эмээ уугаад явах юм байна. Яг одоогийн байдлаар шөнө нам унтаж байгаа боловч өдөр нь бүрэн  сэрээгүй мэт, дүйнгэ оргиод, тархин дотор манан будан суунаглаастай, нүд бүрэлзээстэй. Гэхдээ өдөр өдрөөр сайжраал байна. 

Амар амгалан өдрүүдэд талархаад баршгүй. Өглөө бүр бүтэн авсан нойрондоо баярлаж сэрэх шиг жаргал үгүй аж. Нойрны эмээ хагас, хагасын хагас болгон багасгасаар 30 хоногийн дараа эмчдээ дахин үзүүлж цаашид яахаа шийдэх ёстой. 

Өнгөрсөн долоо хоногоос эхлээд урт удаан бодсон жимдээ явж эхлэв. Өмнө нь жим ороод гүйх эсвэл алхахаас өөр дасгал хийж үзээгүй. Жинхнээсээ хүчний дасгал хийж үзэж байгаа нь анх удаа. Багшийн зааснаар хөлсөө урсгаад аминдаа хичээж л байна. Огцом сүртэй үр дүн хүлээхгүй, өөрийгөө миалахгүй, гэхдээ залхуурч таслахгүй тууштай урт удаан хугацааны дадал болгоод үзье гэсэн зорилготой.

Сүүлийн үед миний оюун санаа болоод анхааралд өртсөн хэдэн үгс бий: Neuroplasticity, meta cognition, санамсарын бясалгал, тархиа дасгалжуулж бодлоо удирдах... Өвлийн олимпийн алтан медальт Айлин Гү, тархины мэс засалч эмч Жэймс Доти (Шидэт мухлаг ном), Оксфорд төгссөн Нямсамбуу гавж...огт өөр өөр хүмүүс боловч бүгд хоорондоо холбоотой зүйлсийг ярьж бичсэн. 

Өмнө нь зөндөө сонссон хэрнээ цаг зав, тохироо нь бүрдээгүй болоод тэрүү хойш тавиал байсан. Яг одоо л энэ талаар гүнзгийрүүлэн сурах боломж гарав. Наанадаж сэтгэл гутрал, нойргүйдлээ эмчилж сэтгэлзүйгээ амар амгалан байлгахад, цаашлаад тархи оюунаа хурцалж, зорьсон санасанаа сэтгэлчлэн бүтээхэд хэрэгтэй, жинхэнэ зөв замаа олсон мэт итгэл үнэмшил төрөөд байгаа. Хамгийн гол нь яарахгүй, адгахгүй, хурдан үр дүн хүлээж өөрийгөө чамлахгүй. Амьдралын хэв маяг, бодлын чиг хандлага болохоос түр зуурын дэглэм, өнөө маргаашийн сонирхол биш. 

Байнгын түгшүүр, санаа зовинолдоо дассан байснаа сэтгэл амар өдрүүд ирэх нь яг л урт хахир өвлийн дараах урин дулаан цаг мэт санагдана. Энэ дууны үгтэй яг одоогийн сэтгэлзүй минь давхцаад байх шиг. 

Хэцүү бүхэн ард үлдсэн мэт, одоо зөвхөн өөдлөх амирлах цаг ирсэн мэт сайхан мэдрэмжээ энэ дуугаар тэмдэглэж үлдээе.



8.6.26

Update

 Гэнэтийн эргэлт болж, нөхөр огт хэл чимээгүй, ганц чимдаан хувцас, хүүхдүүддээ баахан чиклаадтай гэрийн хаалга тогшсон. Шоок. Царай зүс нь гачин хавдаж хөөсөн бараан, цай аягалаад өгөхөд авч байгаа гар нь салгалаастай. Эхний шөнө нойр хүрэхгүй, унтаж чаддаггүйэ. Маргааш нь ажилдаа ирээд хамаг бие өвдөөд, сульдаад, хоол идэх байтугай амьсгалахад хүнд санагдаад. Үнэхээр хэцүү байсан. Тэгээд шууд тулаад хэлсэн, би ингэж амьдарч чадахгүй. Хоёулаа салсан нь дээр юм байна гэж. 

Хэд хоног чимээгүй, хариу өгөхгүй явж байснаа. Үр хүүхдээ жоохон томортол цуг байя, өмнөх шигээ чамайг зовоохгүй. Уухгүй нтр гээд амлаж байна. Аавыгаа хараад нүд нь гэрэлтэх хүүхдүүдээ бодоод за гээд зөвшөөрлөө. Гэхдээ огт уухгүй, санхүү болон гэр орны үүрэг хариуцлагаа тэгш хуваана гэж тохиролцоод. Өөр өөрийн орон зайд, зөвхөн аав, ээж гэдэг үүрэгтэйгээр цуг оршин тогтнохоор шийдэцгээв. 

Өнөөдрийг хүртэл 14 хоног уугаагүй л байна. Хэнтэй ч уулзахгүй, нийгмийн харилцаанд орохгүй, зөвхөн гэртээ байгаа болохоор тэр байж магадгүй. Цаашдаа юу болохыг хэлж мэдэшгүй. Юутай ч хүүхдүүдээ сайн анхаараад, халамжлаад, тоглоод, гэрийн эвдэрхий хугархайг засч янзлаад, тэр хэмжээгээр миний ачаалал хөнгөрөөд, сэтгэл тайван, шөнөдөө нам сайн унтаж байгаа. Сэргээн засах дасгалдаа яваад, бага багаар сайжраад байх шиг. Сэтгэлийн, биеийн, оюуны бүх "булчингаа" чангалнаа!

22.5.26

Under maintenance

 Эм уугаад гарч байгаа өөрчлөлтүүдээ тэмдэглэж байя гэж бодов.

Юуны өмнө их тайвширсан, сэтгэлд дэгдээд байсан салхи шуурга намжсан мэдрэмж. Өмнө нь харахын төдийд дүрс хийдэг байсан уур, бухимдал, стресс... Одоо бол зүгээр хараад л, аан ингэчиж гээд өнгөрөх жишээний. Хүлээцтэй болсон. Толгой бага зэрэг дүйнгэ, манарааны зэрэг 5/10. Ажлаа хийхэд асуудалгүй боловч ердийн үеэ бодоход мөлийсөн юм шиг. Зүйрлэвэл, тархины ир нь мохоод, хурц биш болсон мэдрэмж. Гэхдээ сөрөг бодлууд багасаад, эерэг нь дийлээд байх шиг. Нөхрийн тухай сонсоод зүрх савлах нь хүртэл хамаагүй богиноссон. 

Шөнөдөө нэг удаа сэрсэн ч ерөнхийдөө гүн, нам унтаж байгаа, гэхдээ нойрны биш түгшүүр намжаадаг эмний ачаар. Хэрэгтэй хэрэггүй хэдэн арван tab зэрэг нээчихсэн browser нь өдөр шөнөгүй ажиллаад тархиа амраадаггүй байсан бололтой. Сүүлдээ ачааллаа дийлэхээ байгаад  гацаад, эргэлдээд, санах ойгоо дүүргээд CPU-гээ шатаах дөхсөн байсан, одоо нэг reboot хиймээр, гэхдээ арай амжихгүй байгаа тул Task Manager-с шаардлагагүй процессуудаа унтраагаад явж байна. Мартамхай дээрээ улам мартаад байна, бодвол аль нэг force end хийсэн task-тай цуг устаж алга болсын байлгүй. 

Hardware нь бас сайжруулалт хэрэгтэй болжээ, аминдаа гүйгээд, дасгалаар хичээллээд хүчтэй болж байгаа гэж итгээд явсан. Буруу замаар будаа тээснээ өчигдөр мэдлээ. "Унтаа" сore булчинтай, ачаалал нь өвдөг, нуруун дээр ирээд байж. Булчингуудаа сэрээхийн тулд сэргээн засах клиникт очиж эхэлсэн. Азаар яг хамар доор мэргэжлийн мундаг эмчтэй сэргээн засах эмнэлэг байдгийг олж мэдлээ. Өөр нэг эмнэлэгт үзүүлсэн чинь эрүүл мэндийн боловсрол сайн юмаа гэж магтсанаа яг одоо PRP тарилга хийлгэ гэсэн. Зарим эмч айлгах тактик ашигладаг, жишээ нь нурууны зураг авахуулахад ёстой аймаар болцон нуруу, өнөө маргаашгүй өвдөнө, надад бариул гээд бсн. Өвдөг үзсэн эмч болохоор онгироох аргаар үзэх шиг болно лээ. Эрүүл мэндийн боловсрол сайтай хүн чинь юу гээл захын таарсан эмчээр тариулаад сууж байхав дээ, ядаж хиймэл болоод жинхэнэ оюун ухаануудаас асууна, давхар эмчид үзүүлнэ биздээ. Маргааш нь өөр эмнэлэгт очсон нь одоогийн явж байгаа клиник. Өвдөг бол асуудал алгаа, зураг шиг байна гэсийшд ккк. Хөдөлгөөн заслын дасгалууд нь санасныг бодоход аймаар хэцүү. Бэртэл гэмтэл авсан хүмүүстэй зэрэгцээд аахилаад хийсэн. Гэхдээ бэртэхээсээ өмнө сэргийлээд очсон гэдэг чинь давуу талшдээ тээ. Ийм л өөдрөг болчоод байгаамдаа :)

Mxrningstar үзнэ гээд хэдэн сарын өмнө билет авчихсан байсан. Цуг үзэх хүн гадаадаас ирээгүй, би өөрөө алкоголь хориотой, өнөө орой сэрүүхэн, маргааш марафонтой гэх мэтчилэн шалтгаанаар билетээ зарав. Эрүүл байхад зөндөө олон тоглолт үзнэ дөө.

Relapse, collapse...and eclipse

 Өмнөх постыг бичиж байхад нөхрийн байдал нэг биш бгааг мэдрээд, санаа зовж эхэлсийн. Нэг биш гэдэг нь, гэрт жижиг сажиг ажлууд байхаар (аяг...