Showing posts with label ном. Show all posts
Showing posts with label ном. Show all posts

26.3.24

👸🏻💔6x6


3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өөр хэлтэс рүү. Учиргүй их ач холбогдол өгч, бэлдээгүй ч гэлээ, тэнцээгүй гэхээр урам хуга. Тэгээл маргааш нь мартаал. 

Ээжтэйгээ нэг сайн муудалцсан. Блог дээрээ өвөө, эмээ, аавынхаа тухай бичсэн хэрнээ ээжийгээ бичээгүйм байна лээ. Урам зориг өгдөг эмэгтэйгээ бичнэ үү гэсэн асуултанд хэд хэдэн хүн ээжийгээ бичсэн байхад би бол тэгж бодож үзээгүй. Ер нь бид хоёрын харилцаа бусад дийлэнх ээж охин хоёрынхоос өөр. Бас л нөгөө А, Б хоёр энд гарч ирнэ. А байхдаа ээжийн дуулгавартай охин, үгнээс нь гарахгүй, заавраас нь гажихгүй. Б харин ээжийн санаанд нийцэхгүй, дураараа, өөрийгөө илүү бодно. Эндээс л зөрчил үүсчээд байдын.

Харүки Мураками - Радио


Зохиол биш, богино бодлуудын түүвэр юмуу даа. Уншихад ёстой хөнгөхөн, амархан. Ер нь Муракамиг уншихаар дүрүүдтэй нь цуг амьдраад, ярилцаад байгаам шиг санагддаг. Энэ номонд мань эр өөрт тохиолдсон явдлууд, мэдрэмжүүдээ бичсэн болохоор яг л зохиолчтой өөрөө хууч хөөрөх мэт. "Орчлон ертөнцийг миний нүдээр ажиж чадах хэн нэгнийг би хүлээдэг" гэж хэлсэнчлэн, Муракамигаас өөртэйгээ ижил чанар олоод нээх гоё баяр хөөр төрөөд. Жишээ нь хотын гудамжаар юм ажиглаад гүйх дуртай нь, хүнд юм зааж чаддаггүй нь, өөр хүмүүс бол анзаарахгүй өнгөрөх энгийн, жижиг сажиг зүйлд ач холбогдол өгч анзаарсан байдаг нь гэх мэт. Монголын тухай 2 удаа дурдсан байсан: МИАТ-ын онгоц бараг үйлчилгээгүй унтлагын өрөө шиг, амар гсн. Бас модон жорлонгоос болоод хүндээр бие засаж чадахгүй зовсон тухайгаа. 



Энэ хаврыг санагдуулах дуу. Дуучин охин хүнд хаягдсан мэдрэмжээрээ өөрөө үг аяа зохиосон гэнэ. Ийм дуу зохиотлоо шаналж үзээгүй л яваа юм шиг. Сэтгэлийн өвдөлт биеийн өвдөлт болдгийг, тэр нь яг цээж урах мэт хэцүү байдгийг бол мэднэ, гэхдээ бүхэл бүтэн 6 жил хэн нэгнийг хүсэж хүлээж байгаагүй. Анх сонссон мөчөөс эхлээд л тасралтгүй сонсоол, дотор нь гүн ороод нэвчээд, сэлээд, живээд, эргэж бодит байдал руу гарч ирэхгүй тэндээ үлдчмээр тийм л дуу. 

11.3.24

Алтан Орд - Монголчууд дэлхийг өөрчилсөн нь

 Уншсан номын сэтгэгдлээ бичдэг байсан сайт маань учир битүүлэг шалтгаанаар миний хамаг тэмдэглэлийг устгаад. Одооноос өөрийнхөө юман дээр бичиж байя гэж бодсон. 




Marie Favereau гэх франц түүхчийн бичсэн "Алтан Орд" номыг зориглон барьж авч дуусгав. Чин үнэнийг өчихөд, би түүхийн мэдлэг үнэн "нойл", монголын түүхээ бүр мэдэхгүй. Уншиж мэдэх сэн гэсэн хүсэл ч багатай нэг тиймэрхүү ойд төөрсөн орк хүн л дээ. Ийм зузаан түүхийн ном уншаад, бүр дуусгах юм гэж ёстой төсөөлөөгүй. Зохиогч нь Монголд ирж, уншигчидтай уулзаад, гарын үсэг зурж байгаа тухай мэдээ сонсоод яагаад ч юм сонирхол төрчихсөн. Шал сонин юмнаас trigger авдаг тархитай. Тэр зохиогч нь Франц хүн гэдэг бас нэмэлт болсон байх. Уг номыг уншиж байгаа хүнтэй ойрхон тааралдсаныг хэлэх үү, зээлж аваад уншиж эхэлсэн. 

Маш олон төрлийн эх сурвалж, баримтыг уйгагүй цуглуулж бичсэн, болсон явдлын учир шалтгаан логикийг ойлгомжтой, эмх замбараатай, цэгцтэй бичсэн нь маш их таалагдсан. Өмнө уншсан бүх түүхийн номыг нийлүүлснээс илүү их мэдлэгийг энэ номоос авсан мэт. Чингис хаан, түүний үе залгамжлагчид Их Монгол улсыг байгуулсан тухай л бүдэг бадаг мэддэг байснаас биш ууган хүү Зүчи нь хэрхэн өөрийн улсыг төвхнүүлж, цаашаа яаж хөгжин үргэлжилсэн тухай огт мэдэдгүй байсын байналээ. 

Зөвхөн газар нутгийг байлдан дагуулж, хүн амыг нь хядаад явдаг зэрлэг нүүдэлчид бус, арилжаа наймаа, татвар, улс төр болоод дипломат харилцааны ур чадварыг гарамгай эзэмшсэн, олон янзын үндэстэн ястныг эвтэй найртай засан товхинуулах ухаантай олон олон Монгол хаад Алтан Ордыг удирдаж, үүгээр дамжин бүс нутгийн болоод дэлхий дахины хөгжлийн голдирол бүхэлдээ өөрчлөгдсөн тухай онцгой сонирхолтой бичсэн ном байлаа.  Мэдээж эрх мэдлийн төлөө тэмцэлдээн, дотоодын зөрчил, хувь хүний шуналаас үүдсэн харамсалтай алдааг ч алгасалгүй багтаасан. Нийт Монгол улсыг биш, зөвхөн Алтан Ордыг томруулан судалж бичсэн болохоор хэт их үйл явдал дунд толгой эргэж самуурахгүй давуу талтай байсан. 


Нэг сонирхолтой хэсгийг нэмж бичмээр санагдлаа. Алтан ордын хаан болохын төлөө Ногай жанжин Тогтоатай хуйвалдан төрийн эргэлт хийдэг, энэ үйл явдлыг бүр дэргэд нь байсан юм шиг нарийвчлалтай бичсэн: Ногай жанжин нас дээр болж үхлээ хүлээж байгаа гэсэн цуу яриа тараагаад, үүнийгээ нотлох гэж элч нарын өмнө амандаа малын цус балгаж байгаад цусаар ханиаж үзүүлдэг. Тэгээд алтан ургийн ноёдтой эцсийн удаа уулзая гэж цуглуулаад зэр зэвсэггүй, хар сэжиг аваагүй найрлаж байхад нь Тогтоа гэнэт дайрч орон бүгдийг нь хүйс тэмтэрсэн тухай. Ингэж Тогтоа, Ногай жанжин хоёр эвсэлдэн төрийн эрх авсан боловч дараа нь өөр хоорондоо үхэлдэн тэмцэлдсэн байдаг. Иймэрхүү түүх өч төчнөөн давтагдсан. Заримдаа адал явдалт зохиол билүү андуурмаар...

Орчуулга үнэхээр төгс байлаа, дандаа ийм ном уншдаг болоосой!

25.5.22

Relapse & recovery or "renaissance"

 Мундаг бгаа гээл гайхуулаад бсн чинь буцаад унааск. Донтолтонд автсан хүмүүсийг эргээд нөгөө юмаа хэрэглэж эхлэх үед relapse гээд бдг. Сэтгэл гутралыг бас ингэж хэлж болох бх. Хамгийн гол нь нойр, бас хүүхдүүдийн эрүүл мэнд юм бнлээ. Хоёр бага ханиад хүрээд халуураад, олон шөнө нойр дутуу явангуут шууд уналт... Түгшүүр, санаа зовнилт, өөрийгөө буруутгах, голох, цөхрөх гм хамаг сөрөг мэдрэмжүүд дээр дээрээс дарж унаал. Өмнө нь бол тэр мэдрэмжүүддээ дарлагдаад учраа олдоггүй бсн, одоо харин яг яагаад бгааг мэджийсэн болохоор аль болох автахгүй, дийлдэхгүй, өөрт таарах арга хэмжээнүүдээ аваад тэгсгээд гайгүй сэргэсэн. 

Сая анзаарлаа, "сэтгэл гутрал" гэсэн гарчигтай бичвэрийг crush, sex гэх мэт гарчигтай бичвэрээс хэд дахин олон хүн уншсан байв. Хайлтын системээр дамжиж орж ирсэн бх гэж бодлоо, тэр чинээгээр энэ асуудал олон хүний зовлон болж бгаа бололтой. 

"Зовлон яг вирус шиг. Хаа ч отож байж мэднэ. Хэнд ч, хэзээ ч, юу ч тохиолдож болно. Их уншдаг хүн бол вакцин хийлгэж байгаатай яг адилхан, амьдралын бүх асуудлыг "амьд мэнд" шиг даваад гарчих сэтгэлийн тэнхээг зүрхэндээ, тархиндаа суулгаж, өөрийгөө дасгалжуулж байдаг"

Сэтгэлийн тэнхээ буюу сэтгэлийн дархлаагаа л сайжруулахаас өөр гарцгүйм. Сэтгэл гутралын эсрэг вакцин бол унших гэж миний хайрт Л.Ө. маань ярилцлагадаа хэлсэн бнлээ. Номын баяр дээр үнэгүй тараагдаж байсан сэтгүүл дээр ийм эрдэнэ шиг ярилцлага байна гэж хэн санах билээ. Би анзаараагүй өнгөрсөн бсн, манай найз надруу зургийг нь дарж явуулсын. Sharing is caring, уншаагүй хүн байвал уншаасай гээд, бас хадгалах гээд эндээ тавив.

Олон краштай байх ч бас нэг вакцин юм шиг. Миний крашууд бүр тоогоо алдсан. Өчигдөр л гэхэд нэг крашаа араас нь баахан харлаа. Морин хуурч байсан чинь удирдаач болжээ тэр минь. Краш гээд зарлаж байх бас зүгээр юм, сошиал медиа дээр пост оруулсан чинь нэг дүү харчаад гарын үсэгтэй CD-г нь олж өгнө гэсэн, бас нэг хүн крашыг өөрийг нь tag хийгээд, түүнээс өөрөөс нь хариу коммент нтр авч үзлээ шд. Сэтгэл гэдэг оронзайг жижиг сажиг боловч happy feeling, happy memories дүүргэж байвал аштай юу даа тээ.

Өөр нэг вакцин бол гоё хүмүүстэй уулзах юм бнлээ. Чамайг хэн байсныг санадаг, дундын дурсамж хуваалцдаг, цаашдаа ч бас холбоотой баймаар тийм хүмүүстэй үе үе уулзаж байх. Уулзсаны дараа амьдралын элдэв асуудлыг арай өөр өнцгөөс харах шиг, бас хаанаас ч юм эрч хүч олж авах шиг санагдсан. 

Renaissance гэж бичсэн учир нь, зүгээр л энэ үгийн гарал үүслийг гэнэт ойлгоод. Ренессанс буюу сэргэн мандлын үе гээд байдаг даа түүхэнд. Франц үг юм бнлд, дахин төрөх гээд. Тэрийг л гэнэт ухаарснаа, тэрэндээ өөрөө баясаад. Тээл бичсиймөө :) Заримдаа миний одоо туулж бгаа үе, миний амьдралын ренессанс үе шиг сэтгэгдэл төрөөд бдг. Хүүхдүүд харьцангуй том болчлоо, хувьдаа сэтгэлзүйгээ ойлгоод хямралаа давах аргад суралцаж бн. 40 насанд амьдрал эхэлдэг гэдгийн арай өөр хувилбар буюу одооноос эхлээд өөрийнхөө хүсч буй амьдралыг тодорхойлоод түүгээрээ амьдрах боломж, эрх чөлөө нээгдэж буй цаг хугацаа юм шиг санагдаад. 























10.5.22

Сэтгэл гутрал ба сэтгэлзүйн зөвлөгөө (Д.Мөнхцэцэг)

 


Нэг хэсэг өөртөө "шинж тэмдгийн" эмчилгээ хийж, аль болох тордож бөөцийлж явлаа. Тэгээд бас учир шалтгаан, уг үндэс рүү нь шагайж үздийм билүү гээд энэ номыг уншив. Их энгийн байдлаар тайлбарласан, учиргүй онолдсон биш, ихэвчлэн баримтууд тоочсон ном болохоор уншихад хөнгөн байлаа. 

Сэтгэл гутрал гэдэг яг л бие эрхтэн вирус, нянгаар өвчилдөгтэй ижил өвчин, тухайн хүн сул дорой юмуу, арчаагүйдээ биш. Биеийн дархлаатай адил сэтгэлийн дархлаагаа хөгжүүлж, сэтгэл гутралаас сэргийлэх боломжтой. Өвчин учраас эдгэрдэг, эдгэрэх үйл явц хүн өөрийгөө сэтгэл гутарсан гэдгийг ойлгож эхлэх мөчөөс эхэлнэ. 

Энэхүү номыг уншиж үзэх хамгийн том шалтгаан нь хүн өөрийгөө болон, эргэн тойрны хайртай хүмүүсээ сэтгэл гутралд автсан байж болзошгүй эсэхийг илэрч буй шинж тэмдгүүдээр дамжуулан оношлох боломжийг олгож бгаа учраас юм. Үнэндээ хүн бүрийн шинж тэмдэг, учир шалтгаан өөр өөр байдаг ч гэлээ, сэтгэл гутралын төрлүүд, ерөнхий нийтлэг шинжүүд юу  юу илэрдэг талаар цухас боловч өргөн хүрээнд дурдсан байна лээ. 

Өөрийгөө оношилсны дараа эцэс төгсгөлгүй мананд төөрөлдсөн мэт сэтгэгдэл арилж цаашид яах ёстойгоо бага багаар ойлгож, улмаар түүний эсрэг тэмцэх зорилго үүсдэг гэж бодогдсон. Өөртөө туслах 13 алхам гэсэн бүлэг нь маш хэрэгтэй санагдлаа, би өөрөө зөнгөөрөө гэхүү бодож бгаад эдгээрийн талаас илүүг нь хэрэгжүүлж эхэлсэн явна. Тэр нь ч үр дүнгээ өгч эхлээд, балчиг намгаас сугарч гарсан мэт, нэг тийм чөлөөлөгдсөн сайхан мэдрэмж төрж байгаа. 

1. Орчноо солих

Юунд ч сонирхол төрөхгүй, юуг ч хүсэхгүй үед өмнө хийж үзээгүй, багадаа хийхийг хүсдэг байсан зүйлсээ туршиж үзэх зүгээр гэнэ. Миний хувьд гэр, ажил гэсэн маршрутаа өөр хүмүүс, шинэ газар, очиж үзээгүй орчноор баяжуулж өргөжүүлсэн гэхиймүү. 

2. Өөрийгөө энэрэн хайрла

Өөрийгөө хайрлах бол сэтгэл гутралыг эмчлэх өөртөө туслах анхан шатны тусламж гэнэ. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх, магтах, өөртөө туслах гэх мэт. Энийг харин сайн хэрэгжүүлж байгаа.

3. Өөртөө эелдэг зөөлөн хандаарай

Өөрийгөө буруутгахгүй, төгс байх гэж зовоохгүй, алдаа гаргахаас айхгүй байх. Өөрийгөө ойлгож халамжлах. Өөрийн биеийг голох, өвчин зовиураасаа ичих, эсвэл үл тоох, муу ээж гэж өөрийгөө буруутгах гэх мэт сөрөг хандлагуудаа аль болох таягдан хаяхыг хичээж байгаа. 

4. Өөртөө үнэнч бай

Бусдын хүлээлт, бусдад таалагдах гэсэн хүсэл болон "Жинхэнэ Би" хоёрын хоорондын зөрчлийг ялгаж, бусдыг бодохоосоо өмнө өөрийгөө бодох, бусдад бус өөртөө үнэнч байж, өөрийгөө таньж өөртэйгээ нүүр тулах. Жижиг сажиг зүйлсээс эхлэн өөрийн хүсэл, мэдрэмж, хэрэгцээгээ хөсөр хаялгүй, бодож үздэг, тэрний дагуу шийдвэр гаргахыг хичээж байгаа.

5. Бусадтай харилц

Хүн бусадтай харилцаж байх ёстой нийгмийн амьтан тул өөрийг нь ойлгож, холбогдож чадах хүнтэй байнга ярилцаж харилцаж байх нь чухал гэнэ. Гэртээ шигдээд, хэнтэй ч уулзмааргүй санагддаг бсн, азаар хөл хорио тавигдаж, бас намайг ойлгож сонсох хүмүүс, энд коммент бичсэн хүмүүс, олон байсны ачаар, сэтгэл санааг минь их өөд нь татсан, татаж байгаа. Энд "ХОЛБООС" гэдэг үг их чухал, ганц үг, хоромхон зуурын реакциар ч гэсэн үнэн сэтгэлийн ойлголцол, холбоос байгаа үгүй нь мэдрэгддэг. 

6. Буяны нийгмийн үйл ажиллагаанд оролц

Бусдад туслах нь өөрийн асуудлаа даван туулахад ч бас тусалдаг гэнэ. Учиргүй буян хийж шалиагүй ч би хэн нэгэнд тус хүргэж байна даа гэсэн мэдрэмж өөрт эргээд тун сайхнаар нөлөөлдөг юм байна.

7. Иог, дасгал хий

Иог биш ч бассейнд явах болсон нь яалтачгүй маш их нэмэр болж байгаа. Намраас ч юмуу, дахиад иог хийж эхлэх санаа байгаал байна. 

Үлдсэн хэдийг нь одоохондоо хийж эхлээгүй, нэг дор бүгдийг нь хэрэгжүүлэх гэж бас өөрийгөө шахаад юүхэв гээд орхицон байгаан. Тэхдээ нэг нэгээр нь оролдож үзнээ.

8.Бясалгал хий

Бясалгал хүнд гэрэл гэгээ гаргаж, өөрийн дотоод ертөнцөөр аялах зүг чигийг зааж өгдөг гэнэ. Бясалгалаар дамжуулан өөрийн оюун бодлыг цэгцэлснээр сөрөг бодлыг хянаж сурдаг. Ер нь бясалгал +иог тогтмол хийдэг болох зорилго бол бн.

9. Аялах

Зун сайхан аялахыг бодноо.

10. Унтаж амар

Нойрондоо дурла. Ингэхийн тулд орондоо дурла. Хайрттайгаа болзоонд явах гэж буй мэт унтахдаа бэлд. гэнээ. Нойрны асуудал байсаар бгаа. Гүн унтаж чадахгүй шөнөжин зүүдлэх, тархи ажиллах үе зөндөө. Нэг үеэ бодвол шөнө утас маажих нь багассан. Илүү сайн чанартай нойр авч сурах хэрэгтэй бн.

11. Зөв хоолло

"Сахар", "Гэдэс" гээд гоё номнууд уншсан. Тухайн үедээ чихрээ танаад, эрүүл зөв хооллох гэж хэсэг үзээд орхисон. Харин, сэтгэлийн хоосролоо хоол идэж дүүргэх гэж оролддог байснаа бол болих шатандаа явж бгаа. Үнэхээр өлсөж байна уу, эсвэл зүгээр ямар нэг юм идэж сэтгэлээ зогоох гэж бну гэдгээ ялгах, сэтгэлээ хоол бодох завгүй, дүүрэн байлгах гэж чармайж бн. 

12. Бодлоо хянаж сур

Үе үе сөрөг бодол хамаг ухаан бодлыг эзэмддэг хэвээрээ. Гэхдээ ийм үед бодлоо, бодит байдлаас ялгаж салгаж сурах хэрэгтэй гэнэ. Сөрөг бодит байдлыг хүлээн зөвшөөрч, яавал давах тухай бодох, сөрөг бодлыг бол сарниаж сурах. Одоохондоо энэ талаар төдийлөн амжилтгүй л байна. Зүгээр л сөрөг бодол өөрөө өнгөрөөд алга болохыг хүлээдэг байдалтай. 

13. Сэтгэл зүйчтэй бол

Харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй, бас учраа олоод үр дүн гараад байгаа болохоор одоохондоо сэтгэл зүйчтэй уулзая гэж бодоогүй л байна. 


4.5.20

4-р сарын тойм

Юу юугүй 4 сар дуусчихлаа.

4 сарын 2-нд том охин маань 13 хүрч, албан ёсоор TEENAGER болов. Хүүхэд өсөж томрох гэдэг заримдаа итгэмээргүй санагдах юм. Яахын аргагүй надаас тасарсан үр хэрнээ бие хаа, ухаан бодол нь намайг дуурайгаагүй, шал өөр ч юм шиг. Багадсан, голсон хувцас нь эргээд над дээр буудаг үе ирсэн дээ хөөрхий ккк.

Ажлын онцлогоос шалтгаалаад нилээд хожимдож "гэрээс ажиллах" горимд шилжлээ. 7 хоногийн 2-3хан хоногт ажилдаа ирэх надад бол таалагдаж байна. Ажил багатай, гэртээ байх хугацаа ихэссэн болохоор өөрийгөө бодох цаг зав гарч эхэлж байна. Ходоод гэдсээ дурандуулаад, цөс өтгөрөлттэй байна гэсэн тул амьдралдаа анх удаа цөсөө угааж үзлээ. Төрөхийн хүндрэлээс үүдэлтэй зарим нэг асуудал байсан тул хагалгаанд оров. Далиманд нь бага охиноо хөхнөөс гаргав. Миний ядраад байсан нэг том шалтгаан энэ байсан бололтой. Шөнөдөө сайхан унтаж амраад, өдөр нь эрч хүчээр дүүрэн янзтай байнаа. Одоо л нэг өөрийнхөө биеийг эргүүлэн авч байгаа мэт мэдрэмж!

Эмнэлэгт хэвтэх хугацаандаа Нетфликсийг хашрааж баахан сериал үзэж дуусгав.

Торонтод амьдардаг солонгос гаралтай гэр бүлийн тухай комеди. Тархиа амраангаа үзэхэд таарсан, хөгжилтэй, бас со канад гээд амьдарч байсан газрууд гардаг болохоор илүү татагдаж үзсэн.

Англи жүжигчид Холливудынхнаас арай өөр, өвөрмөц төрхтэй байдаг тэ. Сизон 1 нь бол маш их таалагдсан, 2 нь харин арай суларсан юм шиг. Хэдий teenager oriented сериал ч гэсэн надад хүртэл мэдлэг болохоор агуулга бас бнлээ.


Үргэлжлүүлээд нэг со кино үзчихсэн чинь энэ хүүхдэд крашлаа хаясаан. Тус бүр нь 16 ангитай 3 цувралыг өдөржин шөнөжин үзэж дуусгаад. Ерөнхийдөө нэг томъёо байдаг, эмэгтэйчүүдийн сэтгэл зүрхийг догдлуулдаг. Яг л тэр дагуу хийгдсэн цувралууд, өч төчнөөн кино үзэж хэр баргийн өдөөгчинд ажрахаа байсан хашир толгой би хүртэл гэнэ алдаж зүрхээ өгчлөө хаха. Энэ маань яджаахад нээх оворгүй. Уг нь надаас 9-хөн дүү, гэтэл бараг 10 жилийн сурагч шиг царайтайн, ядаргаатай.



Хэвтэхээс өмнө "Beautiful Boy" гээд ном уншсын. Хүү нь мансууруулах бодисонд донтсон эцгийн бичсэн ном. Дараа нь тэр донтсон хүү нь өөрөө бичсэн "Tweak: Growing up on methamphetamine" гээд номыг нь уншсан. Эцэг эхчүүд бид хүүхдээ сайн мэддэг гэж боддог ч, үнэндээ тэгж бардаж болохгүйн байна гэж бодсон. Нөгөө талаар, хүн ямарваа нэг зүйлд донтох санасныг бодоход маш амархан, жишээ нь би ФБ-д аймаар донтсон байсан, дараа нь одоо энэ солонгос жүжигчинд донтчлоо! Тэхдээ тоглоомгүй, донтсон хүний гэр бүл, ойр орчмын хүмүүс ямар их сэтгэлийн зовлон шаналал дунд амьдардгийг хэн хүнгүй бага сага мэдэрч амссан байдаг болохоор энэ номыг бөөн түгшүүр дунд л уншиж дуусгасан даа.

Одоо харин киног нь олоод үзчмээр байна.


Амазоноос энэ номыг авч уншлаа. Монгол охин америкт хэрхэн дасан зохицож амьдралаа босгосон тухайгаа, амжилттай яваа цагаач бизнесмэнүүдийн түүхтэй уяж бичсэн, богинохон гэгээлэг ном. Англиар жинхэнэ water snow бичсэн байна лээ. Атаархмаар.

20.4.17

April

Болзоо
Аль эртнээс үзэхийг хүсээд байсан "Парисын дарь эхийн сүм"-ээ үзлээ. Зүгээр жүжиг гэж бодсон чинь мюзикл байсан. Наранбаатар найруулагч жижиг детайлээ маш их анхаардаг чамбай хүн юм, гэм нь жоохон нурших талдаа. Амьдаар дуулаагүй ч гоё дуу эгшиглээд чих, нүд баяссаан. Баярмаа гэдэг жүжигчнийг өөртөө нээлээ. Аргагүй л тайзан дээр гялалзаж баймаар царайлаг хөөрхөн бүсгүй юм. Болд-Эрдэнэ мэдээж урам хугалаагүй, угийн л мундаг юм чинь. Ховорхон инээдэг, дүнсгэр хүн байхаа. Инээлээ ч гэсэн тэр нь өөрт нь ерөөсөө зохидоггүй. "Хасар" Жагаа харин ёстой гоё хувирсан байна лээ. 


Ном
Ц.Ууганбаяр зохиолчийн "Шөнийн гийчин", А.Пүрэвмаагийн "Цэцгэн титэм", Ги де Мопассаны "Хонгор найз"-ыг угсруулав. "Шөнийн гийчин" дотоод сэтгэл рүү өнгийсөн, оюун бодол амраасан, дурлал дурсамж сэдрээсэн, яг л амттайхан чиклаад шиг өгүүллэгүүд байсан бол "Цэцгэн титэм" харахад үзэсгэлэнтэй сайхан хэрнээ дотоод ертөнцийг нь тольдоод үзэхэд дүүрэн шарх сорвитой тийм нэгэн бүсгүйн тухай, исгэлэн чанга дарс шиг ном байлаа. 

"Хонгор найз"-н Дюруа бол яг эсрэгээрээ. Гадна төрх нь сэтгэл булаам, дэндүү сайхан хэрнээ дотроо дүүрэн хог новш, өмхий самхайгаар дүүрсэн хайрцаг мэт. Хэзээ нэг бүх булай нь илэрч балрах бол доо гэж өмнөөс нь санаа зовоостой. Харин мань эр улам илүү дэвшсээр, баяжсаар, тэнгэрт тулам шунал тачаал нь оргилсоор ном дуусдаг.  Хүний сэтгэлзүйг шууд ийм тийм гэж тодорхойлохгүйгээр хийж буй үйлдэл, хэлж буй үгээр нь дамжуулан дүрсэлсэн нь маш их таалагдсан. Уншигч өөрөө ухан ойлгож, дүгнэлтээ хийх боломжийг өгдөг юм шиг.

108
Ямар нэг дасгал хөдөлгөөн хийхгүй бол бүр яг амьдаараа хөшөө болчих гээд байсан тул өглөөдөө 108 мөргөж эхлэв. (Гэхдээ сүүлийн 2 өдөр ханиаднаас болоод өнжчихлөө) Мөргөл гэдэг талаас нь 30%, дасгал гэдэг талаас нь 70%.  Одоохондоо ил тод үр дүн гараагүй ч тууштай хийгээд явахад огт хийгээгүйгээс дээр байх л гэж найдна.


Ярилцлага
Мөрөөдлийн ажилдаа орох ярилцлага өгөв. Видеогоор. Бэлдэж байсан асуултаас бараг ирсэнгүй, бүгдийг нь цээжний пангаар, тухайн үед орж ирсэн санаагаараа хариулав. Тийм ч болохоор зөв бүтэцтэй өгүүлбэр нэг ч хэлж чадаагүй байхаа. Ямар ч байсан аль болох мэргэжлийн хэллэг, мундаг үгнүүд  ашиглахыг хичээв. Хамгийн сүүлд нь инээж байгаад та нарын хайгаад байгаа хүн би яг мөн шүү гэсэн. Ер нь бол өөрийнхөө хэмжээг яг л илэрхийлсэн илүү ч гүй дутуу ч гүй. Юун дээр дутуу байгаагаа ч сайн мэдэж авлаа. Сонгогдохгүй байсан ч ингэж өөрийгөө сорьсондоо баяртай байна. Дараа нь илүү гоё боломж гартал сайн бэлднээ. (аая нээх өөдрөг амьтан, бүтсэнгүй чадсангүй гээл дараа нь баахан урвайх биз)

Гэснээс хүний нөөцийн эмэгтэйг бас April гэдэг юм байлээ. Саяхан April гэдэг анааш удтал дуншиж дуншиж төрсөн шд мэдсэн үү. 


20.3.17

"Шөнийн гийчин" - Perfect



Өмнөтгөл үгэнд нь дурлаж, өөртэйгээ уулзаж, түр амсхийх гэж уншсан. Үнэхээр л сайхан амралт болж чадлаа. Дурлал, дурсамж, зүрх дүүргэх дулаан илч, өөрийгөө чагнахуй, мэдрэхүйгээр амьсгалсан ном. Хальт триллер элемент агуулсан нь Эдгар Алан Пог санагдуулам.

Би хэн бэ? Бодит амьдрал, зүүдний ертөнц... Үхэл ба амьдрал... "Өдөр өдрийн амьдрал хүний анхаарлыг хэдэн тийш булаалдан чангаасаар" тэр бүр бодож амждаггүй олон сэдвийн тухай, өгүүллэг нэг бүрийг уншсаны дараа сэтгэлд үлдэх бүгээхэн мэдрэмжийг даган бодолхийлэх сайхан байлаа. 

"Галзуугийн байшин" - амар амгалан, дулаан тааламжтай мэдрэмжийг энэ өгүүллэгээр дамжуулан нэхэн санагалзсан. Бага байхад өвөө эмээгийнхээ гэрт очиход хүйсний нүхнээс эхлэн бүхий л биеийг минь бүрхэн бүүвэйлдэг асан тэр сайхан мэдрэмж... Гүйгээд очиход дэндүү оройтсон ч гэлээ бодол санаагаараа, дурсамжаар дамжуулан ахин мэдэрч болмоор юм шиг...

"Хуучны ямбий" - Залуу насны дүрэлзсэн халуун дурлал шатаж дууссаны дараа хосууд чухам юунд татагдаж, юуны төлөө хамт амьдардаг юм бол гэж гайхдаг үе байсаан. Цугтаа элээсэн он жилүүд, тэдгээрээс үлдэх дурсамжууд... Өгүүллэгт гарах эмээ өвөө хоёр шиг зөвхөн хоёулхнаа мэддэг, хайр дурсамж агуулсан ямарваа нэгэн ritual-тай болох их зүгээр санагдлаа. Ялихгүй жижигхэн хэрнээ хоёр биендээ бол зүйрлэшгүй их үнэ цэнэтэй тийм нэг зан үйл... дадал зуршил... Амьдралын он жилүүдийг дурсамжаар баяжуулж, баялаг болгох шигтгээ мэт...

"Гээсэн юм" - "Аварга том номын сан дахь хэн ч очихоо байсан булангийн тоосонд дарагдсан нэгэн гайхалтай номын хуудас сөхөгдөх шиг л" "Тэд..., Бид... бүгдээрээ хааяахан өнгөрсөн амьдралынхаа гайхалтай сайхан мөчүүдээр эргэн нэг зочилж өглөө, оройтой учирсаар л байна. Ингээд л боллоо. Магадгүй энэ л хангалттай байх." Энэ өгүүллэг хамгийн их таалагдсан. 

"Мартуулагч", "Шөнийн гийчин" - Дурсамж, зүүдийг захирах гайхамшигтай чадвартай хүмүүс. Нээрээ л бидний дунд хэн нэгэнд нь ийм чадвар заяасан байдаг ч юм билүү... Сонирхолтой.

PS. Yesterday Once More дууны нэрийг буруу бичсэн байна лээ. Ерөнхийдөө алдаа их багатай, уншихад тороод байгаагүй. Зохиогч нь ямар хүн байдаг бол, хэдий насных бол гэх мэтээр төсөөлөн бодож байлаа. Ямар ч байсан 30 хүрсэн, гэхдээ нээг их хэтрээгүй байх. Өгүүллэгүүд нь сэтгэлд хүрэхүйц амьд, үнэн сэтгэлийнх, засаж янзлаагүй natural хэвээрээ гэх юм уу даа. Зүйрлэлүүд нь шинэлэг бөгөөд оновчтой. 






Ed Sheeran гээд улаан үстэй хүүхдэд дуртай болчлоо. Хоолойны цар хүрээ өргөн юм шиг бгаан, дуунуудыг нь сонсохлээр өөр өөр хүн дуулаад байгаам шиг. Аялгуу, lyric бүгд гайхалтай... Өөрөө бүгдийг нь зохиодог гэсэн байхаа, нуль авьяас!

19.5.14

ямар нэгэн зүйл бичмээр байгаа хэрнээ яг юу бичихээ мэдэхгүй байх.


Тээээээээр жилийн хавар, гөө мөн их цас орж билээ...гээл хожим дурсах байх даа. Дурлал, догдлол, дурсамж бүхнийг энэ цас бүр ч тодоор сэтгэлд сийлэн үлдээх нь дамжиггүй... Цас хаялахаар яагаад үлгэрийн мэт санагддаг юм бол. Ойрын хэд хоног зөндөө орсон хэрнээ ерөөсөө уйдахгүйн. Тэнгэрт төрөөд газар буун хайлтлаа ахархан боловч үзэсгэлэн төгөлдөр амьдрах юм даа цасан ширхэгнүүд...

22.3.14

Би хэн бэ?

Сэтгэл, хайр, бурхан гэж юу вэ?
Юу хүсэхээ би өөрөө хүсэж чадах уу?
Үр хөндөлт моральтай юу?
Хүнийг нас барахад нь дэмжлэг үзүүлж болох уу?
Амьтны махыг идэж болох уу?
Жаргалтай амьдрал гэж юу вэ?
Амьдралын утга учир юунд оршино вэ?

гэх мэт сэтгэл гижигдэм, хариултыг нь олж мэдэхийг хүсэж явдаг асуултуудаар гарчиглагдсан зузаавтар философийн ном. Шалгалтын шипи шиг бүх хариулт нь энд байх юм шиг хөөрцөглөн уншсан миний тэнэгийх л дээ. Мэргэжлийн баг нилээд нухацтай орчуулсан хэдий ч мань мэтийн эгэл хүмүүст наалдацгүй хэцүү ном санагдсан. Уншиж байхдаа тодруулаад орхисон хэсгүүдээс товчлон үлдээв.

7.1.14

Steve Jobs

Он дамнаж байж уншиж дуусгалаа.

Стив Жобстой уулзаж байх шиг, амьдралынх нь нарийн ширийн, дотоод сэтгэлийн гүн гүнзгий зөрчлийг нь хуваалцаж байх шиг, түүнтэй хамт өдөр хоногийг өнгөрөөж, туулсан замналаар нь цуг алхах мэт санагдлаа.

22.9.13

Book Reviews

Ойрын үед уншсан номнуудынхаа тухай goodreads дээр бичснээ энд копидов. Залхуу болжээ гэж. Блогоос өөр тийш нь сатааруулах хүч хаа саагүй байдаг болчжээ...


27.3.13

Лолита

Хөлөө ийм болгочоод ном уншаал хэвтэж байна даа. Өнөөдрөөс гэрээсээ ажлаа хийх санаатай.


9.2.12

1Q84


Арай гэж нэгийм ард нь гарлаа шүү. Нэрийг нь энд тэнд нилээдгүй харсан болохоос ийм айхтар зузаан гэж үнэхээр зүүдлээгүй гэдгээ андгайлая. Оочиртой зээлдэг, арын хүмүүс авах ээлж тулах гээд сандаргаад, цөөн хоногийн дотор чухам унтах идэхийг умартан байж дуусгалаа.

6.1.12

2012

Он гараад 7 хонох гэж байхад, жил солигдсонтой эвлэрч амжаагүй хүн энд нэг ширхэг байнаа. Миний сэтгэлзүйн хуанлигаар бол 2011 он тэг дундаа л орж явах учиртайм. Энэ хорвоо тэр чигтээ миний эсрэг хуйвалдаад надаар даажигнаад байгаан бишүү...хэн тэр цагийн зүүг хурдасгаад байна, хэргээ хүлээ :р

4.10.11

Аниргүй...

Гэрт цагийн зүү нэгэн хэмнэлээр урагшлахаас өөр ямар ч чимээ үгүй. Хүүхдийн инээд, шуугиан, уйлах дуу...өдөр тутмын үргэлж давтагдах асуулт хариулт, харь хэлээр гүнгэнэх зурагтын чимээ... аль аль нь алга. Цайны цагаар гэртээ ирсэн чинь нэг иймэрхүү орчин, ингээд анир чимээгүйн гүүрээр дамжиж өөрийн нууцхан ертөнцдөө бичиглэж сууна. Ахуйгаас тасарч сэтгэлийн гүндээ айлчлан ирэх зав гаралгүй нилээд удсан байна шүү...



24.7.11

Нэг ийм ном уншлаа...


"Цагаан бар"-ыг уншиж байхыг хараад санал болгосон болохоор нь бас л тэр чиглэлийн ном гэж бодсийм. Тэгтэл тэс ондоо, "Eat Pray Love"-той нэг ангилалд багтахаар ном байжээ.

19.6.11

энэтхэг

энэтхэг гэхээр кино нь л санаанд буудаг байсан. Одоо харин энэ орны тухай илүү ихийг мэдмээр санагдах болов...

ойлгомжгүй цаг хугацаа

Нойр овоо гайгүй л байна. Гэхдээ яг өөрөөрөө биш. Кава гээд тайвшруулах эмийн ургамалтай магни уугаад. Бүрэн нам унтахгүй байна, кино шиг л ...