Showing posts with label эргэцүүлэл. Show all posts
Showing posts with label эргэцүүлэл. Show all posts

23.7.25

Өөрийгөө хайрлах нь

 Таг байж байснаа, өдөрт 2 пост оруулж цоорох юм биш байгаа?

Драфтанд мөнхөрч магадгүй ч гэсэн эхлүүлээдхий.

Өөрийгөө хайрлах тухай бүгд ярьдаг, бусдаас хайр хүлээх биш, өөрөөрөө сэтгэл хангалуун, дүүрэн байх тухай. ОК, тэгээд яаж өөрийгөө хайрлах юм? Энд хайрын 5 хэл гэсэн ойлголт гарч ирнэ.

1. Утга учиртай цагийг цуг өнгөрөөх

2. Бэлэг сэлт өгөх

3. Магтаал, урамшуулал хэлэх

4. Халамж анхаарал үзүүлэх, туслах, дэмжих

5. Бие махбодийн холбоо, үнсэлцэх, тэврэлдэх, илж таалах, секс гэх мэт

Хүн бүр эдгээрт дуртай нь ойлгомжтой, гэхдээ, зарим нь үнэмлэхүй илүү, зарим нь харьцангуй бага байдгийм шиг бган. Өөрийнхөө хайрын хэлийг олж авах, мэддэг байх чухал, тэгж байж тэр хэлээрээ өөрийгөө хайрлана шүү дээ. Яаж мэдэх вэ? Бусад хүний чамд зориулж хийсэн үйлдэл, хэлсэн үг, хандлага зэрэгт алинд нь чи хамгийн их уярч, баярлаж, сэтгэл хөдөлж байсан бэ, алинаас нь болоод чи түүнд улам их татагдаж байсан бэ? гэдгийг ажиглах ёстойн байна. Мөн эсрэгээрээ, дотны хүнээсээ юуг хүлээгээд, тэр нь биелэхгүй байснаас болж гомдож, уурлаж байснаа бас бодох. 

Миний хувьд 

1. Надтай цуг цагийг өнгөрөөхөд хамгийн ихээр баярладаг. Шинэ мэдрэмжүүдийг цуг мэдэрч, хуваалцаж, хамт инээж, хамт ядарч, хамт нэгэн зорилгын төлөө зүтгэх миний хувьд хамгийн их утга учиртай, чухал зүйл. Цаг хугацаа гэдэг хязгаартай, эргэж олдохгүй үнэт баялаг, үүнийгээ надтай цуг өнгөрөөж, надад зориулж байна гэдэг бол дээд зэргийн тансаг бэлэг, юугаар ч орлууламгүй хайр хүндлэл гэж бодогдоод байдын. Гэхдээ зүгээр нэг бие нь цуг байх биш, оюун санааны хувьд present байхыг хэлээд байгаашдээ. Бие нь хол байлаа ч надтай холбоотой байдаг, ярьдаг, бичдэг, миний хэлснийг санадаг, надад амласнаа биелүүлдэг гэх мэтийг бас энд хамааруулж болно. 

2. Бэлэг сэлт авахдаа сайнгүй, өртэй санагдаад байдаг. Харин өөрөө өгөх, хүнийг баярлуулах дуртай. Баярласан, хайрласан сэтгэлээ, анхаарал халамжаа хүнд ямар нэг зүйл өгч илэрхийлдэг.

3. Магтаал сонсохоороо төдийлөн итгэдэггүй. Ялангуяа гадаад төрхийн талаар. Өөрийнхөө гадаад төрхөнд итгэлгүй. Бусдын сайн талыг түрүүлж хардаг, гэхдээ дотроо бодоод л өнгөрдөг байсан, одоо шууд хэлээд магтаад явахыг боддог. 

4. Нээх халамжилж чаддаггүй байх. Намайг халамжлахад ч бас тийм дуртай биш. Тэхээр энэ бол миний хэл биш. Гэхдээ чадлаараа хичээдэг ээ. Цаанаасаа тусалмаар, дэмжмээр санагдсан хүндээ тултал тусалдаг. Өөрөө болохоор хүнээр туслуулах дургүй.

5. Сексээс илүү үнсэлцэх. Хөтлөлцөх, тэврүүлэх. 

Ингээд дүгнээд бодохоор миний хайрын хэл бол "цагийг цуг өнгөрөөх" юм байна. Өөрийгөө энэ хэлээр хайрлана гэхээр, цаг заваа өөртөө зориулах, юу хүссэнээ хийх, ганцаараа байхдаа өөрийгөө сонсох, ойлгох, өөртөө зөөлөн хандах гэх мэт юм болуу? Дандаа завгүй байдаг хэрнээ жоохон цаг гарангуут тэрийгээ өөр хэн нэгэнд зориулах гээд төлөвлөөд, хэн нэгэнд зориулж чадахгүй бол гэмшээд байдгаа анзаарсан. Уг нь нэг үеэ бодвол дасгал хийх, хэлээ давтах гэх мэт цагийг яаж ийгээд гаргаал байгаан. Тэхдээ тэр цагийг гаргахын тулд бусад ажлаа амжуулах гэж биеэ улам ядраадаг тал бий. 

Бусад хэлээр бас өөрийгөө хайрлая л даа. Өөртөө бэлэг өгч, өөрийгөө магтаж (хэдий инээдтэй, cringe санагдаад байгаа ч гсн), өөрийгөө бөөцийлж, өөртэйгээ үнсэлцэж???? хахаха за 5 дах хэл бол заавал өөр хүн хэрэгтэйн байна. Хүүхдүүдтэйгээ хангалттай тэврэлдэж эрхэлдэг л дээ. 

Өөр хүнийг (романтик хос) хайрлах гэж, түүнд зориулах гэж хүсдэг бүхнээ л өөртөө зориулаад байх ёстой байж магадгүй. Тэр хүнд зориулсан бүхэн эргээд надад ирнэ гэж андуурч эндүүрч явснаа цэглээд, зүгээр л өөртөө яг тийм хүн нь байя. Ухаантай шүү (хаха ингээд эхлэх нь зөв биздээ) 

22.12.24

Өөрчлөлт бол амьдралын утга учир ём?

 "Өсөж дэвших бол байнгын, амьдралын туршид явагдах зорилго" гэсэн үг уншаад, амьдралын мөн чанарыг гэнэт ойлгочих юм ккк. Ямар өгөгдөл, орчин нөхцөлд төрсөн ч бай, аль чиглэл рүү хандсан ч бай, өөрийгөө (ур чадвар, эд хөрөнгө, гоо үзэсгэлэн, алдар цуу - you name it) болоод эргэн тойрноо сайжруулах гэж оролдох нь хүн болсны зорилго, цаашлаад амжилтын хэмжүүр, аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг мэдрэх түлхүүр болдог юм байна гээд базаад дүгнэчүүл арай л энгийн болчих уу?

Энэ тухай яг онгод орох үедээ бичиж амжаагүйгээс болоод ингээд таг зогсчихлоо. Онгод орох яг тэр торгон мөчид компьютер гарын доор, чихэвч чихэнд, дэлхий ертөнцийн цаг зогсоод зөвхөн би блогоо бичдэг тийм төгс ертөнц байдаг бол надаас мөн их уран яруу бичвэрүүд ундарна даа хаха.

Өнгөрсөн долоо хоногт зөндөө юм боллоо. Вийкэндээр гэртээ томоотой амарсан хэрнээ гэнэт хоолой цээжээр өвдөж эхлээд, 2дохоос эхлээд ажилдаа явж чадсангүй. Гэлээ гээд хүүхэд хүргэлт зогсох биш, өглөө оройд гараад явах бүрт хүйтэн агаар хүзүүг минь багалзуурдах мэт өвдөлттэй. Аль дээр үед биед орсон вирус 14 хоноод дархлаа унахыг далимдуулаад идэвхжинэ гэж байх уу? Минийхээр бол яг тийм үйл явдал болсон. Яагаад гэвэл гэрт надаас бусад нь бөөндөө өвдөөд эдгэцгээчихсний дараа юм.

Ажлын хөөрхөн бүсгүй байдаг, нүд нь гялалзаад хацар нь хонхойгоод инээдэг, гэтэл хөөрхий тэр минь 8 настай охиноо алдчихсан мэдээ дуулав. Одоо болтол итгэж чадамгүй. Агаарын бохирдол, эрүүл мэндийн тогтолцооны уналт, яг бодитоороо бүр иймдээ тулчихсан гэдэг гашуун үнэнтэй нүүр тулаад. Уг нь би утаанаас болж стрессдээд дууссан хүн, 10+ жил бухимдаад, эцсийн бүлэгт миний сэтгэцийн эрүүл мэнд л нэмэлтээр хохирох юм гэдгийг ухаарсан хүн. Тэгтэл гэдсэнд байхаас нь авахуулаад өсч торнихыг нь харж мэддэг бяцхан охин гэнэт үгүй болчихсон гэхээр, тэр их гай гамшиг яс маханд тултал мэдрэгдээд, бухимдал биш гашуудал, эмгэнэл болж хувирсан. Ээж нь яаж амьдын тамд унасныг, нүд нь урьдынх шигээ гялалзахгүйг, инээмсэглэл нь нүүрнээс нь арчигдсаныг бодохоор л өр өвдөх юм.

Юутай ч амьдралд үргэлжилсээр. Ус, бохирын хоолой, угаалгын машин гээд хэсэг манараад ард нь гарав. Ёолкоо үүрч оруулж ирээд, хоёр багатайгаа хамтраад зассан чинь унтраалга, разетка нь масслаад шаржигнаж дуугараад эхлэв. Засдаг хүн рүү ярьсан чинь шинийг аваад сольчих гэхээр нь, хэлснээр нь оролдоод үзтэл амархан юм байна гээч. Омогшоод, юу л бол юу хийчиж чадах юм шиг бяр чадал амтагдаад хаха. Одоо орны хөндлөн төмөр янзлуулах хүн олох хэрэгтэй байна. Эсвэл яршиг зүгээр матрасаа газар тавиад унтдаг ч юм билүү. Асуудалтай тулаад, шийдээд даваад гарсны дараах кайф, хүчирхэгжсэн мэдрэмж, өсөлт дэвшилт! Асуудлаа шийдэх бүртээ би өөрийгөө шинээр бүтээсээр...

5.3.24

Split

Нэг хүний бие сэтгэлд шал эсрэг тэсрэг хоёр хүн оршин байна гэж байх уу. Байхаар барах уу тэр хүн нь би өөрөө байвал яахуу?


Split гээд кино үзсэн үү, нэг хүний дотор олон ялгаатай ухамсар зэрэгцэн оршдог тухай гардаг? Нас хүйс, зан чанар, identity нь бүгд өөр. Аль хүчтэй нь нөгөө хэдийгээ дарангуйлж гарч ирээд байдаг. Миний хувьд бүр тийм экстрим биш ч, тэс өөр хоёр ааш араншин ээлжлээд байгааг анзаарах боллоо. 

А: Маш томоотой, намуухан, үг дуу цөөтэй. Хүлцэнгүй, дуулгавартай. Гэрээс гарах, гоёж гоодох, шоу цэнгээнд дургүй. Түгшимтгий, аймхай, шинэ зүйл турших, дассан орчноо өөрчлөх хүсэлгүй. Хэн нэгний нөмөр нөөлөг дор, хамгаалагдсан мэдрэмж авч энгийн, амгалан амьдрахыг эрхэмлэх ба үлгэр жишээ сайн ээж бол хүүхэддээ цаг зав, анхаарал, энергиэ зарцуулах ёстой, өөрийгөө мартсан ч хамаагүй гэх бодолтой. Сексийн дур хүсэл багатай, хайрцаглагдсан. 

Б: Сахилгагүй, оргилж дэвэрсэн, гаднаасаа мэдэгдэхгүй ч дотроо буцалдаг. Өөрийгөө сорих, challenge хийхээс буцахгүй. Танихгүй хүнтэй ярихаас эмээдэггүй, гадуур тэнэх дуртай, согтож манарах гоё гэж боддог. Өөрийнхөө хүчинд итгэдэг, үхэхээс өмнө харамсахгүйн тулд санасан зүйлээ хойш нь тавилгүй хэрэгжүүлэх зоригтой. Ээж нь өөрөө сэтгэл хангалуун байжийж хүүхдүүд нь жаргалтай байна гэж боддог, толинд хараад өөртөө таалагдаж байхыг хүсдэг. Юу л болвол болог, би чадлаараа хичээсэн дээ гэж тайвширч мэддэг. Эрх чөлөөнд дуртай, бүтээлч. Сээгсий хаха.

Миний амьдралын ихэнх үеийг А хэв шинж давамгайлж өнгөрөөсөн, харин сүүлийн үед Б нь.  Ялангуяа нөхөр архинд орж, хайр халамж нь эрс буурах үед дотор байсан хоёр маань зодолдоод, Б нь одоо миний ээлж гээд ил гарч ирэх болсымуу даа. 

Сая нөхөр буцаж ирээд хэсэг цуг байв. Эхний 7 хоног нь яг өмнөх шигээ байнга согтуу өнжсөн. Тэгснээ гэнэт ухаан ороод эв эрүүл, сав саруул, бүх юманд туслаад, халамжлаад, хүүхдүүдтэйгээ байнга тоглоод, яг л миний хүсэж байсан эр нөхрийн дүр зураг. Амьдралын гол өөр салаагаар урссан бол иймэрхүү байх байж дээ гэж, киноны трэйлэр үзэж байгаам шиг хэсэгхэн зуур харж мэдрэв. Энэ боломжийг алдалгүй А  хүч түрэн орж ирэв, тэгээд өчигдөр нөхрийг явангуут өдөржин намайг шаналгаж цээжийг өвтгөв. Хүүхдүүдтэйгээ тоглож байсан нь нүдэнд харагдаад, одоо мөддөө энэ хэд маань аавтайгаа ингэж цуг байхгүй гэж бодохоос өрөвдөөд нулимс асгараал байсан. Бас нөмөр нөөлөг, хамгаалагдсан мэдрэмж алга болчихсым шиг, одоо ойр тойронд найдах хүнгүй яана даа гэх мэт бодол дотроос хэмлээд, нэг өдрийг арай л гэж давлаа. 

Унтаад сэрсэн буцаад Б эргэн ирсэн бололтой. Би бүхнийг зохицуулж чадна, хүүхдүүддээ илүү сайн хандаж happy mom байхад хангалттай, угаасаа энэ бүх нөхцөл байдал миний буруу биш, нөхөр эндээ үлдлээ гэхэд архинаас гарч чадахгүй, бүх юм улам дордох байсан, тиймээс тэндээ өөрийгөө дайчлаад, донтолттойгоо тэмцээд байж байх нь илүү дээр гэх мэт бодлууд байраа эзэлж. Сая ирэхдээ нодлин уулзуулкээд чадаагүй сэтгэл засалчтай уулзаад, зөвлөгөө аваад, тэндээ очсон хойноо бас онлайнаар холбогдож байхаар болоод явсан. Донтолтоос гарахад орчин нөхцлөө өөрчлөх маш чухал байдаг юм гэсэн. 

АБ хоёр бие биенээ ерөөсөө ойлгодоггүй. Б болсон үедээ А шиг тэнэг хүн бхгүй, А нь буцаад дийлэхээр хэзээ ч би Б гэж зантай байгаагүйм шиг л санагддаг. Тэхдээ хэдий А давамгайлсан байлаа ч, блог дээрээ Б зангаа ил гаргадаг, зүүдэндээ Б болж зүүдэлдэг байсан мэт. Би хувьдаа Б байх дуртай. Б байсаар дуусмаар байдаг. Б байснаараа өөрийнхөө потенциалыг илүү нээж, нөөц бололцоогоо ашиглаж, адал явдалтай, дурсамжтай, бүрэн дүүрэн амьдарч чадах юм шиг. Харин нөхөртэйгээ зохицож, сэтгэл хангалуун цуг байхын тулд А байхаас өөр аргагүй мэт. Б бол хэзээ ч нөхөр шиг хүнтэй жаргалтай байж чадахааргүй. Эсвэл би буруу бодож байж магадгүй, хэсэг хугацаанд яаж өөрчлөгдөхийг харж л байя даа. 


19.7.23

Ганцаардлын дасгал

 Интроверт, ганцаараа байж энерги авдаг гэх мөртлөө, ганцаардахаас үхтлээ айдаг, ганцаардахыг тэсч чаддаггүй хүн юм санжээ би. Ганцаараа байх - solitude, ганцаардах - loneliness, being isolated хоёр өөр юм байна л даа. Бас бие махбодиор хэн нэгэнтэй цуг байх болоод сэтгэл санаа, оюун ухааны хувьд холбогдох, ойлголцох хоёр ч тэс ондоо юм.  Хоол идээд гэдэс цадах, сэтгэл цадах хоёр өөр байдаг шиг л... /Нандин, их багшдаа зориулав :)/

Хүн гэдэг үргэлж хувирч өөрчлөгдөж, ухарч бас урагшилж байдаг болохоор, хүмүүсийн хоорондох холбоос - connection бас агшиж сунасаар, хэт их холдох (physically and mentally, emotionally) үед тасарчдын байна. Нэг тал нь тасарчлаа гэдгийг мэдээд байхад, анзааргагүй нөгөө тал нь тасархай утас бариад бүх юм зүгээр гээд суух ч үе байдгийм шиг.

Миний хувьд бие нь ганцаараа байх дуртай ч тэр болгон боломж олддоггүй. Ажил, хүүхдүүд, үүрэг хариуцлага... Сэтгэл нь харин хэн нэгэнтэй emotionally attached байх, үнэлэгдэх, ойлгогдох өндөр хэрэгцээтэй, тэгээгүй үед ганцаардлыг мэдэрдэг. Тэгсэн мөртлөө ганцаардах мэдрэмж төрөх үед нь аль болох үгүйсгэж, түүнээс зугатааж, түр зуурын сэтгэл хөөрлөөр орлуулах гэж оролдож, аргацаасаар удсан юм байналээ. 

Одоо харин ганцаардлыг хүлээн зөвшөөрч, ганцаардахад дасдаг юм билүү? Хэдий хэцүү ч гэлээ, энэ бол мэдрэмж, бүхий л мэдрэмжийн нэгэн адил оволзож ирээд л намддаг, тэсээд, тэсвэрлээд сурчихвал хатуужаад, сэтгэлийн хаттай болох нигууртай. Мэдээж заавал ганцаардах гээд зүтгээд, хүмүүсээс өөрийгөө тусгаарлаад байхгүй. Гэхдээ өмнөх шигээ ганцаардах вий гэхээс үхтлээ айж, болсон болоогүй emotional attachment үүсгэхгүй санаатай байна. 

Өөртэйгээ сайхан харилцаатай, бусдаас хамааралгүй, тусгаар тогтносон "улс" баймаар байна. Хүнд ойлгогдож, хүнээр үнэлэгдэх сайхан ч гэлээ, заавал түүгээр дутахааргүй, өөрөө өөртөө л хангалттай байя л даа. 100% , бүрэн, дүүрэн гэх хэмжүүрээ өөрөөрөө дүүргээд, бусдаас ирэх үнэлэмж, ойлголцолыг бонус гэж хүлээж авдаг байх гэсийн. Гэнэт сурчдаг чадвар биш байх, гэхдээ хүсч чадаад, харах өнцөг, хандлага нь өөрчлөгдсийм чинь дасгалжаад ирэхээрээ сурах байх гэж найдна.



18.3.23

Good girl syndrome

Амьдралынхаа хамаг /надаас хамааралтай/ асуудлын шалтгааныг өнөөдөр олчих юм. Яагаад аз жаргалгүй санагдаж шаналдаг байсан, сүүлдээ сэтгэл гутралд хүртэл хүрэх болсон шалтгаан. Гэхдээ яг албан ёсны нэршил, оношийг нь одоо л мэдэж авч байгаагаас биш нэг юм болохгүй байгааг мэдрээд, засаад өөрчлөгдөөд эхэлсэн бсн л даа.. Сүүлийн нэг жил ялангуяа. 

Яг л puzzle эвлүүлж байгаад гэнэт том зургаар нь олж харах мэт. Дотроо таамаглаад явж байсан ч баталгаа нотолгоо олсон мэт. Нэг тийм гоё нүд нээгдэж сэтгэл онгойх мэдрэмж. 

https://www.instagram.com/p/CmgV9cdhh6q/?utm_source=ig_web_copy_link



САЙН ОХИНЫ СИНДРОМ

Сайн охины синдром нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолддог ба зарим тохиолдолд эрэгтэйчүүдэд ч мөн илэрдэг төгс байдалд тэмүүлэх гажуудал юм. Өвчин биш ч яваандаа амьдралд сөргөөг нөлөөлөх хандлага.

Бараг ихэнх эцэг эхчүүд хүүхдүүддээ биеэ зөв авч яв, үгэнд ор, хичээлээ хий, бусдад тусал гм сургадаг. Гэхдээ охидод тавих шаардлага өндөр байдаг ба Сайн охидууд биеэ ингэж авч явж болохгүй, даруу бай, чанга битгий инээ, бусдаас битгий ялгар ! гэдэг.

Энэ бүх дүрэм журмыг ягштал биелүүлж, биеэ зөв авч явсан охидыг эцэг эх нь магтаж, харин охидууд дуулгавартай, асуудал үүсгэдэггүй, бүх зүйлийг ягштал биелүүлдэг, үлгэр жишээ бусдад эвтэйхэн эмэгтэй болж төлөвшдөг. Охидууд бодохдоо зөвхөн сайн охидыг л хайрладаг тиймээс биеэ зохих байдлаар зөв авч явбал хайрлагдана гэсэн бат итгэл үнэмшил суудаг.

Үүний хамгийн том сөрөг үр дагавар нь сайн охидууд багаасаа бусдын хүслээр байсаар өөрийн мэдрэмж, хүслээ үгүйсгэж сурсан байдаг. Өөрөө хэлбэл бага насанд суусан үнэт зүйл нь бусдад үйлчлэх юм. Эсрэгээр нь хийвэл тэднийг хайрлахгүй гэж итгэсэн байдаг. Эрэгтэй хүүхдүүдэд ч мөн ийм зүйл тохиолддог. Ийм хүүхдүүд том болоод бусдад эвтэйхэн ч өөрт тухгүй байдлаар амьдардаг. Зөв байвал бүх хүмүүс өөрт нь сайнаар хандаж, хайрлана гэж боддог ч яг үнэндээ амьдрал дээр эсрэгээрээ болдог.

🧩 Яагаад “Сайн Хүүхэд” бусдад эвтэйхэн ч өөртөө тухгүй байдаг вэ ?

• Тэд мөнхийн аз жаргалгүй байдаг ба байнга өөртөө сэтгэл дундуур байдаг. Багаасаа өөрийн хүсэл, мэдрэмжээ сонсож сураагүй хүүхдүүд юу хүсээд байгаагаа мэдэхээ больдог.
• Ийм хүүхдүүд том болсон хойноо орчин тойрны бүх хүмүүсийн сэтгэлд нийцэх гэж байнга хичээдэг ч энэ нь боломжгүй зүйл тул гэмшил, стресс, сэтгэл зүйн ачааллыг мэдэрдэг. Тэд төгс төгөлдөр зүйлийн араас хөөцөлдөж, өөрийгөө голдог.
• Бусдад үгүй гэж хэлэх нь хэцүү байдаг тул нэг мэдэхэд л ажилд дарагдсан байдаг.
• Өөр нэг асуудал нь тэд жижиг алдааг ч сүртэй хүлээж авдаг.
• Аливаа шүүмжлэлийг маш эмзэг хүлээж авдаг.
• Сайн хүүхдүүд ихэвчлэн сэтгэл зүйн хувьд хүүхэд хэвээрээ байдаг ба шийдвэр гаргахдаа муу байдаг.
Өөртөө санаа тавьж, өөрийгөө хайрлаж сураагүй байдаг. Бүх л энергиэ бусдад зориулж хүлээн зөвшөөрүүлэхэд зарцуулдаг.




https://www.instagram.com/p/CmigzFthadZ/?utm_source=ig_web_copy_link

Юуны өмнө та бусдад эвтэйхэн байхаа больж эхлэх үед тан руу маш их дургүйцэл, үл ойлголцол, шүүмжлэл ирнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй.


🧩 Сайн Охины Синдромоос ангижрах нь таныг илүү ачаанаас салгаж, орчин тойрноо эргэн харах, чөлөөт цагтай болгож, өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө мэдэрч ойлгосноор өөрийн дур сонирхолтой салбарт өөрийгөө хэрэгжүүлэх боломжийг олгодог. Өөрийн дотоодод байгаа томоотой дуулгавартай хүүхдээ ялан дийлж, өөртөө санаа тавьж сурах нь амьдралыг тань илүү баялаг, харин таныг жаргалтай нэгэн болгох юм.   


Бүх насаараа "Сайн охины синдром"-той амьдарсан, нилээд засарсан ч бүрэн салаагүй л бн. Ухамсартайгаар хичээхгүй бол цаашдаа ч зууралдсаар байх биз.  Амьдралын туршид гаргасан том жижиг шийдвэрүүд, нугачаа салаа бүрт шингэсэн байсан. Би юу хүсч байна гэдгээ хэзээ ч боддоггүй, бусад хүмүүст яавал аятай тухтай, амар амгалан байх бол гэдэг л шийдвэр гаргахад нөлөөлдөг байж.  Гаднаас нь харахад төгс амьдралтай, тэгж харагдахын тулд бүх л юмаа дотроо дараастай. Хүнд гаргаж хэлэхгүй, өөрөөсөө ч нуудаг байсан асуудлууд. Би л хичээгээд, зүтгээд, гүрийгээд байвал тэр асуудлууд зүгээр болчих юм шиг, тэгж гүрийж чадахгүй бол бас л миний буруу юм шиг. 

Бусадтай зөрчилдөхөөс айдаг, тэгсэнд орвол өөрийгөө л хойш нь тавичихад болно гэж боддог байж. Өөртөө дэндүү хайр найргүй ханддаг байжээ. Сүүлдээ даанч ачааллаа даахаа болиод хугарч, нугарч унадаг юм байлээ. Бас нэг сөрөг тал нь ачааллаа хувааж өгөөгүйгээс болоод, надаар халамжлуулж, асуудлаа шийдүүлж, амьдралдаа гаргах шийдвэр бүртээ миний зөвлөгөө тусламжийг авдаг, хариуцлага үүргээс зайлсхийсэн, насанд хүрсэн нэг том "хүүхэд"-тэй болсон явдал. Нас бол тоо гэдэг. 40 гарчихсан хэрнээ шийдвэргүй, туйлбаргүй, зорилгогүй, өнөө маргаашаа аргацаасан, үүрэг хариуцлагаас бултсан "хүүхэд". 

Энэ бүхнийг засч, өөрчлөх үйлдэл хийж эхэлснээс хойш, бусдад эвтэйхэн байхаа больсноос болж зөндөө их зөрчил, үл ойлголцол ч үүссэн, гэхдээ эцсийн бүлэгт би өөрийнхөөрөө амьдрах эрхтэй, бусдын өмнө "сайн" байх өргүй, нийгмээс тулгадаг "Сайн эхнэр", "Сайн ээж"-ийн имиж, хэм хэмжүүрийг дагаж биелүүлж барахгүй, бас тэгэх албагүй гэдгээ бага багаар ойлгож ухаарч л бга. Үе үе мартчаад байдаг болохоос.

Дагаад эерэг өөрчлөлтүүд зөндөө гарч эхэлсэн, мэр сэр заримыг нь энд бичсэн байх. Ингээд оношоо мэдчихлээр өөртөө эргэлзэх бүртээ чиг баримжаа болгох, уншиж судлах чиглэлтэй болсондоо баярлаад байна. Бас хүүхдүүдээ өөр шигээ болгохгүй байж чадах байх гэж найдаж бн. 

Энэ зам тийм ч дардан биш, үе үе буцаж хайрцаглагдчих гээд, өнгөрсөн рүүгээ буцчих гээл бдг. Гэхдээ чаднаа.

11.11.22

Soulmate

 Энэ нэрээр блог бичиж эхэлснээс хойш нэгэн "жаран" өнгөрчээ :p

Яг тодорхойлж хэлж мэдэхгүй мөртлөө гоё санагдаал блогоо нэрлэж байлаа. Саяхан подкаст сонсож байтал Сексцагаанбогд /тухайн үеийн/ найз охинтойгоо soulmate-г ингэж тодорхойлсон гэнэ :

Physically, emotionally, mentally f*ck болж чадаж бвал...

F*ck гэдэг үгийг хэрэглэсэн л болохоос, холбогдож, ойлголцож, нэгдэж чадаж байвал soulmate. Бие махбод, сэтгэл зүрх, оюун ухаанаараа... 

Мэдээлэл технологи, холбооны онолоор бас тайлбарлаж болох юм бнлээ. Холбоо харилцааны 7 давхарга буюу 7 layer гэж байдаг. Доод хэсэг нь physical, дээшлэх тусмаа logical. Олон layer-р холбогдох тусам бат бөх харилцаа байдаг. Physical layer нь энгийн бүтэцтэй, hardware-тэйгээ нягт холбоотой байдаг бол дээшлэх тусам илүү ярвигтай, олон төрлийн протоколууд холилдох ба resource management, алгоритм, тархи толгойгоо ажиллуулах шаардлага ихэсч ирнэ. Харин software учраас уян хатан, ямар нэг hardware-с хамаарал багатай. 

Он цагийн явцад технологи үргэлж шинэчлэгдэж, харилцан зөвшилцөж, холбоогоо үргэлжлүүлэхийн тулд зэрэгцээд л өөрчлөгдөх хэрэгтэй болдог. Нэг тал нь хуучнаараа үлдчихвэл холбоос тасрах эрсдэлтэй. Цуг байгаа хэрнээ ганцаардах, яриад байгаа хэрнээ өөр өөр хэл хэрэглэж байгаа мэт үл ойлголцох, сэтгэл зүрх эсвэл оюун ухаан хоосон зайд тэмтчих мэт мэдрэмж... Холбоо тасарчаад байхад огт анзаарахгүй яваад байдаг нэг тал бас байх...



100% soulmate, насан туршийн soulmate гэж байдаггүйтэй аль хэдийн эвлэрсэн. Тухайн цаг мөчид, орон зайд, 51%-с дээш ойлголцол байхад л хаваажид байх. Үлдсэн орон зайг дурсамж, ном уран зохиол, дуу хөгжим, нийгмийн бусад харилцаа нөхөж явдаг юм шиг.



14.3.19

Сонголтын тухай

The Road Not Taken 

Two roads diverged in a yellow wood,
And sorry I could not travel both
And be one traveler, long I stood
And looked down one as far as I could
To where it bent in the undergrowth;

Өтгөн шаргал ойн захад
Өмнө минь салаа зам зурайна
Амь бие ганцханаас хойш
Аль нэгийг нь сонгохоос өөрцгүй
Эргэлзэж ядан, удаан зогсоод
Эхний замыг бараа тасартал ширтлээ


Then took the other, as just as fair,
And having perhaps the better claim,
Because it was grassy and wanted wear;
Though as for that the passing there
Had worn them really about the same,

Адилхан л сайхан харагдах нөгөө замыг нь сонголоо
Арай илүү эвтэйхэн ч юм шиг санагдах
Өвс нь илүү өтгөн, хөлийн мөр бага ч юм шиг
Яг үнэндээ энэ замаар өнгөрөн явахуй
Ялгаагүй л ижилхэн ул мөр минь үлдэх

And both that morning equally lay
In leaves no step had trodden black.
Oh, I kept the first for another day!
Yet knowing how way leads on to way,
I doubted if I should ever come back.

Өглөө эртийн хоёр зам харгуй
Өөр хүн навчисын дээгүүр гишгэлээгүй
Эхний замыг дараа нь явна гэж үлдээлээ! Гэвч,
Энэ замууд намайг цааш нь улам холдуулсаар
Эргээд ирэх боломж гарах болуу юу л бол


I shall be telling this with a sigh
Somewhere ages and ages hence:
Two roads diverged in a wood, and I—
I took the one less traveled by,
And that has made all the difference.

Хэзээ нэгэн цагт, хожмын нэгэн өдөр
Хоёр зам таарсан тухай санаа алдан дурсах вий
Хүн бага явсан замыг нь сонгож билээ
Хувь заяа минь тэгэхэд өөрчлөгдөж билээ


Амьдралд том сонголт хийх үе хэд хэд гардаг. Хоёр замаар зэрэг явж чадахгүйгээс хойш, нөгөө замаар замнасан бол яах байсан бол гэх харамсал байнга л төрдөг байх. Яах гэж монголд буцаж ирвээ гээд их харамсаж байлаа. Буцаж ирээгүйсэн бол өдийд бас өөр нэг юманд харамсах л байсан байх. 
Аль замаар нь явбал ямар ирээдүй тосож буйг таамаглахыг хичээдэг ч, хараа үл гүйцэх урт зам шиг, ирээдүйн өдрийг тааж мэдэхэд хэцүү. Эрсдэл, эргэлзээ, харуусал бүхнээ хойш нь тавиад зүгээр л урагшаа харах нь заримдаа хэрэгтэй байдаг юм шиг байна.

Яваагүй замын тухай, сонгоогүй сонголтын тухай хүмүүс их боддог, харуусал, гэмшил, ямар байх байсан бол гэх төсөөлөл үргэлж цээжиндээ тээдэг байх. Энэ тухай кино, ном ч олон.

La La Land дээр хэрвээ тэр хоёр салаагүйсэн бол, амьдрал нь ямар амттайхан байх байсан бол??? гэх харууслыг сүүлийн хэдэн хоромд товчхон харуулдаг. Тэр хэсэг нь бүр сэтгэл зүрх сийчээд хаядаг даа.

Perfect Stranger гээд солонгос кинон дээр эсрэгээрээ. Гар утсан дээрх бүх нууцаа дэлгэсэн бол, бие биенийхээ дотоод нууцлаг ертөнцийг ил гаргасан бол гэр бүл хэрхэн салж, амраг хос, анд найзууд яаж муудалцах байсан бол гэдгийг бүхэл киноны туршид үзүүлээд төгсгөлийн хэдэн мөчид нууц задраагүй, юу ч өөрчлөгдөөгүй чигтээ байгааг нь харуулдаг. 

15.10.18

Хүсэл биелэх

Цаг хугацаа хамгийн сайн номхруулагч юм шиг. Хүүхэд байхдаа өөрийгөө ертөнцийн төв мэт андуурч, юу хүссэнээ авах гэж уйлна, уурлана. Залуу насандаа хорвоог гартаа атгасан шиг санаж, хүссэндээ хүрэх, сарвайснаа авах бүхий л боломж дүүрэн мэт, ядаж л сонголт хийх эрх чөлөө нь нээлттэй, омголон агаад бардам.

40 насны босгон дээр харин, өнөө их хүсэл мөрөөдлөөсөө чадах чадахгүй, болох болохгүй гээд ихэнхийг нь орхихоос өөр аргагүйг ухаарах. Бууж өгөх, зохицох зохицуулах, байгаадаа сэтгэл ханах, ялимгүй бяцхан зүйлээс баяр баясгалан мэдрэх - өөрийн мэдэлгүй энэ бүхэнд суралцдаг аж. Бүүр эмээ өвөө болохоор амьдралын утга учир, гэрэл гэгээ нь юу болохын бол доо гэж гайхдаг сан. Жил ирэх тусам хүсэл нь жижгэрч, талархах нь томорсоор... зүгээр л энх тунх байгаадаа баярлаж, үр хүүхдээ харж баясдаг, туулж өнгөрүүлсэн амьдралынхаа дурсамж дурдатгалыг мэрж /шүдгүй болчуул хүлхдэг л байхдаа / суудаг, цаг хугацаа хэмээгч дасгалжуулагчийн дуулгавартай шавь нь болж хувирдаг байх...

30 насны шүлэг
Дахиад л бачимдан зэрлэгээр хашгирч
Дахиад л өөрийгөө тэврэн тайтгарууллаа
Эцэс төгсгөл гэж алга, хэн нэгэн
Бүхнийг эхлүүлчихээд, зогсоож дийлэлгүй
Зугтжээ. Өөдгүй хулчгар хаа нэгтээгээс
Харж байгаа даа, юу хийснээ...
Эрдэнэсийн хайрцагт юу ч алга, ээж ээ
Өрсөөд хэн нэгэн бүгдийг хулгайлчихжээ
Хамгийн харамсмаар нь,
Таны надад бэлэглэсэн ертөнцийн
Талыг нь гээчихлээ, ээж ээ...
Б.Эрдэнэсолонго

Энэ шүлгийг 10 жилийн өмнө уншсан бол огт ойлгохгүй байх сан. Яруу найрагч хүн арай түрүүлж мэдэрдэг юм уу, эсвэл би оройтож яваа ч юмуу. 40 насны шүлэг гэж нэрлэмээр. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх завгүй өдрүүд, амсхийж зогсоод амьдралаа тогтоон харах сөхөө олдохгүй юм. Огцом эргэлт хийх боломж улам багассаар, одоо нэг эргэвэл дахиад өөрчлөхийн аргагүй болчих юм шиг. 30 настайдаа эрдэнэсийн хайрцгаа дөнгөж нээх гээд зогсож байж, одоо л тэнд хов хоосон байгааг олж хараад гайхширч сууна. Амьдралын тал нь 30 биш 40 нас гэж бодогдоно, ядаж 80 хүрнээ л гэж...



Жижигхэн, энгийн ч гэлээ, удаан бодож явсан хүсэл маань биелж, хүүхдүүдээ орхиод хоёулханаа болзсон шүү. "Нинжин Сэтгэл" гэдэг монголын УСК үзлээ, сонголтоор биш урилга нь ирсэн болохоор. Тэрнээс биш монгол кино ерөөсөө үздэггүй. Бүр нэг байдгаа тавиад тууцан кинонцоруудыг бодоход арай нэг шат ахисан, солонгос драма шиг зохиолыг шоронгийн зодоон нүдээн, экстрим үзэгдлүүдээр хачирласан кино байлаа. Над шиг нялх хүүхэдтэй хүн бол зарим хэсэг дээр нь нүд хальтраад үзэж чадку байсаан. Уг санаа нь "Уучлал, энэрэл"-ийг магтан дуулах гэсэн мэссэжтэй боловч дүрүүдийн сэтгэлзүй хэрхэн яаж энэ чиглэлрүүгээ хөрвөж байгааг харуулж чадаагүй юм шиг санагдсан, баахан түс тас пид пад хийж байснаа гэнэт огцомдоод л бүх юм амар сайхандаа жаргааски.

Киноны дуу нь харин таалагдсаан.

                                 

Үсийг хийсгээд...
Ганцаардлыг ганхуулж
Тэвчээрийг тулаад
Үсийг хийсгэж
Захыг босгоод
Үймэрсэн олны дунд орлоо
Харанхуйд эмэгтэй хүн инээх
Цочир сонин байна
Хаа очиж намар гэхэд 
Дулаахан байна
Хаана очиж зогсохоо үнэндээ мэдэхгүй байна
Захаа босгоно гэдэг
Юмаа босгоно гэсэн үг биш
Загвар нь ялимгүй хуучирсан болохоос
Намар надад таалагдаж байна
Б.Эрдэнэсолонго

Загвар нь хуучирсан намар цаг, үргэлж л надад таалагддаг байсаан, одоо ч гэсэн...

7.2.14

Цагаан сар ба хар тамхи

Баяр сайхан болж өнгөрлөө (амны билгээс ашдын билэг) Яг үнэндээ бол ядарлаа, залхлаа бас уйдлаа. Олон жил гадаадад амьдарсны "гайгаар" цагаан сараар баярлах нь бага болж, сэтгэлд ойр санагдахгүй болжээ. Өнгөтэй, гэгээтэй, сайн талуудыг нь олж харахыг хичээсэн, халуун ам бүлээрээ ээж аавындаа бужигнасан мөчүүд сайхан байсаан. 

29.6.13

que sera, sera


Танихгүй хоёр жаал онгоцны буудал дээр зүгээр л бие биенээ ингэж тэвэрсэн гэнэ. Хөөрхөн байгааз. Заримдаа зүгээр л тэврэх ямар ч үгнээс илүү тайвшрал, тайтгаралыг өгдөг, гоё санагддаг...

26.3.13

Сэтгэл

Хүмүүс яаж үгүйсгэлээ ч, би сэтгэлийг хамгийн чухалд тооцсоор л байх болно...Хаа сайгүй, сэтгэлийн өчүүхэн хэлтэрхийг хайсаар л байх болно...
Яагаад гэвэл...

25.4.12


Хаа нэгтээ минь тээглэж орхиод намайг зовоогоод байгаа бодол эргэцүүллийн зах зухаас...


31.1.12

Амьдралын тоглоом

Би тоглоомонд их тааруухаан. Хүн тоглож байгааг нь мэдэхгүй тэр чигт нь итгээд хямраад намираад явж өгнө. Тоглож байгаад тоглоом даадгүй тонгойж байгаад бөгсөө даадгүй гэдэг шиг хамаагүй их тогловол уйлчдаг уурлачдаг :р

8.11.11

Гоё юмны тухай бичлэг

Уйтгартай бичлэг оруулчаад хэд хонохлээр ирсэн зочиндоо амтгүй хоол өгсийм шиг санагдаад сэтгэл тавгүй гэж (аягүй сайхан зочломтгой эзэгтэй юм байхдаа) Орж гардаг айлчин гийчиндээ зориулаад амсуулчмаар амттан шимттэн юу байна гээд л муу бор авдраа баахан ухлаа. Арай дөнгүүр нь энэ үг л байна даа.


13.10.10

Ийм нэгэн хүсэл байх юм...

Уншсан хойноо хаямааргүй ном байхсан
Учирсан хойноо салмааргүй нөхөр байхсан
С. Удвал

9.9.10

Дурсамж

Дурсамж бол ой ухаан гэдэг тайзан дээр зүрх сэтгэл хэмээх найруулагчийн редакторлосон жүжиг.


/хэн нэгний хэлсэн үг/

30.7.10

Сэтгэл гэдэг...

Сэтгэл гэдэг хүний нэг эрхтэн юм шиг.
Булчингаа ажиллуулж, тархиа хөгжүүлж байхгүй бол бие сулбайж ой тогтоомж мууддаг шиг сэтгэлээ хөдөлгөж байхгүй бол хөлдөж царцаад мэдрэмжүүд мохоод хөндий, хуурай хүн болж хувирах байхаа...

12.3.10

Soulmate

Soulmate гэж үгийн утгыг хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлгодог байхаа. Roommate, classmate гэдэг шиг soulmate...Нэг сэтгэлтэй, сэтгэлээ хуваалцдаг хэн нэгэн... Зарим хүмүүс заяаны хань гэсэн утгаар нь хэрэглэдэг гэсэн. Энд тэндээс харж байхад нэг гэр бүлийн хоёрыг, бие биедээ хайртай хосуудыг ингэж хэлээд байх шиг байдгийн.

7.9.09

Үнэр


Хүний мэдрэхүйн эрхтэн дундаас хамгийн хоцрогдож хэрэглээнээс гарах шахсан нь хамар юм гэлүү. Гэхдээ армаанчиг өнцгөөс авч үзвэл үнэр гээч ямар их мэдрэмж агуулж дурлалын шинжлэх ухаанд асар том үүрэг гүйцэтгэдэг гэж сананаа... /Шинжлэх ухаан гэчижээ хаха дурлал судлаач нь дүрдээ итгэчиж.../Хэзээ нэгэн цагт...юм хөгжөөд ирэхээр,утсаараа үнэр дамжуулж, блог дээрээ үнэр тавьдаг болох байхдаа?

25.8.09

Fast Love



Дурлалыг долгионтой зүйрлэвэл...Яагаав геометр дээр үздэг синус косинус гээд долгион...Дээшээ доошоо хэлбэлздэг, эхлэл ба төгсгөл цэгтэй, түргэн юмуу удаан үелзэлтэй...

ойлгомжгүй цаг хугацаа

Нойр овоо гайгүй л байна. Гэхдээ яг өөрөөрөө биш. Кава гээд тайвшруулах эмийн ургамалтай магни уугаад. Бүрэн нам унтахгүй байна, кино шиг л ...