Showing posts with label кино. Show all posts
Showing posts with label кино. Show all posts

20.10.24

Давхцал

Сүсэг бишрэл, далдын хүчинд итгэхээ больсон ч гэсэн зарим нэг сонин давхцалыг анзаарч гайхширах юм. 
Хагассайнд Монгол Оллэ-тэй явган аялал хийв. Ой мод, уул, толгод дамжин 10 гаруй км алхсан. Солонгосын Чэжү арлыг тойрсон 27 зам бүхий Чэжү Оллэ гэдэг явган аялал байдаг бөгөөд, монголд одоогоор 3 маршрут үүссэний нэг нь Тэрэлжид байдаг юм байна. Модонд уясан туузан тэмдэглэгээ дагаад алхах их сонирхолтой гоё юм. Дараа хүүхдүүдээ дагуулаад явна гэж бодсон.
 




Тэр өдөр цуг алхсан охин, манай том охинтой тоолвол нас, төөлвөл өндөр, дуудвал нэр ижил юм билээ. Орой нь УБ кино наадмын "Good one" нэртэй киног үзсэн. Өсвөр насны охин, аав болон аавынхаа найзтай ууланд алхдаг. Албаар тэгж тааруулаагүй хэрнээ яг ингэж давхцаад сонин. 

Үйл явдал, өрнөл гээд байх зүйлгүй, 3 хүний нүүрний хувирал, байгалийн зураглал, энгийн диалог гарна. Гэхдээ кино эхлэхэд л охины царайнаас сэтгэл дундуур, тухгүй байдал нэвт шувт харагдана. Өөрийн хүслээр биш, аавынхаа үгнээс гардаггүй дуулгавартай охин учраас явж байгаа нь алхам тутамд анзаарагдах. Аав нь тийм байлгасаар дассан, түүндээ сэтгэл хангалуун. Учиргүй муу эцэг, дарангуйлагч аав биш ч гэлээ охиныхоо санаа бодлыг асуудаггүй, хүсэл зоригийг нь хайхардаггүй, өөрийнхөө сонирхол, таатай байдлыг бодож охиндоо тулгадаг хүн. Кино энэ бүхнийг жижигхэн үйлдэл, ганц хоёрхон харилцан яриагаар илэрхийлж байгаа нь гайхширмаар. 

Аяллын сүүлийн шөнө, аавын найз эр, охинд хандаж эвгүй "санал" тавина. Дургүйцэж зэвүүцсэн охин маргааш нь аавдаа хэлэх боловч, ааваасаа "Битгий сүржигнэ л дээ. Өнөөдөр зүгээр л сайхан өдөр байя" гэх үг сонсоод, сэтгэлд нь томоохон тэсрэлт үүсэх шиг. Охины харц, царайны төрх, нүүрний хувиралд огцом өөрчлөлт мэдэгдэж, шийдэмгий, өөрийнхөөрөө, жинхэнэ "би" нь гарч ирэх шиг. Усанд шумбаж ядраад тарайж хэвтэх хижээл насны хоёр эрийн үүргэвчинд хүнд чулуунууд чихэж орхиод охин ганцаараа уулнаас уруудан одно. Яг л өөрийнх нь сэтгэлд ачаа болж байсан "сайн охин байх үүрэг хариуцлага"-ыг мөрөн дээрээсээ авч, тэдэнд бас мэдрүүлэхийг хүссэн мэт. Энэ үед охинтой цуг, охины өмнөөс, миний цээж бас хөнгөрөх шиг, гүн амьсгаа авч чадах болсон мэт сайхан санагдсан гэж. Охинд тоглосон жүжигчин үнэхээр браво! Яаж тийм "дотортой" гоё жүжиглэнэ вэ!!!

Урд өдөр нь "Өмнөдийг зорих замд" гээд кино бас үзсэн. Солонгос, монгол жүжигчид өөр өөрсдийн хэлээр яриад, их үнэмшилтэй, чихэнд наалдацтай гоё бүтээл болсон байна лээ. Хийц нь Холливуд киноны томьёог Солонгос кино дагаж хийдэг байсныг Монгол кино бас өөриймшүүлэн дагасан гэж хэлмээр юмуу. Найруулга, жүжиглэлт, харилцан яриа, зураглал, дуу хөгжим гээд бүгд яг донжоо олчихсон болохоор үзэгч бид үйл явдал дотроо ороод, нэг цочиж, нэг дуу алдсаар дуусгасан. Монгол киноны стандартыг лав нэг шат ахиулсан кино. 

29.1.24

2 кино

 Сардаа ядаж ганц бичвэр оруулж бгаарай гээд нэхээд байдаг хүн байдын. Он гарсаар үзсэн хоёр киноны тухай бодлоор 1-р сарыг тоймлоё доо.


Баавгай болох сон

УБ кино наадмын үеэр ганц билет алалцаж байж олж авчаад, хэдэн хүүхдээ яасхийж нэг зохицуулаад очиж үздийн билээ гээд санааширч суутал, ФБ дээр миний дагадаг мундаг охин билет хайж байна гээд оруулдын. Надаас дор хаяж 20 дүү, тэгсэн мөртлөө бичиж, орчуулж, сэтгэж байгаа нь гүйцэгдэшгүй, би хувьдаа гоц ухаантай болуу гэж шүтдэг хүүхэд байдын. (Төгс тоо гэдэг ном орчуулсныг нь уншсан бол мэдэж магадгүй) Тэгээд өөрийнхөө тасалбарыг түүнд өгчихсөн. Энэ бяцхан тохироонд бас их баярласан. 

Ашгүй кино маань театрт гарч эхлэх сураг гарч, найруулагчийнх нь ярилцлагыг үзлээ. Киногоор өгөх гэсэн мэссэж - Ядуурлаас ангижрах төгс гаргалгаа нь боловсрол. Өөрөө хүүхэд байхдаа энийг ойлгоод ээжийгээ гуйж байгаад сайн хувийн сургуульд төлбөр төлж сурсан, их сургуульд сурах мөнгөөрөө. Би өөрөө тэтгэлэг авчихнаа гэж ээждээ амласан, тэрүүндээ ч хүрсэн. Киноны төсөв хэтрэх үед байраа зараад нэмэрлэсэн, гэхдээ энүүгээрээ маркетинг хийхгээгүй, хамаг бүхнээ зориулах хэмжээний итгэл үнэмшилтэй байснаа л хэлэх гэсэн гэнэ. Би ч гэсэн боловсролд хамгаас итгэдэг, бас өөрийн хийж буй ажил, зорьсон зорилгодоо бүхнээ зориулах итгэл үнэмшилтэй хүмүүс үнэхээр шүтмээр санагддаг. Ингээд дүүрэн хүлээлттэй киногоо үзлээ. 

Гүйцэтгэл 99%, харилцан ярианаас авахуулаад зураг авалт, камерын өнцөг, жижиг деталь, том зураглал, жүжигчидийн сонголт, жүжиглэлт, дуу хөгжим, найруулга... Үнэндээ л мэдээд сураад боловсроод ирсэн хүний хийсэн бүтээл хэлэх үггүй, алга ташмаар мундаг санагдсан. Өнөөдрийн бодит амьдрал, энгийн, хүчилсэн зүйлгүй, тэгсэн мөртлөө ерөнхий агуулгаас эхлээд нарийн чимхлүүр шигтгээ нь хүртэл анзааралгүй орхисон ганц сул мөч хоромгүй, бодол ухаанаа шингээсэн нь илт. Ийм сайн монгол киног үзэх өдөр ирдэг юм байжээ гээд бүр нүдэндээ итгэмээргүй байлаа.

Гол дүрээс авахуулаад жижиг туслах гэлтгүй бүх дүрээ сайтар хөгжүүлж, "амьдруулж" чадсан санагдсан. Хамгийн өрөвдөлтэй, арчаагүй, хөөрхийлөлтэй нь ээжийн дүр. Өлзий хүүгийн өмнөөс уур хүрч багтарч байснаа, хүнээс хараат, бие даах чадваргүй хүн /заавал эмэгтэй ч гэлтгүй/ ягтаа тулах үед нээрээ л хэцүүдэх нээ гэж арьсанд хүртэл мэдрэгдэх шиг. Хэдий би шашин шүтлэг, мухар сүсгээ орхисон ч гэсэн, амьдралд ам гарч болохгүй, хүний амьдрал хаашаа яаж ч эргэж болно гэдэг айдас түгшүүр улам гүнзгий суусан юм шиг. Өөрөө бие сэтгэл эрүүл байж, үр хүүхдээ, цаашлаад чадлынхаа хэрээр тусалж болох хүүхдүүдийг биеэ дааж амьдрах чадвар, боловсрол, мэдлэгтэй болгохын төлөө л хичээх юмсан гэж бодсон. 

Past Lives /Өмнөх насны амьдрал

Энэ жилийн кино наадмуудаар дэвшиж байгаа, солонгос гаралтай эмэгтэйн бүтээл. 12 настайд нь амьдралын зам нь хоёр тийш салж одсон анхны хайртууд. 24 настайдаа эргэж онлайнаар холбогдох боловч, дэлхийн бөмбөрцгийн хоёр бөөрөнд байх хол зай, төвхнөж амжаагүй нөхцөл бололцоо нь дахин тэднийг салгаж, 36 насандаа нэг нь хэдийн гэрлэсний дараа ахин уулзах боломж тохионо. 

Гоц гойд үйл явдалгүй, намуухан урсах кино. Холливуд, Солонгос киноны аль алинаас нь тэс өөр, эв хавгүй юм шиг хэрнээ яг л бидний амьдралд тааралддаг бодит хүмүүс шиг дүрүүдэд шууд л автаж орхисон. Ялангуяа эмэгтэйн царай, өмнө нь огт харж байгаагүй, жүжигчин гэхэд арай л эгэл, тэгсэн хэрнээ үзэсгэлэнтэй, сэтгэл татам байсан. Бас зураглал нь бүр шүлэг яруу найраг мэтээ. Намуухан, аядуухан, өвөрмөц содон, нүд салгахын аргагүй...

인연 - 因緣 - InYeon гэж кинон дээр гардаг. Хүмүүс хоорондоо зөрөөд өнгөрөх хүртэл цэвэр тохиолдол биш, өмнөх насны "үйлийн үр" гэсэн утгаар. Гэхдээ үйлийн үр гэдгийн сөрөг, зовлонтой утга нь биш, өмнөх насанд учирч байсан, тэр байтугай 800 мянган удаа давхарласан тавилангаар хоёр хүн хоорондоо гэрлэдэг. Харин гол дүрийн хоёр зүгээр учраад л, хоёр биедээ тэсвэрлэшгүй их татагдаад л, гэхдээ цуг үлдэж чадаагүй нь өмнөх насны InYeon дутсаных гэж бие биедээ тайлбарлаад, хойд насандаа уулзъя гэсэн утгатай үг хэлээд салцгаадаг. 


Яг ингээд хэлэхээр байдаг л нэг улиг домог болсон кино мэт, гэхдээ тийм бишээ. Үнэндээ би угаасаа хойд урд нас, төөрөг тавиланд итгэдэггүй. Бас хоёр хүн хоорондоо зориулж заяагдсан, заяаны хань гэх мэт ойлголт ч учир дутагдалтай. Гэвч, киноны туршид энэ хоёр хүний хоорондох таталцал, хэрвээ физикийн хуулиар тооцож, энергийг нь хэмжиж болдог бол уулыг дээш нь өргөж усыг өөд нь урсгах их хүчтэй байсан. Биеийн хэлэмж, харц, chemistry...Гэхдээ тэр хоёрт хамт байх боломж гараагүй, магадгүй тийм боломжийг гаргахад орчин нөхцөл, тохироо timing, бас зориг дутсан байх. Ядаж нэг нь бүхнээ хаях зориг, тэнэгдүү гэмээр зориг гаргасан бол яаж эргэх байсныг таашгүй. Хэн хэн нь үүнийг ойлгож байсан, зүгээр л InYeon хүрсэнгүйдээ гэж өөрсдийгөө хуурах нь заримдаа илүү дээр санагддаг бизээ. 


Насанд хүрсэн хүмүүсийн ойлголцол бас их гоё юм. Эхнэр нь анхны хайртайгаа уулзаад, үхтлээ татагдаад, дэргэд нь ойлгогдохгүй хэлээр яриад байхад дуугай сууж сонсоод, таксинд суулгачаад уйлаад ирэхэд нь чимээгүйхэн тэврээд аргадаад оруулах нөхөр. Магадгүй ийм далай шиг нөхөртэй учраас догдлуулж ирсэн давалгааг дагалгүй дэргэд нь үлддэг байх...

17.11.23

Anatomy of a fall (Уналтын задлан)

Сайн муу ямарваа үйл явдал санаандгүй байхад өрнөснөөр илүү далайцтай, илүү хүчтэй мэдрэмж төрүүлж, ой тойнд гүн гүнзгий мөрөө үлдээдэг юм шиг. Энэ утгаараа, тохиолдож болох аливаа саар бүхнийг урьдчилан төсөөлж, үр дагавар болоод нөлөөллийг нь багасгах, бууруулах гэж оролддог нь миний overthinking, урьдчилж санаа зовох муу зуршилтай болсон шалтгаан гэх юмуу. Өнөөдөр харин сайн киног санамсаргүй байдлаар үзсэн нь үнэхээр завшаантай ч, түүнээс төрсөн сэтгэгдэл хэд дахин өссөн байх магадлалтай. 

Цааш нь уншвал 100% спойлер тул үзэх гэж байгаа бол дараа нь уншаарай.

2.11.20

Хэвтрийн хүн

 Өөр ревью уншихаасаа өмнө өөрт төрсөн сэтгэгдлээ гялс буулгаатхы. Яг үнэндээ, зохиол нь Г.А.-ынх биш байсан бол зорьж очиж үзэхгүй л байсан болов уу. Номын хуудсаар танилцаж, сэтгэл дотроо амьдруулдаг дүрүүдтэйгээ өргөн дэлгэцээр уулзах хамгийн том завшаантай явдал байлаа. 

Номоо бодож очсон болохоор киногоо дангаар нь мэдрэхээс илүү номтойгоо харьцуулаад, юу хасчиж, юу төсөөлж байснаас өөр болчиж гэх нүдээр үзлээ. 

Кинон дээр нийт 5 хайрын түүх гардагаас, ээжийнх нь залуу нас, хайрын түүх хамгийн гоё санагдсан. Зохиол дээр гардгаасаа ч илүү сэтгэл хөдөлгөм байсан юм уу даа. Хоёр бүсгүйн бие биедээ татагдаж байгаа нь, болзож, инээлдэж, хайрлалцаж байгаа нь мааш үзэсгэлэнтэй байсан.  

Хөгжмийг нь Сангидоржийн Сансаргэрэлтэх бичсэн, мэдрэмжтэй сайхан аялгуунууд үзэгдэл үйл явдал бүртэйгээ сайхан зохицож өгсөн байналээ. 

Өнгөрсөн үеийг харуулахдаа бүр соц нийгмийн байдлаар дүрсэлж үзүүлсэн нь сонин шийдэл байлаа. Жишээ нь компьютер засдаг залуу, анхны хайраа дурсахад, их сайндаа 10 жилийн өмнөх явдлыг ярьж байгаа хэр нь дэлгэцээр бол бүр 30, 40 жилийн өмнөх мэт зураглал гарч байсан. Өнгөрсөн үе гэдэг харьцангуй ойлголт, тухайн хүний сэтгэлд тэртээ алсад болж өнгөрсөн мэт хадгалагдсан байж болохыг ингэж илэрхийлсэн байх гэж хувьдаа таалаа. 

4.5.20

4-р сарын тойм

Юу юугүй 4 сар дуусчихлаа.

4 сарын 2-нд том охин маань 13 хүрч, албан ёсоор TEENAGER болов. Хүүхэд өсөж томрох гэдэг заримдаа итгэмээргүй санагдах юм. Яахын аргагүй надаас тасарсан үр хэрнээ бие хаа, ухаан бодол нь намайг дуурайгаагүй, шал өөр ч юм шиг. Багадсан, голсон хувцас нь эргээд над дээр буудаг үе ирсэн дээ хөөрхий ккк.

Ажлын онцлогоос шалтгаалаад нилээд хожимдож "гэрээс ажиллах" горимд шилжлээ. 7 хоногийн 2-3хан хоногт ажилдаа ирэх надад бол таалагдаж байна. Ажил багатай, гэртээ байх хугацаа ихэссэн болохоор өөрийгөө бодох цаг зав гарч эхэлж байна. Ходоод гэдсээ дурандуулаад, цөс өтгөрөлттэй байна гэсэн тул амьдралдаа анх удаа цөсөө угааж үзлээ. Төрөхийн хүндрэлээс үүдэлтэй зарим нэг асуудал байсан тул хагалгаанд оров. Далиманд нь бага охиноо хөхнөөс гаргав. Миний ядраад байсан нэг том шалтгаан энэ байсан бололтой. Шөнөдөө сайхан унтаж амраад, өдөр нь эрч хүчээр дүүрэн янзтай байнаа. Одоо л нэг өөрийнхөө биеийг эргүүлэн авч байгаа мэт мэдрэмж!

Эмнэлэгт хэвтэх хугацаандаа Нетфликсийг хашрааж баахан сериал үзэж дуусгав.

Торонтод амьдардаг солонгос гаралтай гэр бүлийн тухай комеди. Тархиа амраангаа үзэхэд таарсан, хөгжилтэй, бас со канад гээд амьдарч байсан газрууд гардаг болохоор илүү татагдаж үзсэн.

Англи жүжигчид Холливудынхнаас арай өөр, өвөрмөц төрхтэй байдаг тэ. Сизон 1 нь бол маш их таалагдсан, 2 нь харин арай суларсан юм шиг. Хэдий teenager oriented сериал ч гэсэн надад хүртэл мэдлэг болохоор агуулга бас бнлээ.


Үргэлжлүүлээд нэг со кино үзчихсэн чинь энэ хүүхдэд крашлаа хаясаан. Тус бүр нь 16 ангитай 3 цувралыг өдөржин шөнөжин үзэж дуусгаад. Ерөнхийдөө нэг томъёо байдаг, эмэгтэйчүүдийн сэтгэл зүрхийг догдлуулдаг. Яг л тэр дагуу хийгдсэн цувралууд, өч төчнөөн кино үзэж хэр баргийн өдөөгчинд ажрахаа байсан хашир толгой би хүртэл гэнэ алдаж зүрхээ өгчлөө хаха. Энэ маань яджаахад нээх оворгүй. Уг нь надаас 9-хөн дүү, гэтэл бараг 10 жилийн сурагч шиг царайтайн, ядаргаатай.



Хэвтэхээс өмнө "Beautiful Boy" гээд ном уншсын. Хүү нь мансууруулах бодисонд донтсон эцгийн бичсэн ном. Дараа нь тэр донтсон хүү нь өөрөө бичсэн "Tweak: Growing up on methamphetamine" гээд номыг нь уншсан. Эцэг эхчүүд бид хүүхдээ сайн мэддэг гэж боддог ч, үнэндээ тэгж бардаж болохгүйн байна гэж бодсон. Нөгөө талаар, хүн ямарваа нэг зүйлд донтох санасныг бодоход маш амархан, жишээ нь би ФБ-д аймаар донтсон байсан, дараа нь одоо энэ солонгос жүжигчинд донтчлоо! Тэхдээ тоглоомгүй, донтсон хүний гэр бүл, ойр орчмын хүмүүс ямар их сэтгэлийн зовлон шаналал дунд амьдардгийг хэн хүнгүй бага сага мэдэрч амссан байдаг болохоор энэ номыг бөөн түгшүүр дунд л уншиж дуусгасан даа.

Одоо харин киног нь олоод үзчмээр байна.


Амазоноос энэ номыг авч уншлаа. Монгол охин америкт хэрхэн дасан зохицож амьдралаа босгосон тухайгаа, амжилттай яваа цагаач бизнесмэнүүдийн түүхтэй уяж бичсэн, богинохон гэгээлэг ном. Англиар жинхэнэ water snow бичсэн байна лээ. Атаархмаар.

15.10.18

Хүсэл биелэх

Цаг хугацаа хамгийн сайн номхруулагч юм шиг. Хүүхэд байхдаа өөрийгөө ертөнцийн төв мэт андуурч, юу хүссэнээ авах гэж уйлна, уурлана. Залуу насандаа хорвоог гартаа атгасан шиг санаж, хүссэндээ хүрэх, сарвайснаа авах бүхий л боломж дүүрэн мэт, ядаж л сонголт хийх эрх чөлөө нь нээлттэй, омголон агаад бардам.

40 насны босгон дээр харин, өнөө их хүсэл мөрөөдлөөсөө чадах чадахгүй, болох болохгүй гээд ихэнхийг нь орхихоос өөр аргагүйг ухаарах. Бууж өгөх, зохицох зохицуулах, байгаадаа сэтгэл ханах, ялимгүй бяцхан зүйлээс баяр баясгалан мэдрэх - өөрийн мэдэлгүй энэ бүхэнд суралцдаг аж. Бүүр эмээ өвөө болохоор амьдралын утга учир, гэрэл гэгээ нь юу болохын бол доо гэж гайхдаг сан. Жил ирэх тусам хүсэл нь жижгэрч, талархах нь томорсоор... зүгээр л энх тунх байгаадаа баярлаж, үр хүүхдээ харж баясдаг, туулж өнгөрүүлсэн амьдралынхаа дурсамж дурдатгалыг мэрж /шүдгүй болчуул хүлхдэг л байхдаа / суудаг, цаг хугацаа хэмээгч дасгалжуулагчийн дуулгавартай шавь нь болж хувирдаг байх...

30 насны шүлэг
Дахиад л бачимдан зэрлэгээр хашгирч
Дахиад л өөрийгөө тэврэн тайтгарууллаа
Эцэс төгсгөл гэж алга, хэн нэгэн
Бүхнийг эхлүүлчихээд, зогсоож дийлэлгүй
Зугтжээ. Өөдгүй хулчгар хаа нэгтээгээс
Харж байгаа даа, юу хийснээ...
Эрдэнэсийн хайрцагт юу ч алга, ээж ээ
Өрсөөд хэн нэгэн бүгдийг хулгайлчихжээ
Хамгийн харамсмаар нь,
Таны надад бэлэглэсэн ертөнцийн
Талыг нь гээчихлээ, ээж ээ...
Б.Эрдэнэсолонго

Энэ шүлгийг 10 жилийн өмнө уншсан бол огт ойлгохгүй байх сан. Яруу найрагч хүн арай түрүүлж мэдэрдэг юм уу, эсвэл би оройтож яваа ч юмуу. 40 насны шүлэг гэж нэрлэмээр. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх завгүй өдрүүд, амсхийж зогсоод амьдралаа тогтоон харах сөхөө олдохгүй юм. Огцом эргэлт хийх боломж улам багассаар, одоо нэг эргэвэл дахиад өөрчлөхийн аргагүй болчих юм шиг. 30 настайдаа эрдэнэсийн хайрцгаа дөнгөж нээх гээд зогсож байж, одоо л тэнд хов хоосон байгааг олж хараад гайхширч сууна. Амьдралын тал нь 30 биш 40 нас гэж бодогдоно, ядаж 80 хүрнээ л гэж...



Жижигхэн, энгийн ч гэлээ, удаан бодож явсан хүсэл маань биелж, хүүхдүүдээ орхиод хоёулханаа болзсон шүү. "Нинжин Сэтгэл" гэдэг монголын УСК үзлээ, сонголтоор биш урилга нь ирсэн болохоор. Тэрнээс биш монгол кино ерөөсөө үздэггүй. Бүр нэг байдгаа тавиад тууцан кинонцоруудыг бодоход арай нэг шат ахисан, солонгос драма шиг зохиолыг шоронгийн зодоон нүдээн, экстрим үзэгдлүүдээр хачирласан кино байлаа. Над шиг нялх хүүхэдтэй хүн бол зарим хэсэг дээр нь нүд хальтраад үзэж чадку байсаан. Уг санаа нь "Уучлал, энэрэл"-ийг магтан дуулах гэсэн мэссэжтэй боловч дүрүүдийн сэтгэлзүй хэрхэн яаж энэ чиглэлрүүгээ хөрвөж байгааг харуулж чадаагүй юм шиг санагдсан, баахан түс тас пид пад хийж байснаа гэнэт огцомдоод л бүх юм амар сайхандаа жаргааски.

Киноны дуу нь харин таалагдсаан.

                                 

Үсийг хийсгээд...
Ганцаардлыг ганхуулж
Тэвчээрийг тулаад
Үсийг хийсгэж
Захыг босгоод
Үймэрсэн олны дунд орлоо
Харанхуйд эмэгтэй хүн инээх
Цочир сонин байна
Хаа очиж намар гэхэд 
Дулаахан байна
Хаана очиж зогсохоо үнэндээ мэдэхгүй байна
Захаа босгоно гэдэг
Юмаа босгоно гэсэн үг биш
Загвар нь ялимгүй хуучирсан болохоос
Намар надад таалагдаж байна
Б.Эрдэнэсолонго

Загвар нь хуучирсан намар цаг, үргэлж л надад таалагддаг байсаан, одоо ч гэсэн...

8.5.17

La La Land - City of Stars










Энэ мэдрэмжийг үгээр тайлбарлахын аргагүй...

цээж дүүрэн давалгаа сэтгэл зүрхийг дайвалзуулах мэт...

хоолойгоор татсан хөвөн зөөлөн үүлс хүсэл мөрөөдлийн ертөнцөд хөвсөлзүүлэн урих мэт...

төгсгөл нь...гашуун шорвог нулимс шиг...ГУНИГ... гэхдээ амьдрал яг ийм байдаг, үлгэр шиг... үүлэн дээгүүр хөвөх мэт дурлал дандаа л ингэж дуусдаг...

Дахиад л МӨРӨӨДӨЛ... биелүүлж чадах болуу?
Төгөлдөр хуур дээр энэ аяыг дарж сурах юм сан...
Уг нь "амархан" юм шиг сонсогдохын... давтаал дараад байх шиг.
Нотоо ч мэдэхгүй байж бас их санаатай шүү тэ.

12.3.14

Зураггүй тойм


3 сар гарсаар ажилдаа алхаж байгаан. Уг нь 2 сараас эхлий гэж бодсон боловч хүйтний өмнө бууж өгсөөн. 3 сарын хүйтэн ч яггүй байна, өдөр уртсаад, өглөөний нар нүд гялбууланхан, сэтгэл сэргээнхэн мандахад нь хөөрцөглөж хууртагдаад, ингээл дулаарчихлаа гэсэн гэнэн итгэлээр хөнгөн нимгэн гарч алхаад, ажилдаа хүрэхийн алдад өвдөгний шингэн, тархины судас гэх мэт дааруулж болдгүй эд эсээ жиндүүлчихсэн, хацар гуяа чимчигнүүлчихсэн байх юм. Маргааш л... маргааш л яг дулаарах байх гэсэн хүлээлт...

7.1.14

Steve Jobs

Он дамнаж байж уншиж дуусгалаа.

Стив Жобстой уулзаж байх шиг, амьдралынх нь нарийн ширийн, дотоод сэтгэлийн гүн гүнзгий зөрчлийг нь хуваалцаж байх шиг, түүнтэй хамт өдөр хоногийг өнгөрөөж, туулсан замналаар нь цуг алхах мэт санагдлаа.

24.11.13

Цаг гарган үзэх хэрэгтэй 17 кино гэнээ...

Нетээс ийм жагсаалт харсын. Яагаад онцгой санагдсан бэ гэхээр энд байгаа 3-4 киног үзсэн, бүгд надад маш хүчтэй сэтгэгдэл үлдээсэн, бусдад санал болгомоор кинонууд байсымлд.

Тухайлбал : Shame. Замбараагүй, нэг удаагийн сээгсэнд донтогч залуугийн тухай гардаг, сэтгэл нь татагдсан бүсгүйтэй болохоор чаддаггүй, нэг төрлийн эмгэг ч юм шиг...

Gone baby gone : Эндээ бичиж байсан байхаа, Ben Affleck-ийн найруулж, дүү нь тоглосон кино, төгсгөл нь үнэхээр чимхээд авах шиг болсон... Харь элгийн хүнээс долоон дор эцэг эх байдаг тухай.

Doubt : Эргэцүүлэх, бодох зай үлдээсэн дажгүй кино. Сэтгэлд төрсөн өчүүхэн эргэлзээ хүнд яаж хүчтэй нөлөөлдөг, үүнээс үүдэн бусдыг үнэн зөв дүгнэх боломжоо алддаг тухай.

The Lives of Others : Бас л янзтай кино, зүүн германд өрнөх үйл явдал, бусдын амьдралыг тагнаж мөрддөг хатуу сэтгэлтэй коммунистыг урлаг, сайн сайханд тэмүүлэх сэтгэл нь хэрхэн өөрчилж байгаа тухай.

18.5.13

Хавар шиг өдрүүд дуусна

Тэр залуу
Сайхан сэтгэлтэй, нүдэнд дулаахан, өндөр нуруутай, эгэл жирийн, эмээдээ хайртай, өвөө нь яагаад эмээд нь тэгтлээ хайртай байсан хэрнээ өөр эмэгтэй рүү яваад өгснийг ойлгодоггүй, салхины, борооны, далайн чимээнд дуртай

Тэр бүсгүй
Царайлаг, хөгжилтэй, эрх чөлөөнд дуртай, зоргоороо, өмнө нь нэг удаа амьдрал зохиогоод бүтээгүй, салхины, борооны, далайн чимээнд дуртай

21.1.13

Анна Каренина

Номыг нь олж уншмаар байнаа. Хаанаас олох вэ? Монголоор байвал зүгээр, орос хэл дээр бол яахав толь бичигтэй нухалдаж байгаад нэг юм болгочно байхаа...Шууд зарын чанартай бичлэгээр энэ он эхэлдгийн байна :р




12.6.11

Gone baby gone (2007)

Бас л эвгүй кино байна шүү. Ben Affleck-ийг эртээрийн киноноос хойш овоо "тоогоод" байсан чинь энэ киног найруулсан гэнгүүт бүр үнэллээшд. Гол дүрийн жүжигчинг нь "The Killer Inside me" гэдэг кинон дээрээс харчаад ямар зэвүүн залуу вэ гэж бодож байсан чинь Casey Affleck гээд дүү нь гэнээ. Гэр бүлээрээ шүтүүлчих юм байна л даа.



22.11.10

Once (2006)



Miluji tebe

Чехээр "би чамд хайртай" гэж байгаан. Даанч залуу ингэж хэлснийг нь ойлгоогүй. Мэдээгүй чигтээ өнгөрнө байх. Гэхдээ залуу, бүсгүйд төгөлдөр хуур бэлэглэсэн. Харин бүсгүй залууд уран бүтээлийн онгод, урам зориг бэлэглэсэн. Тэдний амьдрал түрхэн зуур огтлолцоод салсан ч...тэд хэзээ ч бие биенээ мартахгүй. Энэ нь л хамгийн гоё...

5.10.10

The Monster (2003)

Үзэх сэн гэж боддог хэрнээ халшраад байдаг кинонууд байдаг даа. Charlize Theron-г бодохоор үзмээр, даанч үйл явдлыг нь урьдаас уншцан болохоор нэг л халгаад байсан юм. Эртүүд зурагтаар гарч байхаар нь үзээд хаясаан.

Тохиролцоо

 Хувийн эмнэлэгт солиорол нь дийлдэхгүй бсн тул СЭМҮТ рүү аваачиж хэвтүүлэв. Шар хад, хурцын тасаг гээд онигоо юмуу надад огт хамааралгүй өө...