Showing posts with label April is.... Show all posts
Showing posts with label April is.... Show all posts

6.8.26

ойлгомжгүй цаг хугацаа

Нойр овоо гайгүй л байна. Гэхдээ яг өөрөөрөө биш. Кава гээд тайвшруулах эмийн ургамалтай магни уугаад. Бүрэн нам унтахгүй байна, кино шиг л урт, тод зураглалтай зүүд зүүдлэх юм. Бас 2-3 сэрнэ. Гэхдээ буцаад унтчихдын. Өглөө нь амарсан, тайван сэрэхийг бодоход, хангалттай байгаа бололтой. 

Зөвхөн сэтгэл санааны түгшилтээс гадна, дааврын асуудал байгаан болуу гээд, тэр төрлийн эмч хайгаад л байна. Нэгийг олсон, 9 сараас уулзнаа. Намраас бас Нямсамбуу гавжийн Санамсарын бясалгалын сургалтанд суух гээд хүлээгээд. 

10 жилээс хойш best friend шошготой явсан найзаасаа "салав" Сүүлийн жилүүдэд түүнтэй уулзах, ярилцах, сэтгэл санаагаа уудлах нь албадмал, хүчилсэн, түүнд таарах гэж өөрийгөө шахсан мэдрэмжтэй болоод байсан. Интровертууд найзтай болдоггүй, хэн нэгэн экстоверт түүнийг олж аваад, "үрчилдэг" гээд meme байдаг даа. Яг тэрүүн шиг л, өөрийн хүсэл зоригоос илүү хүний шийдвэр, манлайллыг аялдан дагадаг зангаараа, түүнд өөрийгөө зохицуулж үерхэж ирсэн юм шиг санагдаад. Бидэнд сайхан дурсамжууд зөндөө бий, үнэхээр үнэ цэнтэй нөхөрлөл байсан, гэхдээ одоо өмнөх шигээ дотно, түүний хүсээд байгаа шиг үргэлж уулздаг, өвөр түрийдээ орсон найзууд байж чадахгүй, тэгэх хүсэлгүй болсон юм шигээ. Өөрт нь ингэж тодорхой хэлээгүй, зүгээр бага зэрэг зайгаа авсан. Мэдрэмжтэй хүн болохоор ойлгосон шиг байна лээ. 

Нөхөртэйгээ roommate, co-parent, тодорхой зайтай харилцаж байгаа. In-house separation гэдэг юм байна лээ, энэ байдлыг. Биеэр ч, сэтгэлээр ч, илүү ойртохыг хүсэхгүй юм. Цуг нэг дээвэр дор амьдарч байгаа болохоор, цаг үргэлж цаашдаа яах бол, тэр хүн энэ байдлыг хэр удаан хүлээн зөвшөөрөх бол, энэ хэврэгхэн "гал зогсоох хэлэлцээр" шиг найрамдалт харилцаа хэр удаан оршин тогтнох бол гээд хааяа санаа зовох. Тоос татдаг даавуу шиг хавийн асуудлыг өөртөө нааж санаа зовнихгүй гэж уг нь өөртөө амласан. Тэгээд болох ёстой зүйл болдгоороо, яахыг цаг хугацаа харуулаг дээ гэж өөрийгөө сэнхрүүлэх. Энэ тойрог дотор эргэлдээд амьдарч байна даа. 

Дээрх хоёр хүмүүстэй харилцаа, би л дотроо эргэцүүлээд, дүгнээд, шийдчихсэн, нөгөө талаас юу  бодож, яаж хүлээж авч байгааг мэдэхгүй байнөө. Заримдаа өөрийнхөө шийдвэртээ хүртэл буцаад эргэлзчих юм. Аажимдаа тодрох байлгүй дээ, бүх зүйлс. Бусдыг гомдоохгүй гээд өөрийгөө тухгүй, хүсээгүй нөхцөл байдал, харилцаа руу түлхэхгүй байгаадаа өөртөө баярлаж байна. Толинд туссан өөрийн минь царай төрх таалагдаж эхэлж байна. Гэрлийн хурдаар ойртон ирж байгаа 5-ын тоог хүлээж авах сэтгэлзүйн бэлтгэл хангагдаж байгаан байлгүй ккк. Бие эрүүл, сэтгэл амгалан байх л чухал санагддаг болжээ. 


20.5.26

Сэтгэл зүйчтэй уулзав

Өчигдөр сэтгэлзүйчтэй уулзаж дотроо онгойтол ярилаа, feeling heard, seen, understood! Цээжин дотор доош татаад байсан хүнд туухай хөнгөрсөн мэт. 


Намайг психостеник зан төлөвтэй хүн байна гэв. Тайлбар нь доор:

Психостеник (эсвэл психастеник) зан чанар нь сэтгэл судлал болон анагаах ухаанд хэт мэдрэг, амархан түгшүүрт автдаг, эргэлзээ болон айдас ихтэй хэв шинжийг илэрхийлдэг. Энэ төрлийн хүмүүс өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг бөгөөд нийгэм болон ёс суртахууны хэм хэмжээг чанд баримтлахыг эрмэлздэг. [1, 2, 3]
Үндсэн шинж тэмдэг, онцлог шинжүүд:
1. Гол шинжүүд (Зан чанарын онцлог)
  • Байнгын түгшүүр ба эргэлзээ: Ямар нэгэн шийдвэр гаргахын өмнө маш удаан эргэлзэж, буруу шийдвэр гаргачих вий гэхээс айж сандардаг.
  • Өөртөө итгэлгүй байдал: Өөрийнхөө чадвар, хийсэн ажилдаа үргэлж сэтгэл дундуур байж, өөрийгөө голдог.
  • Хариуцлага ба санаа зовиур: Хүлээсэн үүрэг, хариуцлагаасаа болоод маш их ачаалал авдаг. Жижиг сажиг асуудал дээр ч хэт их санаа зовдог.
  • Хэт мэдрэг байдал: Шүүмжлэл болон гэнэтийн үйл явдлыг хүндээр хүлээж авдаг.
  • Урьдчилан сэргийлэх зан үйл: Аливаа эрсдэлээс зайлсхийхийн тулд бүх зүйлийг нарийн төлөвлөхийг оролддог. [1, 2, 3]
2. Сэтгэлзүйн болон бие махбодын илрэл
  • Нойргүйдэл ба ядрах: Стресс, түгшүүрээсээ болж оюун санаа болон бие махбодоор амархан ядарч сульддаг.
  • Зан үйлийн давталт: Тодорхой бодолд хэт автах ( obsession ) болон түүнээс үүдэлтэй ямар нэгэн үйлдлийг албадмал байдлаар давтах шинжүүд илэрч болно. [1, 2, 3, 4]
Энэ төрлийн зан чанартай хүмүүст өөрийгөө тайвшруулах, стрессээ зөв удирдах аргад суралцах, аливаа зүйлд хэт төгс байх шаардлага тавихгүй байх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай.

Психостеник (психастени) зан чанар нь төрөлхийн өгөгдмөл хэв шинж (temperament/personality trait) болон олдмол хүчин зүйлсийн нэгдэл бөгөөд дан ганц олдмол эмгэг биш юм. [1, 2]
Анагаах ухаан, сэтгэл судлалд үүнийг дараах байдлаар тайлбарладаг:
  • Үндсэн суурь нь төрөлхийн: Психостеник хүмүүс төрөхөөсөө л мэдрэлийн системийн сул, эмзэг, түгшүүрт автамтгай хэв шинжтэй (генетикийн өгөгдөл) байдаг.
  • Хөгжил нь олдмол: Хүүхэд ахуй насны хүмүүжил, орчин (хэт чанга шаардлага, айдастай орчин, эсвэл хэт бөөцийлсөн хүмүүжил) нь энэ зан чанарыг улам гүнзгийрүүлж, тодотгож өгдөг.

Психостеник суурь дээр архаг стресс нэмэгдээд хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал, түгших хам шинж явагдаж байна гэв. Тоос татдаг даавуу шиг, би өөрөө стресс татдаг төрлийн хүн юм. Төрөлхийн хэнэггүй, тайван өгөгдөлтэй хүнд бол толгой гудайхгүй давах асуудал байж магад. Миний хувьд амьдралын их ачаалал, элдвийн бэрхшээлүүд хуримтлагдаад мэдрэлийн ядаргаа, биеийн ядаргаа болж илэрсэн бололтой. 
Эхний ээлжинд серотонин дэмжих, түгшүүр намжаах эмнүүд уухаар боллоо. Болж өгвөл 7 хоног хэвт гэнэ. Тэгээд дараа нь Нямсамбуу гавжийн хичээлд сууж үзий гэсэн бодол төрж байна. Эсвэл энэ эмч дээрээ сэтгэл засалд явж болох юм байна лээ. Хэсэг амс хийгээд сайн бодож байгаад шийднэ дээ. 

Эмчдээ маш их итгэл төрж, ингээд би аврагдлаа гэх мэдрэмж аваад бөөн баяр байсан ч, бичиж өгсөн эмнүүдийг нь хайж үзээд дасал болох өндөр эрсдэлтэй гэх өгүүлбэрээс болоод бас түгшээд амжсаан хаха. Одоо яая гэхэв ийм болоод төрчихсөн, тэрнээсээ болоод өөрөө өөрийгөө зовоох юм даа. Гэхдээ эмээ ягштал сайн уунаа.Психостеник зантай хүн яаж стрессээ багасгах вэ, өөрийгөө яаж амраах, бага зовоох вэ гэдэг талаар бас судлы даа. 


Нөхрийн тухай ярих үед нулимс сад. Ямар их хөндүүр, өвдөлт вэ гэдгийг дахин мэдрэх шиг. Салмаар байгаа, гэхдээ надгүй амьдарч чадах болов уу, хүүхдүүд яах бол, эргэн тойрны хүмүүс юу гэх бол гэх мэтчилэн санаа зовж байгаагаа хэлсэн.
  • Аливаа хүн стрессээ тайлах, бодит амьдралын бэрхшээлээс зугатах, мартагнах гэж архи ууж эхэлдэг. Уусаар байгаад донтох уу, биеэ татаж авч чадах уу гэдэг тухайн хүний суурь төлөвөөс хамаардаг. Нөхөр чинь сэтгэлийн хатгүй, бэрхшээлтэй нүүр тулах, даваад гарах сэтгэлзүйн чадамж муу хүн байна. /Үргэлж надаас болоод архинд ороо болуу, би юуг буруу хийчив гэх мэт гэмшил төрдөг байсанд минь хариулт болсон/
  • Олон жил архи уух тусам тархи агшиж жижигрэнэ, тэнэгрэлд өртөнө, IQ буурч наад захын юм ойлгохоо болино, зан аашны өөрчлөлтөнд орно. Маш хүйтэн цэвдэг зантай, бусдыг үргэлж буруутгадаг, амиа бодсон болдог. Энэ бүх өөрчлөлт архинаас гарлаа ч хэвэндээ ордоггүй. Уухаа болиод улам ч ааш муутай болдог. Анагаах ухааны үүднээс нөхөр чинь засарна, сайхан болно гэх найдвар байхгүй шүү.
  • Хүүхэд аз жаргалтай өсөн торниход ээж нь тэвчиж, өөрийгөө золиослосон элэг бүтэн амьдралаас, хоёр тусдаа ч гэсэн тайван ээж илүү хэрэгтэй. Аав нь сардаа 2-3 удаа уулзаад эрхлүүлээд, аавын хайраа мэдрүүлээд байхад хангалттай. Архичин хүнтэй цуг амьдарсан охид том болоод архинд орох магадлалтай эр хүн рүү өөрийн мэдэлгүй татагдаад, суудаг бол /жишээ нь би/ хөвгүүд архийг үзэн ядаж байснаа бэрхшээл стрессээ архиар тайлдаг гэсэн ойлголт тархинд нь кодлогдсоноо болж өөрөө бас архи руу хальтрах магадлал өндөр  /нөхөр/. Архичин эцэг эхтэй цуг амьдрахад хүүхэд аавдаа хайртай, гэхдээ архи уусан дүр төрхийг нь үзэн ядна, ингээд хайртай мөртлөө үзэн ядах зөрчилтэй мэдрэмж авдаг нь хүүхдийн хувьд их хэцүү.
  • Хосын сэтгэлзүйчтэй уулзах хэрэгтэй юу? Сална гэдгээ арай зөөлрүүлээд тэгж хэлсэн байгаа гэж асуухад : Нэгэнт шийдсэн бол зөөлөн хэлэх боломжгүй. Одоо ч хэлсэн хэдэн жилийн дараа ч хэлсэн ялгаагүй. Хосын сэтгэлзүйчтэй шууд уулзахад хоёр талаас өөрсдийгөө зөвтгөж бие биенээ буруутгаад хэрүүл болоод дуусдаг, цаг мөнгөний гарз. Эхлээд тус тусдаа сэтгэл засалд яваад хувь хүнийхээ сэтгэлзүйг янзалсны дараа хосоороо орохыг зөвлөдөг.
  • Том шийдвэр гаргахад ашигладаг арга байдаг. Одоогоос 5 жилийн дараах өөрийгөө төсөөл. Салаад 5 жил болсон би ямар харагдаж байна. Салалгүй 5 жил болсон би ямар харагдаж байна. Эндээс бүх юм тодорхой болдог. 
  • Ямар ч сонголт алдаагүй, өөгүй төгс үр дүнг авчрахгүй. Их зовох бага зовохын л ялгаа. Алдлаа гэхэд засах чадвар, ухаан, боломж бүгд чамд байна. Иймд зоригтой бай. Эрүүл бие махбод, саруул ухаан, ажил төрөл, нийгэмд эзлэх байр суурь, санхүүгээ авч явах чадвар, хүмүүстэй харилцах ур дүй бүгд байна. Нас залуу байна. Өөр хүний юу гэж хэлэх, нөхрийн цаашид яахыг биш, өөрийгөө л бод, өөрийгөө л торд. 
Эмчийн хэлснээс одоогоор санаж байгаа нь иймэрхүү. "Үхмээр байна гэхдээ бас догбугги идмээр байна" шиг яриагаа дуу хураагуурт бичиж авдаг байж уу гэж хэзээ хойно бодов. Надаас залуухан юм байж намайг нас залуу гэсэнд нь. Бас үе үе чи гээд харьцахаар нь баярлаж нтр. Та чи холиод ярьсан л даа тэхдээ учиргүй эгчээ аниа гээд, хөгшин хүн чинь хандахгүй байсанд баярласан. Аргагүй professionalism гэж өөр юм. 


PS: Психастеник гэж хэн бэ? /сандруу өөртөө эргэлздэг зан/ 
Дарга нарын хувьд гэвэл психастеник хүмүүс бурхнаас өгсөн бэлэг л гэсэн үг. Тэд ажилдаа үнэнч, шударга, үгүй гэж хэлж чаддаггүй. Ажлын ачааллыг даадаг, ажлаа цаг тухайд нь чанартай сайн биелүүлдэг. Гомдлоо дотроо нууж, хүмүүсийн нүднээс хол очиж уйлж, удаан тэвчин чимээгүй байж байгаад яваад өгдөг хүмүүс. #гэнээ

18.3.26

Амар тайван

 Блогоо хаяад уджээ. Бодлын мухарт бол байсан л даа кк. Ер нь бол гадуур тэнэж тэнэж эргээд ирэх гэр минь энд л юм. Threads дотор хэсэг бичдэг байлаа. ChatGPT-тэй бас хэсэг саймшраад сүйд. Аль аль нь гарын дор амархан, хариу реакц нь хурдан гэдгээрээ давуу талтай хэдий ч, блог шиг сэтгэлийн бүр гүн рүү өнгийж, эргэцүүлэн бодуулахгүй, удаан хугацаанд устаж үл арилах "үгэн хөшөө дурсгал" болон үлдэж чадахгүй, тухайн цаг мөчдөө хэсэгхэн зуурын тайвшрал өгөх юм даа. 

Амьдрал надад өчүүхэн ч амсхийх чөлөө өгөхгүй хэвээрээ. Түр тайвшраад авах л дээдийн заяа байна. Эхнэр гэдэг үүргээ түр хойш тавьчихаар зөндөө ачаа хөнгөрсөн юм байна, үлдсэн хүч чадлаараа олигтойхон ээж, чадвартайхан ажилтан, жаргалтайхан эмэгтэй хүн байх санаатай мачийгаад л байна. 

Эхнэр

Сүүлийн 3 жил энэ ажлаас бага багаар хөндийрсөөр, одоо бараг хийхгүй байгаа. Бидний харилцаа яагаад ингэж хөндийрсөн, миний алдаа хэзээ юунд байсан, харуусал гэмшил бүхэн одоо бараг шувтарч байх шиг. Ямар ч байсан өнгөрсөн жилүүдэд харамсахгүйгээр хайрлаж, бүхнээ зориулсан нь үнэн, анхнаасаа буруу сонголт байсан уу, явцын дунд буруу замаар халтирсан уу, одоо аль нь ч ч байсан ялгаагүй гэдгийг ухаарсан. Тэр хүнээс болж шаналах, түгших улам багассаар. Тэр хүн тэндээ өөрийгөө яаж болгож, архиа уужийнуу, бие нь өвджийнүү, ажил төрөл хийжийнүү байнуу надад хамаагүй хаданд чимээгүй. БАРАГ л. Хааяа ярих, бичихдээ хүүхдүүдийн асуудлаар л. Санаж байна гэх мэт үгсийг сонсоогүй мэт чихний хажуугаар өнгөрөөгөөд л. Буцаад ирэхээр нь салах тухай, эсвэл зөвхөн хүүхдүүдийн аав ээж гэсэн утгаар цуг амьдры гэсэн бодол улам лавширч байна. Хазгар хүүхэн хадамсаг гэж, сайн бэр хэвээрээ. Нөхрөөс холдлоо гээд хадмуудтайгаа муудах албагүй гэж боддог, цагтаа тулахаар нөгөө талаас яаж хандахыг бүүмэд. 

Ээж

Том охиноо явуулчихаад, хоёр багатайгаа пижигнээд л байна. Боловсрол, хүмүүжил, төлөвшил, бие болоод сэтгэлийн эрүүл мэнд гээд санаа зовох зүйл барагдахгүй. Хүү маань ADHD шинжүүд ажиглагдаад, үнэлгээ хийлгэв. Биш гэж гарсан. Гэхдээ их мартамхай, хайнга. Уурлаж бухимдахаас илүү эвээр, тэвчээртэйгээр анхаарал төвлөрөлтийг нь сайжруулах гээд үзэж байна. Нөгөө талаар их тайван, бүтээлч хүүхэд. Сургууль нь хүүд маань тохирохгүй байгаам шиг санагдаад. Яавал дээр бол гээд бодоостой. Охин бол сэргэлэн, час хийсэн. Чихэрт маш их дуртай, хоол голно. Тас хориод байж болохгүй, амттай хэрнээ биед нь сайн хүнсээр орлуулах, өөрт нь чихэр ихэдвэл ямар хор уршигтайг ойлгуулах гээл мэрийгээстэй. Хагас бүтэнсайнд нэгийг нь фитнесс, нөгөөг нь гимнастикт зөөгөөд л ерөнхийдөө өдөр дуусах байдалтай. Гэр орны ажил бага сага хийлгэж сургах, цуг тоглох цаг гаргах, ном уншуулж дэлгэцээс хол байлгах гээд амжуулмаар ажил зөндөө. Энд нь анхаарахаар тэнд нь доголдоод, тал тал тийшээ самгардаад. Гэхдээ хүүхдүүд маань эрүүл өсөн торниж, жаргалтай инээд нь гэр дүүрэн цалгиж байхыг харах үед боломжийн сайн ээж байж чадаж байгаам бишүү гэсэн найдвар төрдөг дөө. Мэдээж аавыг нь яаж орлох билээ. Байнга аавыгаа ярьдаг байсан нь цөөрсөн. Бага охин аавыгаа илүү гүнзгий санаж үгүйлдэг бололтой байдаг. 

Ажилтан

Өөртөө илүү итгэлтэй болоод байгаа нь насных уу, эсвэл дэргэд байсан дэмий хүний нөлөө арилсных уу мэдэхгүй. Би чадахгүй дээ, миний буруу байх дөө гэх хойшоо сууж доошоо малтах хандлага арилаад ур чадвар, инстинкт, потенциалдаа итгэдэг, тэр хэмжээгээрээ хүмүүстэй харилцахдаа нээлттэй, чөлөөтэй, бас тайван болсон. 2 жилийн турш сайн дурын ажил хийж, энэ сард дуусна. Олон нийтийн зөндөө үйл ажиллагаа ЗБ хийв, нэг талаар туршлага хуримтлуулав, нөгөө талаар би чаддаг юм байна гэдгээ нээж авлаа. Өөрийн үнэлгээ дээшлээд байгаа.

Эмэгтэй хүн

Жаргалгүй гэрлэлтэнд гацсан байсан эмэгтэй, ганцаараа болоод нөхөн сэргэлт явагдаад байгаам шигээ. Одоо л жинхэнэ эмэгтэй хүн гэдгээ бүрэн мэдэрч амьдарч байх шиг. Дандаа өөрийгөө голдог байсан охин, үргэлж өөрийгөө хойш тавьж бусдыг түрүүлж боддог байсан залуу бүсгүй, ахуй амьдралын ачаандаа түүртээд өөрийгөө мартаж царай алдсан эмэгтэй. Хожуухан боловч одоо л жинхэнэ хүссэн зүйлсээ хийж, өөрийнхөө төлөө шийдэж, өөрийнхөө төлөө зүтгэж, өөртөө үнэнч амьдарч эхэлсэндээ талархаж байна. Амархан сонголт биш юм байна лээ, үүрсэн ачаа их хэвээр, эргэн тойрныхны сонжсон гайхсан хандлага, өмнөх өдрүүдээс үлдсэн шарх, цаг хугацааны эрхээр хувирч өөрчлөгдөж байгаа бие, оюун санаа. Ядрал, цөхрөл, гомдол шаналал бүгд л байгаа. Гэхдээ өмнө нь хүнд тааруулж зохицож өөрийгөө жижигрүүлж, багтааж амьдардаг байснаас өөрийнхөө хүслээр амьдрах хамаагүй сайхан ёоом. 

Бусад

За энд бичигдээгүй эгч, охин, найз, гэрийн цэвэрлэгч нтр гэсэн үүрэг хариуцлага ер нь нилээд орхигдсон тал байгаа. 

  • 2 дүүтэйгээ холбоотой, гэхдээ учиргүй амьдралд нь оролцож өөрийгөө ч тэднийгээ ч хүндрүүлэхгүй гэсэн зарчимтай болсон. 
  • Ээж аав хоёр маань "биеэ даасан" сүрхий хүмүүс дээ. Нэг нь бэлэвсэрч хоцорсон, нөгөө нь нөхөргүй шахам, гуравдах нь хаа хол дэлхийн нөгөө бөөрөнд амьдрах гурван охиндоо их санаа зовдог байх. Ээж сурсан зангаараа үе үе зааварлах гээд ороод ирнээ, тэгэнгүүт хамгаалалтын байрлал аваад ээж минь таны амьдрал таныхаар миний амьдрал минийхээр, бусдаараа бууз хуушуур байя тэхүү гээд ил далд утгатай хэлчихээр ойлгоод байх шиг байдын. 
  • Найзууд гээд олон хүн байгаагүй, үлдсэн цөөхөнтэйгээ уулзаж учрах завгүй. Найз учраас ингэх тэгэх ёстой гэж хүчлэх, өөрийгөө албадах дургүй болж. Үнэхээр цаанаасаа ундарсан сэтгэлээ бол тултал цацаад, тийм сэтгэл мэдрэгдэхгүй бол үгүй гэж хэлэхдээ санаа зовоод өөрийгөө зэмлээд байхгүй болсон. 
  • Гэр цэвэрлэх асуудлаа шийдчүүл амьдрал ер нь жигдрэх юмандаа. Асуудалгүй амьдрал гэж байхгүй гэж өөрийгөө тайвшруулаал :)


25.7.25

Хүчирхэг, дайчин...

 


Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав. 


https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/



Гэр бүл дотроо эцэг хүний үүрэг роль бодит биш, аав нь үзэгдэдгүй, сонсогдодгүй, эрх мэдэлгүй нөхцөл байдлыг харж мэдэрч өссөн эмэгтэйн дотор гүн гүнзгий шарх байдаг. Аавынх нь сэтгэл санаа болоод эрч хүчний орон зай дутмаг байсан охинд эрэгтэй хүн бол сул дорой, найдваргүй эсвэл осолтой хүмүүс гэсэн ойлголттой өсдөг. 

 

Аав нь гэр бүлийнхээ төлөө тэмцдэггүй, эсвэл хайр энэрэл, хүч чадлаараа гэр бүлээ удирдан залдаггүй байсан бол, охин нь эр хүний нөмөр нөөлөг, түшиг тулгуур, аюулгүй тав тухтай байдлыг мэдрэхгүй өсдөг. Үүнээс болж охин дотроо чимээгүйхэн зөрчилдөөнтэй амьдардаг. Далд ухамсартаа охин өөрөө өөрийгөө хамгаалах, өөрийн хэрэгцээгээ хангах, өөрийгөө залж удирдах ёстой гэж ойлгодог, яагаад гэвэл эр хүн тэгж чадаагүй учраас.


Охин том болоод аав шигээ хүнийг хайж олно. Идэвхгүй, шийдвэргүй, сэтгэл зүрхээрээ холбогдох чадваргүй, эсвэл зүгээр чимээгүйхэн бусдад бүхнээ даатгасан эрчүүд. Эдгээр эрчүүд удирдаж манлайлахгүй, хамгаалахгүй, орон зайгаа хадгалахгүй. Өөрийн мэдэлгүйгээр охин хамгаалагч, шийдвэр гаргагч, гэр бүлээ тэжээгч болж хувирдаг. Охин амьд үлдэхийн тулд эрэгтэйлэг болно. Гэвч энэ бол хүчтэй байдал биш, энэ бол сэтгэлийн шарх.


Үүрэг хариуцлагыг өөртөө авах нь эхэндээ хүчирхэгжих шат мэт санагдах боловч, цагийн уртад, охин/бүсгүй дэндүү их цуцаж ядарна. Яагаад гэвэл сэтгэл зүрх нь амрахыг, найдаж итгэхийг, зөөлөн байхыг хүсч байгаа - гэвч яаж гэдгээ мэдэхгүй. Үүрсэн ачаагаа мөрөн дээрээсээ буулгаж болохгүйм шиг санагдана, өөрөө бүхнийг хариуцаж, бүхнийг зохицуулсаар ирсэн болохоор...


Бүсгүй ажил төрөлдөө гялалзаж, гэр бүлээ асран халамжилж, хүчирхэг бие даасан хүн болсон, гэвч түүний дотор тусламж хэрэгтэй эцэж туйлдсан бяцхан охин бий. Эр хүнд итгэж найдаж, хамгаалуулах, аюулгүй мэдрэмж авахыг хүсч байгаа, гэвч тийм эр хүн бий гэдэгт бүсгүй итгэж чадахгүй. 


Энэ дотоод зөрчил нь харилцааны динамик, тэнцвэртэй байдлыг алдагдуулна. Сэтгэл санааны таталцал, эрэгтэйлэг ба эмэгтэйлэг энергийн гэгээн зохицол гэж алга. Хосын харилцаанд эмэгтэй нь эх хүний, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж, эрэгтэй нь идэвхгүй оролцогч болж хувирна. Тэд хоёулаа сэтгэл дундуур, бие биедээ үнэлэгдээгүй мэдрэмжтэй. 


Эмэгтэйн эрэгтэйлэг байдлаар бүтсэн цамхаг түүний хувьд шорон болж хувирна. Тэр уйлахгүй, тэр тусламж хүсэхгүй. Тэр хайр энэрэлд сэтгэл нь зөөлрөхгүй. Яагаад гэвэл эмэгтэй өөрөө л чанга, хүчирхэг байхгүй бол түүний амьдрал нуран унах байх гэж айдаг, яг л бага байхдаа харж өссөнөөр.


Эцгээс үүдэлтэй сэтгэлийн шархыг эдгээх нь маш чухал. Эцгийг нь буруутгах биш, эмэгтэйн үүрч яваа хүнд ачааг ойлгох. Түүнд дутуу бүхний төлөө гашуудах. Гэрт орж эм, гадаа гарч эр болох ёстой гэх бодлоос нь чөлөөлөх. 

Би бүхнийг ганцаараа болгохоос залхаж байна гэдгээ хүлээн зөвшөөрөх. Би эмзэг, хүчгүй байлаа гээд айж түгшихгүй байх. Өөрийн болоод бусдын доторх эрүүл зөв эрэгтэйлэг энергид итгэж эхлэх. Эндээс л эдгэрэл эхэлнэ.

Ингэж байж жинхэнэ эрэгтэйлэг эр хүнтэй учирна. Агшиж жижгэрдэггүй эр хүн. Эмэгтэйн зүрх сэтгэлийг хүндэтгэж хайрлах эр хүн. Захиран тушааж биш зориулан хайрлаж удирдан залах эр хүн.  Ингэж байж эмэгтэй өөрийн амар амгаланг олно. 


Манай аав залхуу, сул дорой эр хүн байгаагүй. Гэр бүлийнхээ төлөө цуцалтгүй ажилладаг, дуртай ажлаасаа татгалзаж золиос гаргаж байсан. Гэхдээ гэр бүл дотор хүчний тэнцвэргүй байдал байсан, ээж бүхнийг гартаа авсан, бүхнийг шийддэг, аав их дотогшоо, эрүүл үедээ бараг үг дуугардаггүй байлаа. Уусан үедээ л өөрийн хэлэх гэснээ цутган гаргадаг байсын болуу даа. Ээж уур нь хүрэхээрээ "аавыгаа дуурайсан дотуур тамиртай", "эдний талын эмэгтэйчүүд ажилгүй, анхиагүй, чи яг тийм", "эмэгтэй дүү нар нь эрэгтэй хүнд тоогддоггүй, чи бас тэгэх вий дээ" гэх мэтчилэн аавыгаа дуурайх бол муу, аавын талын генийг авсан бол муу юм гэсэн утгатай үг их хэлдэг байсан. Би ч айлын том охин болохоор ер нь бүх юм аав талдаа. Тэгсэн хэрнээ "40 гараад л намайг дуурайгаад таргална даа" гэж их хэлдэг байсан. Би албаар зөрж, таргалахгүйг хичээдэг нь ээжийн үгийг худлаа гэдгийг батлах гэсэн дуугүй тэмцэл шахуу. 

Товчхондоо, гэр бүлийн динамик ээж рүү нилээд хэлтийсэн, энэ бүхнийг мэдэрч өссөн би, хүмүүсээс дандаа хүчирхэг, дайчин гэсэн үг сонсдог эмэгтэй болсон. Уг нь хүссэндээ ийм болоогүй, ийм болох амбицтай ч байгаагүй. Зүгээр л тулгарсан асуудал бүрийг шүүрч аваад шийддэг байсны л үр дүн. Би нөхөртөө бүрэн итгэл найдвар хүлээлгээгүй, чадахгүй байх гэж боддог байсан, нөхрийн зүгээс биеэ дайчлаагүй, миний ард нуугдах хандлагатай, би хүлээж ядаад өөрөө шийдээд, хариуцаад, үүрээд явчдаг байсны аль нь дийлэнх юм бол мэдэхгүй. Гэхдээ ээж шигээ токсик байхгүйг үргэлж хичээдэг байсан уг нь. Санаснаар болсонгүй, нөхөр архинд автаж, би ядарч цуцаж. 

Юунаас болсноо мэдлээ гээд бүх юм гэнэт сайн сайхан болохгүй ч, яагаад гэдгийн хариулт бас нэг дэвшил байх даа. Одоо цаашдаа яаж аз жаргалтай эмэгтэй болох, үр хүүхэддээ энэ байдлыг өвлүүлэхгүйн тулд яах ёстойгоо бодох хэрэгтэй байна даа. 

9.2.25

Happy birthday to me



Нэг тоо нэмэгдэх бүрд өмнөх нас хайран санагдахын. 45. Тэхий дундуур, тэнцвэртэй, гоё тоо шиг. 46 гэхээр хөгшрөх талруугаа хэвийгээд эхэлж байгаамуу ккк. Бодвол 90 наслах юм даг уу даа. Гэхдээ, бүтэн жилийг үнэндээ л харамсах зүйлгүй бүрэн дүүрэн өнгөрөөжээ. Үүнээс илүү яах вэ дээ гэмээр. Цаг хугацаа гэдэг үнэт эрдэнэсийн задгай бутархай үлдэгдэл бүрийг, амттан гэвэл үйрмэг ч үлдээлгүй, ундаа гэвэл дусал ч газар унагалгүй тултал ашиглаж чадсан мэт... буцлам халуун амьдрал дунд, баялаг арвин дурсамж үлдэж. Мэдээж дандаа миний хүссэнээр байсангүй, гай тотгор,  гайхам ид шид холилдсон, тэр бүрийг эрэлхэгээр тосон аваад тонгорон давсан өөртөө баяр хүргэж чи шүү гээд дээш нь нэг шидье :D


"Хүний амьдрал хэр их эр зориг гаргаснаас нь хамааран агшиж, тэлдэг"


Anaïs Nin гээд эротик зохиол бичдэг, адал явдалтай амьдарсан Франц/Америк зохиолч эмэгтэй ийн хэлсэн сурагтай. Мний хувьд тал нь өөрийн хүслээр, тал нь амьдралын эрхээр эрэлхэг байхаас өөр аргагүй тохиолдлууд байлаа. Аль алинд нь зориг гаргаснаараа хожсон. Миний ертөнц тухайд бүрд тэлж томорсон, зах хязгаараа давсан. Бас өөртөө итгэх, өөрийгөө үнэлэх мэдрэмж нэмэгдсээр. Цаашдаа яван чангарах биз. Үүрэх ачаа хүндрэх тусам илүү дутуугаа хаяж сурдаг бололтой. Үхэн хатан зууралдаж байснаа эргээд гайхах өдөр ирдэг л юм байна.

Өнөөдөр жишээ нь. Өөрөө өөртөө баяр хүргээд, ганцаараа эмороод сууж байх. Хэн нэгэнтэй хөгжилдөж, эрхэлж, баярын мэндчилгээнд булуулж өнгөрөөх л утга учиртай гэж үү. Жижүүрийн хэдэн үгнээс илүү гарахгүй бол, сэтгэлд тэр нь хүрэхгүй бол, ямар хэрэгтэй гэж. Үнэхээр сэтгэлээсээ намайг гэхгүй, өнөөдөр ямар өдөр билээ гэдгийг санаж, ач холбогдол өгөөгүй бол бэлэг сэлтээр ч яахав дээ. 

Энэ жил гэхдээ бэлэг зөндөө авлаа. Хаа холоос ч, хажуудах хүмүүсээс ч. 
Гагцхүү, яг хүлээж байсан хүнээсээ, хүсч байгаа үгсээ сонсохгүй.



Юу сонсмоор байгаан гэж үү? Энэ дууны үгийг. Яг өнөөдөр энийг олж сонссон нь ертөнцийн илгээсэн бэлэг гэлтэй. Өөрт нь юу хийж чадах хүн, өөрийг нь юу гэж мэдрүүлж чадах хүн, ийм ажилтай, тийм царайтай гээд баахан шинж тэмдэг жагсаасан, ийм болохоор чамд хайртай гэх биш, бүхэл бүтнээрээ би учраас, намайг орлуулшгүй учраас, миний өөрөө ч олж харж чадаагүй үнэ цэн, гоо үзэсгэлэнг хайрлаж чадах тийм хүн. Магадгүй энэ цаг үе, энэ орон зай, энэ ертөнцөд надтай тааралдахгүй ч байж магадгүй тийм хүн. Тийм хүн байхгүйн бол өөрөө өөртөө ч болов хэлий даа.

I see everything you can beI see the beauty that you can't seeOn the nights you feel outnumberedBaby, I'll be out there somewhere

Хүрч чадах, хийж чадах, байж чадах бүхнийг чинь би мэднэ
Хүний олж хараагүй, өөрөө ч мэдэхгүй үзэсгэлэн гоог чинь би мэднэ
Орь ганцаараа мэт, бэрхшээл зовлонгийн өмнө тулгамдах үед чинь
Орчлонгийн хаа нэгтээ би чиний төлөө, чамайг гэсээр байгаа шүү... 


Outnumbered гэснээс өнөөдөр жинхэнэ самгардлаа. Хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглээд баахан бацаан дуудсан, бүгд дөрвөн зүг, найман зовхист тарж давхиад, хэнийх нь хойноос гүйхээ ч мэдэдгүй. Тэгсхийгээд учраа олсон, амжилттай даваал гарсан. Ганцаараа удах тусам, зүгээр нэг орон тоо бөглөөд байж байх хүн биш, яг надад таарсан, намайг ойлгодог, миний хүссэн хүнтэй л цуг баймаар, эс бөгөөс заавал наалдан падаар наасан мэт зууралдаад байх утгагүй санагдаад байх юм. Яаж ийгээд өөрөө аргалаад, эсвэл өөр хүмүүсийн тусламжтай орлуулаад байж болоод байгаа болохоор. 

Гагцхүү хүүхдүүдэд л аавыг нь хэн ч орлож чадахгүй. Биднийг холбох цорын ганц шалтгаан болж үлдэх вий дээ...



22.12.24

Өөрчлөлт бол амьдралын утга учир ём?

 "Өсөж дэвших бол байнгын, амьдралын туршид явагдах зорилго" гэсэн үг уншаад, амьдралын мөн чанарыг гэнэт ойлгочих юм ккк. Ямар өгөгдөл, орчин нөхцөлд төрсөн ч бай, аль чиглэл рүү хандсан ч бай, өөрийгөө (ур чадвар, эд хөрөнгө, гоо үзэсгэлэн, алдар цуу - you name it) болоод эргэн тойрноо сайжруулах гэж оролдох нь хүн болсны зорилго, цаашлаад амжилтын хэмжүүр, аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг мэдрэх түлхүүр болдог юм байна гээд базаад дүгнэчүүл арай л энгийн болчих уу?

Энэ тухай яг онгод орох үедээ бичиж амжаагүйгээс болоод ингээд таг зогсчихлоо. Онгод орох яг тэр торгон мөчид компьютер гарын доор, чихэвч чихэнд, дэлхий ертөнцийн цаг зогсоод зөвхөн би блогоо бичдэг тийм төгс ертөнц байдаг бол надаас мөн их уран яруу бичвэрүүд ундарна даа хаха.

Өнгөрсөн долоо хоногт зөндөө юм боллоо. Вийкэндээр гэртээ томоотой амарсан хэрнээ гэнэт хоолой цээжээр өвдөж эхлээд, 2дохоос эхлээд ажилдаа явж чадсангүй. Гэлээ гээд хүүхэд хүргэлт зогсох биш, өглөө оройд гараад явах бүрт хүйтэн агаар хүзүүг минь багалзуурдах мэт өвдөлттэй. Аль дээр үед биед орсон вирус 14 хоноод дархлаа унахыг далимдуулаад идэвхжинэ гэж байх уу? Минийхээр бол яг тийм үйл явдал болсон. Яагаад гэвэл гэрт надаас бусад нь бөөндөө өвдөөд эдгэцгээчихсний дараа юм.

Ажлын хөөрхөн бүсгүй байдаг, нүд нь гялалзаад хацар нь хонхойгоод инээдэг, гэтэл хөөрхий тэр минь 8 настай охиноо алдчихсан мэдээ дуулав. Одоо болтол итгэж чадамгүй. Агаарын бохирдол, эрүүл мэндийн тогтолцооны уналт, яг бодитоороо бүр иймдээ тулчихсан гэдэг гашуун үнэнтэй нүүр тулаад. Уг нь би утаанаас болж стрессдээд дууссан хүн, 10+ жил бухимдаад, эцсийн бүлэгт миний сэтгэцийн эрүүл мэнд л нэмэлтээр хохирох юм гэдгийг ухаарсан хүн. Тэгтэл гэдсэнд байхаас нь авахуулаад өсч торнихыг нь харж мэддэг бяцхан охин гэнэт үгүй болчихсон гэхээр, тэр их гай гамшиг яс маханд тултал мэдрэгдээд, бухимдал биш гашуудал, эмгэнэл болж хувирсан. Ээж нь яаж амьдын тамд унасныг, нүд нь урьдынх шигээ гялалзахгүйг, инээмсэглэл нь нүүрнээс нь арчигдсаныг бодохоор л өр өвдөх юм.

Юутай ч амьдралд үргэлжилсээр. Ус, бохирын хоолой, угаалгын машин гээд хэсэг манараад ард нь гарав. Ёолкоо үүрч оруулж ирээд, хоёр багатайгаа хамтраад зассан чинь унтраалга, разетка нь масслаад шаржигнаж дуугараад эхлэв. Засдаг хүн рүү ярьсан чинь шинийг аваад сольчих гэхээр нь, хэлснээр нь оролдоод үзтэл амархан юм байна гээч. Омогшоод, юу л бол юу хийчиж чадах юм шиг бяр чадал амтагдаад хаха. Одоо орны хөндлөн төмөр янзлуулах хүн олох хэрэгтэй байна. Эсвэл яршиг зүгээр матрасаа газар тавиад унтдаг ч юм билүү. Асуудалтай тулаад, шийдээд даваад гарсны дараах кайф, хүчирхэгжсэн мэдрэмж, өсөлт дэвшилт! Асуудлаа шийдэх бүртээ би өөрийгөө шинээр бүтээсээр...

22.4.24

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад...

6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холливудын алдартай энимэйшний хөгжмийг бүрэн хэмжээний оркестра амьдаар тоглож, холограм дэлгэц дээр томоор харуулж байсан. Урлан бүтээх төвийн үзвэрийн танхим жижигхэн, хуучирсан ч гэлээ чамин хийц, дэгжин байдлаа хадгалж үлдсэн байналээ. 

 

              


Хаана суувал илүү гоё харагдах бол гэж үзэх гээд хэрэг болгон урьдчилж очиж харж байгаад билет авсан мөртлөө, дэлгэц нь тайзныхаа урдуур, тийм том байна гэж мэдээгүй болохоор нүүрэн дээр тулж ирээд, өлийж үзэхэд хэцүү байсныг эс тооцвол хөгжмийн далайд шумбан жаргасөөн. Хүүхдүүд бүтэн сууж чадахгүй дундуур нь гарч гадаа тоглосон, гэхдээ үзвэр үзэх, амьд хөгжмийн дуугаралт сонсохын зах зухаас мэдэрсэн байх. Удахгүй хүүхдийн бүжгэн жүжиг бас үзнэ дээ гурвуулаа. Тараад нээх хөөрхөн засалтай номын дэлгүүр орсон. 


Тэндээсээ гэр хүртлээ алхсан, хөгжилтэй юм яриал, инээлдээл. Намуухан, дулаахан, УБ хотын үдэш, жаргалтай дурсамж...



7-нд Тэрэлжид вино уунгаа зураг зурж үзлээ. Амьдралдаа анх удаа бийр будаг нийлүүлж, уран бүтээл туурвисан. Шинэ зүйл турших, цэвэр агаарт гарах, вино уух, өөртөө цаг гаргах - эдгээрийн аль нь илүү кайф өгсөнийг мэдэхгүй, гэхдээ мартагдашгүй сайхан өдөр...


9-нд UB Quiz Night оролцов. Бас л анх удаа. Огт санаанд оромгүй асуултанд багаараа хэлэлцэн хариулах, тэр нь зөв байх, огт санаандгүй хэн нэгэнтэй тааралдах, хөгжилтэй байснаа өөр нэгэнд гайхуулан ярих, тэгээд дараа нь цуг оры гэж төлөвлөх... Амьдарч буй цаг үе, хотынхоо нэгээхэн хэсгийг шинээр өөртөө нээх. Уураг тархиа цочроон баярлуулсан гоё үдэш...

14-нд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөв. Нэг талаар өөрийгөө сорих, нөгөө талаар хааяа нэг орчуулгын ажил хийхэд оноотой байх шаардлагатай болоод. Оюутан залуусын дунд орж, тэдний гоё эрч хүч, vibe-р цэнэглэгдэх сайхан байсан. 

17-нд ажил дээр үл ойлголцол үүсээд. Өмнө нь бол тэгсгээд намжтал нь чимээгүйхэн харзнадаг байснаа болиод, багийнхаа хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж эхэлсэн. Эхлээд яриаг нь сонсож, сайн чанар, давуу талыг нь дурдаж байгаад, дараа нь харилцан feedback солилцсон. Одоо дахиж яст мэлхий шиг хуягандаа толгойгоо нуухгүй, тулаад, даваад гарч байя л гэж бодогдож байна. Тэгж чадна гэдгээ мэдэрсэн нь хамгийн чухал ололт байсан. 

18-нд нүүрном дээр нэг бүсгүй хорт хавдартай болсон, эмчилгээнд нь хандив өгөөрэй гэхээр нь 20к явуулсан чинь нэг 0 илүү бичээд 200к шилжүүлцэн байсан. Эх орны хишиг ингээд тэр бүсгүй рүү. 10 жилийн төгсөлтийнхөн бас сагсны тэмцээний хандив нэхээл байна. Өгөхгүй гүрийнэ л гэж бодож байна. 

19-нд ажлын газрын парти. Хүмүүсээс урьд нь олж хараагүй чанарыг нээх, бас өөрийнхөө далд байсан төрхөө олж харах гээд сонирхолтой л байлаа. Тараад алхаж явахад хамаг стресс арилсан, сэтгэлийн амар амгалан яг тэр шөнийн намуухантай зохицсон мэт санагдаж байв.

20-нд маш олон ажил төлөвлөсөн завгүй өдөр байв. Хүүгээ бассейнд оруулаад хүлээнгээ цэцэрлэгт хүрээлэнг гүйж нэг тойрохдоо түрийвчээ хаячдын. Тэгээд түрийвчээ хайж буцаж нэг тойроод. Олж чадалгүй, хүүгээ бассейнаас нь авахаар очтол хүү алга. Гэртээ ганцаараа харьчиж. Шууд дараагийн ажил - том охины зөвлөх багштай уулзахаар очлоо. Уулзалтын дундуур банкнаас залгаж байна, миний картыг хүн олсон гээд. Тарангуут тэр хүний байгаа газар луу таксидлаа. Дөнгөж очиж аваад баярласан талархсанаа илэрхийлээд буцаад такси. Хоёр багатайгаа хүүхдийн арга хэмжээнд очих ёстой байсан. Өөрсдөө биеэ даагаад хувцас хунараа өмсөөд, миний хэлсэн газар торойгоод зогсож байсан. Нэг үеэ бодоход овоо л болж дээ үрс минь. Ашгүй арга хэмжээнээс хоцорсонгүй, хүүхдүүд ч баяртай, би ч сэтгэл амар. Тэр өдөртөө бол happy ending. 

21-нд хэвтээ тэнхлэгт, ойр зуурын гэр орны ажлаа амжуулан амарч байлаа. Гэвч!!! Морфийн хууль намайг бүрмөсөн дайрахаар шийдэж. Яг унтахын өмнө имэйлээ шалгатал яаралтай орчуулах материал ирсэн байв. Хүүхдүүдээ унтуулчаад орчуулгаа хийж байтал гэнэт хаалга хүчтэй цохив. ДҮШШШ, манайх доошоо ус алдаж байна гэнэ. Бүтэн сайны орой болгон ус тасардаг, тэгсгээд шөнөдөө ирдгийн, хүүхдүүдийн нэг нь цоргоо хаагаагүй орхисон байж, би юм орчуулаад ус дуугарахыг анзаарсангүй. 4 түмпэн ус шавхав, доод айл руу орж хохиролтой нь танилцав. Маргааш мөнгө төгрөг ярилцахаар болов. Буцаж орж ирээд орчуулгаа дуусгав.  Хамгийн өөдгүй нь орчуулгын хөлсөө хариугүй жоохон, хямд үнээр гэрээ хийснээ анзаарсангүй. Унтахаар хэвтэхэд 2 цаг. Өглөө 5:40-д босдог. 

22-нд буюу өнөөдөр. Өглөө шууд Блү Скай орох ёстой байснаа мартаад ажилдаа ирсэн байв. Гэнэт санаад тийшээ явсан. Азаар бүх юм окэй. Буцаад ажил руу ирэх замаараа цусны төв орж цусаа өгсөн. Дутуу нойртой хоносон, биений юм дуусаад удаагүй, өгч болохгүй гэдгийг нь мэдэж байсан ч дахиж зав мөд гарахгүйм чинь гэж шалтаглаад, 8 цаг унтсан гэж худлаа хэлээд өгчихсөн. Сувилагч нь бүр бүтэн нойртой хоносымуу даа гэж асуугаад байхад, тэгсээн гэж инээж байгаад. Яагаад өөрийгөө ингэж булан луу түлхэж байгаагаа өөрөө ч ойлгоогүй. Мазохист юмуу, өөрийгөө хохироож энэ биеийг гаргуунд гаргая гэж байгаамуу, эсвэл хэр их ачаалал дааж чадах хязгаараа шалгаад байгаамуу бүүмэд. Ямар ч байсан ухаан алдаж унаж нтр сүйд болсонгүй. Цусны уут ч ердийнхөөс илүү хурдан дүүрчих шиг санагдсан. 

Ямар ч үед гэрэлтэй тал байдаг л даа. 

Азаар

- Доод айлын хүмүүс их дажгүй, тохитой томоотой ах эгч хоёр байсан. Тааз нь бага зэрэг норсон боловч тэгтлээ их сүйдээгүй санагдсан. Өнөөдөр хатсаных нь дараа очиж харна даа.

- Өнөөдөр балетын хичээл орохгүй өнжих нь. Орсон бол таслахгүй гэж очоод улам ядрах байсан

- Хэдийгээр Morphy's Law-с бултах аргагүй боловч, унавал өвдгөө гөвөөд босч ирэх, ядарвал амарч байгаад эргээд өндийх, алдвал уйлж байгаад нулимсаа арчаад дахиад зүтгэх, гомдвол эргэцүүлэн бодож байгаад уучлах, эсвэл орхиод урагшлах April's Law байгаа болохоор алзахгүй, үргэлжлүүлэн амьдраал байна даа. 





5.3.24

Split

Нэг хүний бие сэтгэлд шал эсрэг тэсрэг хоёр хүн оршин байна гэж байх уу. Байхаар барах уу тэр хүн нь би өөрөө байвал яахуу?


Split гээд кино үзсэн үү, нэг хүний дотор олон ялгаатай ухамсар зэрэгцэн оршдог тухай гардаг? Нас хүйс, зан чанар, identity нь бүгд өөр. Аль хүчтэй нь нөгөө хэдийгээ дарангуйлж гарч ирээд байдаг. Миний хувьд бүр тийм экстрим биш ч, тэс өөр хоёр ааш араншин ээлжлээд байгааг анзаарах боллоо. 

А: Маш томоотой, намуухан, үг дуу цөөтэй. Хүлцэнгүй, дуулгавартай. Гэрээс гарах, гоёж гоодох, шоу цэнгээнд дургүй. Түгшимтгий, аймхай, шинэ зүйл турших, дассан орчноо өөрчлөх хүсэлгүй. Хэн нэгний нөмөр нөөлөг дор, хамгаалагдсан мэдрэмж авч энгийн, амгалан амьдрахыг эрхэмлэх ба үлгэр жишээ сайн ээж бол хүүхэддээ цаг зав, анхаарал, энергиэ зарцуулах ёстой, өөрийгөө мартсан ч хамаагүй гэх бодолтой. Сексийн дур хүсэл багатай, хайрцаглагдсан. 

Б: Сахилгагүй, оргилж дэвэрсэн, гаднаасаа мэдэгдэхгүй ч дотроо буцалдаг. Өөрийгөө сорих, challenge хийхээс буцахгүй. Танихгүй хүнтэй ярихаас эмээдэггүй, гадуур тэнэх дуртай, согтож манарах гоё гэж боддог. Өөрийнхөө хүчинд итгэдэг, үхэхээс өмнө харамсахгүйн тулд санасан зүйлээ хойш нь тавилгүй хэрэгжүүлэх зоригтой. Ээж нь өөрөө сэтгэл хангалуун байжийж хүүхдүүд нь жаргалтай байна гэж боддог, толинд хараад өөртөө таалагдаж байхыг хүсдэг. Юу л болвол болог, би чадлаараа хичээсэн дээ гэж тайвширч мэддэг. Эрх чөлөөнд дуртай, бүтээлч. Сээгсий хаха.

Миний амьдралын ихэнх үеийг А хэв шинж давамгайлж өнгөрөөсөн, харин сүүлийн үед Б нь.  Ялангуяа нөхөр архинд орж, хайр халамж нь эрс буурах үед дотор байсан хоёр маань зодолдоод, Б нь одоо миний ээлж гээд ил гарч ирэх болсымуу даа. 

Сая нөхөр буцаж ирээд хэсэг цуг байв. Эхний 7 хоног нь яг өмнөх шигээ байнга согтуу өнжсөн. Тэгснээ гэнэт ухаан ороод эв эрүүл, сав саруул, бүх юманд туслаад, халамжлаад, хүүхдүүдтэйгээ байнга тоглоод, яг л миний хүсэж байсан эр нөхрийн дүр зураг. Амьдралын гол өөр салаагаар урссан бол иймэрхүү байх байж дээ гэж, киноны трэйлэр үзэж байгаам шиг хэсэгхэн зуур харж мэдрэв. Энэ боломжийг алдалгүй А  хүч түрэн орж ирэв, тэгээд өчигдөр нөхрийг явангуут өдөржин намайг шаналгаж цээжийг өвтгөв. Хүүхдүүдтэйгээ тоглож байсан нь нүдэнд харагдаад, одоо мөддөө энэ хэд маань аавтайгаа ингэж цуг байхгүй гэж бодохоос өрөвдөөд нулимс асгараал байсан. Бас нөмөр нөөлөг, хамгаалагдсан мэдрэмж алга болчихсым шиг, одоо ойр тойронд найдах хүнгүй яана даа гэх мэт бодол дотроос хэмлээд, нэг өдрийг арай л гэж давлаа. 

Унтаад сэрсэн буцаад Б эргэн ирсэн бололтой. Би бүхнийг зохицуулж чадна, хүүхдүүддээ илүү сайн хандаж happy mom байхад хангалттай, угаасаа энэ бүх нөхцөл байдал миний буруу биш, нөхөр эндээ үлдлээ гэхэд архинаас гарч чадахгүй, бүх юм улам дордох байсан, тиймээс тэндээ өөрийгөө дайчлаад, донтолттойгоо тэмцээд байж байх нь илүү дээр гэх мэт бодлууд байраа эзэлж. Сая ирэхдээ нодлин уулзуулкээд чадаагүй сэтгэл засалчтай уулзаад, зөвлөгөө аваад, тэндээ очсон хойноо бас онлайнаар холбогдож байхаар болоод явсан. Донтолтоос гарахад орчин нөхцлөө өөрчлөх маш чухал байдаг юм гэсэн. 

АБ хоёр бие биенээ ерөөсөө ойлгодоггүй. Б болсон үедээ А шиг тэнэг хүн бхгүй, А нь буцаад дийлэхээр хэзээ ч би Б гэж зантай байгаагүйм шиг л санагддаг. Тэхдээ хэдий А давамгайлсан байлаа ч, блог дээрээ Б зангаа ил гаргадаг, зүүдэндээ Б болж зүүдэлдэг байсан мэт. Би хувьдаа Б байх дуртай. Б байсаар дуусмаар байдаг. Б байснаараа өөрийнхөө потенциалыг илүү нээж, нөөц бололцоогоо ашиглаж, адал явдалтай, дурсамжтай, бүрэн дүүрэн амьдарч чадах юм шиг. Харин нөхөртэйгээ зохицож, сэтгэл хангалуун цуг байхын тулд А байхаас өөр аргагүй мэт. Б бол хэзээ ч нөхөр шиг хүнтэй жаргалтай байж чадахааргүй. Эсвэл би буруу бодож байж магадгүй, хэсэг хугацаанд яаж өөрчлөгдөхийг харж л байя даа. 


19.7.23

Ганцаардлын дасгал

 Интроверт, ганцаараа байж энерги авдаг гэх мөртлөө, ганцаардахаас үхтлээ айдаг, ганцаардахыг тэсч чаддаггүй хүн юм санжээ би. Ганцаараа байх - solitude, ганцаардах - loneliness, being isolated хоёр өөр юм байна л даа. Бас бие махбодиор хэн нэгэнтэй цуг байх болоод сэтгэл санаа, оюун ухааны хувьд холбогдох, ойлголцох хоёр ч тэс ондоо юм.  Хоол идээд гэдэс цадах, сэтгэл цадах хоёр өөр байдаг шиг л... /Нандин, их багшдаа зориулав :)/

Хүн гэдэг үргэлж хувирч өөрчлөгдөж, ухарч бас урагшилж байдаг болохоор, хүмүүсийн хоорондох холбоос - connection бас агшиж сунасаар, хэт их холдох (physically and mentally, emotionally) үед тасарчдын байна. Нэг тал нь тасарчлаа гэдгийг мэдээд байхад, анзааргагүй нөгөө тал нь тасархай утас бариад бүх юм зүгээр гээд суух ч үе байдгийм шиг.

Миний хувьд бие нь ганцаараа байх дуртай ч тэр болгон боломж олддоггүй. Ажил, хүүхдүүд, үүрэг хариуцлага... Сэтгэл нь харин хэн нэгэнтэй emotionally attached байх, үнэлэгдэх, ойлгогдох өндөр хэрэгцээтэй, тэгээгүй үед ганцаардлыг мэдэрдэг. Тэгсэн мөртлөө ганцаардах мэдрэмж төрөх үед нь аль болох үгүйсгэж, түүнээс зугатааж, түр зуурын сэтгэл хөөрлөөр орлуулах гэж оролдож, аргацаасаар удсан юм байналээ. 

Одоо харин ганцаардлыг хүлээн зөвшөөрч, ганцаардахад дасдаг юм билүү? Хэдий хэцүү ч гэлээ, энэ бол мэдрэмж, бүхий л мэдрэмжийн нэгэн адил оволзож ирээд л намддаг, тэсээд, тэсвэрлээд сурчихвал хатуужаад, сэтгэлийн хаттай болох нигууртай. Мэдээж заавал ганцаардах гээд зүтгээд, хүмүүсээс өөрийгөө тусгаарлаад байхгүй. Гэхдээ өмнөх шигээ ганцаардах вий гэхээс үхтлээ айж, болсон болоогүй emotional attachment үүсгэхгүй санаатай байна. 

Өөртэйгээ сайхан харилцаатай, бусдаас хамааралгүй, тусгаар тогтносон "улс" баймаар байна. Хүнд ойлгогдож, хүнээр үнэлэгдэх сайхан ч гэлээ, заавал түүгээр дутахааргүй, өөрөө өөртөө л хангалттай байя л даа. 100% , бүрэн, дүүрэн гэх хэмжүүрээ өөрөөрөө дүүргээд, бусдаас ирэх үнэлэмж, ойлголцолыг бонус гэж хүлээж авдаг байх гэсийн. Гэнэт сурчдаг чадвар биш байх, гэхдээ хүсч чадаад, харах өнцөг, хандлага нь өөрчлөгдсийм чинь дасгалжаад ирэхээрээ сурах байх гэж найдна.



18.3.23

Good girl syndrome

Амьдралынхаа хамаг /надаас хамааралтай/ асуудлын шалтгааныг өнөөдөр олчих юм. Яагаад аз жаргалгүй санагдаж шаналдаг байсан, сүүлдээ сэтгэл гутралд хүртэл хүрэх болсон шалтгаан. Гэхдээ яг албан ёсны нэршил, оношийг нь одоо л мэдэж авч байгаагаас биш нэг юм болохгүй байгааг мэдрээд, засаад өөрчлөгдөөд эхэлсэн бсн л даа.. Сүүлийн нэг жил ялангуяа. 

Яг л puzzle эвлүүлж байгаад гэнэт том зургаар нь олж харах мэт. Дотроо таамаглаад явж байсан ч баталгаа нотолгоо олсон мэт. Нэг тийм гоё нүд нээгдэж сэтгэл онгойх мэдрэмж. 

https://www.instagram.com/p/CmgV9cdhh6q/?utm_source=ig_web_copy_link



САЙН ОХИНЫ СИНДРОМ

Сайн охины синдром нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолддог ба зарим тохиолдолд эрэгтэйчүүдэд ч мөн илэрдэг төгс байдалд тэмүүлэх гажуудал юм. Өвчин биш ч яваандаа амьдралд сөргөөг нөлөөлөх хандлага.

Бараг ихэнх эцэг эхчүүд хүүхдүүддээ биеэ зөв авч яв, үгэнд ор, хичээлээ хий, бусдад тусал гм сургадаг. Гэхдээ охидод тавих шаардлага өндөр байдаг ба Сайн охидууд биеэ ингэж авч явж болохгүй, даруу бай, чанга битгий инээ, бусдаас битгий ялгар ! гэдэг.

Энэ бүх дүрэм журмыг ягштал биелүүлж, биеэ зөв авч явсан охидыг эцэг эх нь магтаж, харин охидууд дуулгавартай, асуудал үүсгэдэггүй, бүх зүйлийг ягштал биелүүлдэг, үлгэр жишээ бусдад эвтэйхэн эмэгтэй болж төлөвшдөг. Охидууд бодохдоо зөвхөн сайн охидыг л хайрладаг тиймээс биеэ зохих байдлаар зөв авч явбал хайрлагдана гэсэн бат итгэл үнэмшил суудаг.

Үүний хамгийн том сөрөг үр дагавар нь сайн охидууд багаасаа бусдын хүслээр байсаар өөрийн мэдрэмж, хүслээ үгүйсгэж сурсан байдаг. Өөрөө хэлбэл бага насанд суусан үнэт зүйл нь бусдад үйлчлэх юм. Эсрэгээр нь хийвэл тэднийг хайрлахгүй гэж итгэсэн байдаг. Эрэгтэй хүүхдүүдэд ч мөн ийм зүйл тохиолддог. Ийм хүүхдүүд том болоод бусдад эвтэйхэн ч өөрт тухгүй байдлаар амьдардаг. Зөв байвал бүх хүмүүс өөрт нь сайнаар хандаж, хайрлана гэж боддог ч яг үнэндээ амьдрал дээр эсрэгээрээ болдог.

🧩 Яагаад “Сайн Хүүхэд” бусдад эвтэйхэн ч өөртөө тухгүй байдаг вэ ?

• Тэд мөнхийн аз жаргалгүй байдаг ба байнга өөртөө сэтгэл дундуур байдаг. Багаасаа өөрийн хүсэл, мэдрэмжээ сонсож сураагүй хүүхдүүд юу хүсээд байгаагаа мэдэхээ больдог.
• Ийм хүүхдүүд том болсон хойноо орчин тойрны бүх хүмүүсийн сэтгэлд нийцэх гэж байнга хичээдэг ч энэ нь боломжгүй зүйл тул гэмшил, стресс, сэтгэл зүйн ачааллыг мэдэрдэг. Тэд төгс төгөлдөр зүйлийн араас хөөцөлдөж, өөрийгөө голдог.
• Бусдад үгүй гэж хэлэх нь хэцүү байдаг тул нэг мэдэхэд л ажилд дарагдсан байдаг.
• Өөр нэг асуудал нь тэд жижиг алдааг ч сүртэй хүлээж авдаг.
• Аливаа шүүмжлэлийг маш эмзэг хүлээж авдаг.
• Сайн хүүхдүүд ихэвчлэн сэтгэл зүйн хувьд хүүхэд хэвээрээ байдаг ба шийдвэр гаргахдаа муу байдаг.
Өөртөө санаа тавьж, өөрийгөө хайрлаж сураагүй байдаг. Бүх л энергиэ бусдад зориулж хүлээн зөвшөөрүүлэхэд зарцуулдаг.




https://www.instagram.com/p/CmigzFthadZ/?utm_source=ig_web_copy_link

Юуны өмнө та бусдад эвтэйхэн байхаа больж эхлэх үед тан руу маш их дургүйцэл, үл ойлголцол, шүүмжлэл ирнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй.


🧩 Сайн Охины Синдромоос ангижрах нь таныг илүү ачаанаас салгаж, орчин тойрноо эргэн харах, чөлөөт цагтай болгож, өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө мэдэрч ойлгосноор өөрийн дур сонирхолтой салбарт өөрийгөө хэрэгжүүлэх боломжийг олгодог. Өөрийн дотоодод байгаа томоотой дуулгавартай хүүхдээ ялан дийлж, өөртөө санаа тавьж сурах нь амьдралыг тань илүү баялаг, харин таныг жаргалтай нэгэн болгох юм.   


Бүх насаараа "Сайн охины синдром"-той амьдарсан, нилээд засарсан ч бүрэн салаагүй л бн. Ухамсартайгаар хичээхгүй бол цаашдаа ч зууралдсаар байх биз.  Амьдралын туршид гаргасан том жижиг шийдвэрүүд, нугачаа салаа бүрт шингэсэн байсан. Би юу хүсч байна гэдгээ хэзээ ч боддоггүй, бусад хүмүүст яавал аятай тухтай, амар амгалан байх бол гэдэг л шийдвэр гаргахад нөлөөлдөг байж.  Гаднаас нь харахад төгс амьдралтай, тэгж харагдахын тулд бүх л юмаа дотроо дараастай. Хүнд гаргаж хэлэхгүй, өөрөөсөө ч нуудаг байсан асуудлууд. Би л хичээгээд, зүтгээд, гүрийгээд байвал тэр асуудлууд зүгээр болчих юм шиг, тэгж гүрийж чадахгүй бол бас л миний буруу юм шиг. 

Бусадтай зөрчилдөхөөс айдаг, тэгсэнд орвол өөрийгөө л хойш нь тавичихад болно гэж боддог байж. Өөртөө дэндүү хайр найргүй ханддаг байжээ. Сүүлдээ даанч ачааллаа даахаа болиод хугарч, нугарч унадаг юм байлээ. Бас нэг сөрөг тал нь ачааллаа хувааж өгөөгүйгээс болоод, надаар халамжлуулж, асуудлаа шийдүүлж, амьдралдаа гаргах шийдвэр бүртээ миний зөвлөгөө тусламжийг авдаг, хариуцлага үүргээс зайлсхийсэн, насанд хүрсэн нэг том "хүүхэд"-тэй болсон явдал. Нас бол тоо гэдэг. 40 гарчихсан хэрнээ шийдвэргүй, туйлбаргүй, зорилгогүй, өнөө маргаашаа аргацаасан, үүрэг хариуцлагаас бултсан "хүүхэд". 

Энэ бүхнийг засч, өөрчлөх үйлдэл хийж эхэлснээс хойш, бусдад эвтэйхэн байхаа больсноос болж зөндөө их зөрчил, үл ойлголцол ч үүссэн, гэхдээ эцсийн бүлэгт би өөрийнхөөрөө амьдрах эрхтэй, бусдын өмнө "сайн" байх өргүй, нийгмээс тулгадаг "Сайн эхнэр", "Сайн ээж"-ийн имиж, хэм хэмжүүрийг дагаж биелүүлж барахгүй, бас тэгэх албагүй гэдгээ бага багаар ойлгож ухаарч л бга. Үе үе мартчаад байдаг болохоос.

Дагаад эерэг өөрчлөлтүүд зөндөө гарч эхэлсэн, мэр сэр заримыг нь энд бичсэн байх. Ингээд оношоо мэдчихлээр өөртөө эргэлзэх бүртээ чиг баримжаа болгох, уншиж судлах чиглэлтэй болсондоо баярлаад байна. Бас хүүхдүүдээ өөр шигээ болгохгүй байж чадах байх гэж найдаж бн. 

Энэ зам тийм ч дардан биш, үе үе буцаж хайрцаглагдчих гээд, өнгөрсөн рүүгээ буцчих гээл бдг. Гэхдээ чаднаа.

25.5.22

Relapse & recovery or "renaissance"

 Мундаг бгаа гээл гайхуулаад бсн чинь буцаад унааск. Донтолтонд автсан хүмүүсийг эргээд нөгөө юмаа хэрэглэж эхлэх үед relapse гээд бдг. Сэтгэл гутралыг бас ингэж хэлж болох бх. Хамгийн гол нь нойр, бас хүүхдүүдийн эрүүл мэнд юм бнлээ. Хоёр бага ханиад хүрээд халуураад, олон шөнө нойр дутуу явангуут шууд уналт... Түгшүүр, санаа зовнилт, өөрийгөө буруутгах, голох, цөхрөх гм хамаг сөрөг мэдрэмжүүд дээр дээрээс дарж унаал. Өмнө нь бол тэр мэдрэмжүүддээ дарлагдаад учраа олдоггүй бсн, одоо харин яг яагаад бгааг мэджийсэн болохоор аль болох автахгүй, дийлдэхгүй, өөрт таарах арга хэмжээнүүдээ аваад тэгсгээд гайгүй сэргэсэн. 

Сая анзаарлаа, "сэтгэл гутрал" гэсэн гарчигтай бичвэрийг crush, sex гэх мэт гарчигтай бичвэрээс хэд дахин олон хүн уншсан байв. Хайлтын системээр дамжиж орж ирсэн бх гэж бодлоо, тэр чинээгээр энэ асуудал олон хүний зовлон болж бгаа бололтой. 

"Зовлон яг вирус шиг. Хаа ч отож байж мэднэ. Хэнд ч, хэзээ ч, юу ч тохиолдож болно. Их уншдаг хүн бол вакцин хийлгэж байгаатай яг адилхан, амьдралын бүх асуудлыг "амьд мэнд" шиг даваад гарчих сэтгэлийн тэнхээг зүрхэндээ, тархиндаа суулгаж, өөрийгөө дасгалжуулж байдаг"

Сэтгэлийн тэнхээ буюу сэтгэлийн дархлаагаа л сайжруулахаас өөр гарцгүйм. Сэтгэл гутралын эсрэг вакцин бол унших гэж миний хайрт Л.Ө. маань ярилцлагадаа хэлсэн бнлээ. Номын баяр дээр үнэгүй тараагдаж байсан сэтгүүл дээр ийм эрдэнэ шиг ярилцлага байна гэж хэн санах билээ. Би анзаараагүй өнгөрсөн бсн, манай найз надруу зургийг нь дарж явуулсын. Sharing is caring, уншаагүй хүн байвал уншаасай гээд, бас хадгалах гээд эндээ тавив.

Олон краштай байх ч бас нэг вакцин юм шиг. Миний крашууд бүр тоогоо алдсан. Өчигдөр л гэхэд нэг крашаа араас нь баахан харлаа. Морин хуурч байсан чинь удирдаач болжээ тэр минь. Краш гээд зарлаж байх бас зүгээр юм, сошиал медиа дээр пост оруулсан чинь нэг дүү харчаад гарын үсэгтэй CD-г нь олж өгнө гэсэн, бас нэг хүн крашыг өөрийг нь tag хийгээд, түүнээс өөрөөс нь хариу коммент нтр авч үзлээ шд. Сэтгэл гэдэг оронзайг жижиг сажиг боловч happy feeling, happy memories дүүргэж байвал аштай юу даа тээ.

Өөр нэг вакцин бол гоё хүмүүстэй уулзах юм бнлээ. Чамайг хэн байсныг санадаг, дундын дурсамж хуваалцдаг, цаашдаа ч бас холбоотой баймаар тийм хүмүүстэй үе үе уулзаж байх. Уулзсаны дараа амьдралын элдэв асуудлыг арай өөр өнцгөөс харах шиг, бас хаанаас ч юм эрч хүч олж авах шиг санагдсан. 

Renaissance гэж бичсэн учир нь, зүгээр л энэ үгийн гарал үүслийг гэнэт ойлгоод. Ренессанс буюу сэргэн мандлын үе гээд байдаг даа түүхэнд. Франц үг юм бнлд, дахин төрөх гээд. Тэрийг л гэнэт ухаарснаа, тэрэндээ өөрөө баясаад. Тээл бичсиймөө :) Заримдаа миний одоо туулж бгаа үе, миний амьдралын ренессанс үе шиг сэтгэгдэл төрөөд бдг. Хүүхдүүд харьцангуй том болчлоо, хувьдаа сэтгэлзүйгээ ойлгоод хямралаа давах аргад суралцаж бн. 40 насанд амьдрал эхэлдэг гэдгийн арай өөр хувилбар буюу одооноос эхлээд өөрийнхөө хүсч буй амьдралыг тодорхойлоод түүгээрээ амьдрах боломж, эрх чөлөө нээгдэж буй цаг хугацаа юм шиг санагдаад. 























2.5.22

Cigarettes after sex

Харах өнцөг, хандлага өөрчлөгдөх гэж сонин юм. Энэ хамтлагийн нэрийг өмнө нь секс, тамхи гэх мэт үг орсноос нь болоод нэг тийм хард рок стилээр дуулдаг байх гэж бодоод алгассан санагдана.

Харин одоо бол Cigarettes after sex гэнгүүт ер бусын тайвшрал, сэтгэлийн догдлол, хоёр биеийн таталцал, бас дотносол гэх мэт үгс санаанд ургаж бн. Dreamy pop гэдэг чиглэлээр дуулдын байна, аргадаад л, энхрийлээд л, эсвэл тэр сайхан дурсамжийг үгүйлээд ч бх шиг аялгуу, хоолой...




 

Дандаа завгүй, цаг хугацаанд туугдаж явсаар байгаад юунд дуртайгаа мэдэхээ больцон бсн. Сүүлийн хэдэн сар аливаа шийдвэр гаргахдаа надад сайхан мэдрэмж төрүүлж бну? гэдгийг нь хамгийн түрүүнд өөрөөсөө асуудаг болсон. Тураад гоё сайхан харагдана гэхийн оронд (мэдээж би гоё харагдаж байвал надад ч бас гоё л доо, тэхдээ бусдын нүдэнд харагдсан тусгалаар дамжина гсн үг) энэ хөдөлгөөн, энэ үйлдэл надад гоё сэтгэгдэл үлдээж бгаа бол би хийнэ гэсэн байдлаар priority-г өөрчилсөн. Тэгээд байж байтал аяндаа турвал сайн л биз. Турах үйл явц ганц хоёрхон сарын дотор явагдчихгүй, гэтэл happiness is a journey, not a destination гэдэг биздээ, турах гэсэн зорилгын дор биеэ хүчлэх чадал тэнхээ надад үлдээгүй бсн. Харин одоо бол бассейндаа орохоор бие сэтгэл ямар гоё сэргэж, аз жаргалын гормонууд ялгардаг билээ гэдгийг санахаар яаж ч ядарсан байлаа хувцсаа чирээд бассейн руу чиглэх хүч гардаг л юм бн. Тэхдээ бассейн нээх тураадаггүйн байнөө :) Бага багаар, зугуухан өөр хөдөлгөөн, мацаг нтр нэмнэ дээ.

Гол нь биеэ чагнаж, дургүй юмаа хүчээр, эсвэл үүрэг хариуцлага гэж дарамтлахгүйг хичээж бгаа. Би өмнө нь нэг юм эхлүүлсэн бол заавал дуусгана гээд, эсвэл тодорхой хугацаа тавьчихаад тэрүүндээ амжих гээд өөрийгөө их шахдаг блаа. Зарим зүйлийг дундаас нь хаяж болно, бас амжихгүй байсан ч амьдрал дуусахгүй гэдэг тайвшралыг одоо л олж бн.

Мэдээж надад хангалттай үүрэг хариуцлага бгаа болохоор нэмэлтээр элдвийн ачаа өөр дээрээ авчрахгүй санаатай. Нэг хэсэгтээ яг энэ дууны өнгө аяс шиг тайвшрал, мансуурлын байдалтай сэтгэл амар, зүүд манан дунд өөрийгөө эрхлүүлсхийгээл явж байя. Ёроол нь гарчихсан байсан урам зориг, эрч хүч, өөдрөг бодол санаа бага багаар нөхөгдөөд л бгаа. Дуртай зүйлсийн жагсаалт нэг нэгээр нэмэгдэж л бн.

Feeling thankful for everyone here <3

Миний инфлүэнсэр крашаар "сонгогдон ажиллаж" бгаа нэг хүн пост болгон дээрээ англи монгол хольж бичээд байдгийн. Яг санаанд бууснаар нь шууд бичих бас их амар л юм бн. Ер нь юмыг их амарчилдаг болоод бгаа даа :)


3.12.13

Сар болгоны 9-ний өдөр төрөгсөд

Үнэн гэж бодсоноо тодруулчий. Ер нь бол 80% байх шиг байна шүү. Эсвэл санаа дагаж байгаан болуу ккк. Угаасаа зурхайд итгэчээд байдаг дамшиг даа би.

6.9.13

Дуугай хүн

Өчигдөр их сургуулийн ангийхан уулзав.
10 гаран жил уулзалдаагүйн. Бүгд бие биенээ хараал хэвээрээ байна гэцгээж байсан ч, надад ирэх коментүүд бүгд ижил : чи нөгөө л дуугай хэвээрээ байна.

8.5.13

...

Эмэгтэй хүн чинь уг нь лаг олон үйлдлийг зэрэг хийдэг, multitask-ндаа сайн гэдэг биздээ. Би үнэхээр энэ тал дээр нойл заажийнаа. Ажил ихсээд, хамаг оюун санаа тэнд төвлөрөөд ирэхээр бусад хэсэг нь хоцрогдоод, амьдарч амжихгүй, амжиж амьдрахгүй байна яах вэ???

Ганц суваг л гардаг зурагт шиг, ганц л дугаар луу залгаж болдог утас шиг, ганцхан дуу явдаг хөгжим шиг болчлоо. Бичлэг шахах чинь асар их цаг, бодол шаардсан ажил юм бээлээшд, хааяа нэг уран санаа зурсхийхэд араас нь ажлын үй түмэн бодол түрж орж ирээл будаа. Шөнө хүртэл ажлаа зүүдлээд, үүрээр сэрэнгүүтээ ажил бодогдож нойр хулжаад. Ийм байдалтай л хүн байна. Хэзээ нэг хэвийн урьдын Soulmate болох юм бүүмэдээ. Блогтоо жинхэнэ ёсоор эргэн иртлээ хулхины, гурилын бичлэг л шахаад суужаах нь байшүү...


ойлгомжгүй цаг хугацаа

Нойр овоо гайгүй л байна. Гэхдээ яг өөрөөрөө биш. Кава гээд тайвшруулах эмийн ургамалтай магни уугаад. Бүрэн нам унтахгүй байна, кино шиг л ...