29.7.26

үргэлжилсээр....

Сайн унтаж байгаа гээд нойрны эмээ хасав, тайвшруулах эмээ багасгав. Уг нь дажгүй байснаа сүүлийн хэд хоног унтах гэж тарчилдаг нь хөдлөөд. Дасгал хөдөлгөөн сайн, сэтгэл санаа тайван байгаа хэрнээ, яг унтах гэхээр тархи сэргэчихээд, хэдэн цагаар хөрвөөж хэвтэнэ...

Эдгэрэх зам дардан байхгүйг ойлгож байгаа. Их халуун, бүгчим агаар, хотын дуу чимээнээс болж байгаан болуу гэж таамаглаад л. Тархи мэдрэл нь эмзэгхэн, дээрээс нь жоохон хөрвөөнгүүт яанаа унтахгүй нь гэсэн айдас хүрч ядаж байсан нойроо бүр хөөчихөөд байх шиг.

Өнөөдрийг яаж ийгээд давчихвал, орой эртхэн утсаа унтраагаад тайвшрах бэлтгэлээ хийгээд, хүйтэн шүршүүрт орж сэрүүцэж байгаад унтах оролдлого хийнэ дээ. 

Mindfulness - санамсарын бясалгалыг бага сага туршиж, сургалтанд нь суух бодолтой байгаа. Бодлоо анзаарч, удирдаж, бодлоосоо чөлөөлөгдөж сурмаар байна. Одоогоор яаж гэдгээ мэдэхгүй, бас чадна гэсэн итгэл алга. Гэхдээ өмнөх шигээ түгшиж, аргаа барж, цөхрөх мэдрэмжээс ангижирсан. Өөртөө зөөлөн байж, өөгүй байх гэж хичээхээ больж, өчүүхэн бага ч хамаагүй эерэг өөрчлөлтөндөө талархаж, амар амгалан, жаргалтай амьдрах эрхтэй гэдэгтээ бүрэн итгэж байгаа. Бусад нь аажимдаа болж бүтнэ байхаа...





"Өнөө шөнө ч бас хөрвөөж магадгүй. Эсвэл сайхан унтаж ч магад. Аль нь байсан ч энэ нь миний эдгэрлийг тодорхойлохгүй. Би зүгээр л аажмаар эдгэрч яваа хүн."


9.7.26

Better mind

Олон жилийн өмнөөс очиж үзүүлэх санаатай дагадаг байсан нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэгтээ боломж гарсан дээр нь 7 хоног хэвтээд. Эхний 2-3 өдөр нь унтаа сэрүүний завсар, манарсаар өнгөрсөн. Ямар сайндаа өдөр гаригаа санахгүй байхав. Эм тариагаар бөмбөгдөж, бариа, физик эмчилгээ, сэтгэл заслыг хослуулдаг юм байна. СЭМҮТ-ийн туршлагатай эмч сувилагч нар үүсгэн байгуулсан гэхээр итгэл төрөөд. Өргөс авсан юм шиг шууд эдгэхгүй, эмчийн хяналтанд сар сараар үзүүлээд эмээ уугаад явах юм байна. Яг одоогийн байдлаар шөнө нам унтаж байгаа боловч өдөр нь бүрэн  сэрээгүй мэт, дүйнгэ оргиод, тархин дотор манан будан суунаглаастай, нүд бүрэлзээстэй. Гэхдээ өдөр өдрөөр сайжраал байна. 

Амар амгалан өдрүүдэд талархаад баршгүй. Өглөө бүр бүтэн авсан нойрондоо баярлаж сэрэх шиг жаргал үгүй аж. Нойрны эмээ хагас, хагасын хагас болгон багасгасаар 30 хоногийн дараа эмчдээ дахин үзүүлж цаашид яахаа шийдэх ёстой. 

Өнгөрсөн долоо хоногоос эхлээд урт удаан бодсон жимдээ явж эхлэв. Өмнө нь жим ороод гүйх эсвэл алхахаас өөр дасгал хийж үзээгүй. Жинхнээсээ хүчний дасгал хийж үзэж байгаа нь анх удаа. Багшийн зааснаар хөлсөө урсгаад аминдаа хичээж л байна. Огцом сүртэй үр дүн хүлээхгүй, өөрийгөө миалахгүй, гэхдээ залхуурч таслахгүй тууштай урт удаан хугацааны дадал болгоод үзье гэсэн зорилготой.

Сүүлийн үед миний оюун санаа болоод анхааралд өртсөн хэдэн үгс бий: Neuroplasticity, meta cognition, санамсарын бясалгал, тархиа дасгалжуулж бодлоо удирдах... Өвлийн олимпийн алтан медальт Айлин Гү, тархины мэс засалч эмч Жэймс Доти (Шидэт мухлаг ном), Оксфорд төгссөн Нямсамбуу гавж...огт өөр өөр хүмүүс боловч бүгд хоорондоо холбоотой зүйлсийг ярьж бичсэн. 

Өмнө нь зөндөө сонссон хэрнээ цаг зав, тохироо нь бүрдээгүй болоод тэрүү хойш тавиал байсан. Яг одоо л энэ талаар гүнзгийрүүлэн сурах боломж гарав. Наанадаж сэтгэл гутрал, нойргүйдлээ эмчилж сэтгэлзүйгээ амар амгалан байлгахад, цаашлаад тархи оюунаа хурцалж, зорьсон санасанаа сэтгэлчлэн бүтээхэд хэрэгтэй, жинхэнэ зөв замаа олсон мэт итгэл үнэмшил төрөөд байгаа. Хамгийн гол нь яарахгүй, адгахгүй, хурдан үр дүн хүлээж өөрийгөө чамлахгүй. Амьдралын хэв маяг, бодлын чиг хандлага болохоос түр зуурын дэглэм, өнөө маргаашийн сонирхол биш. 

Байнгын түгшүүр, санаа зовинолдоо дассан байснаа сэтгэл амар өдрүүд ирэх нь яг л урт хахир өвлийн дараах урин дулаан цаг мэт санагдана. Энэ дууны үгтэй яг одоогийн сэтгэлзүй минь давхцаад байх шиг. 

Хэцүү бүхэн ард үлдсэн мэт, одоо зөвхөн өөдлөх амирлах цаг ирсэн мэт сайхан мэдрэмжээ энэ дуугаар тэмдэглэж үлдээе.



Тохиролцоо

 Хувийн эмнэлэгт солиорол нь дийлдэхгүй бсн тул СЭМҮТ рүү аваачиж хэвтүүлэв. Шар хад, хурцын тасаг гээд онигоо юмуу надад огт хамааралгүй өө...