Showing posts with label дурлал. Show all posts
Showing posts with label дурлал. Show all posts

23.7.25

No other choice

 Ийм нэртэй кино гарах тухай сонсоод, гарчигаа болгочихлоо. 9 сард нээлтээ хийх юм байна. Пак Чан Ук найруулагчийн өмнөх "Decision to leave" үзэхтэй зэрэгцээд нөхрөөсөө салах тухай бодол анх төрж байсан. Одоо хүртэл хэрэгжүүлсэн юм алга, гэхдээ нэг удаа өөрт нь цухуйлгаж үзсэн, том охиноосоо асуусан, ганц нэг ойр дотны хүмүүстээ яриад, гол нь дотроо бясалгаал байна. Амар шийдвэр биш болохоор. 

Уг нь сар бүр нэг пост оруулж байхаар блогийн уншигч, эртний найздаа амласан юм. Даанч сүүлийн 3 сар тас. Нэхээд бичихээр нь "улсын төсөв 3 их наядаар тасалдаад байхад, миний блог 3 сар доголдох юуын бээ" гэж мэгээд амыг нь таглачаал хаха. Бичих хэрэгцээгээ threads дээр богинохон текст байдлаар гаргаж орхичоол яваад блаа. Амьдралын олон үүрэг хариуцлага мөрөн дээр минь дарсан хэвээр, тухтай суугаад бодлоо сийрүүлэх сиймхий гаргаж чадахгүй юм.

Гэхдээ дэлгэр сайхан зун цаг, хүүхдүүдийн хичээл амарсан, би бас өөртөө бяцхан амралт олгосон, дасгалаа завсарласан, хэлээ давтахгүй орхисон, бусад үүрэгт ажлуудаа түрхэн зуур хойш тавиад амс хийж байгаа ухаантай. Ядаж л уураг тархины ачаалал сав л хийвэл 100%-даа тулаад байхгүй, үүлэн чөлөөний нар шиг хэсэгхэн сул мөчүүд, эсвэл эсрэгээрээ тэнгэрт хөвөх жижигхэн хөвсгөр үүл цоргим халуун нарны элчийг түрхэн зуур боловч хааж, сэнгэнэсэн сэрүүхэн сүүдэр гаргаж өгөх мэт цухасхан, таатай хормуудад тааваараа амьсгаа авах мэт мэдрэмж төрмой.

Үүл гэснээс үүлэнд асар дуртайгаа саяхан мэдлээ. Хөвсийсөн цагаахан, ийм тийм гэх хэлбэр дүрсгүй, ганцхан мөчийн дараа эргэн давтагдахгүйгээр хувиран арилдаг, ер бусын соньхон, үзэсгэлэнтэй юм шиг. Бас дурласан үед төрдөг "үүлэн дээгүүр алхах мэт" мэдрэмжийг санагдуулдаг, хараад л баймаар гоё зүйл. Үүлийг ямар нэг дүрс болгож харах нь төсөөлөл, дурласан хүнээ сайн сайхан гэж бодох нь ч бас төсөөлөл. Үүл ба дурлалын харилцан хамаарлыг огтхон ч шинжлэх ухаанч биш байдлаар баталчихлаа :)

За буцаад газартаа бууя. Том охин маань со явахаар болж, өчигдөр визэндээ материалаа өгсөн. Эргээд харахад, монголдоо сайн гэгдэх сургуульд бэлдэх гэж ташуур лууван ээлжилж байсан үе, тэнцчихээд хоёулаа тэврэлдээд дэвхэрч байсан мөч, асар их ачаалалтай сургуулийн хэмнэлд учраа олох гэж өдөр шөнөгүй сууж хичээлээ хийх хүүхдээ хараад сэтгэл зовниж байсан жилүүд, их сургуулийн application, зөвлөх үйлчилгээ, сургуулийн сонголт, алдаа оноотой шийдвэрүүд, үй олон бичиг цаас бэлдсэн өдрүүд... Нүдний өмнө тэр бүхэн жирэлзээд, айдгаа авдрандаа хийсэн мэт санагдавч, урагшаа харахад охиноо ганцааранг нь хүний газар үлдээгээд ирэхэд цээжинд онгойгоод үлдэх том хар нүхний жин, үргэлж үгүйлэх сэтгэл, санаа зовох, түгших мэдрэмж өмнө дурайх. Гэхдээ би хамгийн best-ээрээ охиноо сургаж, чадвар суулгаж, хайраар усалж өсгөсөн, тийм болохоор үүнээс цааш бие даан сайн сайхан амьдарч чадна гэсэн итгэлээр хоосон орон зайг нь дүүргэх байхдаа. 

ЧАМАЙГ МАРТАХЫН ТУЛДЧамайг мартахын тулд эхлээд харцыг чинь, Чи намайг анх харсан тэр өдрийн нарыг, Тэр өдрийн нарыг санагдуулаад байгаа энэ өдрийн нарыг, Тийм ээ, ер нь бол нарыг мартах хэрэгтэй.Чамайг мартахын тулд эхлээд уруулыг чинь, Чамайг би анх үнссэн тэр үдшийн сарыг, Тэр үдшийн сарыг санагдуулаад байгаа энэ үдшийн сарыг, Тийм ээ, ер нь бол сарыг мартах хэрэгтэй. Нар, сарыг мартахын тулд нүдээ аних хэрэгтэй. Нүдтэй гэдгээ ч мартах хэрэгтэй. Аньсан байхад хараад байдаг Алив тэр нуугдагч нүд, нар сарнаас ч хол нүд...Ш.ДүүрэнжаргалЧамайг мартахын тулд эхлээд тэврэлтийг чинь,Чиний дэргэд сэрсэн тэр өглөөний үүлийг,Тэр өглөөний үүлийг санагдуулаад байгаа энэ өглөөний үүлийг,Тийм ээ, ер нь бол үүлийг мартах хэрэгтэй. Үүлэн дээгүүр алхах мэт мэдрэмжийг, Үүлтэй цуг хөвөх мэт сэтгэл хөдлөлийг,Хөнжил шиг нөмөрсөн дулаахан дурсамжийг,Хөв хөх тэнгэртэй нь цуг мартах хэрэгтэй.

Хүний юмаар хүүдэгнээд, шүлгэнд нь өөрийнхөөрөө хэдэн мөр нэмээ хаялаа, уучлаарай. 


5.7.24

Зун дуусахаас өмнө

 

Зун дуусахаас өмнө амжуулах 5 зүйл гээд пост уншсан юм. 

Ямар хүйтэн, хахир, харанхуй урт өвлийг даван туулж энэ богинохоон зуныг хүлээдэг билээ дээ. Ирсэн байгаа дээр нь аль болох шуналтайгаар амтлаад дурсамж бүтээгээд авах сан гээд гэгэлзээд. Энэ дуу, энэ мэдрэмжүүд нийлж байгаад хэдэн мөрт болон бууж байдаг шүү. 





Сониноос ub.life дээр миний орчуулсан нэг шүлгийг өөр хүний нэрээр тавьсан байхыг санаандгүй олж хараад, бичсэн сэтгүүлчтэй нь заргалдаж байгаад засуулсан. Шинээр дуу шүлэг орчуулахдаа иймэрхүү форматаар оруулж байхыг бодноо, ядаж л шууд хуулахгүйгээр.

11.12.22

He stopped calling

 5,6 жилийн өмнө Goodreads дээр уншсан номынхоо сэтгэгдлийг үлдээж байгаад ФБ найз болсон нэг хүн байдаг юм. Тэр номыг орчуулсан мундаг хүн байсан. Саяхан тэр хүнтэй эргэж "найзлаад". Сонирхолтой эссэ орчуулах уу гэхээр нь угийн хоббитойн болохоор ок гэлээ. Сэдэв нь ч яг миний мэргэшсэн салбар юм байна хаха. Угаасаа хүн бүрийн, ялангуяа эмэгтэй хүний амьдралд ийм тохиолдол заавал таарч л байсан байдаг. 

LA Times сонины "Dating horror stories" гэдэг буланд хэвлүүлж бсн, Агиймаа Кручкин гэдэг эмэгтэйн бичсэн нийтлэл. Линк нь энд. Ю.Н.Кручкин гээд насаараа монголд ажиллаж амьдарч буй дипломатч, орчуулагч, сэтгүүлч хүний охин юм билээ, аавыг нь ихэнх хүмүүс мэддэг би сая л мэдэж авсан бүлгээ. 


Надад ийм гоё хэвлэмэл, ном шиг нь байгаа. Хэдий богинохон түүх ч гэлээ, бичсэн хүнийхээ дотоод ертөнц, чигч шулуун зан чанарыг илтгэж байх шиг. Элдэв нэмэлт хачир, илүү дутуу эмоцгүй түс тас бичсэн нь таалагдсан. Миний блогийг уншиж романтик орон зайгаа дүүргэдэг уншигч түмэндээ зориулы даа. Түмэн = 10000. Гэтэл уншдаг нь гарын 10 хуруу дотор л доо хаха. За яахав яахав. Өөрийнхөө олон дурлал, болзооны түүхээс өвөрмөц нэгийг нь сийрүүлээд сонин хэвлэл рүү явуулдаг ч юм билүү :D





Тэр залгахаа больсон


Бид яагаад өөрийнхөө нууцыг үл таних нэгэнд, эсвэл биднийг сайн мэдэхгүй хүнд хэлэх дуртай
байдаг юм болоо?

Танихгүй хүн биш ч гэлээ, бөмбөрцгийн нөгөө тал Орост суух 78 настай эмээ минь шинэ
залуутай үерхэх болсноо дуулгах тохиромжтой хүмүүсийн нэг биш л байх. Т бид хоёр уулзаж
эхлээд сар орчим л болж байсан, тэгээд ч би гэрийнхэндээ Лос-Анжелесын тийм ч уянгалаг бус
учралуудынхаа тухай яриад байх сонирхолгүй хүн.

Тэгсэн мөртлөө, эрхэм хүнтэй болж байгаа эсэхийг минь асуусан эмээгийнхээ имэйлд “Би
нээрээ нэг хүнтэй болзож байгаа” гээд хариулчихсан л юм. Интернетэд өөрийн гэсэн бизнестэй,
хэд хэдэн гадаад хэлээр ярьдаг, Африк, Европ, Америк хооронд байнга аялдаг - миний
сонирхлыг татах болсон олон шалтгаан дундаас нэг нь энэ, тийм хүн.

"Харьяалагдах" гээч сонин мэдрэмжийг дотроо чимээгүйхэн үгүйлж явснаа тэнгис далайн
тэртээх Лос Анжелес рүү нүүж иртлээ төдийлөн ухаараагүй явжээ. Аав минь орос хүн, харин би
ээжийнхээ төрөлх нутаг Монголд төрж өссөн. Монголд байхад минь эрлийз гээд гайхаж,
сониучирхсан харц элбэг байлаа. Зөрөөд өнгөрөхөд цоо ширтэх бол энүүхэнд.

Амьдралдаа анх удаа, төрсөн нутгаасаа түмэн бээрийн алсад, олон өнгө холилдсон Лос
Анжелест л би “өөрийн хүн” шиг ууссан нь егөөтэй гэмээр. Хэн ч надруу улаан цайм ширтэхгүй.
Намайг ихэвчлэн “Америк” эсвэл “Хавай”(энэ таамаг Америк боловсролын алдааг илтгэх жишээ
гэлтэй ) хүн байх гэлцэнэ. Андуурсан гэдгээ мэдээд эвэртэй туулай үзсэн мэт “Тэгээд чи
хаанаас ирсэн юм? Харийн төрхтэй юмаа” гэлцэнэ.

Асуултанд нь хариулах үед яахаа мэдэхээ байж толгойгоо маажсаар хоцорно, учир нь ямар нэг
хайрцаг саванд багтаах гэтэл шингээчмээр ангилал бэлэн байдаггүй. Ялангуяа болзооны
аппликэйшн дээр энэ байдал ахин дахин давтагдана.

Т-тэй Тиндерт таарах хүртэл.

Байдаг л нэг уйтгартай “ Сайнуу хөөрхнөө” ч юмуу, эсвэл дургүй хүрэм “Чи хэн гээч вэ?”, эсвэл
нөгөө л “Уулзахуу”-гийн оронд тэр “Чиний нэрийг яаж зөвөөр дуудах вэ?” гэж асуусан юм.
Энгийн хэрнээ энэ асуулт яг л цэнгэг агаар мэт цээж дүүргэн орж ирсэн.

Уулзах цаг (Баасан гарагийн орой 6 цагт), газраа (тэр намайг ирж авахаар болсон) тохирсноос
хойш толгойд минь энэ үдэш хэрхэн дуусаж болох тухай, хүн амины хэргээс авахуулаад амар
сайхандаа жаргажээ хүртэл түмэн янзын төсөөллүүд эргэлдэж эхэлсэн.

Байрны маань үүдэнд тэр ирж зогсоод, машинаасаа гарч ирэн гэрэл цацруулсан инээмсэглэл,
дулаан тэврэлт бэлэглээд машины хаалгыг надад нээж өгсөн. Уулзаж байсан Лос-Анжелесын
уугуул болоод суугуул бүхий л залуусын 98%-с нь хавьгүй боловсон эелдэг санагдсан болохоор зүрх минь догдлоод л түргэн цохилоостой. Үерхдэг байсан хөвгүүдтэй маань - ихэвчлэн Мачу Пичуд даруулсан зураг, эсвэл үеэл, өрөөний найзынхаа нохой, мууртай цуг авахуулсан зургаар
Тиндерт гангардаг - зүйрлэхийн аргагүй жинхэнэ, өөрийнхөөрөө, бас сэтгэл сэргээм шинэлэг
байлаа. Таван хормын дараа гэхэд л бидний яриа Францын колоничлол, цагаачдын эрх болоод
үндэс угсаа хоорондын харилцаа гэх мэт гүнзгий сэдэв рүү хальсан байв.

“Хаана юу идмээр байна?” гэх мэт цаг үрсэн дэмий найрсаглалын оронд тэр өөрийнхөө дуртай
кофе шоп руу итгэл төгс явсан. Тэр үдэш юу хийхээ бүгдийг нь төлөвлөсөн байсан нь бас
туйлын шинэлэг гоё санагдсан гэж хэлье дээ. Кофены дараа Тай хоол, тэгээд Холливуд дах
уушийн газар очиж ууцгаасан. Хорвоогийн хамаг юмыг хамж шимж ярьсаар шөнийн 3 цаг
хүргэсэн. Тэр гэрт минь хүргэж өгөөд, би түүнийг орохыг урьсан, тэгээд бид үүр цайтал ярьсаар
л байсан.

Явсныхаа дараа ч гэсэн тэр уураг тархинд минь орж суучихаад би унтаж чадахгүй байлаа.

Энэ шохоорхол үнэхээр ер бусын байв.

Тэр бас надтай адил Лос Анжелест бүхнийг хоосноос эхлүүлсэн гадаад хүн гэдэг нь нөлөөлсөн
юм болов уу? Монгол чинь Африкт байдаг билүү? Чи хятадаар ярьдаг уу? гэх мэт эв хавгүй
асуултыг алгасаад, элдвийн стереотип гэж санаа зоволгүйгээр энгийн харилцаж, геополитик
мэдлэгээ хуваалцах нь надад таалагдаж байлаа.

Үүнийг л харьяалагдах мэдрэмж гэдэг байх даа.

Тэр яг л бодол санааг минь далдаас унших мэт ер бусын мэдрэмжтэй нь түүнд татагдах
сэтгэлийг минь улам өрдсөн байх. Түүний хурц, нарийн оюун ухааныг анзаарах тусам өмнө нь
өөр хэн ч ингэж сэтгэлийг минь татаж байгаагүй юм билээ. Гадаад төрхийг минь хуурай,
хиймлээр магтахын оронд тэр оюун бодлыг минь үнэлдэг байв. Асуугаагүй, өөрөө ч ухаараагүй
хэрнээ дотроо бодож явсан асуултанд маань хариулж бичих нь бас таалагддаг байлаа : “Сайн
уу, би ойрд таг байсан, гэхдээ чамайг мартаагүй шүү. Ажил аймаар их, тэхдээ л үргэлж чамайг
бодоостой. Маргааш хоолонд орох уу?” гэх мэт.

Нэг орой бид Пасифик Көүст хурдны замаар давхиж Пеппердин Их сургуулийн (миний төгссөн
сургууль) Хэрос цэцэрлэгт хүрээлэнд очив. Номхон далай болон Малибу эрэг их үзэсгэлэнтэй
харагддаг, их сургуулийн хотхон дотроо хамгийн өндөр цэг нь. Тэр шөнө, зэрэгцэн суугаад үүх
түүхээ ярилцангаа одтой тэнгэрийг ажин суухад, амьдрал яг л кино шиг санагдаж байж билээ.
Ер бусын бөгөөд намуун зөөлөн. Тэр намайг чанга тэврээд духан дээр минь үнссэн. Өөрийн
өмнөх учралуудаа, яагаад болж бүтээгүй тухайгаа, би өөрийнх нь амьдралд ямар сайн зохицож
тохирч байгаа тухай ярьсан. Хамтдаа явж болох аяллуудыг төлөвлөж, цуг үзэх TED яриаг
сонгож, дэмжиж оролцох тэмцэл, хөдөлгөөнийг ярилцсан. Хэзээ ч биелэхгүй ирээдүйн тухай
амлалтууд байлаа.

Тэр үдшээс хойш тун удалгүй бараг өдөр бүр уулздаг байснаа больж, мессеж бичих, залгах нь
онцын тодорхой шалтгаангүйгээр эрс цөөрсөн. Ажлын шугамаар тун их аялж яваа учраас гэж Т
тайлбарладаг байв. Яг тэр үеэр би хагалгаанд орсон өөр нэг эмээгээ асрахаар Монгол руу
хэдэн долоо хоног явж таарлаа. Лос Анжелест очсон хойноо уулзалдъя гэж Т Коста Рикагаас
мессеж илгээсэн байв.

Цаг зав их байсан тул Инстаграм ухаж ямар нэг тайлбар хайлаа. Хамгийн сүүлд уулзаж байсан
гэж таамагласан эмэгтэйг олов. Сүүлийн хэдэн жилийн турш Т-тэй цуг авахуулсан зургаа
оруулсан байсан юм. Гэхдээ яг надтай болзож байх үеийн зураг бол байгаагүй л дээ. Хэсэг
хугацааны дараагаас Т-тэй хамт байгаа зургуудыг дахин тавих болов. Тэр хоёр эргээд нийлсэн
юм болов уу? Эсвэл ерөөсөө салаагүй байсан ч юм болов уу?

Үнэндээ юу болсныг би хэзээ ч олж мэдээгүй, Т-тэй дахиж уулзаагүй болохоор.

Хамгийн сүүлд, хэдэн сарын дараа тэр над руу нэг мэнд мэдсэн, би хариу бичээгүй.

Би хайр сэтгэлтэй учирч үзсэн, гэхдээ энэ удаагийнх шиг ийм гүн гүнзгий, уураг тархиараа
холбогдсон хүн урд хожид хэзээ ч байгаагүй. Тэр элдэв хаяг шошго, хайрцаг савлагаагүйгээр
жинхэнэ намайг олж харж чадсан.

Чин үнэн гэвэл, би дахиж мөддөө эмээтэйгээ хуваалцах хайр дурлалын түүхтэй учрахгүй байх
аа даа.

27.4.22

Crush

Юм хөгжихийн хэрээр дурлах, таалагдах мэдрэмж бас олон янз болсын бн. Celebrity crush (олны танил алдартай хүнд крашлах), Book Boyfriend (ном, киноны дүртэй үерхэх?), Influencer Crush (од биш ч инфлүэнсэр хүмүүст крашлах) гэх мэт төрөл зүйл, эсвэл орон тоо олширсон гэнэ. Ганцхан чи мээнь гэдэг үе өнгөрчээ. Орон тоо бүр дээр нэг нэг хүн зоочоод сэтгэлээ баясгаж явбал гоё ч юм шиг ккк.

Миний хувьд Bridgerton-ы гол дүр яалтачгүй Book/Movie boyfriend гэчмээр бүр дурлаастай бснаа, одоо гүнзгийрээд түүнд тоглосон жүжигчинд нь крашлаад эхэлсэн. Цаанаасаа эерэг энерги цацарсан, хөгжилтэй, sweet guy юмаа. Гэй гэдгийг нь олж мэдээд ч хамаагүй санагдана. Зүгээр л тэр нэг human being-д татагдаж байхын. Бараг харь гаригийн амьтан гэсэн ч хөөрхөн санагдах бхаа :)

Дурлал л бол дурлал юм, сэтгэл санаа хөөрүү, үүлэн дээгүүр хөвсөлзөх мэдрэмж нь яг адилхан. Миний сэтгэлд дутаад байсан орон зайг дүүргэж өгсөн мэт. Хэнээс, хаанаас олж мэдэрч бгаа нь хамаагүй, өөрт минь юу мэдрэгдэж бгаа нь чухал гэдгийг ойлгож эхэлсэн нь нас ахисны давуу тал. Яг энэ номонд гардаг шиг...

Г.А. хүүтэйгээ цуг орчуулж Л.Ө нь редакторлаж, охин нь зургийг зурсан

"Энэ бүхэн жинхэнэ байх эсэх нь хамаатай юу? Цагийг сайхан өнгөрүүлсэн гэдэг л чухал биш үү?"

"үзэгдэж байгаа зүйл хүнийг татдаггүй, харин мөнөөхөн үзэгдэгч зүйлд татагдах сэтгэл л хүнийг түүнтэй холбодог"

 Bridgerton-ы зохиол нь их энгийн үгтэй, үйл явдалсаад байх юмгүй, ихэвчлэн романтик бөгөөд драматик дүрүүд(яг над шиг)-ийн сэтгэл хөдлөл гардаг. Ер нь франц орчуулгыг нь унших гээд үзвэл яадаг бол гэж мэргэн санаа төрөөд, эхний ботийг эхлүүлтэл дажгүй уншаад дуусгачдаг байшд. Францаар уншиж дуусгасан анхны ном! Бөөн баяр. Цаашдаа уншаад байж чадах юм байна гэсэн урам. Аманд эвлэрч гарах болоогүй ч толгой дотор эргэлдэх тархай бутархай үг өгүүлбэрүүд. Kindle апп-аар ном уншихын давуу тал нь толь бичигтэйгээ холбогдчихсон бдг, мэдэхгүй үгээ сонгоод тодруулангуут тайлбар, орчуулга нь гараад ирдэг, ёстой амар юм бн. Бүтэн өгүүлбэрээ ч орчуулаад харж болдог. 

Хоёрдох ботийг нь англиар уншчихсан, киног нь үзчихсэн. Гэхдээ одоо францаар нь унших гэж байгаа, яагаад гэвэл нөгөө номын бойфрэнд маань гардаг боть нь болохоор. Үг үсэг алгасахгүй нухацтай, гамнаж уншнаа :)

8.6.17

Soulmate = Emomate :D

Өнөөдрийн өндөрлөгөөс өөрийн өнгөрсөн үе, бичлэгүүдээ санахаар би анхны эмо нарын нэг, бүр эморолизмын үндэслэгч нтр юм бишүү дээ гэж бодогдохын. Одооны энэ эмо бацаануудыг төрөөчгүй байхад ориг, real-time, гүн ухаанлаг эмордог байж. Ер нь өөрийгөө зарлан тунхагланаа, Сөүлмэйт нь Эмомэйт байжээ гэж.

Одоо ч гэсэн унтраагүй ээ. Сэрүүндээ зүгээр юм шиг хэрнээ зүүдэндээ байнгын давтамжтай дурлаж эморох юм. Гэв гэнэт нээх аятайхан залуу надад сээтэн хаяал, бүр тас тас цоо цоо ширтээл, би нь орь залуу, сив сингл охин болчихоод сэтгэл хөдлөөд, догдлоод сүйд болохын. Дурлал даанч богинохон настай, зүүдэн дэх дурлал бүр хурдан, нүдээ нээхэд л ор сураггүй алга болно. Гэхдээ тэр өдөржингөө сэтгэл нэээх цатгалан, баяр хөөртэй яваад байдаг нь яалтачгүй үнэн юм даа.

Ингээд дурлалтай өдрийг тэмдэглэж нэгэн эмо дуугаар мэндчилье




Нэг л мэдэхэд, орхиод одох, цэл залуу нас минь
Намар хагдарч хавар дэлбээлэх цэцэг мэт
Онгон сарны туяанд цонхон тушаа эгшиглэх
Орь залуухан дурлалын дуу минь гунигтай яа

Улирах өдөр хоногоос зууралдан үлдээмээр байвч
Ул мөргүй хоосныг атгах гэж оролдох нь уйтай
Явуулахаас биш яалтай, эргэн харалгүйгээр
Яг  ингээл амьдрал зогсолтгүй урсдагаас хойш

Хаяад одсон хайртыгаа би уучилж чаднаа
Харин энэрэлгүй урсах цаг хугацааг яанам бэ?
Эзгүйрч хоцорсон зүрх сэтгэлээ зогоох гэж
Эртний дурсамжаа л дахин дахин онгичих юм...


ФБ дээр "Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдал" гэдэг дотор бичих гэснээ майжгий гуталнаасаа ичээд арилгацымаа.

Өчдөр орой хариал хоол унд хүүхэд шуухад гэж явжаагаал гутлаа далд хийхгээд харсан чинь ийм хоёр өрөөсөн гутал байхын. Гайхаал, багыгаа сахилгүйтээл солиод тавьчиж дээ гэсэн юм бодов. Тэгсэн чинь ажил дээрээсээ өрөөсөн гуталтай хүрээд ирсэн байж таарлаа. Ширээн доороо сольж өмсдөг гуталнуудаа өрөөд тавьчдын. Суужаахдаа тайлчаал хөл нүцгэн, босоод явахдаа углаал гарсан чинь ижил буруу. Хамгийн инээдтэй нь хэн ч анзаараагүй, би өөрөө бүр анзаараагүй. Охиныхоо сургуулиар орж гар хөлийн үсэг зураад багш нартай нь уулзаад гарч ирсэн хүншд.

19.3.10

"Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь"

Дурлаж явсан хөвгүүдийнхээ тухай, ой тойнд үлдсэнээс нь хаман бичив...Ихэнх нь одоо царай зүс нь бүдгэрээд эргэж таарлаа ч танихгүй болсон. Гэхдээ цээжинд үлдсэн балчир дурлалын мэдрэмж нь арчигдадгүй, арилдаггүйм шиг байна. Заримых нь жинхэнэ нэрийг бичиж орхилоо, одоо хүртэл мартаагүйдээ өөрөө ч гайхаад :р

13.8.09

Miracle

Өчигдөр гоё юм хараад...

Энэ оронд амьдарсаар анх удаа л солонго харав. Долоон өнгөөр сүлэлдэлж үүлэнд тултал нумласан үзэсгэлэнтэй солонго.



17.7.09

Romeo & Juliette


The Musical
Дуу, бүжиг, жүжиг гурвыг нэг дор хослуулсан мюзикалд би их дуртай. Анх Лондонд "The Phantom of the Opera" үзээд амтанд нь орж билээ. Дахин үзмээр байсан ч харьцангуй үнэтэй, бас зав зай гээл тохирол нь бүрдэж өгдөггүй хойшлуулаад яваад байсан, өчигдөр тэр хүслээ биелүүлж цэнгэлийн манлайг эдлэв :)

18.6.09

14.5.09

Чаат дурлалаа гэж...


Эртээ урьдын цагт, гүн далайг шалбааг байхад гүмбэр уулыг дов байхад... гэдэг шиг л олоон жилийн өмнө миний бие интернэт гэдэг яслийн мөлхөө ангид нь орж чат гэдэг тоглоомоор наадаж эхэлж байхад болсон явдал юмаа.

21.10.08

Love Takes Time

Өнөөдөр багадаа дуртай байсан нэг дууныхаа тухай бичье.

9.10.08

Back Hug (араас тэврэх)


Эртээр ТВээр "Back Hug" буюу араас нь тэврэхэд эмэгтэй хүн их дуртай гээд гарч байсан санагдаад тэр тухай бичмээр санагдлаа.

ойлгомжгүй цаг хугацаа

Нойр овоо гайгүй л байна. Гэхдээ яг өөрөөрөө биш. Кава гээд тайвшруулах эмийн ургамалтай магни уугаад. Бүрэн нам унтахгүй байна, кино шиг л ...