Ямар ч бсн сүүлийн өдөр нь амжаад орууллаа шүү хэнээ :)
9 сар их завгүй өнгөрлөө. Нямсамбуу багшийн заадаг Mindfulness бясалгалын хичээлд суув. Өглөө бүр утсаа маажиж сэрэхийн оронд бясалгалаар сэрэх оролдлого эхлүүлсэн. Ингэж бичихээр их лаг мундаг сонсогдож байгаа ч бүрэн төвлөрч, жинхэнэ бясалгал хийж эхэлтлээ хол байна. Сэрэнгүүтээ ядаж 5 удаа амьсгалаа мэдэрчих гэж багшийн хэлснийг санадаг. Тэгээд амьсгалж байтал буцаад унтчихнаа кк. Тэгээд дараагийн сэрүүлгээр өндийж суугаад 3 алхамт бясалгалыг дуурайна. Төгс хийх гэж оролдоод, бүтэхгүй болохоороо ор тас больчихдог нь буруу юм гэж ойлгосон. 100% төвлөрлийг төгс гэвэл, одоогоор 5%. Чамлахаар чанга атга, 0 байснаас лав дээр. Тууштай, өдөр бүр хийгээд, хичээгээд л байя.
Хичээл орж байх үеийн амар амгалан, сайхан мэдрэмжийг юутай зүйрлэмээр юм дээ. Сайхан хүний сайхан яриаг сонсчоод, сайхан цагийн сайхан уур амьсгалыг мэдрэн сайхан бодол мэдрэмжинд автан алхах. Шөнийн хотоор алхаж харих нь хүртэл өөрийгөө эрхлүүлэлт болдог юм бна.
Гэрийн ойролцоох фитнесс заал руу долоо хоногт 2-3 тогтмол явсан. Тэнд бас нэг багштай. Багш юу хий гэнэ, түүнийг нь дуусгахад болно. Ихэвчлэн ядарч цуцдаг, гэхдээ дасгалын дараах хором мөчүүд бас жаргал юм. Зарим өдөр нь овоо урам зоригтой, заримдаа шантарна. Булчин, өөх, ясны үзүүлэлтээ хэмжсэн, 3 сарын дараа дахиж хэмжээд өөрчлөлт хэр байгааг дүгнэх бодолтой.
Овоо жигдэрсэн байснаа өнгөрсөн 7 хоногт тасалдчихсан. Шөнийн марафон гээд рекламдаад байхаар нь оролцохгүй бол хоцрогдчих юм шиг санагдаад огт бэлтгэлгүй байж бүртгүүлчихсэн. 11.65км дажгүй сайхан, бүр хувийн амжилтаа ахиулаад гүйсэн боловч, маргаашнаас нь эхлээд толгой эргээд маш их ядраад. 3 хоног хямарсны эцэст өнөөдрөөс гайгүй. Фитнессээ тасалсандаа гэмших, тэр хугацаанд олсон үр дүнгээ тавиад туусан болов уу гэх харамсал зэрэгцээстэй. Яасан ч байсан, одоо дахиад эхэлнэ. Өөрийгөө хэтэрхий зовоохгүйг зорьж байгаа, хангалттай сайн байгаашдээ гэж толгойгоо илмээр.
Ходоод, бүдүүн гэдсээ дурандуулсан. Санаа зовоол бсн, харьцангуй эрүүл гараад баярлав.
Хоёр ном уншсан.
"Шөнө дундын номын сан"
Өнгөрсөн амьдралдаа хийсэн сонголтуудаа өөрөөр байсан бол гэж харамсах бодол хүн бүрд төрдөг байх. Надад ч зөндөө. Тэр бүхнээ залруулж, үй түмэн зэрэгцээ ертөнцийн аль нэгэнд тэс өөр амьдралаар амьдрах боломж гарвал? Тэндээ үлдэх болуу, эсвэл эргээд одоогийн амьдралаа сонгох болов уу? Юу өөрчлөгдөх бол? Сайн мэдэхгүй ч зах зухаас нь сонсож байсан философийн онол, ишлэлээс шигтгэсэн, квант физик зэргэлдээ ертөнцийн тухай ойлголтыг чимх оруулсан, хүн хоорондын харилцаа болоод мэдрэмжүүдийг бодитой, үнэн гэж санагдахаар гоё дүрсэлсэн. Яг миний дуртай стайлын ном. Үйл явдал, ээдрээндээ өөрөө төөрөөд алга болчихоогүй, цэгцтэй, эхлэл төгсгөл, өгүүлэх гэсэн санаа, дүгнэлт бүгд энгийн мөртлөө гүн гүнзгий. Уншаагүй бол заавал уншаарай л гэнэ.
"Сэтгэл бол эрхтэн"
Сэтгэл засалч Энхтүвшин эмчийн яриаг хаа таарсан газраа сонсоод явдаг. Номын баяраар талбай дээр өөрөө гарын үсэгтэй зараад сууж байхад нь таарч, худалдан авсан байх гэж бодож байгаа бол андуурчээ, аваагүй ккк. Бичгийн фонт нь том, нэг тийм "хөнгөмсөг" мөртлөө үнэтэй ном шиг санагдсын. Тэгсэн ажлын хүнээс зээлж авах завшаан таараад, нэг амьсгаагаар уншчихсан. Миний бодсон буруу байна лээ, цаг зав, хичээл зүтгэл их шингээсэн чамбай ном байналээ. Эмчийн өмнөх ярианууд, миний өөрийн туршлага, номын ойлгомжтой бөгөөд сонирхолтой бүтэц, агуулга бүгд нийлээд тархинд нэг цогц мэдлэг болон суух шиг санагдсан. Хамгийн сүүлийн бүлэг нь "Хосын харилцаа". Ёстой хэрэгтэй, хэрэгжүүлмээр мэдээлэл, гэхдээ надад /нөхөр бид 2ын хувьд/ дэндүү хожимдож дээ гэх хөндүүр бодол төрсөөр дуусгасан.
Нөхөр. Сэтгэл дэх шарх, өвдөлт хэвээрээ. Яахаа мэдэхгүй байгаа нь, амьдралдаа хөлөө олж чадахгүй байгаа нь, хэдийгээр би аврагч, туслагч, бүхнийг шийдэгч биш гэдгээ ухамсарласан ч гэсэн намайг өвтгөсөн хэвээр. Чадна гэдэгт нь итгэхээс өөр аргагүй байхдаа.
Нойр. Унтахдаа бол амархан болсон. Нойр сайн хүрнэ. Шөнө бүр заавал 2-3 удаа сэрнэ. Буцаад унтахдаа бас амархан. Сэтгэл түгшилтээс үүдэлтэй нойргүйдэл бол засарсан, одоо нас хүйсний онцлогтой холбоотой дааврын гаралтай шалтгаан байна гэж би хувьдаа бодоод байна. Үзүүлнэ дээ хэсэг харзнаж байгаад.
Болжийно хөө. Эрэ эрчээрээ яваад байгаарай.
ReplyDelete