5.10.24

Тэнцвэр

 Амьдарна, амжилттай байна гэдэг ерөөсөө л тэнцвэрээ олохын нэр юм бишүү дээ?

Аль нэг тийшээ хазайгаад уначилгүй, хадуураад буруу тийшээ давхчилгүй, дэнжигнээд ч болсон урагшлаад л байх. Тэнцвэрээ олох гэж зогсох боломж үгүй, цаг хугацаанд тийм тансаглал байхгүйм. Тэгээд ч Эйнштэйний хэлснээр дугуй унахдаа тэнцвэрээ олохын тулд жийгээл байх хэрэгтэй шиг, амьдралын тэнцвэр зогсоход биш харин зогсолтгүй урагшлахад олддог бололтой юм. Хамгийн их энерги олон зүйл амжуулахад биш, алийг нь түрүүлж хийвэл амьдрал тэнцвэрээ олох вэ гэдгийг бодоход зарцуулагдаад байх шиг. 




Хосын амьдралд ч тэнцвэр амин чухал. Яг тэнцүүхэн байлгана гэсэн үг бол биш байх, гэхдээ жинлүүрийн туухай нэг талруугаа хазайхаар ямар олиг байхав дээ. Хатан ухаан, ноён нуруу, язгууртан сэтгэлгээ нь дутсан юм байлгүй дээ, бидний өнгөрсөн амьдрал тэнцвэр алдагдаад удсан байсныг одоо ойлгож байна. Гэр бүлийн хүмүүжил, ээж аавын үлгэр дуурайлал, нийгмийн хандлага дээр нэмэх нь хэтэрхий балчир, туршлагагүй, түүхий байхдаа гэрлэж, суралцах хөгжих боломжуудаа дэргэдүүрээ өнгөрөөж, хоорондоо том ангал үүссэнг анзааралгүй нүдэн балай явж ирээ юу даа. Одоо бидний туулж байгаа процесс магадгүй ухаарал, эдгэрэл, ойлголцол руу хөтлөх бизээ. Итгэл найдвараа алдмааргүй. Бүхий л өөрчлөлт сайн сайхан луу, дэвшин дээшлэх талруу чиглэж байдаг гэдэг дээ. 

Genki гэж гоё үг байна шүү. Миний ойлгосноор, бие сэтгэлээрээ эрүүл саруул, амьдралд хайртай, эрч хүч урам зоригоор дүүрэн, идэвхтэй цоглог гялалзсан байдлыг хэлээд байх шиг байна. Яг миний болохыг хүсдэг, өөрийгөө тийм гэж мэдрэхийг хүсдэг мэдрэмж. 

Өөрийгөө мэдэрнэ гэснээс, гоо үзэсгэлэн бол, харагдах байдал биш, мэдрэмж юм. Хүн өөрийгөө хөөрхөн, сайхан гэж мэдэрч байвал тэр нь бусдын нүдэнд харагдаад гоё сайхан санагддаг болохоос, туйлын, үнэмлэхүй гоо үзэмж гэж байхгүй. Нэг үгээр "Хөөрхөн хүн = өөртөө таалагддаг хүн" юм уу даа. Тийм болохоор гадаад гоо сайхан, сэтгэл санааны байдалтай бүрэн уялдаатай. Багаасаа өөлүүлж, гоочлуулж өссөн хүн, өөртөө итгэлтэй болж төлөвших хэцүү, дандаа биеэ голно. Тэгээд үргэлж бусдын үнэлэмжээр өөрийгөө үнэлэх гээд байдаг. Нэг төрлийн дутуугийн комплекс байх.



Жихүүн сарны хүйтэн туяанд

Сүүдэр минь бүртэлзэн харагдахуй

Жинхэнэ сэтгэлээ нээх үү

Сонсоод өгөөч хэмээн


Үүр цайхыг дохиолж

Сэвшээ салхи сэвэлзэхүй

Үнэндээ яах гэж амьдарнам бэ

Санаа алдах мэт асуух уу


Гунигтай хэдий ч амьдарсаар

Гунихын эрхэнд амьдарсаар

Хүний орчлонг туулаад өнгөрсний утга учир

Хорвоог орхисны дараа л  танигдах буй заа

Хойноос минь санагалзан дурсах нэгэн

Харуусал гунигтай минь цуг хайрлаж байсан гэж хэлээсэй


Замхран уусах үдшийн гялбаа шиг

Сэтгэлийн хөндүүр амирлан одохуй

Залуу цагийн дурсамжаа үгүйлэн

Хөнгөн мишээх мөч ирэх болов уу


Ганцаардлыг минь мэдсэн юм шиг

Тэр нэг содон од 

Гагцхүү надад хань болон

Шөнийн тэнгэрт гялтаганах авай


Гунигтай хэдий ч амьдарсаар

Гунихын эрхэнд амьдарсаар

Хүний орчлонг туулаад өнгөрсний утга учир

Хорвоог орхисны дараа л  тодрох буй заа

Хойноос минь санагалзан дурсах нэгэн

Харуусал гунигтай минь цуг хайрлаасай


Тэртээ хожмын өдөр

Намайг дурсан гуниглах нэгэн

Уйтай хэрнээ жаргалтай амьдарсанд минь итгээсэй


Ойрдоо энэ дуу аманд аялагдаад. Гунигтай хэдий ч амьдарсаар л, гунихын эрхэнд амьдарсаар гэх мөрүүдийг сонсохоор нүдэнд нулимс цийлэгнээд. Ер нь үе үе гунигт автдаг хэвээр. Намайг сайн мэддэг найз маань, гуниглах нь чиний онцлог, амьдралын нэгээхэн хэмнэл, үгүйсгэх гэж, болих гэж оролдохын оронд зүгээр л биеэ сул тавь, амьдрал үргэлжилсээр гэж хэлсэн нь ой тойд орох шиг. 

Энэ амьдрал дууссаны дараа л утга учир нь танигдана гэсэн хэсэг бас сэтгэлд их нийцээд байгаан. Хүний мөн чанар, амьдралын утга учир өөрийнх нь сонголт болоод хийсэн үйлдлээс хамаарч өөрчлөгдөх болохоос анх төрөхдөө л ямарваа нэгэн хувь тавиланг атгаж төрдөггүй гэсэн санаа миний өөрийн философитой таараад. Хальт уншиж харснаар бол existentialism гэдэг юм шиг бган. Буруу ойлгосон ч байж магадгүйэ. 

Дууны үг орчуулах гэж оролдохдоо анзаарсан нь, англи юмуу солонгос хэлээр маш энгийн үгсийг олон давтаад ч хамаагүй уянгалаг яруу сонсогдож болоод байхад монгол хэл яагаад ийм хэцүү юм бол, сонсголонтой мөртлөө утга төгөлдөр буулгахын тулд, дотор мэдрэгдээд байгаа бүхнийг бүрэн илэрхийлэхийн тулд хамаг онгодоо дуудаад ч олигтой хөрвөхгүй, модон хөшүүн санагдах юм. Дээрээс нь хэмнэл, мөр толгой холбох, ньюанс далд санааг илэрхийлэх гээд, ярвигтай гэж.

Гүн шөнийн анир чимээгүйд дуртай дуугаа сонсоод суухаар 20 хэдтэй оюутан нас бодогдохын. Гэхдээ тэхэд найруулдаг кофе хэдэн аягыг уугаад ФМ радио сонсдог байсан, одоо шар айраг ууж байна ккк. Хэн ч эвдэхгүй амар амгалан, унтах гэхээр хайран санагддаг байсан нь адилхан юм. 




1 comment:

  1. Байдаг л нэгэнDec 12, 2024, 3:38:00 AM

    Ямар хурдан сар өдрүүд вэ

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Хүчирхэг, дайчин...

  Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав.  https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/...