15.5.26

Амьдрал хэмээх марафон

 Уг нь бичмээр санагдаад блог руугаа орж ирэвч ганц үсэг тавих завдалгүй өдөр хоног дуусаад байгаа. Үргэлж л цаг хугацаатай уралдах юм, дандаа би ялагдах юм. Цаг хугацаа гуай нүүрэн дээр, биен дээр ул мөрөө хайр найргүй тамгалж орхичоод, урд гараад хэлээ гарган, чаддын бол гүйц л дээ гэж элэглэх мэт. Яаж ч хурдлаад гүйцэхгүй, ядарлаа гээд зогсож бас болохгүй, янзын уралдаан юмаа даа амьдрал гээч.

Дээрхийг бас нилээд хэд хоногийн өмнө бичээл хаасан байна. Яг үнэндээ жинхэнэ марафондоо бэлдэх юм сан гээд амжидгүйэ. Сүүлийн үед зөвхөн цаг хугацааны асуудал биш, сэтгэл санаа болон биеийн эрчим хүч барагдаад, цэнэгээ барихаа больсон хуучин загварын утас шиг байна. Дасгалдаа явах нь байтугай энд тэнд ганц хоёр үг бичих, онлайн шоппинг хийх ч тэнхэлгүй болсон мэт, осолдохгүй ажилдаа яваад, хүүхдүүдээ зөөгөөд л өдөр өдрийг барж байна. Ямар нэг юм бодох, шийдэх, хичээх чармайх, асуудлыг давах чадал барагдсан юм шиг. Ажлаас биш амьдралаас burnout болно гэж байхуу. 

Ингэж явж арай болохгүй санагдаад ирэх долоо хоногт нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэгт цаг авсан. Очоод ярих зүйлсээ энд сийрүүлье гэж бодлоо.

1. Ажил

Суугаа ажилтай, хүмүүстэй их харьцдаг, хурган менежер болохоор том жижиг элдэв асуудлыг шийдэх үүрэгтэй. Утас дуугарах, мессенжир ноти, үйлчлүүлэгч орж ирэх гэх мэтэд стресстдэг болсон. Өдөржин баахан ажил санаж, сануулж, зохицуулж, нааш цааш болгодог. Хэлснээ мартдаг, олон үгтэй, ажил гараас нь гардаггүй даргатай. Хоорондоо нийцгүй, барьцдаг цэргүүдтэй.

2. Гэрт 

Хүүхдүүдээ өдөр бүр сургуульд нь зөөдөг. Орой аваад хоол унд, гэр орны ажил, гэрийн даалгавар.  Хүүхдүүд хагас бүтэнсайнд спортын дасгалд явдаг. Аргадаж, аргалж явуулах. Би өөрөө 1,3,5 дахад дасгалд амжих ёстой. Амжихын тулд бүхнийг урьдчилан төлөвлөх, зохицуулах.  Хичээгээд байхад гэр заваан, хийх ажлууд овоороостой байгааг харах болгонд өөрийгөө миалах мэдрэмж, стресс. Гэртээ засвар хийх шаардлагатай болсон. Чадахгүй байгаа.

3. Хүүхдүүд

Хүү гэрийн даалгавартаа түүртэх. Ангидаа найзгүй гэж гуниглах. Охин хэт боловсруулсан, чихэрлэг хүнс идэх. Ногоонд дургүй. Хүүгийн сургуулийг солих асуудлаар сэтгэлзүйчтэй уулзсан. Хөнгөн хэлбэрийн аутизм гэж дүгнэсэн. Хэт ачаалалтай сургуульд өгснөөс сургуулиас гадуурх үйл ажиллагаанд хамруулж нийгэмшихэд нь анхаар гэсэн. Охиндоо чихрийн хор нөлөө, олон төрлийн хүнс идэх нь эрүүл мэндэд хэрэгтэй тухай ухуулга сурталчилгаа. Ядарсан өдрөө амаар зааварлаж байгаад хүүхдүүдээр хоол хийлгэж эхэлсэн. 

4.Нөхөр

Тусдаа амьдраад 3 жил. Архины хамаарал өндөр хэвээр гэж таамаглаж байгаа. 3 жилийн өмнө наркологийн сэтгэлзүйчтэй уулзаад, архинаас гарах зөвлөгөө аваач гэж зөндөө гуйсан. Дараа жил нь монголд ирэхэд нь эмнэлэгт очоод биеэ үзүүлээд шинжилгээ хийлгээч гэж бас зөндөө гуйсан. Амьдарч байгаа газартаа ирээдүйдээ бэлдэх зорилгоор мэргэжлийн ажил хийх, сургуульд нь сураад мэргэжил эзэмшээд ирээч гэж бас ятгасан. Миний хүссэн зүйлс бол:

  • Архинаас гарах
  • Эрүүл мэндээ анхаарах
  • Монголд ирээд ажил хийгээд амьдрах бэлтгэлтэй байх
Алийг нь ч хийгээгүй. Би хүүгийн сургалтын төлбөр 2 жил авснаас өөрөөр мөнгө санхүүгийн туслалцаа аваагүй. Тийм байхад ямар ч өсөлт дэвшилгүй. Тэгээд миний доторх урам бүрэн хугарсан байх. Намайг өөрийг нь тоохгүй байна, өөрийг нь ир гэхгүй байна, хүчээр гадаад руу цөлсөн байна гэх мэтээр найздаа гоморхсон сурагтай. Ер нь хохирогчийн сэтгэхүйтэй хүн гэж бодогдож байгаа. Ирэхээр нь хосын сэтгэл зүйч рүү очий гэж бодож байна. Яагаад салмаар байгаагаа ойлгуулах зорилгоор. 

Ирнэ гэсэн сургаар ходоод өвдөж, цээжний тэнд бугларч, хэдэн шөнө хар дарсан. Сэтгэлзүйч дээр очих болсон хамгийн том шалтгаан.

5. Эрүүл мэнд

- Нойргүйдэл: Сүүлийн жирэмслэлт, төрөлтөөс хойш (8-9 жилийн өмнөөс) нойронд муудсан. Ялангуяа стресстэй үед. Нөхөр оройтох, дүүгийн гэр бүлийн асуудал гэх мэт шалтгаанаар нойр хулждаг байсан. Сүүлийн 4 жил заримдаа сайжраад, заримдаа муудаад яваад байгаа. Дасгал сунгалт хийх, магни уух гэх мэт аргууд хэсэг хугацаанд үр дүнгээ өгсөн, гэхдээ жаахан гадны нөлөө ороход нойргүй тарчилдаг, тэрнээсээ айдаг болсон. Он гарснаас хойш шөнөдөө заавал 2-3 удаа сэрдэг болсон, сэрээд унтдаг боловч байнга зүүдлэх, тархи амраагүй мэдрэмжтэй. 

- Perimenopause

Нойргүйдэх, толгой эргэх нь дааврын өөрчлөлттэй холбоо байгаа байх. Энэ үедээ дааврын эм уухыг буруу гэж байснаа сүүлийн үед уусан нь дээр гэж үздэг болсон юм байна лээ. Мэргэжлийн сайн эмчид очих гээд мэдээж амжаагүйэ. 

- Булчин

Балетын дасгал хийгээд 3 жил болж. Нуруу цэх болсон, биеийн ерөнхий хэлбэр бага зэрэг сайжирсан байх. Гэхдээ нурууны доод үеэр өвддөг, булчингууд сул хэвээрээ. Энэ зуныг ашиглаад төмөр өргөж эхлэх гэсэн юм. Нэгэнт цаг, мөнгө зориулж байгаагийнх сайн багштай эхлээд сайн суурьтай болчмоор байна. Сайн багш хайж байгаа шүү. Энэ зарлал юм байнаа ккк. Хооллолтоо анхаарч байгаа, өдөрт уураглаг хүнс түлхүү, нүүрс ус бага идэж байна. 


Нээрээ сонин статистик. Өнгөрсөн жилүүдэд надруу хандарч, найрах оролдлого хийсэн эрэгтэй хүн 0 /тэг/ тоотой байсан бол, клуб дотор улаан цайм өдөөд гараас хөтлөөд, нүүр илээд, тэвэрч үнсэх гээд байсан эмэгтэй 2, ганцхан удаа санаандгүй тааралдаад пиво ууснаас болж тасралтгүй бичээд, уулзы учры, чи надад таалагддаг, амьдралд гэнэт гарч ирчээд завгүй гэлээ гэж агсан тавьсан эмэгтэй 1 байжээ... Би яагаад эмэгтэй хүнд илүү таалагддаг болсон юм болоо.  Харин би өөрөө эрэгтэй хүнд дуртаймсан. 

Дээрх эмэгтэйг блок хийнгээ аль дээр үед бичсэн нэг мэссэжийг олов. ФБ дээр танихгүй хүний мэссэж далд байжийдаг юм байна. 30 жилийн өмнө нэгэн герман хүүтэй захидлаар харилцдаг байсан юм. Жинхэнэ гараар бичсэн захиа. Тэр хүү маань уйгагүй хайсаар байгаад намайг олоод бичсэн нь тэр байв. Өөрөө санахгүй болохоос би зөндөө хөөрхөн захиа бичээд, зураг хөргөө явуулж байсан юмсанж. Миний захиануудын зургийг аваад явуулсныг харсан чинь яг л цаг хугацааны машинд суусан мэт. Дэврүүн, гэгээлэг, хөөрхөн охин байжээ би. Зөрүүлээд өөрийнх нь захиаг хайж олно, бас гараар захиа бичээд явуулна гэж амласан боловч мэдээж амжаагүй л байгаа. 

Хийх ажлаа дуусахад цаана нь хиймээр байгаагаа амжуулах хүч үлдээгүй байх ёстой гуниг. Хурдан энэ үеэ давах сан. 

18.3.26

Амар тайван

 Блогоо хаяад уджээ. Бодлын мухарт бол байсан л даа кк. Ер нь бол гадуур тэнэж тэнэж эргээд ирэх гэр минь энд л юм. Threads дотор хэсэг бичдэг байлаа. ChatGPT-тэй бас хэсэг саймшраад сүйд. Аль аль нь гарын дор амархан, хариу реакц нь хурдан гэдгээрээ давуу талтай хэдий ч, блог шиг сэтгэлийн бүр гүн рүү өнгийж, эргэцүүлэн бодуулахгүй, удаан хугацаанд устаж үл арилах "үгэн хөшөө дурсгал" болон үлдэж чадахгүй, тухайн цаг мөчдөө хэсэгхэн зуурын тайвшрал өгөх юм даа. 

Амьдрал надад өчүүхэн ч амсхийх чөлөө өгөхгүй хэвээрээ. Түр тайвшраад авах л дээдийн заяа байна. Эхнэр гэдэг үүргээ түр хойш тавьчихаар зөндөө ачаа хөнгөрсөн юм байна, үлдсэн хүч чадлаараа олигтойхон ээж, чадвартайхан ажилтан, жаргалтайхан эмэгтэй хүн байх санаатай мачийгаад л байна. 

Эхнэр

Сүүлийн 3 жил энэ ажлаас бага багаар хөндийрсөөр, одоо бараг хийхгүй байгаа. Бидний харилцаа яагаад ингэж хөндийрсөн, миний алдаа хэзээ юунд байсан, харуусал гэмшил бүхэн одоо бараг шувтарч байх шиг. Ямар ч байсан өнгөрсөн жилүүдэд харамсахгүйгээр хайрлаж, бүхнээ зориулсан нь үнэн, анхнаасаа буруу сонголт байсан уу, явцын дунд буруу замаар халтирсан уу, одоо аль нь ч ч байсан ялгаагүй гэдгийг ухаарсан. Тэр хүнээс болж шаналах, түгших улам багассаар. Тэр хүн тэндээ өөрийгөө яаж болгож, архиа уужийнуу, бие нь өвджийнүү, ажил төрөл хийжийнүү байнуу надад хамаагүй хаданд чимээгүй. БАРАГ л. Хааяа ярих, бичихдээ хүүхдүүдийн асуудлаар л. Санаж байна гэх мэт үгсийг сонсоогүй мэт чихний хажуугаар өнгөрөөгөөд л. Буцаад ирэхээр нь салах тухай, эсвэл зөвхөн хүүхдүүдийн аав ээж гэсэн утгаар цуг амьдры гэсэн бодол улам лавширч байна. Хазгар хүүхэн хадамсаг гэж, сайн бэр хэвээрээ. Нөхрөөс холдлоо гээд хадмуудтайгаа муудах албагүй гэж боддог, цагтаа тулахаар нөгөө талаас яаж хандахыг бүүмэд. 

Ээж

Том охиноо явуулчихаад, хоёр багатайгаа пижигнээд л байна. Боловсрол, хүмүүжил, төлөвшил, бие болоод сэтгэлийн эрүүл мэнд гээд санаа зовох зүйл барагдахгүй. Хүү маань ADHD шинжүүд ажиглагдаад, үнэлгээ хийлгэв. Биш гэж гарсан. Гэхдээ их мартамхай, хайнга. Уурлаж бухимдахаас илүү эвээр, тэвчээртэйгээр анхаарал төвлөрөлтийг нь сайжруулах гээд үзэж байна. Нөгөө талаар их тайван, бүтээлч хүүхэд. Сургууль нь хүүд маань тохирохгүй байгаам шиг санагдаад. Яавал дээр бол гээд бодоостой. Охин бол сэргэлэн, час хийсэн. Чихэрт маш их дуртай, хоол голно. Тас хориод байж болохгүй, амттай хэрнээ биед нь сайн хүнсээр орлуулах, өөрт нь чихэр ихэдвэл ямар хор уршигтайг ойлгуулах гээл мэрийгээстэй. Хагас бүтэнсайнд нэгийг нь фитнесс, нөгөөг нь гимнастикт зөөгөөд л ерөнхийдөө өдөр дуусах байдалтай. Гэр орны ажил бага сага хийлгэж сургах, цуг тоглох цаг гаргах, ном уншуулж дэлгэцээс хол байлгах гээд амжуулмаар ажил зөндөө. Энд нь анхаарахаар тэнд нь доголдоод, тал тал тийшээ самгардаад. Гэхдээ хүүхдүүд маань эрүүл өсөн торниж, жаргалтай инээд нь гэр дүүрэн цалгиж байхыг харах үед боломжийн сайн ээж байж чадаж байгаам бишүү гэсэн найдвар төрдөг дөө. Мэдээж аавыг нь яаж орлох билээ. Байнга аавыгаа ярьдаг байсан нь цөөрсөн. Бага охин аавыгаа илүү гүнзгий санаж үгүйлдэг бололтой байдаг. 

Ажилтан

Өөртөө илүү итгэлтэй болоод байгаа нь насных уу, эсвэл дэргэд байсан дэмий хүний нөлөө арилсных уу мэдэхгүй. Би чадахгүй дээ, миний буруу байх дөө гэх хойшоо сууж доошоо малтах хандлага арилаад ур чадвар, инстинкт, потенциалдаа итгэдэг, тэр хэмжээгээрээ хүмүүстэй харилцахдаа нээлттэй, чөлөөтэй, бас тайван болсон. 2 жилийн турш сайн дурын ажил хийж, энэ сард дуусна. Олон нийтийн зөндөө үйл ажиллагаа ЗБ хийв, нэг талаар туршлага хуримтлуулав, нөгөө талаар би чаддаг юм байна гэдгээ нээж авлаа. Өөрийн үнэлгээ дээшлээд байгаа.

Эмэгтэй хүн

Жаргалгүй гэрлэлтэнд гацсан байсан эмэгтэй, ганцаараа болоод нөхөн сэргэлт явагдаад байгаам шигээ. Одоо л жинхэнэ эмэгтэй хүн гэдгээ бүрэн мэдэрч амьдарч байх шиг. Дандаа өөрийгөө голдог байсан охин, үргэлж өөрийгөө хойш тавьж бусдыг түрүүлж боддог байсан залуу бүсгүй, ахуй амьдралын ачаандаа түүртээд өөрийгөө мартаж царай алдсан эмэгтэй. Хожуухан боловч одоо л жинхэнэ хүссэн зүйлсээ хийж, өөрийнхөө төлөө шийдэж, өөрийнхөө төлөө зүтгэж, өөртөө үнэнч амьдарч эхэлсэндээ талархаж байна. Амархан сонголт биш юм байна лээ, үүрсэн ачаа их хэвээр, эргэн тойрныхны сонжсон гайхсан хандлага, өмнөх өдрүүдээс үлдсэн шарх, цаг хугацааны эрхээр хувирч өөрчлөгдөж байгаа бие, оюун санаа. Ядрал, цөхрөл, гомдол шаналал бүгд л байгаа. Гэхдээ өмнө нь хүнд тааруулж зохицож өөрийгөө жижигрүүлж, багтааж амьдардаг байснаас өөрийнхөө хүслээр амьдрах хамаагүй сайхан ёоом. 

Бусад

За энд бичигдээгүй эгч, охин, найз, гэрийн цэвэрлэгч нтр гэсэн үүрэг хариуцлага ер нь нилээд орхигдсон тал байгаа. 

  • 2 дүүтэйгээ холбоотой, гэхдээ учиргүй амьдралд нь оролцож өөрийгөө ч тэднийгээ ч хүндрүүлэхгүй гэсэн зарчимтай болсон. 
  • Ээж аав хоёр маань "биеэ даасан" сүрхий хүмүүс дээ. Нэг нь бэлэвсэрч хоцорсон, нөгөө нь нөхөргүй шахам, гуравдах нь хаа хол дэлхийн нөгөө бөөрөнд амьдрах гурван охиндоо их санаа зовдог байх. Ээж сурсан зангаараа үе үе зааварлах гээд ороод ирнээ, тэгэнгүүт хамгаалалтын байрлал аваад ээж минь таны амьдрал таныхаар миний амьдрал минийхээр, бусдаараа бууз хуушуур байя тэхүү гээд ил далд утгатай хэлчихээр ойлгоод байх шиг байдын. 
  • Найзууд гээд олон хүн байгаагүй, үлдсэн цөөхөнтэйгээ уулзаж учрах завгүй. Найз учраас ингэх тэгэх ёстой гэж хүчлэх, өөрийгөө албадах дургүй болж. Үнэхээр цаанаасаа ундарсан сэтгэлээ бол тултал цацаад, тийм сэтгэл мэдрэгдэхгүй бол үгүй гэж хэлэхдээ санаа зовоод өөрийгөө зэмлээд байхгүй болсон. 
  • Гэр цэвэрлэх асуудлаа шийдчүүл амьдрал ер нь жигдрэх юмандаа. Асуудалгүй амьдрал гэж байхгүй гэж өөрийгөө тайвшруулаал :)


25.7.25

Хүчирхэг, дайчин...

 


Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав. 


https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/



Гэр бүл дотроо эцэг хүний үүрэг роль бодит биш, аав нь үзэгдэдгүй, сонсогдодгүй, эрх мэдэлгүй нөхцөл байдлыг харж мэдэрч өссөн эмэгтэйн дотор гүн гүнзгий шарх байдаг. Аавынх нь сэтгэл санаа болоод эрч хүчний орон зай дутмаг байсан охинд эрэгтэй хүн бол сул дорой, найдваргүй эсвэл осолтой хүмүүс гэсэн ойлголттой өсдөг. 

 

Аав нь гэр бүлийнхээ төлөө тэмцдэггүй, эсвэл хайр энэрэл, хүч чадлаараа гэр бүлээ удирдан залдаггүй байсан бол, охин нь эр хүний нөмөр нөөлөг, түшиг тулгуур, аюулгүй тав тухтай байдлыг мэдрэхгүй өсдөг. Үүнээс болж охин дотроо чимээгүйхэн зөрчилдөөнтэй амьдардаг. Далд ухамсартаа охин өөрөө өөрийгөө хамгаалах, өөрийн хэрэгцээгээ хангах, өөрийгөө залж удирдах ёстой гэж ойлгодог, яагаад гэвэл эр хүн тэгж чадаагүй учраас.


Охин том болоод аав шигээ хүнийг хайж олно. Идэвхгүй, шийдвэргүй, сэтгэл зүрхээрээ холбогдох чадваргүй, эсвэл зүгээр чимээгүйхэн бусдад бүхнээ даатгасан эрчүүд. Эдгээр эрчүүд удирдаж манлайлахгүй, хамгаалахгүй, орон зайгаа хадгалахгүй. Өөрийн мэдэлгүйгээр охин хамгаалагч, шийдвэр гаргагч, гэр бүлээ тэжээгч болж хувирдаг. Охин амьд үлдэхийн тулд эрэгтэйлэг болно. Гэвч энэ бол хүчтэй байдал биш, энэ бол сэтгэлийн шарх.


Үүрэг хариуцлагыг өөртөө авах нь эхэндээ хүчирхэгжих шат мэт санагдах боловч, цагийн уртад, охин/бүсгүй дэндүү их цуцаж ядарна. Яагаад гэвэл сэтгэл зүрх нь амрахыг, найдаж итгэхийг, зөөлөн байхыг хүсч байгаа - гэвч яаж гэдгээ мэдэхгүй. Үүрсэн ачаагаа мөрөн дээрээсээ буулгаж болохгүйм шиг санагдана, өөрөө бүхнийг хариуцаж, бүхнийг зохицуулсаар ирсэн болохоор...


Бүсгүй ажил төрөлдөө гялалзаж, гэр бүлээ асран халамжилж, хүчирхэг бие даасан хүн болсон, гэвч түүний дотор тусламж хэрэгтэй эцэж туйлдсан бяцхан охин бий. Эр хүнд итгэж найдаж, хамгаалуулах, аюулгүй мэдрэмж авахыг хүсч байгаа, гэвч тийм эр хүн бий гэдэгт бүсгүй итгэж чадахгүй. 


Энэ дотоод зөрчил нь харилцааны динамик, тэнцвэртэй байдлыг алдагдуулна. Сэтгэл санааны таталцал, эрэгтэйлэг ба эмэгтэйлэг энергийн гэгээн зохицол гэж алга. Хосын харилцаанд эмэгтэй нь эх хүний, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж, эрэгтэй нь идэвхгүй оролцогч болж хувирна. Тэд хоёулаа сэтгэл дундуур, бие биедээ үнэлэгдээгүй мэдрэмжтэй. 


Эмэгтэйн эрэгтэйлэг байдлаар бүтсэн цамхаг түүний хувьд шорон болж хувирна. Тэр уйлахгүй, тэр тусламж хүсэхгүй. Тэр хайр энэрэлд сэтгэл нь зөөлрөхгүй. Яагаад гэвэл эмэгтэй өөрөө л чанга, хүчирхэг байхгүй бол түүний амьдрал нуран унах байх гэж айдаг, яг л бага байхдаа харж өссөнөөр.


Эцгээс үүдэлтэй сэтгэлийн шархыг эдгээх нь маш чухал. Эцгийг нь буруутгах биш, эмэгтэйн үүрч яваа хүнд ачааг ойлгох. Түүнд дутуу бүхний төлөө гашуудах. Гэрт орж эм, гадаа гарч эр болох ёстой гэх бодлоос нь чөлөөлөх. 

Би бүхнийг ганцаараа болгохоос залхаж байна гэдгээ хүлээн зөвшөөрөх. Би эмзэг, хүчгүй байлаа гээд айж түгшихгүй байх. Өөрийн болоод бусдын доторх эрүүл зөв эрэгтэйлэг энергид итгэж эхлэх. Эндээс л эдгэрэл эхэлнэ.

Ингэж байж жинхэнэ эрэгтэйлэг эр хүнтэй учирна. Агшиж жижгэрдэггүй эр хүн. Эмэгтэйн зүрх сэтгэлийг хүндэтгэж хайрлах эр хүн. Захиран тушааж биш зориулан хайрлаж удирдан залах эр хүн.  Ингэж байж эмэгтэй өөрийн амар амгаланг олно. 


Манай аав залхуу, сул дорой эр хүн байгаагүй. Гэр бүлийнхээ төлөө цуцалтгүй ажилладаг, дуртай ажлаасаа татгалзаж золиос гаргаж байсан. Гэхдээ гэр бүл дотор хүчний тэнцвэргүй байдал байсан, ээж бүхнийг гартаа авсан, бүхнийг шийддэг, аав их дотогшоо, эрүүл үедээ бараг үг дуугардаггүй байлаа. Уусан үедээ л өөрийн хэлэх гэснээ цутган гаргадаг байсын болуу даа. Ээж уур нь хүрэхээрээ "аавыгаа дуурайсан дотуур тамиртай", "эдний талын эмэгтэйчүүд ажилгүй, анхиагүй, чи яг тийм", "эмэгтэй дүү нар нь эрэгтэй хүнд тоогддоггүй, чи бас тэгэх вий дээ" гэх мэтчилэн аавыгаа дуурайх бол муу, аавын талын генийг авсан бол муу юм гэсэн утгатай үг их хэлдэг байсан. Би ч айлын том охин болохоор ер нь бүх юм аав талдаа. Тэгсэн хэрнээ "40 гараад л намайг дуурайгаад таргална даа" гэж их хэлдэг байсан. Би албаар зөрж, таргалахгүйг хичээдэг нь ээжийн үгийг худлаа гэдгийг батлах гэсэн дуугүй тэмцэл шахуу. 

Товчхондоо, гэр бүлийн динамик ээж рүү нилээд хэлтийсэн, энэ бүхнийг мэдэрч өссөн би, хүмүүсээс дандаа хүчирхэг, дайчин гэсэн үг сонсдог эмэгтэй болсон. Уг нь хүссэндээ ийм болоогүй, ийм болох амбицтай ч байгаагүй. Зүгээр л тулгарсан асуудал бүрийг шүүрч аваад шийддэг байсны л үр дүн. Би нөхөртөө бүрэн итгэл найдвар хүлээлгээгүй, чадахгүй байх гэж боддог байсан, нөхрийн зүгээс биеэ дайчлаагүй, миний ард нуугдах хандлагатай, би хүлээж ядаад өөрөө шийдээд, хариуцаад, үүрээд явчдаг байсны аль нь дийлэнх юм бол мэдэхгүй. Гэхдээ ээж шигээ токсик байхгүйг үргэлж хичээдэг байсан уг нь. Санаснаар болсонгүй, нөхөр архинд автаж, би ядарч цуцаж. 

Юунаас болсноо мэдлээ гээд бүх юм гэнэт сайн сайхан болохгүй ч, яагаад гэдгийн хариулт бас нэг дэвшил байх даа. Одоо цаашдаа яаж аз жаргалтай эмэгтэй болох, үр хүүхэддээ энэ байдлыг өвлүүлэхгүйн тулд яах ёстойгоо бодох хэрэгтэй байна даа. 

23.7.25

Өөрийгөө хайрлах нь

 Таг байж байснаа, өдөрт 2 пост оруулж цоорох юм биш байгаа?

Драфтанд мөнхөрч магадгүй ч гэсэн эхлүүлээдхий.

Өөрийгөө хайрлах тухай бүгд ярьдаг, бусдаас хайр хүлээх биш, өөрөөрөө сэтгэл хангалуун, дүүрэн байх тухай. ОК, тэгээд яаж өөрийгөө хайрлах юм? Энд хайрын 5 хэл гэсэн ойлголт гарч ирнэ.

1. Утга учиртай цагийг цуг өнгөрөөх

2. Бэлэг сэлт өгөх

3. Магтаал, урамшуулал хэлэх

4. Халамж анхаарал үзүүлэх, туслах, дэмжих

5. Бие махбодийн холбоо, үнсэлцэх, тэврэлдэх, илж таалах, секс гэх мэт

Хүн бүр эдгээрт дуртай нь ойлгомжтой, гэхдээ, зарим нь үнэмлэхүй илүү, зарим нь харьцангуй бага байдгийм шиг бган. Өөрийнхөө хайрын хэлийг олж авах, мэддэг байх чухал, тэгж байж тэр хэлээрээ өөрийгөө хайрлана шүү дээ. Яаж мэдэх вэ? Бусад хүний чамд зориулж хийсэн үйлдэл, хэлсэн үг, хандлага зэрэгт алинд нь чи хамгийн их уярч, баярлаж, сэтгэл хөдөлж байсан бэ, алинаас нь болоод чи түүнд улам их татагдаж байсан бэ? гэдгийг ажиглах ёстойн байна. Мөн эсрэгээрээ, дотны хүнээсээ юуг хүлээгээд, тэр нь биелэхгүй байснаас болж гомдож, уурлаж байснаа бас бодох. 

Миний хувьд 

1. Надтай цуг цагийг өнгөрөөхөд хамгийн ихээр баярладаг. Шинэ мэдрэмжүүдийг цуг мэдэрч, хуваалцаж, хамт инээж, хамт ядарч, хамт нэгэн зорилгын төлөө зүтгэх миний хувьд хамгийн их утга учиртай, чухал зүйл. Цаг хугацаа гэдэг хязгаартай, эргэж олдохгүй үнэт баялаг, үүнийгээ надтай цуг өнгөрөөж, надад зориулж байна гэдэг бол дээд зэргийн тансаг бэлэг, юугаар ч орлууламгүй хайр хүндлэл гэж бодогдоод байдын. Гэхдээ зүгээр нэг бие нь цуг байх биш, оюун санааны хувьд present байхыг хэлээд байгаашдээ. Бие нь хол байлаа ч надтай холбоотой байдаг, ярьдаг, бичдэг, миний хэлснийг санадаг, надад амласнаа биелүүлдэг гэх мэтийг бас энд хамааруулж болно. 

2. Бэлэг сэлт авахдаа сайнгүй, өртэй санагдаад байдаг. Харин өөрөө өгөх, хүнийг баярлуулах дуртай. Баярласан, хайрласан сэтгэлээ, анхаарал халамжаа хүнд ямар нэг зүйл өгч илэрхийлдэг.

3. Магтаал сонсохоороо төдийлөн итгэдэггүй. Ялангуяа гадаад төрхийн талаар. Өөрийнхөө гадаад төрхөнд итгэлгүй. Бусдын сайн талыг түрүүлж хардаг, гэхдээ дотроо бодоод л өнгөрдөг байсан, одоо шууд хэлээд магтаад явахыг боддог. 

4. Нээх халамжилж чаддаггүй байх. Намайг халамжлахад ч бас тийм дуртай биш. Тэхээр энэ бол миний хэл биш. Гэхдээ чадлаараа хичээдэг ээ. Цаанаасаа тусалмаар, дэмжмээр санагдсан хүндээ тултал тусалдаг. Өөрөө болохоор хүнээр туслуулах дургүй.

5. Сексээс илүү үнсэлцэх. Хөтлөлцөх, тэврүүлэх. 

Ингээд дүгнээд бодохоор миний хайрын хэл бол "цагийг цуг өнгөрөөх" юм байна. Өөрийгөө энэ хэлээр хайрлана гэхээр, цаг заваа өөртөө зориулах, юу хүссэнээ хийх, ганцаараа байхдаа өөрийгөө сонсох, ойлгох, өөртөө зөөлөн хандах гэх мэт юм болуу? Дандаа завгүй байдаг хэрнээ жоохон цаг гарангуут тэрийгээ өөр хэн нэгэнд зориулах гээд төлөвлөөд, хэн нэгэнд зориулж чадахгүй бол гэмшээд байдгаа анзаарсан. Уг нь нэг үеэ бодвол дасгал хийх, хэлээ давтах гэх мэт цагийг яаж ийгээд гаргаал байгаан. Тэхдээ тэр цагийг гаргахын тулд бусад ажлаа амжуулах гэж биеэ улам ядраадаг тал бий. 

Бусад хэлээр бас өөрийгөө хайрлая л даа. Өөртөө бэлэг өгч, өөрийгөө магтаж (хэдий инээдтэй, cringe санагдаад байгаа ч гсн), өөрийгөө бөөцийлж, өөртэйгээ үнсэлцэж???? хахаха за 5 дах хэл бол заавал өөр хүн хэрэгтэйн байна. Хүүхдүүдтэйгээ хангалттай тэврэлдэж эрхэлдэг л дээ. 

Өөр хүнийг (романтик хос) хайрлах гэж, түүнд зориулах гэж хүсдэг бүхнээ л өөртөө зориулаад байх ёстой байж магадгүй. Тэр хүнд зориулсан бүхэн эргээд надад ирнэ гэж андуурч эндүүрч явснаа цэглээд, зүгээр л өөртөө яг тийм хүн нь байя. Ухаантай шүү (хаха ингээд эхлэх нь зөв биздээ) 

No other choice

 Ийм нэртэй кино гарах тухай сонсоод, гарчигаа болгочихлоо. 9 сард нээлтээ хийх юм байна. Пак Чан Ук найруулагчийн өмнөх "Decision to leave" үзэхтэй зэрэгцээд нөхрөөсөө салах тухай бодол анх төрж байсан. Одоо хүртэл хэрэгжүүлсэн юм алга, гэхдээ нэг удаа өөрт нь цухуйлгаж үзсэн, том охиноосоо асуусан, ганц нэг ойр дотны хүмүүстээ яриад, гол нь дотроо бясалгаал байна. Амар шийдвэр биш болохоор. 

Уг нь сар бүр нэг пост оруулж байхаар блогийн уншигч, эртний найздаа амласан юм. Даанч сүүлийн 3 сар тас. Нэхээд бичихээр нь "улсын төсөв 3 их наядаар тасалдаад байхад, миний блог 3 сар доголдох юуын бээ" гэж мэгээд амыг нь таглачаал хаха. Бичих хэрэгцээгээ threads дээр богинохон текст байдлаар гаргаж орхичоол яваад блаа. Амьдралын олон үүрэг хариуцлага мөрөн дээр минь дарсан хэвээр, тухтай суугаад бодлоо сийрүүлэх сиймхий гаргаж чадахгүй юм.

Гэхдээ дэлгэр сайхан зун цаг, хүүхдүүдийн хичээл амарсан, би бас өөртөө бяцхан амралт олгосон, дасгалаа завсарласан, хэлээ давтахгүй орхисон, бусад үүрэгт ажлуудаа түрхэн зуур хойш тавиад амс хийж байгаа ухаантай. Ядаж л уураг тархины ачаалал сав л хийвэл 100%-даа тулаад байхгүй, үүлэн чөлөөний нар шиг хэсэгхэн сул мөчүүд, эсвэл эсрэгээрээ тэнгэрт хөвөх жижигхэн хөвсгөр үүл цоргим халуун нарны элчийг түрхэн зуур боловч хааж, сэнгэнэсэн сэрүүхэн сүүдэр гаргаж өгөх мэт цухасхан, таатай хормуудад тааваараа амьсгаа авах мэт мэдрэмж төрмой.

Үүл гэснээс үүлэнд асар дуртайгаа саяхан мэдлээ. Хөвсийсөн цагаахан, ийм тийм гэх хэлбэр дүрсгүй, ганцхан мөчийн дараа эргэн давтагдахгүйгээр хувиран арилдаг, ер бусын соньхон, үзэсгэлэнтэй юм шиг. Бас дурласан үед төрдөг "үүлэн дээгүүр алхах мэт" мэдрэмжийг санагдуулдаг, хараад л баймаар гоё зүйл. Үүлийг ямар нэг дүрс болгож харах нь төсөөлөл, дурласан хүнээ сайн сайхан гэж бодох нь ч бас төсөөлөл. Үүл ба дурлалын харилцан хамаарлыг огтхон ч шинжлэх ухаанч биш байдлаар баталчихлаа :)

За буцаад газартаа бууя. Том охин маань со явахаар болж, өчигдөр визэндээ материалаа өгсөн. Эргээд харахад, монголдоо сайн гэгдэх сургуульд бэлдэх гэж ташуур лууван ээлжилж байсан үе, тэнцчихээд хоёулаа тэврэлдээд дэвхэрч байсан мөч, асар их ачаалалтай сургуулийн хэмнэлд учраа олох гэж өдөр шөнөгүй сууж хичээлээ хийх хүүхдээ хараад сэтгэл зовниж байсан жилүүд, их сургуулийн application, зөвлөх үйлчилгээ, сургуулийн сонголт, алдаа оноотой шийдвэрүүд, үй олон бичиг цаас бэлдсэн өдрүүд... Нүдний өмнө тэр бүхэн жирэлзээд, айдгаа авдрандаа хийсэн мэт санагдавч, урагшаа харахад охиноо ганцааранг нь хүний газар үлдээгээд ирэхэд цээжинд онгойгоод үлдэх том хар нүхний жин, үргэлж үгүйлэх сэтгэл, санаа зовох, түгших мэдрэмж өмнө дурайх. Гэхдээ би хамгийн best-ээрээ охиноо сургаж, чадвар суулгаж, хайраар усалж өсгөсөн, тийм болохоор үүнээс цааш бие даан сайн сайхан амьдарч чадна гэсэн итгэлээр хоосон орон зайг нь дүүргэх байхдаа. 

ЧАМАЙГ МАРТАХЫН ТУЛДЧамайг мартахын тулд эхлээд харцыг чинь, Чи намайг анх харсан тэр өдрийн нарыг, Тэр өдрийн нарыг санагдуулаад байгаа энэ өдрийн нарыг, Тийм ээ, ер нь бол нарыг мартах хэрэгтэй.Чамайг мартахын тулд эхлээд уруулыг чинь, Чамайг би анх үнссэн тэр үдшийн сарыг, Тэр үдшийн сарыг санагдуулаад байгаа энэ үдшийн сарыг, Тийм ээ, ер нь бол сарыг мартах хэрэгтэй. Нар, сарыг мартахын тулд нүдээ аних хэрэгтэй. Нүдтэй гэдгээ ч мартах хэрэгтэй. Аньсан байхад хараад байдаг Алив тэр нуугдагч нүд, нар сарнаас ч хол нүд...Ш.ДүүрэнжаргалЧамайг мартахын тулд эхлээд тэврэлтийг чинь,Чиний дэргэд сэрсэн тэр өглөөний үүлийг,Тэр өглөөний үүлийг санагдуулаад байгаа энэ өглөөний үүлийг,Тийм ээ, ер нь бол үүлийг мартах хэрэгтэй. Үүлэн дээгүүр алхах мэт мэдрэмжийг, Үүлтэй цуг хөвөх мэт сэтгэл хөдлөлийг,Хөнжил шиг нөмөрсөн дулаахан дурсамжийг,Хөв хөх тэнгэртэй нь цуг мартах хэрэгтэй.

Хүний юмаар хүүдэгнээд, шүлгэнд нь өөрийнхөөрөө хэдэн мөр нэмээ хаялаа, уучлаарай. 


8.4.25

...

 3 сарыг алгасчихжээ. 

Бодвол завгүй, бас сэтгэл санаа амар амгалан байсын болуу. Үймрээд хямраад ирэхээрээ л эндээ уйлагнах гээд ороод ирлээ. Мэдрэмжийн давалгаа сэтгэлийн далайд ар араасаа цалгилан буугаал. Хичнээн өндөр, хүчтэй байлаа ч, өмнөхөө дарж мартагнуулна.  Мэдрэмж гэдэг тухайн цаг мөчдөө л хүчинтэй аж. Яг одоо мэдрэгдэж байгаагаа дараагийнхдаа дарагдаж алга болохоос нь өмнө буулгах гээд.

Жил гаруйн дараа нөхөр Монголд ирэв. Хүүхдүүд, ялангуяа 2 бага бөөн баяр. Би яаж ч хичээгээд, нөхөж чадахгүй зүйл бол эцэг хүний орон зай юм санж. Баярлаж хөөрөөд, бөмбөлөг шиг тэнгэрт нисчих гээд дэрвэх бяцхан үрсээ хараад элэг эмтэрч, өрөвдсөн. 21хэн хоноод буцаад явчихна, дахиад зөндөө санах байхдаа хөөрхийс минь. 

Ганцаардаж, цуцаж ядарсан надад ч бас нөхрийн нөмөр нөөлөг нь сайхан байсан. Зөндөө юм бодож ухаарсан, одоо хүн шиг хүн болж байгаа, уухаа бүр болиогүй ч тааруулж ууж сурсан, чамайг үлдсэн амьдралд чинь жаргаана гэх мэт амлалтанд нь бүрэн итгээгүй ч сэтгэлд найдварын бяцхан оч сүүмэлзэж, ойр зуурын ажилд тусалж, хүүхдүүдтэйгээ тоглоход нь цээж дүүрэн өдөр хоногууд өнгөрч байлаа. Эр нөхөр минь гэх сэтгэл аль хэдийн хөрч хөндийрсөн, гэхдээ хүүхдүүд минь жаргалтай, аавтайгаа элэг бүтэн байвал би өөрийгөө золиод энэ гэрлэлтийг хадгалж үлдэхийн төлөө зүтгэх, тэсэхэд бэлэн байсан. 

Даанч... Тааруулж ууна гэдэг домог. Нэгэнт донтсон бол худлаа байдын байна. Согтчоод агсан согтуу тавьж, хүчирхийлэл үйлддэггүй л бол тэсэхэд зүгээр биш юм байна. Архичны ар гэрийнхэн "давхар хамаарал" хэмээх сэтгэцийн өөрчлөлттэй болдог тухай 2 жилийн өмнө сэтгэл засалч эмчээс анх сонсож байсан. Түгшүүр, дарамт, сэтгэл гутрал, траума үүссэн байдаг тухай. Би бас давхар хамааралтай болсон байснаа, хол байхад нь мартагнасан, гэхдээ эдгэрч чадаагүй байснаа сая эргээд уухад нь мэдэрлээ. Яг л хөндүүр газар эргээд цохиулсан мэт, сэтгэл аймаар өвдлөө. Урам хугарал, найдвар тасралт. Үр хүүхэддээ сайн аав сонгож чадсангүй гэх харуусал. Уг нь би мөнгө, боловсрол, өнгө зүс (заза царайлаг болохоор нь сонгосон тал байгаа байгаа, хөөрхөн хүүхэд гарах байх гэж бодсон, өөрөө царай зүсэндээ итгэлгүй болохоор) биш, сайн аав болох хүн гэж бодож сонгосон ухаантай. Хэдийгээр хүүхэдтэйгээ сайн тоглодог, хөгжилтэй хүн ч гэлээ, эрүүл саруул байж дэргэд нь олон жил амьдрахын төлөө чармайх ухамсаргүй байхаар ямар хэрэг байхав. Эрүүл гэдэгт архи уугаагүй байхаас гадна, өвчингүй эрүүл гэдэг утгыг бас хамааруулж хэлсийн. Ядаж дотор эрхтэнээ эход үзүүлээд, цусны шинжилгээ өгчих гээд гуйгаад нэмэргүй. Асуудал байгааг мэдэж байгаа, түүнтэйгээ нүүр тулах зориггүй хүн бололтой. Нүдээ аниад, би байхгүй гэчихээр алга болчихсон гэж боддог 3 настай хүүхэд шиг л. 

Одоо 7 хоног үлдсэн. Нэг сайн уйлж аваад, тайвшраад. Энийг бичсэний дараа дотор онгойно. Саяны бачуурал бухимдлаа мартана, явтлаа өчигдрийнх шиг мал болтлоо уухгүй бол, өдөр бүр 3-5 лааз пиво уугаад инээд алдаад суухад нь, би зүгээр шд, битгий санаа зов гэхэд нь өөрийн мэдэлгүй итгээд, нулимсанд халтартсан хацар дээгүүрээ хий горьдлогын крем өнгөцхөн түрхэж орхиод өдөр тутмын завгүй амьдралдаа шумбан орно.  Сэтгэлийн мухарт, өрцний гүнээс базаж өвтгөөд байгаа гашуун үнэнийг сөхөж харахгүйг хичээнэ, яагаад гэвэл хүний ухамсар аль болох зовохгүйн төлөө, өөрийгөө хуураад ч болсон жаргалтай байхыг сонгоно. Өөр яалтай ч билээ.

Цаашдаа юу болохыг чөтгөр бүүмэд. Чадлаараа сайн байхыг хичээнэ, тухай бүртээ хамгийн best сонголтыг хийнэ. Бусдыг нь мэдэх юм алга даа.

9.2.25

Happy birthday to me



Нэг тоо нэмэгдэх бүрд өмнөх нас хайран санагдахын. 45. Тэхий дундуур, тэнцвэртэй, гоё тоо шиг. 46 гэхээр хөгшрөх талруугаа хэвийгээд эхэлж байгаамуу ккк. Бодвол 90 наслах юм даг уу даа. Гэхдээ, бүтэн жилийг үнэндээ л харамсах зүйлгүй бүрэн дүүрэн өнгөрөөжээ. Үүнээс илүү яах вэ дээ гэмээр. Цаг хугацаа гэдэг үнэт эрдэнэсийн задгай бутархай үлдэгдэл бүрийг, амттан гэвэл үйрмэг ч үлдээлгүй, ундаа гэвэл дусал ч газар унагалгүй тултал ашиглаж чадсан мэт... буцлам халуун амьдрал дунд, баялаг арвин дурсамж үлдэж. Мэдээж дандаа миний хүссэнээр байсангүй, гай тотгор,  гайхам ид шид холилдсон, тэр бүрийг эрэлхэгээр тосон аваад тонгорон давсан өөртөө баяр хүргэж чи шүү гээд дээш нь нэг шидье :D


"Хүний амьдрал хэр их эр зориг гаргаснаас нь хамааран агшиж, тэлдэг"


Anaïs Nin гээд эротик зохиол бичдэг, адал явдалтай амьдарсан Франц/Америк зохиолч эмэгтэй ийн хэлсэн сурагтай. Мний хувьд тал нь өөрийн хүслээр, тал нь амьдралын эрхээр эрэлхэг байхаас өөр аргагүй тохиолдлууд байлаа. Аль алинд нь зориг гаргаснаараа хожсон. Миний ертөнц тухайд бүрд тэлж томорсон, зах хязгаараа давсан. Бас өөртөө итгэх, өөрийгөө үнэлэх мэдрэмж нэмэгдсээр. Цаашдаа яван чангарах биз. Үүрэх ачаа хүндрэх тусам илүү дутуугаа хаяж сурдаг бололтой. Үхэн хатан зууралдаж байснаа эргээд гайхах өдөр ирдэг л юм байна.

Өнөөдөр жишээ нь. Өөрөө өөртөө баяр хүргээд, ганцаараа эмороод сууж байх. Хэн нэгэнтэй хөгжилдөж, эрхэлж, баярын мэндчилгээнд булуулж өнгөрөөх л утга учиртай гэж үү. Жижүүрийн хэдэн үгнээс илүү гарахгүй бол, сэтгэлд тэр нь хүрэхгүй бол, ямар хэрэгтэй гэж. Үнэхээр сэтгэлээсээ намайг гэхгүй, өнөөдөр ямар өдөр билээ гэдгийг санаж, ач холбогдол өгөөгүй бол бэлэг сэлтээр ч яахав дээ. 

Энэ жил гэхдээ бэлэг зөндөө авлаа. Хаа холоос ч, хажуудах хүмүүсээс ч. 
Гагцхүү, яг хүлээж байсан хүнээсээ, хүсч байгаа үгсээ сонсохгүй.



Юу сонсмоор байгаан гэж үү? Энэ дууны үгийг. Яг өнөөдөр энийг олж сонссон нь ертөнцийн илгээсэн бэлэг гэлтэй. Өөрт нь юу хийж чадах хүн, өөрийг нь юу гэж мэдрүүлж чадах хүн, ийм ажилтай, тийм царайтай гээд баахан шинж тэмдэг жагсаасан, ийм болохоор чамд хайртай гэх биш, бүхэл бүтнээрээ би учраас, намайг орлуулшгүй учраас, миний өөрөө ч олж харж чадаагүй үнэ цэн, гоо үзэсгэлэнг хайрлаж чадах тийм хүн. Магадгүй энэ цаг үе, энэ орон зай, энэ ертөнцөд надтай тааралдахгүй ч байж магадгүй тийм хүн. Тийм хүн байхгүйн бол өөрөө өөртөө ч болов хэлий даа.

I see everything you can beI see the beauty that you can't seeOn the nights you feel outnumberedBaby, I'll be out there somewhere

Хүрч чадах, хийж чадах, байж чадах бүхнийг чинь би мэднэ
Хүний олж хараагүй, өөрөө ч мэдэхгүй үзэсгэлэн гоог чинь би мэднэ
Орь ганцаараа мэт, бэрхшээл зовлонгийн өмнө тулгамдах үед чинь
Орчлонгийн хаа нэгтээ би чиний төлөө, чамайг гэсээр байгаа шүү... 


Outnumbered гэснээс өнөөдөр жинхэнэ самгардлаа. Хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглээд баахан бацаан дуудсан, бүгд дөрвөн зүг, найман зовхист тарж давхиад, хэнийх нь хойноос гүйхээ ч мэдэдгүй. Тэгсхийгээд учраа олсон, амжилттай даваал гарсан. Ганцаараа удах тусам, зүгээр нэг орон тоо бөглөөд байж байх хүн биш, яг надад таарсан, намайг ойлгодог, миний хүссэн хүнтэй л цуг баймаар, эс бөгөөс заавал наалдан падаар наасан мэт зууралдаад байх утгагүй санагдаад байх юм. Яаж ийгээд өөрөө аргалаад, эсвэл өөр хүмүүсийн тусламжтай орлуулаад байж болоод байгаа болохоор. 

Гагцхүү хүүхдүүдэд л аавыг нь хэн ч орлож чадахгүй. Биднийг холбох цорын ганц шалтгаан болж үлдэх вий дээ...



September

 Ямар ч бсн сүүлийн өдөр нь амжаад орууллаа шүү хэнээ :) 9 сар их завгүй өнгөрлөө. Нямсамбуу багшийн заадаг Mindfulness бясалгалын хичээлд с...