8.4.25

...

 3 сарыг алгасчихжээ. 

Бодвол завгүй, бас сэтгэл санаа амар амгалан байсын болуу. Үймрээд хямраад ирэхээрээ л эндээ уйлагнах гээд ороод ирлээ. Мэдрэмжийн давалгаа сэтгэлийн далайд ар араасаа цалгилан буугаал. Хичнээн өндөр, хүчтэй байлаа ч, өмнөхөө дарж мартагнуулна.  Мэдрэмж гэдэг тухайн цаг мөчдөө л хүчинтэй аж. Яг одоо мэдрэгдэж байгаагаа дараагийнхдаа дарагдаж алга болохоос нь өмнө буулгах гээд.

Жил гаруйн дараа нөхөр Монголд ирэв. Хүүхдүүд, ялангуяа 2 бага бөөн баяр. Би яаж ч хичээгээд, нөхөж чадахгүй зүйл бол эцэг хүний орон зай юм санж. Баярлаж хөөрөөд, бөмбөлөг шиг тэнгэрт нисчих гээд дэрвэх бяцхан үрсээ хараад элэг эмтэрч, өрөвдсөн. 21хэн хоноод буцаад явчихна, дахиад зөндөө санах байхдаа хөөрхийс минь. 

Ганцаардаж, цуцаж ядарсан надад ч бас нөхрийн нөмөр нөөлөг нь сайхан байсан. Зөндөө юм бодож ухаарсан, одоо хүн шиг хүн болж байгаа, уухаа бүр болиогүй ч тааруулж ууж сурсан, чамайг үлдсэн амьдралд чинь жаргаана гэх мэт амлалтанд нь бүрэн итгээгүй ч сэтгэлд найдварын бяцхан оч сүүмэлзэж, ойр зуурын ажилд тусалж, хүүхдүүдтэйгээ тоглоход нь цээж дүүрэн өдөр хоногууд өнгөрч байлаа. Эр нөхөр минь гэх сэтгэл аль хэдийн хөрч хөндийрсөн, гэхдээ хүүхдүүд минь жаргалтай, аавтайгаа элэг бүтэн байвал би өөрийгөө золиод энэ гэрлэлтийг хадгалж үлдэхийн төлөө зүтгэх, тэсэхэд бэлэн байсан. 

Даанч... Тааруулж ууна гэдэг домог. Нэгэнт донтсон бол худлаа байдын байна. Согтчоод агсан согтуу тавьж, хүчирхийлэл үйлддэггүй л бол тэсэхэд зүгээр биш юм байна. Архичны ар гэрийнхэн "давхар хамаарал" хэмээх сэтгэцийн өөрчлөлттэй болдог тухай 2 жилийн өмнө сэтгэл засалч эмчээс анх сонсож байсан. Түгшүүр, дарамт, сэтгэл гутрал, траума үүссэн байдаг тухай. Би бас давхар хамааралтай болсон байснаа, хол байхад нь мартагнасан, гэхдээ эдгэрч чадаагүй байснаа сая эргээд уухад нь мэдэрлээ. Яг л хөндүүр газар эргээд цохиулсан мэт, сэтгэл аймаар өвдлөө. Урам хугарал, найдвар тасралт. Үр хүүхэддээ сайн аав сонгож чадсангүй гэх харуусал. Уг нь би мөнгө, боловсрол, өнгө зүс (заза царайлаг болохоор нь сонгосон тал байгаа байгаа, хөөрхөн хүүхэд гарах байх гэж бодсон, өөрөө царай зүсэндээ итгэлгүй болохоор) биш, сайн аав болох хүн гэж бодож сонгосон ухаантай. Хэдийгээр хүүхэдтэйгээ сайн тоглодог, хөгжилтэй хүн ч гэлээ, эрүүл саруул байж дэргэд нь олон жил амьдрахын төлөө чармайх ухамсаргүй байхаар ямар хэрэг байхав. Эрүүл гэдэгт архи уугаагүй байхаас гадна, өвчингүй эрүүл гэдэг утгыг бас хамааруулж хэлсийн. Ядаж дотор эрхтэнээ эход үзүүлээд, цусны шинжилгээ өгчих гээд гуйгаад нэмэргүй. Асуудал байгааг мэдэж байгаа, түүнтэйгээ нүүр тулах зориггүй хүн бололтой. Нүдээ аниад, би байхгүй гэчихээр алга болчихсон гэж боддог 3 настай хүүхэд шиг л. 

Одоо 7 хоног үлдсэн. Нэг сайн уйлж аваад, тайвшраад. Энийг бичсэний дараа дотор онгойно. Саяны бачуурал бухимдлаа мартана, явтлаа өчигдрийнх шиг мал болтлоо уухгүй бол, өдөр бүр 3-5 лааз пиво уугаад инээд алдаад суухад нь, би зүгээр шд, битгий санаа зов гэхэд нь өөрийн мэдэлгүй итгээд, нулимсанд халтартсан хацар дээгүүрээ хий горьдлогын крем өнгөцхөн түрхэж орхиод өдөр тутмын завгүй амьдралдаа шумбан орно.  Сэтгэлийн мухарт, өрцний гүнээс базаж өвтгөөд байгаа гашуун үнэнийг сөхөж харахгүйг хичээнэ, яагаад гэвэл хүний ухамсар аль болох зовохгүйн төлөө, өөрийгөө хуураад ч болсон жаргалтай байхыг сонгоно. Өөр яалтай ч билээ.

Цаашдаа юу болохыг чөтгөр бүүмэд. Чадлаараа сайн байхыг хичээнэ, тухай бүртээ хамгийн best сонголтыг хийнэ. Бусдыг нь мэдэх юм алга даа.

4 comments:

  1. Сайнуу? 2008 оноос хойш хамт байлаа. Хамгийн түрүүнд хайрлан тэврэе, тэврэлт илгээе! Нэг тийм төстэй юм шиг санагдаад байдаг , тэгэхдээ яаж нэг ийм хөөрхөн байдлаар өөрийгөө илэрхийлээд байдаг юм бол доо.Төстэй л амьдрал.....Гэхдээ тэр өнгөцхөн крем арилаад уджээ. Кремээ түрхээд ч өнгө нь тохирохоо больчиж, ядарчдаг юм байна.Сэтгэлийн гөлийсөн талбай дээрээ дахин дахин хальтарч унаад, унаад л догонцонхон алхах өөрийгөө өрөвдөөд байхын. Амьдралын ачаагаа тэр мөсөн дээгүүр чирээд явбал мөрөн дээр байснаас хөнгөн байдаг юм болов уу гэж бодохын, тэнцвэрээ л олох нь чухал бололтой.Бидний насанд гутлаа солих нь арай л оройтжээ. Тэнцвэрээ олохыг хичээгээд ачаагаа чирээд алхаад байж дээ хонгор найз минь. Гэрэл нь өөрөө болж ачаагаа хөнгөлөхийг бодоорой, би оролдож л байна.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа, ийм удаан уншиж цуг байдагт бүр их баярлалаа.
      Гутлаа солиход оройтсон нь үнэн, гэхдээ зарим газраараа цоорч, өч төчнөөн урагдсан гутал минь... хүн харахад л гуталтай болохоос, хөл нүцгэнээс өөрцгүй. Гэхдээ хүмүүст гуталтай гэж харагдах хэрэг бас байдгийн байналээ. Энэ гутал минь бас цаашдаа хичнээн жилийг торгоох нь таашгүй, ханзраад уначихлаа гэхэд цааш амьдрахдаа өөрийгөө бэлдэж байх ёстой ч юм шиг... Амьдрал нэг ийм гунигтайхан байна даа.

      Гэхдээ л гандан буурахгүй, галтай цогтой явсаар дуусна гэж бас бодож байгаа :)

      Delete
  2. Hi! Удаан хамт байлаа, бараг 17 жил, хүний амьдрал ийм л богинохон, ингээд жирийлгээд оддог юм байна шүү дээ.Миний гутал бараг л элэгдээд дуусчихлаа. Би одоо өөртөө шинэ гутал өөрийнхөө хөлөнд тааруулан хөвөрдөж сурч байна, өөрийн гараар өөртөө зориулж. Энэ хөл ямар их ачаа үүрснийг, энэ хөл ямар хөөрхөн болохыг, бариу хавчиг гутлын ормоор их эвдэрсэн болохыг ,энэ хөлөөр яасан гамгүй шавар шалбааг намаг балчиг ус мөс туучсанаа бодохоор хүрэл зүрх ч хайлнам. Дахиад ямархан зам туулахыг мэдэхгүй ч энхэл донхолгүй халтиргаа гулгаа багатайхан шиг замаар явахыг хичээе. Хөөрхий муу хөлөндөө хөөрхөн гэгч нь гутал өөрөө урлахаар хичээн сууна би! Лааны гэрэлд тэмтчин оёх үйл бүхэн бүтэг! Гандан буурахгүй л явна шүү миний ухаант Soulmate минь! Ийм үед ийм л үед үймэрсэн бодлын дунд тэнүүчлэн явахдаа санаандгүй өөртөө нэг нээлт хийлээ чи минь. Chatgpt kkkk

    ReplyDelete
    Replies
    1. ChatGPT ч ухаалаг туучий шүү. Уяраагаад, хайлуулаад.

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

ойлгомжгүй цаг хугацаа

Нойр овоо гайгүй л байна. Гэхдээ яг өөрөөрөө биш. Кава гээд тайвшруулах эмийн ургамалтай магни уугаад. Бүрэн нам унтахгүй байна, кино шиг л ...