Нулимс асгарахад гуниг нимгэрнэ, цээж онгойно...
Өглөө ажилдаа алхангаа цурхиран уйлав. Харанхуйд хэн ч харахгүй, сонсохгүй, үнэн тааваараа мэлмэрүүлсээн. Уг нь стресс түвшин ердийнхээс гайгүй эхэлсэн юм. Утсаа хол тавьж унтдаг болсных, нойр боломжийн ханасан, 5:40-ийн сэрүүлгээ хэдэн минут сонсож хэвтэж байгаад босч өглөөний цайгаа бэлдсэн. Хүү сайхан ааштай босч ирсэн, зарим өдөр бөөн уур сэрээд
өглөөний уур амьсгал хурцадмал байдалтай эхэлдэг юм, өнөөдөр хаа очиж гайгүй байсан.
6:45д хүүгээ автобусанд нь суулгаж өгчөөд буцаж орж ирээд охиноо дагуулаад гарсан. Охин эрхэлж нялхраагүй, тожигнотол алхаад өдөр өнжүүлэх рүүгээ орсон. Сургууль хүртэл нь 15 минут алхдаг, машинаар явахаар 45+ минут түгжирдэг. Уг нь байрныхаа машинд дайгдаад хэд хоног явж үзсэн, охин даарахгүй очих давуу талтай ч би цаашаагаа ажилдаа байнга хоцроод хэцүү байсан юм. Өөрөө машинаа барьж үзсэн, эхний өдрөө л хүний машин шүргээд 300к төлсөн, машин ч яамай хүн дайрчих болуу гэж айгаад хэцүү ➜ Өглөө оройны түгжрэл➜ Хоол хийх цаг оройтно➜Даалгаврын цаг оройтно➜Хүүхдүүдийн нойр дутуу ➜ Өглөө босох дайн гэх мэтээр муу гинжин урвал явагдаад байсымаа.
Өглөө харанхуйд алхахад хүйтэн, утаа хоёроос гадна замын энхэл донхол гэж айхтар бэрхшээл байдаг. Алхам бүрээ цэнэхгүй бол яарч яваад эвгүй гишгэхэд халтирах, бүдрэх, хагарах хугарах гээд осол заналхийлээстэй. Тэглээ гээд аажуу уужуухан алхах боломжгүй, болж өгвөл амжаад ажлынхаа унаанд замаасаа дайгдчих гээд гүйхээрээ шахуу явна. Гүйгээд ирсэн чинь ам мөлтөс хоцорчихсон байх үед...яг хажуугийн машин зүрх амаар гартал чангаар сигналдах үед... хэнд ч юм гомдоод гэнэт бөөн нулимс усан оргилуур шиг л ундарчихсан. Хамгийн гомдолтой нь, хандаж гомдох хүнгүй нь байсан байх. Хэнд ч найдахгүй, хэний ч гар харахгүй байж сурсан гэж бодсон, өөрийн мэдэлгүй хуримтлагдсан бухимдал, стресс, ядаргаа, өвдөлт бүгд холилдоод гэнэт тэсэрсэн байх.
Уйлж уйлж аваад ажилдаа улаан нүдэлсээр орж ирээд, нүдээ хүрэн тенээр будсан чинь өнгөний зохицол дажгүй ч юм шиг :р
Жаргалтай үедээ блогоо тоохгүй орхичоод, уйлангуутаа орж ирж бичиж нтр. Тэглээ гээд тунирхахгүй нь сайхан юм даа. Threads гээд апп руу хэсэг урвасан, гэхдээ тэнд жинхэнэ нэрээрээ орсон болохоор амны зоргоор бурж болохгүй юм.
Нойрны асуудал хэд хоног тарчлаасан шүү нээрээ. Яг унтах гээд зүүрмэглэж эхлэх үеэ утас маажиж өнгөрөөснөөс болоод нойр хулжаад үүрийн 4 хүртэл таг гөлийгөөстэй. Маргааш нь жинхэнэ тамын өдөр, ядарна, уцаарлана, тархи ажиллахгүй, бүх бие хөндүүр. Ханиадны эм уугаад унтдаг байсан, сүүлдээ үйлчлэхээ болив. Гэрт байсан нойрны эмийг ууж дуусгав. Эм ууж унтлаа ч төдийлөн сайн амрахгүй. Жор нэхдэг болсноос хойш эм ч олдохоо байв. Магни сайн гэж дуулаад ууж эхэлсэн, урт хугацаандаа гэхээс үр дүн нь шууд мэдрэгдээгүй. 2 өдөр дараалан нойргүй шахуу хоноод, жинхэнэ хаширна гэдэг нь болсон. Утсаа өөр өрөөнд тавиад унтаж эхэлснээс хойш хэсэг зуур юм бодож байснаа нойрны давлагаа зугуухан нөмрөхийг, хамаг бие сулрахыг, тархи таатайяа зүүрмэглэхийг мэдрэх юутай ч зүйрлэшгүй жаргал юм гэж ухаарсан.
Өвөл нээрээ л баавгай болчмоор санагдах юм. Унтаад л, гадагш гарах шаардлагагүй. Тэр кино маш их таалагдсан, тэнд гардаг хүүхдүүдийн ахуй амьдралын дэргэд минийх хамаагүй амар байх. Гэхдээ л хүн бүрийн ачаалал даах чадвар өөр байх юм, бие махбодийн хувьд ч, сэтгэлзүйн хувьд ч. Ялангуяа сэтгэлзүйн ачаалал, дарамт, mental load бол обьектив жигнүүрээр хэмжихээс илүү субьектив байдлаар, тухайн хүндээ хэр их хүнд, хэцүү мэдрэгдэж байгаагаар нь тооцож бас болно байхаа. Уйлмаар байсан ч, унтмаар байсан ч зүгээр дээ зүгээр тэ?
Ugluu utaag harah burtee yu ch hiij chadahgui bgaagaa medreed gunigladag. Ireeduig ni tusuuluhuur dahiad heden arwan jil utaa arilah bolomjguig, zun bolohoor utaagaa martdagaa sanaad uur hurdeg. Shiidel ni amarhan ch heregjuuleh bolomjgui ni gaslantai. Utaanii 80% ger horoollood bolood bhad mashinaa tsuuluh gej esreg uildel hiigeed bgaag oilgodoggui. Utaandaa zah zeeliin arga, mashindaa turiin tumur nudarga gargaad bh yum. Ug ni esregeer ni hiih yostoi shuu dee. Iim nuhtsuld usuj undiij bui Huuhduudee, utaand zamhran odoj bui utgusiig l uruvduh yum daa
ReplyDeleteУйлах сайн
ReplyDeleteЭнд чи хүссэн үедээ хүссэн зүйлээ л бичээрэй яг тэр байгаагаар чинь л хүлээж авах энгийн хүмүүс хүлээж байдаг шүү
ReplyDeleteСайхан минь, Threads-т танилцсан хүн нь байна аа. Кк сэтгэл санаа нь ямар байна? Тэр өдрийн бичсэн чат нь хандах хүнгүй надад үнэхээр их дэм болсон шүү. Чамайгаа чанга тэвэрье.
ReplyDelete