24.6.19

Эрүүл

"Таргалалтын анатоми" номоо эхлүүлээд "тарган туранхайдаа биш хэр эрүүл вэ гэдэгт л хамаг ач холбогдол оршино" гэсэн утгатай хэсгийг уншаал түр орхисон байгаа. Угаасаа ч эрүүл байнаа гэдэг ямар чухал вэ гэдгийг жинхэнээсээ ойлгодог насан дээр ирсэн бололтой. Гэнэт сэхээ орсон юм шиг шүдээ ч үзүүлэв, ходоод дотор эрхтнээ ч дурандуулав. Цээж хорсдог сөргөө бага зэрэг /mild/ байгааг эс тооцвол ерөнхийдөө дажгүй гэнэ. Элэгний вируснууд ч бас байхгүй гэнэ ашгүй. Унтахгүйгээр дурандуулах ч яггүй даваа байна лээ шүү.

Өнгөрсөн долоо хоногт их халуун шатахад гадаа түрхэн зуур малгайгүй гараад наршсан бололтой. 2 хоног бүтэн хэвтэрт, толгой хагарчих шахан өвдөөстэй. Ер нь нэг анзаарсан юм, арай залуу байхад яаж ч ядарч өвдөж байсан унтаал сэрэхэд зүв зүгээр болдог байсан, одоо бол дор хаяж 3 хоног үргэлжилдэг болсон байна. 80 насныхаа үлдсэн талыг аштайхаан амьдраад өнгөрөөхийн тулд энэ биеэ гамнах хэрэгтэй гэдгээ ухаарахаас өөр аргагүй байгааз.

Ээж өвдөөд хэвтчихээр гэр орны ажил зуун задгай жаран хагархай. Аав хөдөө ажилтай явж таараад, том аниа чадлаараа туслах боловч хоёр жижигхэн байлдагчийн тарааж бусниулж, асгаж цутгаж байгаа хурдыг гүйцэхийн аргагүй. Өчүүхэн наршихад ингэж баларч байгаам, илүү хүнд сорилт тулгарвал (түй түй) яанам гэх айдас хүйдэс. Хүн тэгээд, бүр жижигхэн маамуу хүртэл тулсан үед хэцүү бэрхийг даваад гарах потенциал байдаг л даа. Урьдчилан ингэж айх ч утгагүй л юм. Гэхдээ л, эрүүлийг хүсэмжлэх инстинкт бүр ихээр ундарлаа гэж.

Өөрөө юмуу эсвэл хүүхдүүд өвдчихөөр өдөр тутмын хэмнэл алдагдаж, цаг хугацааг бүтээлчээр ашиглах, өөрийгөө хөгжүүлэх, амьдралыг сөрж давших гэх мэт дэвшилтэт мэдрэмжүүд үгүй болж, зүгээр л голын усанд арай чамай хөвж урсаж яваа мэт, дөнгөн данган survive хийж байгаа мэт санагдаад давхар сэтгэл гутралын шинж илэрдэг нь аймаар. Ер нь тэгээд хүний сэтгэл гэдэг хамгийн эмзэг нимгэн, тэгээд бас хамгийн бөх бат сонин эд шүү.

Сэтгэлийн өвчнийг анагаах хамгийн хэцүү. Хамгийн дотно хүмүүсийн маань нэг нь гэр бүл, үр хүүхэд, бид бүгдийг орхиод л тэс өөр хүн болчихсон. Үг, үйлдэл, харц, хамгийн гол нь сэтгэл нь урьдынхаас шал өөр. Сэтгэлд нь ан цав гарчихсан явахад эргэн тойрны бид анзаараагүй байх, тэгээд л нэг өдөр хагарчихсан байх. Энэ бүхнийг үгүйсгэж, хэн нэгнийг буруутгаж, үзэн ядаж, зааж сургах гэж оролдож, санаагаар болохгүй болохоор нь уурлаж бухимдаж өнгөрүүлсэн өдөр хоногууд. Эцсийн бүлэгт байгаа юмыг байгаагаар нь хүлээж авах дээр л тулж зогсдог юм байна. Цаг хугацаа түүний, бидний хагархай сэтгэлийг бүтэн болготол, бие биенээ эргэн ойлготол хүлээх...




1 comment:

  1. Өвдөлтөд илүү мэдрэг, эмзэг ханддаг болсон байхым. 80ын тал гэдэг дээр л фокуслаж ойлгоод байгаа.
    хүлээлтийг хамгийн зөв шийдвэр гэж боддог ч зүв зүгээр сууж хүлээж болохгүйм шиг блээ. яг тэр асуудлыг шийдэх гэж хүчилж дайрахдаа биш, байнгын харилцаа холбоотой, асуудлаас өөр сэдвүүдээр байнга контктлаж энгийн харилцааруу орж байж л эдгэх юм шиг байнаа....

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...