7.9.18

Цэцэрлэг сургууль ясли

Урт, нуршуу бичлэг шүү. Өөрөө хүүхэдгүй, эсвэл гадаадад байдаг бол уншихаас залхмаар, эсвэл гайхмаар санагдах байх. Надад бол хамгийн том, бас хамгийн чухал асуудал болоод байгаа тул ингэж нэг бичиж дотроо уудлах гэсиймөө.




Солонгост байхдаа тэндхийн эцэг эхчүүдийн "улайрсан" идэвхийг гайхдаг байлаа. Хүүхдээ сайн сургуульд өгөхийн тулд үнэтэй байр зээлээр авч, хичээлээс гадуур өч төчнөөн дугуйлан секцэнд явуулах гэж бөөн зардал гаргаж, сүүлийн үеийн сургалтын арга барил, мэдээллийг өрсөлдөн судалж, бусдаас илүү сайн дүн, чанартай боловсролын төлөө үхэн хатан хөөцөлдөхийг харж байхдаа би лав ингэхгүй, Монголд хүүхдээ тааваар нь өсгөнө, улсын сургуульд явуулна, хүүхэд насыг нь элдвийн хичээлээр булахгүй, булаахгүй гэж бат итгэлтэй боддог байлаа. Энэ бодол маань ч Солонгосоос явахад түлхэц болсон байх.

Канадад 2 жил орчим амьдарлаа, цэцэрлэг нь өвөл зунгүй гадаа гаргаж тоглуулна, цэлгэр том байр, гадаанаа тоглоомын талбайтай. Хүний урманд нэг ч удаа ханиад томуу хүрээгүй дээ. Сургуулиа сонгоод байх шаардлагагүй харьяаны сургуульд нь бүртгүүлээд л ок. Энэ нөхцөл байдал Монголд ч адилхан байх юм шиг андуурч явж. Тэгээд л нутаг буцахаар шийдэхдээ хүүхдийнхээ сургуулийг үнэндээ тооцоолж үзээгүйэ. Өөрийнхөө бага нас, өссөн хот, төрөлх сургуулиараа төсөөлж бодоод л хүүхэд маань тийм л орчинд тэгж л сурч хүмүүжих байх гэсэн дэврүүн бодолтой ирж билээ.

Буцаж ирээд 1 жилийн дараа охин маань сургуульд орох боллоо. Эртнээс сургуулиа сонгож, бэлдэх гэсэн ойлголтгүй. Англи Монголоор уншдаг болохоор нь өөрөө тэнцчих биз гэж найдаад 2,3 хувийн сургуульд шалгууллаа, хэрэндээ гайгүй өгсөн боловч тэнцсэнгүй ээ. Харьяа улсын сургууль нь гэрээс хаа хол, 1-р сургууль бол юун мөрөөдсөний гарз. Гайгүй гэгддэг бусад хувийн сургууль нь аль хэдийн хүүхдээ аваад анги нь бүрдчихсэн. Ингээд санд мэнд хэр тааруухан хувийн сургуульд багшид нь хахууль өгөн барин арай гэж шургуулав.

2-р ангиа төгсдөг жил улсын сургууль руу шилжүүлэхээр болов. Нэгд, багш нь манай хүүхдийг анхаарахгүй, сайн хөгжүүлэхгүй байх шиг санагдаад. Хоёрт, төлбөр нь жил бүр огцом өсөж байв. Гуравт, анги танхим нь умайсан жижигхэн, хүүхдүүд чихэлдээд, агааргүй бүгчим орчинд хичээллэх нь онцгүй байв.

Нэгэн улсын сургуулийн нилээд сайн гэгдэх багшид бас л хахууль өгөн 3-р ангиас нь шилжүүлвээ. Багштай нь уулзаж ч үзээгүй байж, зүгээр л сайн гэнэлээ гэдэг үгэнд итгээд 60 хүүхэдтэй ангид 61 дэх нь болгон оруулсан юм. 2 жил холоос зөөх гэж үйлээ үзэв. Өвлийн хүйтэн, утаа, түгжрэл гурав дээрээс багшийн "дарангуйлах" чанараас болж үгээ хэлэв. Эцэг эхчүүдийг гарынхаа аясаар бөнжигнүүлдэг багш байж. Олон хүүхэд бужигнасан ангид охин маань ч сайн идээшихгүй байв, ингээд 5-р ангидаа дахиад л шилжлээ.

Энэ удаад гэрт ойрхон, сургуулийн байр цэлгэр саруулхан гэсэн хоёр нөхцлийг нь харж байгаад шинэхэн байгуулагдсан хувийн сургуульд өгчихлөө. Хүүхэд маань өөрөө хичээлдээ явчихдаг, сургуульдаа ангийнхандаа их дуртай байгаа нь сайн тал нь. Сургуулийн үйл ажиллагаа, зохион байгуулалт гээд санаанд хүрэхгүй зүйлс олон байна лд. Энэ жилдээ харзнаж байна. Дахиад шилжүүлэх хэрэг гарвал шилжүүлэх санаа байгаа л гэсэн үг.

Өнгөрсөн 5,6 жилийн хугацаанд би өөрөө өнөөх гайхаад хачирхаад байдаг солонгос ээж аавуудтайгаа адилхан болчиж. УБ-ын аль сургууль ямар сургалттай, яадаг ийдэг талаар нэвтэрхий мэдлэгтэй болов. Бүх сургуулийн пэйжийг дагаж, багш захирлуудтай нь "найзлаж", эцэг эхчүүдийнх нь грүппэд элсэж... Бараг л гудамжаар зөрсөн хүн хүүхдийн сургууль яриад явжийвал аан юүгнээ гээд дагаад яриад сонсоод явчих гээл. Дээрээс нь янз бүрийн сургалт, дугуйланд бас явуулчих санаатай даанч хүргэж өгч авах, мөнгө санхүү гэх мэт асуудал дээр гацаад байдаг болохоос. Яагаад өөрийгөө ийм болчихсоныг гайхах юм, нийгмийн хандлагаас болсон уу би өөрөө угийн л ийм "улайрсан" идэвхтэй ээж юм болуу.

Одоо дээрээс нь цэцэрлэгийн асуудал босоод ирсээн. Хүүгээ ой 8 сартайгаас нь эхлээд байрныхаа доодох жижиг цэцэрлэгт өгч байгаа. Байр нь бас л умайсан, олон хүүхдийн амьсгаанд бүгчим гэж жигтэйхэн. Гадаа огт гаргадаггүй. Улсын цэцэрлэг гэж ойр хавьд байхгүй. Холхон, томхон байртай цэцэрлэг рүү өгье гэхээр өвлийн хүйтэн, утаатайд зөөх зориг болоод тэнхээ хүрэхгүй. Цэцэрлэгт сүрхий олон юм сураасай гэсэн шунал одоогоор алга, том саруулхан байртай, гадаанаа хүүхэд тоглуулах талбайтай цэцэрлэг л хүсэх юм. Гэвч биелэхэд бас л зайтай бололтой. Өвлийн утаанд угаасаа гараад ч яах билээ дээ.

Отгон охин маань эмээгийн яслид. Хадам ээж маань ингээд гурвууланг нь харж өглөө дөө. Бие муутай, нуруу нь хугарч байсан болохоор унаад өгөх вий гээд байнга л айх юм. Уг нь солонгост байдаг шиг яслитай бол санаа амар байх сан. Монголд ээж нар нь 1-2 нас хүртэл хардаг болохоор ясли гэж байхаа больсон бололтой. Манай ажил 4 сарын л чөлөө өгдөг юм.













1 comment:

  1. Tiimerhuu asuudluudaas aigaad l humuus Mongol ruugaa butsdaggui baihdaa.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...