12.2.16

Эйнштейний биш миний "Харьцангуйн онол"

Амьдралд өөрчлөлт гарах нь асар том мэт, яаж ард нь гарч даван туулна даа гэж бодогдох үед сансар огторгуйн уудмыг, тэр дунд миний амьдрал ямар өчүүхэн хумхын тоос болохыг харьцуулаад бодчихлээр дотор уужраад сэтгэлийн шаналал арилчих шиг болдог. 




Өчигдөр наддаа л хэцүүхэн сорилт тулгараад цээжинд хар юм буглараад хэвтжийтэл Эйнштейний харьцангуйн онол батлагдлаа, гравитацын долгионыг хэмжиж чадлаа гэх мэдээ уншаад тэр чинь чухам юу вэ, яадаг эд вэ гээд сонирхлоо. Interstellar гээд кино үзсэн л байлгүй, тэрүүн дээр харьцангуйн онол, хар нүх, цаг хугацаа удаашрана нтр гээд баахан юм гардаг даа, тэрүүнтэй л холбоотой юм яриад байх шиг байлээ.

Эйнштейний онолоор бол манай энэ орчлонт ертөнцөд оршин буй тодорхой масстай (эсвэл энергитэй) ямар ч бие эргэн тойрныхоо орон зайд өөрийн ул мөрөө "үлдээдэг" гэнэ. Нэг ёсондоо хэвээ дарж үлдээнэ гэсэн үг. Масс нь их байх тусам дарж үлдээх ул мөр нь их байна. Энэ нь ямар ул мөр гэхээр вэ гэхээр тухайн биеийн эргэн тойронд орон зай муруйдаг (curvature) байна. Масс их бол орон зайн муруйлт их байна. Энэ муруйлтын хэмжээг гравитаци (таталцал) гэсэн ойлголтоор илэрхийлээд байх шиг байгаан. Одоо хэрэв тэр масстай бие чичирхийлээд эхлэвэл (жишээ нь ийш тийш огцом хөдлөх, өөр биетэй мөргөлдөх гэх мэт) түүний үүсгэж буй муруйлт нь тархаад (түгээд) Орон зайд эхэлнэ. Үүнийг нь гравитацийн долгион (wave, ripple) гээд байгаа юм билээ. Жишээ нь нөгөө утсан дээр явдаг хүн байдагштээ. Тэр утсы нь огторгуй гэж төсөөлье. Хүн утсан дээр гарч зогсовол утас доош хонхойно хазайна=муруйна). Одоо хэрэв хүн утсан дээрээ дэвхцээд эхлэвэл утас уртынхаа дагуу хэлбэлзээд эхэлнэ (утасны дагуу долгион тархана). Нэг иймэрхүү л юм шиг байгаан. Аан тэгээд бас яг нарийндаа бол тэр "огторгуй" буюу "орон зай" нь үнэн хэрэгтээ 4 хэмжээст огторгуй-хугацаа (spacetime) гэж нэрлэгддэг юм билээ (3d орон зай + хугацаа). Өөрөөр хэлбэл гравитаци нь зөвхөн орон зай төдийгүй хугацааны ердийн урсгалд бас нөлөөлдөг гэнэ. Хүчтэй гравитацийн мужид хугацаа удааширна гэх мэт.

Хар нүх бол маш их масстай учраас аймшигтай хүчтэй гравитацийн мужийг эргэн тойрондоо үүсгэнэ. Бүр үзэгдэх гэрлийг хүртэл буцааж гаргалгүйгээр өөр лүүгээ "сорж" чаддаг учир хар нүх гэж нэрлэсэн. Нарнаас маш хол зайд хоёр хар нүх хоорондоо мөргөлдөхөд үүссэн гравитацийн долгион тархсаар Дэлхийд хүрч ирсний нь эрдэмтэд асар мэдрэмтгий багажаар бүртгэж авсан гэнэ.


 Сансарт хол нисэх энэ тэрд бол одоохондоо практик ач холбогдол байхгүй. Гравитацийн долгион гэрлийн хурдаар л тархана. Харин астрофизик, одон орон судлалын хувьд бол асар чухал нээлт. 1) Гравитацийн долгионыг анх удаа туршлагаар (бодитоор) илрүүллээ. Ингэснээр Эйнштейний онол бүрэн дүүрэн батлагдаж байна гэж хэлж болох байх? 2) Хар нүх оршин байдгийг баталсан дахин нэг дам аргатай боллоо. 3) Хоёр хар нүхний мөргөлдөөнийг анх удаа ажиглалаа. гэх мэт.


Интерстеллар дээр "хар нүх" (black hole) ба "өтний нүх" (worm hole) гэсэн хоёр ялгаатай объект гараад байгаа. Хар нүх бол өнөөдөр физикчид бодитоор оршин байдаг гэдгий нь бараг хүлээн зөвшөөрчихсөн (одоо зөвхөн шууд нүдээрээ "ажиглах" нь л үлдээд байгаа) сансрын (байгалийн) объект. Өөрөөр хэлбэл сурах бичигт бичигддэг болсон . Харин өтний нүх бол таамаглалын шатанд яваа ойлголт. Зарим эрдэмтэд байж болно гэдэг, зарим нь байхгүй гэдэг. Хэрэв байлаа гэхэд чухам яг яаж гэдэг нь ч тодорхойгүй. Тэр зөгнөлт зохиолд гардаг "гэрлээс хурднаар аялна", "цаг хугацаагаар өнгөрсөн үед очно" энэ тэр гэдэг нь өтний нүхтэй холбоотой фантазууд. Өтний нүх нь хоёр талдаа амсартай хонгилыг (туннель) хэлээд байгаа. Нэг амсар нь spacetime-ийн нэг муж руу, нөгөө амсар нь spacetime-ийн өөр нэг муж руу гарсан байна. Spacetime нь өөрөө оронзай, цаг хугацааны нэгдэл учраас spacetime-ийн өөр өөр муж нь огторгуйд хоёр өөр байрлал байж болохоос гадна цаг хугацааны хувьд ч гэсэн хоёр өөр момент байж болно. Тиймээс өтний нүхний нэг амсраар ороод нөгөө амсраар нь гарахад ёстой нөгөө өнгөрсөн эсвэл ирээдүй лүү очиж болзошгүй. Огторгуй дотор бол өтний нүхний туннелийн урт нь энгийн орон зайгаар явах замын уртаас маш богино байх учраас гэрлийн хурдаар олон жил зарцуулж хүрэх боломжтой газарт богино хугацаа зарцуулж очих боломжтой. smile emoticon

ФБ-гээр 10 жилдээ гавал байгаад одоо физикийн багш болсон ангийн хүүхдээс дээрх тайлбарыг асууж мэдээд сонирхолтой санагдаад эндээ тавьчлаа. Уураг тархины танин мэдэхүйн хэсгийг идэвхжүүлчихээр сэтгэл гутрал, санаа зовинолын хэсэг саармагждаг юм бишүү гэсэн асар шинжлэх ухаанч таамаглал дэвшүүлж үзлээ ккк. Энэ хүүхэд бас их үүх түүхтэй, 1-р ангидаа цуг суудаг байсан, нэг удаа маш ТОМ /хажууд нь нарны аймгийн хамгийн том гариг ч жижигдэхээр/ хэрэг тариад, тэрийг маань хөөрхий янзалж өгч байсын. Одоо таарвал баярлалаа бас уучлаарай гэмээр л байдаг, даанч таарахгүйн бас таарлаа ч тэр хэргийг өөрөө эхэлж сөхөхөөс ичсэн хэвээрээ л...


6 comments:

  1. Ойлголмжтой тайлбар байна, би энэ шуугиад байгаа асуудлыг уг нь сонирхоод байгаа ч уншихаасаа айгаад яваад байсан. Ухаан хүрэхгүй болохоор хэхэ. Баярлалаа.
    10 жилийн ангийн хүүхэд тэр үеэдээ ГАВАЛ байж одоо юу болсон?

    ReplyDelete
    Replies
    1. Их сургуулийн физикийн багш

      Delete
  2. Tursun udriin mend

    ReplyDelete
  3. 1-р ангидаа нарны аймгийн хамгийн том гаригч жижигдэхээр ямар хэрэг тарьсан айн? хэл хэл нтр

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...