17.12.14

2014 оноо дүгнэхүй...



Он дуусах дөхлөө дөө.

Оддын доор арван хоёрдугаар сар гарлаа!
Орчлон дээр ингээд л бүтэн жил
Оргилуун дарс шиг асгараад гүйцлээ.
Ахиад нэг жил, хоёр гурван жил,
Арав хорин жил, гучин жил,
Амсхийх ч завгүй жаран жил…
Амьдрал баяртай!
Үсэн дээрээс минь цасан ширхэг
Өвлийн шувууд шиг нисэлдсээр,
Үзэсгэлэнт хүйтэн оддыг зорино.
Үүрд мөнх насалсан ч уйдахааргүй
Үнэхээр сайхан байлаа.

Жил бүрийн өдийд ахин дахин уншсан ч уйдахааргүй гоё мөртүүд шүү.



Юу ч төлөвлөөгүй 2014 он. Яагаад ч юм амьдрал надад өөрөө өчнөөн ажил бэлдсийм шиг зөн совин төрөөд байсийм. Аяндаа янз бүрийн ажил намайг хайгаад ирэхэд нь алгаа тосоод хүлээж авахад бэлэн байсан. Завгүй, ачаалал ихтэй хэсэг хугацаа өнгөрсний дараа эхнээсээ үр дүн нь гараад эхлэхээр урамтай сайхан байнөө.

Охиндоо их цаг зарцуулж эхэлсэн. Зураг, хөгжим, бүжиг гээд сонирхлынх нь дагуу дугуйланд явуулж байгаа. Урлагийн мэдрэмжтэй, өөрийгөө илэрхийлж чаддаг хүн болоосой гэж хүсэх юм. Ид танин мэдэх насан дээр нь цоо шинэ олон ертөнцийг нээж өгөх сөн гэж...

 

Ийм үнэлгээ аваад хагартлаа баярласаан. Хорвоо дээр үүнээс илүү шагнал гэж байдаг юм болов уу?

Орчуулгаар "занималдав". Мэр сэр мөнгөний ажил, бас нэг хүүхдийн ном гараас гаргасан. Өчигдөр хэвлэгдсэнийг нь сэтгэл догдлон байж авлаа. Дахиад уншихаас эмээгээд байна, анзаараагүй өнгөрсөн бөөн алдаа, засаж янзалмаар найруулга өчнөөн гарах байх гэж...

Нэгэн ТББ /Төрийн бус байгууллага/-д сайн дурын ажил хийв. Анх эхэлсэн шалтгаан нь resume дээрээ бичих 3-хан үсэгний төлөө юм л даа. Бас оролдож үзээгүй ажил, туршлага хуримтлуулахад хэрэгтэй юм уу гэж бодсондоо тодорхой төсөөлөлгүй дайраад орсон. Санасныг бодоход нилээд ачаалалтай, бас хариуцлага үүрсэн хэцүүхэн алба байлаа. Үндсэн ажлаас илүү сэтгэл зовоож, стрессдэх шалтгаан үүсгэж нтр. Тэхдээ яахвээ явсан нохой яс зуунаа гэж. Цоо шинэ танилын хүрээлэл, огт өөр орчны тухай мэдлэг, мэдээллийн содон суваг гээд олз ихтэй. Одоогийн залуус ямар сүрхий амбицлаг, оюунлаг болцийм бээ. Надад бол иймэрхүү ажил одоохондоо нэг их зохихгүйм гэдгийг ухаарсан нь бас нэг ололт байлаа. Товчхондоо худгийн ёроолоос гарч хорвоогийн эрээн бараантай цухасхан танилцсан хэрэг. Өчигдөр ажлаа хүлээлцэх хуралд сууж байхдаа хүнд ачаанаас салж яс амарч байгаа нь хамгийн гоё санагдаж байлаа :р

 
10 жилд байхдаа сургуулиа тойроод 1км гүйж чададгүй багтрах дөхдөг байсан хүн чинь 5км-т гүйгээд/алхаад/гүйгээд нэг ийм батламж зулгаацөөн. Хойтон ингэнэ тэгнэ гэж өндөр амлалт авмааргүй байна, гэхдээ олон хүнтэй мөр зэрэгцээд гүйж явахад төрсөн тэр мэдрэмжийг дахин мэдэрч үзмээр л байна.

Овоо байлаа шүү Soulmate-ээ гэж онгироогоод, өөрөө өөртөө томхон бэлэг баримаар л байна. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаална даа. Бодоод байгаа нь амжихгүй бол өөрийгөө баярлуулах арга ч мундахгүй л дээ. Энэ жил эхлүүлсэн 2 том, чухал ажил хойтон биелэлээ олно. Нэг л мэдэхэд амьдралын томоохон бүлэг шинээр эхэлчихсэн бололтой. Химийн урвалд автамхай, хуйсгануур, буцалж бас хөлдөхдөө амархан тогтворгүй төлөвөөс намуун тогтуухан, барьцтай, баргийн салхинд хийсчихгүй хүнд чанарын төлөв рүүгээ шилжсэн юм шиг. Уйтгартай болчихлоо гэж бодохгүй байна, сонирхол татаж хүсэл булаасан зүйлс зөндөө байгаа, болчимгүй охин биш бодлоготой эмэгтэй хүн шиг амьдарна даа гэж бодогдох...


3 comments:

  1. Амжилт хvсэе! Таныг унших дуртай ;)) мундаг юмаа

    ReplyDelete
  2. Миний найз ёстой мундаг ээж шүү.

    ReplyDelete
  3. Уншихад сонирхолтой, гоё бичих юмаа. Амжилт ихтэй байжээ энэ жил. Дараа жил улам их амжилт гаргана гэдэгт чинь итгэлтэй байна!

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...