7.1.14

Steve Jobs

Он дамнаж байж уншиж дуусгалаа.

Стив Жобстой уулзаж байх шиг, амьдралынх нь нарийн ширийн, дотоод сэтгэлийн гүн гүнзгий зөрчлийг нь хуваалцаж байх шиг, түүнтэй хамт өдөр хоногийг өнгөрөөж, туулсан замналаар нь цуг алхах мэт санагдлаа.


Адармаа ээдрээтэй зан төрхийг нь ойлгох мэт, он удаан жил найзлаж нөхөрлөсийм шиг танил дотно санагдах болов. Уг үндсийг нь мэдэх гэсэн сониуч зан, төгс төгөлдөрийг бүтээх гэсэн оргилуун бүтээлч зан, нилээд хэдэн нүүдлийн цаадхыг олж харах сэргэлэн оюун ухаан, итгэл үнэмшилдээ бат зогсох тууштай занг нь хайрлах болов. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, энэрч өрөвдөх булчирхай хөгжөөгүйг нь, хахир ширүүн, зоргоороо зөрүүд аашийг нь ч гэсэн уучилж, төрөлхийн тийм л хүн байж дээ гэж ойлгомоор санагдав.

Хөнгөхөн гүйлгээд юмуу, алгасаад уншмааргүй байлаа, ямх ямхаар, өчүүхэн жижиг хэсгийг ч гээлгүй зугуухан уншиж дуусгав. Хийж байсан бүтээгдэхүүн, реклам, сонсдог байсан дуу, уулзаж байсан хүмүүсийх нь зургийг хайж олж үзэн, сонсонгоо уншсан, бүр илүү сонирхолтой бодитой санагдаж байлаа.

Стивтэй нэг салбарын тогоонд чанагддаг маань бүр их шимтэн унших шалтгаан болсон бизээ. Анхны бүтээгдэхүүнээ угсрахаас авахуулаад түүний гишгэсэн алхам, хийсэн сонголт, гаргасан шийдвэрийг нь цуг цэгнэж, өөрийнхөө өчүүхэн мэдлэгтэй зүйрлэж байлаа. Ялангуяа iPodоос хойшхи бүтээгдэхүүнүүд илүү танил тул, тэдгээрийг бүтээх үйл явц үнэхээр салахын аргагүй сонирхолтой байсан. Нэг хэсэг iPhone задалж, засах ажил хийдэг байсны хувьд, гаднаа төдийгүй дотроо гайхалтай цогц, яв цав тохирсон эд ангиудыг нь биширч байснаа бас дурссан. Pixar-тай холбоотой хэсэг ч янзтай. Өвөрмөц сэтгэхүй, тогтсон хэв маягийг эвдсэн тэр хүүхэлдэйн кинонуудад угаасаа дуртай байсан, улам таалагдах болсон.

Бүхий л амьдралынхаа турш гайхалтай оновчтой шийдвэрүүдийг гаргаж байсан тэр л мэдрэмжээрээ, өөрийнх нь намтрыг бичих хүнийг ч мөн туйлын зөв сонгосон юм шигээ. Намтар зохиол нэг их уншаад байдаггүй ч, миний хувьд ийм сайн бичигдсэн намтар байгаагүй санагдана. Стив Жобс гэдэг хүн бодит амьдрал дээрээ хэн байсныг, сайн мууг нь дэнсэлж би мэдэхгүйэ. Энэ номыг уншаад мэддэг болсон Стив, үлдсэн сэтгэгдлээ л ийнхүү хуваалцлаа.

Дашрамд, номоор хийсэн кино ёстой хог болсон байна лээ. Ashton Kutcher уг нь Стивтэй үйлийн үргүй адилхан царай төрх, бие хаатай боловч, жүжиглэх ур чадвар дутсымуу, эсвэл дүрээ сайн ойлгож мэдрээгүймуу, найруулагчийн буруу юу мэдэхгүй, ямар ч байсан 90 минутын кинон дундаас 4,5хан секунд, шанаагаа тулаад цоо ширтэж байгаа гэх мэт цөөхөн хэдэн хөдөлгөөнгүй дүрсүүд дээр л Стивийн царай цухас үзэгдээд алга болсон. Үйл явдал, өрнөл, өгүүлэмж, хэлэх гэсэн санаа, сэтгэлийн утас хөндөх мөч хормууд, аль нь ч байхгүй. Амьдралдаа үзсэн хамгийн хөгийн кинонуудын нэг байлаа.


"Мөнх амьдрахгүй юм байна гэдгээ ойлгож, санаж явдаг болсон минь амьдралын чухал сонголтууд хийхэд хамгийн том хүчин зүйл минь болсон. Учир нь маргаашийн тухай хоосон бодол, бардамнал омогшил, эвгүй байдалд орохоос, алдаж буруутахаас айж эмээх гэх мэт юм бүхэн үхэл тулаад ирэхийн цагт утгаа алдаж, үнэхээр амин чухал гэсэн асуудал л тунаж үлддэг. Мөнх бус гэдгээ ойлгож санаж явах нь ямар нэгийг алдчих вий гэсэн айдас хүйдсээс чөлөөлөгдөх хамгийн шалгарсан арга. Чи энэ хорвоод нүцгэн ирсэн шүү дээ. Тиймээс сэтгэл зүрхээ дагахгүй байх шалтгаан алга даа"- Memento Mori


4 comments:

  1. Norah Jones Forever Young

    bas l sonin bologson nom doo ene duug bur ih sonsoh durtai bolson

    ReplyDelete
  2. Bob Dylan-ий дуу юу? Сонсож үзий байз.
    Joni Mitchel Both Sides Now-ийг сонсох дуртай болов

    ReplyDelete
  3. Oiriin ued unshij uzexsen gej bodoj yavaa gants nom. tend neg yum bichcheed orood irsen iim yum baixaar nuguuxuu arilgaad xayachmaar sanagdav. Tuuntei adil ordond tursun xums uuriin xussen zuilee xiivel l amjiltand xurch tugs tuguldurt iluu oir ochdog gene lee.

    ReplyDelete
    Replies
    1. та хоёр нэг ордных юм байна шд ойролцоо төрсөн тэ

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...