31.7.09

Би эхнэртэйгээ гэрлэсэндээ харамсдаг - 1

Ийм нэртэй ном эхлүүлэв. Мөрөн дээрээ үүрсэн үүрэг хариуцлагандаа дөнгөлүүлж сонирхолгүй өдрүүдийг санаа алдан амьдарч байгаа нөхрүүдэд зориулсан ном гэжээ. Бичсэн зохиогч нь сэтгэл зүйч хүн юм. Дөнгөж эхний бүлгийг дуусгасан ч маш таалагдсан. Зөвхөн эрчүүд гэлтгүй амьдралаа баяр хөөртэй сонирхолтой байлгахыг хүссэн хэнд ч гэсэн хэрэгтэй санагдлаа. Цааш нь үргэлжлүүлэх эсэхийг мэдэхгүй ч юүчгэсэн 1 гээд гарчиг тавиад номон дээр бичсэн зүйлсийн тухай бичий.


Аз жаргалаа "тодорхойл"

Бид нар ам халахаараа аз жаргал гэж юу юм, сайхан амьдрал гэж юу юм гээд л онолдох дуртай. Үүнийг сэтгэлзүйн ШУ-ны хэллэгээр conceptual definition гэдэг гэнэ. Онолын хувьд хүн бүр л дутаж гуцах юмгүй амар амгалан сэтгэл хангалуун амьдралыг хүсдэг нь тодорхой. Харин operational definition буюу яг ямар үйлдэл, орчиноос тухайн хүн сэтгэл ханамж, жаргалтай мэдрэмжийг олж хүртдэг нь тус бүр өөр. Амьдралаа сонирхолтой болгохын тулд БИ юунд дуртай, яахлээрээ жаргалтай байна гэж мэдэрдэгээ хайж олох нь чухал юм байна. Амьдралынхаа туршид үүнийгээ олж мэдэлгүй байсаар үхдэг хүмүүс зөндөө байдаг гэхээр дэндүү харамсалтай.
Ихэнх хүмүүс үзээгүй газраараа аялж, зүрх хөөргөсөн галзуу концерт үзэж, үнэтэй тансаг ресторанд хооллох дуртай. Ингэснээрээ бид баяр хөөрийг, аз жаргалыг мэдэрдэг. Гэтэл энэ сайхан мэдрэмжийг авчирдаг зүйлс заавал өдөр тутмын амьдралаас тасархай байх албагүй. Харин ч үргэлж давтагддаг, хийхэд амархан байх тусмаа сайн. Жишээ нь номны зохиогч унтлагын өрөөгөө үнэтэй зочид буудлых шиг бүдэг янаг гэрлээр сольж орны хэрэгслээ сайн чанарын цагаан даавуугаар сольсон гэнэ. Ингэснээр тэр орой унтах бүрдээ тааламжтай, эхнэр нь ч хамаагүй хөөрхөн харагддаг болсон гэнэ. Үүн шиг өөрийн эргэн тойронд сайхан таашаал авчирдаг жижиг сажиг зүйлсийг аль болох олноор илрүүлж чадвал бидний амьдрал илүү баялаг, сэтгэл хангалуун болохнээ...Би бас энэ талаар бодож эхэлсэн. Тэгж байгаад яг юунд дуртайгаа нэг бичнээ...

Харамсалгүй амьдрал гэж байхгүй

Эртний мэргэд "харамсахгүйгээр амьдар" гэж сургадаг ч хүний амьдралын алхам тутамд таарах үй түмэн сонголтууд араасаа заавал ч гүй харуусал гэмшил дагуулдаг. Орос ардын үлгэрт тэнэг Иванушка галт шувууны өд авах гэхээр ухаантай морь нь "чи үүнийг авбал гэмшинэ, авахгүй бол харамсана" гэж хэлдэг шиг л. Хийсэн үйлдлийхээ хойноос бид гэмшиж, хийгээгүй өнгөрснийх нь араас харамсдаг. Харамсал гэмшил хэмээх нь сэтгэлийн өвчин билээ. Хийчээд араас нь гэмших, хийгээгүй зүйлийнхээ төлөө харамсах хоёрын аль нь илүү хэцүү, эдгэрэхдээ удаан бэ? Хүний уураг тархи болж өнгөрсөн зүйлийг зураглахдаа сайн учир нэгэнт болсон явдал дээр тулгуурлан өөрийгөө зөвтгөж, гэмшлийг харьцангуй амархан даван туулдаг гэнэ. Харин хийгээгүй өнгөрсөн юмныхаа хойноос илүү удаан, илүү гүнзгий шаналдаг. Тэхээр ямар нэгэн шийдвэрийг гаргаж чадахгүй эргэлзэж байгаа бол ямар ч байсан зориглоод үзээд алдах нь сэтгэлзүйн эрүүл мэндэд илүү сайн юм байнаа. Тэртэй тэргүй харамсалгүй амьдрал гэж байхгүйгээс хойш арай богино, арай хөнгөн харамсаад өнгөрөх нь илүү ухаалаг биш гэж үү...
Би яг ингэж үндэслэлтэй бодож байгаагүй ч сүүлийн үед өнгөрсөн хойно нь харамссанаас хийчээд сүүлд нь гэмшсэн нь дээр гэдэг үзэл бодолтой болчоод байсан юм. Зөв замаар явж байж шүү гэж бодоод урамшив.

11 comments:

  1. .... харамсал, гэмшил 2-г ялгаатай гэж ер бодож байсангүй шүү, сонирхолтой юм

    ReplyDelete
  2. цааш нь үргэлжлүүлээрэй сонирхолтой байна :)
    ямар хэл дээр уншиж байна?

    ReplyDelete
  3. Жаргалтай мөчүүд бидний өдөр тутмийн амьдралд, жижиг сажиг болж буй бүхэнд байдаг гэдэгтэй санал нийлнэ. Харин бид аз жаргалийг зөвхөн том зүйлүүдэд хайгаад байдаг. Тийм болохоор олон олон аз жаргал цалгисан төгс төгөлдөр мөчүүдийг анзааралгүй өнгөрөөгөөд байдаг. Нисэж байгаа эрвээхэйг хөөгөөд замд ургасан цэцэгнүүдийг анзаардаггүйтэй адил.

    ReplyDelete
  4. Сонирхолтой л ном юмаа. Өөрөө олж унших юмсан

    ReplyDelete
  5. wow
    yamar goyo yum beeee

    ReplyDelete
  6. Уг нь харамсахгүйгээр сонгочих л хэрэгтэй шдээ. Хэрэв нэгэнт сонголтоо хийсэн бол илүүг харж амьдралгүй байгаадаа сэтгэл хангалуун, гэдэс цатгалан сайхан л амьдрах хэрэгтэй шдээ. тийм үү... :D

    ReplyDelete
  7. хүслийн жигүүрээ
    яваагүй замын тухай хүний сэтгэлд харуусал үлдэхгүй байна гэж байхгүй бизээ

    Роберт Фростын шүлгээс номын зохиогч иш татсан байлээ...

    Хожмын өдөр харуусан дурсах буйзаа
    Хоёр салаа замын нэгийг сонгосон мөчөө
    Бусдын замнаагүйгээр зориглон алхаснаа
    Бүх юм тэхэд л өөрчлөгдөж орхисныг...

    ReplyDelete
  8. Нээрээ бодоод байсан чинь хамарсал нь илүү удаан эдгэрдэг юм байна, одоо болтол харамсаж явдаг зүйл минь сэтгэл дотор минь байсаар л гаргаж чадахгүй ... сайн охин болноо өнөөдрөөс... соүлмайт энэ номныхоо нэрийг хэлж туслаач

    ReplyDelete
  9. энэ дээр байгаа гарчиг нь номын нэр юмаа.
    Солонгос хэл дээр л гарсан байх...

    ReplyDelete
  10. mmm tegyyl unshij chadkuum bndoo

    ReplyDelete
  11. "Би яг ингэж үндэслэлтэй бодож байгаагүй ч сүүлийн үед өнгөрсөн хойно нь харамссанаас хийчээд сүүлд нь гэмшсэн нь дээр гэдэг үзэл бодолтой болчоод байсан юм."

    за яг л энэ хэрэгтэй байсан байнадаа одоо бол шийдсэн сонголт хялбар боллоо ер нь бодоод байсан чинь энэ нь их зөв сонголт юм байна :)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...