Pages

3.3.09

Та зүрхэнд мөнх шүү...

Амьдрал мөнх үргэлжилдэг нь гайхалтай.
Энгэрээ дагаад өвгөд минь одлоо ч
Ээжээ баярлуулж үрс нь төрдгиймаа
Өчигдөр найз маань охинтой болсон гэнэ. Хайртай эмээ минь хаврын эхийг үзээд таалал болсон өдөр, хэдэн амьдрал эхэлж бас төгссөн бол...



Амьдрал мөнх ч хүмүүн бид мөнх бус билээ. Үргэлж нөмөр түшигт нь явах юм шиг эрхэлж тунидаг ээж аав маань ч, үерхэж нөхөрлөдөг анд найзууд маань ч, үзэн яддаг өөдгүй хэн нэгэн ч гэсэн...өөрөө би ч гэсэн...цаг нь болоход амьдралын тасралтгүй урсгал дундаас амьсгалаа хурааж цэг тавих болно...
Амьддаа бие биеэ хайрла
гэж бичсэн найрагчийн үгс ямар үнэн, яасан гүн утгатай вэ...

Амьдрал мөнх үргэлжилдэг ч... эхэлсэн бүхэн төгсөж ирсэн бол буцах тавилантай хорвоо. Сүүлчийн удаа гэдэг ямар харамсам, сэтгэл өвтгөм юм бээ... Ахиад уулзахгүй, ахиад гэгээн төрхийг нь харж чадахгүй, ахиад хайртай гээд тэврэх боломж байхгүй. Хэзээ сүүлчийнх вэ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Өнгөрсөн хойно л эцсийнх байж дээ гэж халаглах...
To LOVE, as if tomorrow never comes
Үүнийг мартахгүй, ингэж хайрлаж амьдрах сан.

Мөнх бус орчлонгоос хайртай хүмүүс минь одовч, тэдний тухай дурсамж зүрхэнд амьд хэвээрээ. Нүдээ аниад дурсан бодохуй, кино зургийн хальс шиг дурдатгал ар араасаа хөврөөстэй. Тэр дурсамж дулаахан, аз жаргалтай, арилашгүй, унтрашгүй...

Та зүрхэнд мөнх

3 comments:

  1. ... сэтгэлд үргэлж харуусал хургадаг эргэн санах бүрийд ... хэлсэн үгийг нь нухацтай бодож байгаагүйдээ, ачийг нь хариулах өчүүхэн боломжоо ашиглаагүйдээ бас чанга тэврээд ямар их хайртайгаа өдөр бүр хэлж байгаагүйдээ ... гэхдээ үлдээсэн ул мөр нь би болж надаар дамжин та минь мөнх амьдрана ...

    ReplyDelete
  2. аливаа зүйлийн төгсгөл нөгөөгийнхөө эхлэл нь байдаг гэж үнэн юм...гэхдээ амьдрал гээч агуу номын хуудас ар араасаа хэвлэгдсээр л... түүх өрнөсөөр байх боловч оролцон тоглогчид нь эцэс төгсгөлгүйгээр солигдоно.... гэхдээ тэр оролцон тоглогч бүр өмнөх дүрүүдийнхээ тухай ямар нэгэн сайхан дурсамжийг тээсээр одно...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)